Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан том оврын авто машин өчигдөр буюу 07 дугаар сарын 15-ны 15.00 цагийн орчимд текникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас осолдож, улмаар ойролцоо зорчиж явсан гурван авто машин, 1 мотоцикл өртөж шатсан ноцтой осол гарлаа.

Харамсалтай нь тус гал түймэрт 50 настай эмэгтэй Г, 6 настай охин Х нарын хоёр хүн өртөж нас баржээ. Түлэгдэж гэмтсэн 16 иргэнийг Их тамир сумын эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн эмчилж байrжээ. Тэднийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 04:25 цагт хөөрч, 07:15 цагт Архангай аймагт газардсан байна.

Сэхээнд байсан дөрвөн хүнийг болон бусад хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар руу өнөөдөр өглөө авч явжээ.

Ослын газарт аймгийн Онцгой байдлын газар, Замын цагдаа, Нэгдсэн эмнэлэгийн бие бүрэлдэхүүн болон Архангай-АЗЗА ТӨХК-ийн ажилчид шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.