Саяхан "GMB Akash"-ийн гэрэл зургийн сурвалжлагч өөрийн Facebook хуудсан дээр сэтгэл догдлом дараах материалыг байршуулсан байна. Олон жилийн турш цэвэрлэгчээр ажиллаж байгаа, хүүхдүүддээ сайн боловсрол өгөх гэсэн ядуу хүний түүхийг өгүүлдэг юм.

Дөрвөн охин хүмүүжүүлсэн эцэг ийнхүү ярьж байна.

“Би хэзээ ч хүүхэддээ өөрийн ажлын талаар ярьж байсангүй, яагаад гэвэл хүүхдүүд надаас ичихгүйн тулд. Бага охин маань ажлын талаар надаас асуухад би ачигч гээд янз бүрийн ажил хийдэг гэж түүнд хэлдэг байсан юм.

Гэртээ харихын өмнө хүүхдүүдэд ямар ажил хийдгийг мэдүүлэхгүй гэсэндээ нийтийн халуун усанд ордог байлаа. Охидууд маань сургуульд явж, сайн мэргэжил эзэмшээрэй гэж би мөрөөддөг байв.

Охидуудыг нэр төртэй амьдруулахын тулд би чадах бүхнээ хийдэг байлаа. Би хэн нэгэн надтай адилхан тэдэн рүү харахыг хэзээ ч хүсэхгүй байв. Яагаад гэвэл хүмүүс намайг үргэлж доромжилдог байлаа... Би охидынхоо боловсролын төлөө бүх мөнгөө зарцуулдаг байв. Би олсон бүх мөнгөө сурах бичиг авахад зарцуулдаг байсан учир хэзээ ч шинэ цамц худалдан авч байсангүй.
Би хог цэвэрлэгч байсан юм.

Том охиныгоо коллежид элсэхийн өмнөх өдөр би элсэлтийн хураамжинд төлөх мөнгө цуглуулж чадаагүй байлаа. Би тэр өдөр ажил хийсэнгүй. Би овоолсон хогны дэргэд суугаад өөрийгөө зүхэж, нулимсаа барьж ядан байлаа. Хамт ажилладаг хүмүүс над руу өрөвдөн харж байсан боловч хэн ч надтай ярьж зүрхлэхгүй байв. Би чадлаараа хичээсэн боловч чадаагүй учраас сэтгэл шимширч байсан юм.

Том охиныгоо элсэлтийн хураамжны мөнгөний тухай асуувал би юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Би ядуу төрсөн учраас хүүхдүүдээ сайхан амьдраасай гэж мөрөөддөг байсан юм. Миний мөрөөдөл нуран уналаа...

Гэтэл ажлын дараа бүх цэвэрлэгчид намайг тойрон цугларлаа. Надтай цуг зэрэгцэж суугаад тэднийг ах дүү гэж үздэг эсэхийг асуув. Би хариулж амжаагүй байтал тэд нэг өдрийн бүх орлогоо надад өглөө. Би татгалзах гэтэл тэд ингэж хэллээ:

“Шаардлагатай бол нэг өдөр өлсөхийг тэвчинэ, харин МАНАЙ ОХИН коллежид орох ёстой”. Би татгалзаж чадаагүй юм.

Тэр өдөр би усанд оролгүй, байгаа янзаараа гэртээ харьсан билээ.
Одоо миний том охин их сургуулиа удахгүй төгсөнө. Охин тал ажлын өдөр бүхий ажилд орсон учир гурван дүүгийнхээ төлбөрийг төлөөд явж байна. Хүүхдүүд намайг ажил хийлгэхээ больсон. Гэвч том охин долоо хоногт хэдэн удаа миний ажилладаг байсан газар надтай цуг очиж, цуг ажилладаг байсан хүмүүсийг хооллодог.

Хүмүүс баясаж, яагаад олон удаа тэднийг хоолодог юм бэ гэж асуудаг юм. Миний охин ингэж хариулдаг: “Тэр өдөр та нар өлссөн учраас би ийм болчихоод зогсож байгаа юм. Одоо намайг өдөр болгон та нарыг тэжээдэг болохыг хүсэж залбирцгаа!”.

Одоо би ядуу хүн гэдгээ мартсан. Ийм сайхан хүүхдүүдтэй хүн яаж ядуу байх юм!”

Охидынхоо төлөө юугаа ч хайрлахгүй зүтгэсэн энэ жирийн хүн бид бүгдэд сайхан жишээ болох болно. Сайн сайхан ирээдүйг бидэнд өгөхийн төлөө заримдаа бидний эцэг, эх ямар хохирол амсдагийг та нар мэдэх үү?

Та эцэг эхээ хамгийн сүүлд хэзээ баярлуулсан бэ?

Эх сурвалж: hefty.co
Орчуулсан Д.Баярцэнгэл