XX зууны эхээр нийт Монгол туургатныг ар, өвөр, баруун, зүүнгүй хамран өрнөсөн Үндэсний эрх чөлөөний тэмцэл, хөдөлгөөн нь угтаа бол 200 гаруй жилийн туршид бэлтгэгджээ. Манжийн төрийн хараа, нөлөө, эзэрхийлэл, мөлжлөг нь Монголчуудыг дээд, дунд, доод гэхгүйгээр зовоож тарчлаах нь эцэс сүүлдээ тэсвэрлэшгүй гэхүйц хэмжээ, түвшинд хүрчээ. Хятад ба Монголын нутгийн хил заагийг шинээр даван орж ирсэн хятад тариачид, цэргүүд, түшмэдүүд, худалдаачдын ааш авир ширүүссээр эцэс сүүлдээ аллага, хядлага, самуун болж хувирчээ. Малын бэлчээр ба тариалангийн талбай хоёр зэрэгцэн орших тавилан, барилдлага үгүй юм. Өвөр Монголын зарим хошуунд өдөр нь нэг малчин Монгол алагдсан аваас шөнө нь гурван хятад тариачин алагддаг нь жишиг шахам болсон тохиолдол ч гарчээ. Өвөрлөгчдийн зарим зүүн хошуудад дажин нь дайн болон хувирчээ. Зэвсэглэж шулуудсан Монгол эрчүүдийг ноёд, түшмэдүүд удирдаж "Монголчууд бол манж-хятадын боол биш" гэдгийг нотлон үзүүлж, вассал орны статусаа хамгаалан тулалдаж ялсаар, ялах хэрээр биеэ даасан бүрэн эрхтэй гусгаар улс болох хүсэлдээ улам бүр автсаар байжээ. Ялангуяа өвөрлөгчдийн зүүн болон төв хэсэгт байдал нэн хурцадсан байна.


Ар Монголын хөрс шороо, эрдэс баялгийг хайр гамгүй сэндийчэн ухах, хятад иргэдийг Орос, Монголын хил хүртэл тархаан суурьшуулах, Монголын хилийн хойд хэсгийн харуулыг хятад цэргүүдээр солихыг санаархсан бодлого нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагаврыг үүджээ. Үндэс угсаа, шашин шүтлэг, хэл соёл, газар нутаг уламжлалт аж ахуй нь үндсэндээ хэвээрээ шахам хадгалагдаж "Монголчууд Монголоороо байсаар буй нь" Манжийн төрийн вассал болсон эмгэнэлт байдлыг цайруулж ирсэн тэр сэтгэлзүй ч дорхноо эвдэрчээ.

 

"Бид хэн билээ, Хятадууд хэн билээ, муу амьд явахаар сайнаар үх гэдэг дээ, одоо л эс босвоос оройтно, Монголынхоо төлөө мод бариад ч болов тэмцэх цаг иржээ..." гэхчилэн сэтгэгчид хаа сайгүй буй болж, тоо нь олширч, холбоо сүлбээ нь өтгөрч, нэгдэх, үгсэх нь ч ил болсоор байв.
Төр засгийнхаа бодлого, дэмжлэгэнд дулдуйдан зоргоороо авирлах явдал Хятад тариачид, цэрэг, түшмэдүүдийн өдөр тутмын ааш, үйлдэл болов. Түрэмгийлэл, сүрдүүлэг, зодуур, доромжлолыг бүгдээс түрүүнд амссан өвөрлөгчид маань 1902 оны орчмоос л эсэргүүцэл, тэмцэлд нэлдээ шахам автжээ. 1908, 1909 он гэхэд өвөрлөгчдийн эсэргүүцэл, тэмцэл зэвсэгт бослого, дайн болж олон бүс нутагт ширүүсчээ. Энэ байдал нь баруун зүгийн Монголчууд, Ар Монголд дуулиантан сонсогдож мөнхүү тэмцлийг талархан үзэх, дэмжих, тэдний нэгэн адилаар эрслэн босохын чухлыг мэдрэх, ойлгоход түлхэц болсоор байв.
Төвдийн байдал, XIII Далай ламын биечлэн хийж буй эсэргүүцэл, тэмцэл, Манжийн төрийн арчаагүйдэл, түүний шинэ түрэмгий санаархал, Монголчуудын хувьд зайлшгүй буй болох уршиг, хөнөөлт үр дагавар зэрэг нь Ар Монголын ноёд, түшмэдүүд, лам нар, жирийн хүн ардын сэтгэл, санааг ихэд түгшээж "Бид одоо яах ёстой вэ?" хэмээн өөрөөсөө, бас өрөөлөөс асуухад яалт ч үгүй хүргэжээ. Хятадад, Оросод, Монголд, ер Төв Азид болж буй цэрэг-улстөрийн үйл явдлуудыг соргогоор ажиглаж, Монголынхоо алс хойчид санаа тавьж, нутаг орныхоо эзэн хүний хувьд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж зорилго, бодлогоо цэгцэлсэн хүмүүс ч энэ үед цөөнгүй байжээ. Монголчууд ер тэмцэгчдээр, идэвхтэй иргэдээр дутаж байгаагүй улс орон билээ. Энэ удаа ч гэсэн бэлэн тэмцэгчид, зүүн гараараа баруун гараа хорьж байсан ухаалаг, оюунлаг эх орончид "Цаг боллоо" хэмээлдэн босоцгоожээ. Тэдний тэргүүн эгнээнд бараг л хүн амын бүх давхрааны төлөөлөгчид байжээ. 200 гаруй жил харийн эзэрхэг түрэмгий хүчний дарамтанд байж түмэн бэрхийг биеэрээ туулж өнгөрөөсөн, 8-10 үеэрээ элдвээр хэлмэгдэж ирсэн алтан ургийн ноёд, тойн нар, лам, хар хүмүүс Монголоо Манжаас, Хятадаас салган авч тусгаар тогтнохын төлөө амь бие, эд хөрөнгө, хэргэм зэргээ огоорон босоцгоожээ.

 

Хорьдугаар зууны эхний 25 жил Монголын тэмцэгчдийн хувьд бүр жинхнээрээ "төөрдөг байшин", "тамын тогоо", "хаврын тэнгэр", "олон үл мэдэгчтэй тэгшитгэл", "минжүүлсэн талбай", "зуун хольцтой хярамцаг", "алхам тутамд нь аюул нүүрлэсэн олон салаа жимүүд", "тангадын хараал шүглэсэн он жилүүд" байлаа. Эдгээр он жилүүдэд Монгол туургатан бүгдээр элдвийг мөрөөдөж, элдвээр хууртаж, эвлэж, эвдэрч, нөхөрлөж, урваж, зориглож, шантарч, эцэс сүүлдээ олон зоригт эрс цөхөрч сөхөрчээ.

 

Цагийн байдал ороо бусгаа, өөрийн эрх эрхшээл үгүй, гадны хүч, нөлөө хувирамтгай, аргагүйн эрхээр дайсантай эвлэрч нөхрөө хөнөөхөөс ч өөр гарцгүйдэх зэргээс болж өвөрлөгчдийнхөө олон зоригт эрс, баатруудыг Ар Монголын төр засаг гомдоосон, хөнөөсөн нүглүүд ч бас хийгдсэн юм. Тэмцэгчдийн улстөрийн ижил бус үзэл санаа, адилгүй эцсийн зорилго, зорилгоо хэрэгжүүлэх өөр өөр арга зам, дайн самууны үеийн сэтгэлзүй, психоз, өш хонзон, өр төлөөс, цаг цагийн төөрөгдөл зэргээс үүдсэн эмгэнэлт хэрэг, явдлууд ч Монголын зоригт дайчдыг тойроогүй билээ. Дурьдсан 25 жилийн дотор Ар Монгол гэхэд л нарийн ярьвал өөр өөр шинж бүхий 10 шахам төрийн нүүр үзэж, дайснууд нөхөд болсон, нөхдүүд дайсан болцгоосон эгзэг ээдрээтэй цаг төрийн үймээн дунд сөхөрч сөгдөж, эргэж хургаж, хувирч хувьсаж, өөрийгөө олж ядан, таньж ядан үхэл ба амьдралын зааг даган "дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явсан" болно. Нөхдөө гэх сэтгэл байв ч аврах, тэтгэх боломжгүй, эрхгүй гаслант он жилүүд ч цөөнгүй тохиожээ. Ар Монголчуудынхаа аргагүй байдлыг таньж ухаарсан олон өвөрлөгч баатрууд нутаг орондоо ясаа тавихаас өөр арга, боломж үлдээгүйг ойлгож авралыг эрж биш үхлийг сонгон 1921, 1922 онд нутаг руугаа хөлгийн жолоо залцгаажээ...
Богд хаант Монгол улс оршин тогтнож байсан цөөн жилүүдийнхээ туршид бүрэн бус мэдээгээр хэдэн арван хүнд баатар цол шагнасан нь тэр цагийн цэрэг-дайны үйл ажиллагааны ач холбогдол, эрчмийг харуулдаг. Өргөн фронтоор, олон замаар өрнөсөн дайн тулаанд манай өвөрлөгчдийн байгуулсан гавъяа нэн их билээ. Ихэнхдээ тэд л цэрэг ахалж тулалджээ.
Өвөр Монголын эх орончид, тэмцэгчдэд нэгэн том цогцолбор хөшөө дурсгал босгох өр бидэнд бий. Хэдийгээр оройтсон ч гэсэн бид бүтээж босгоод хүндэтгэл үзүүлж байх учиртай.


XXX


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл бол гагцхүү тухайн үндэстний хөлс, цусаар л тэжээгдэж байж ялалтанд хүрдэг жамтай билээ. Иймээс энэ тэмцэл, хөдөлгөөний гол хүч нь, гал дөл нь, цохилох зүрх нь эх оронч хөвгүүд, охид байдаг. Тэд л их хэргийг сэдэж, бадрааж, эцсээ хүртэл тэмцсээр ялалт авч ирдэг. Тэд хэдэн үе дамжин, буухиалан тэмцсээр жинхэнэ эх орончид, нугаршгүй тэмцэгчид болж төлөвшсөн байдаг. Чухам л ийм хүмүүс Ар Монголыг бүрэн эрхтэй тусгаар улс болгож, бас дээр нь Өвөр Монголыг автономит муж болгож чаджээ.

 


Тарж бутарсан, салж сарнисан Монголчуудаа нэгтгэж Их Монгол улсын төрийг сэргээх гэсэн санаархал нь оролдлого болж хувирсан боловч амжилт олж чадсангүйд гутарч гомдсон тэмцэгчид 1921-1924 оны үед Ар, Өвөр, Буриад, Барга, Шинжиан, Хөх нуур, Урианхайд хаана л бол хаана олноороо байж, зарим нь бүр Нийслэл Хүрээн дэх засгийн газрын үйл ажиллагааг зэмлэж, буруушааж байв.

 

Буй болсон улстөр-цэрэг дайны нөхцөлийн дарамт, шахалтаар ийм үр дүн гарсныг ойлгож, эвлэрч, анхны санаархал, зорилгоо хойш нь тавьж тэвчих, хүлээхийг илүүтэйд үзсэн тэмцэгчид ч олон гарчээ. Тусгаар тогтнолын төлөө тэмцлийг анх сэдэж, их хэргийг манлайлсан ноёд, лам нар 1921 он гэхэд бүгд л учир битүүлгээр хорвоогоос хальсан нь Ар Монгол Зөвлөлт Оросын дагуул орон болж хувирахад түлхэц, таатай нөхцөл болсон нь ч үнэн болно. Чин ван Ханддорж 1915 онд 46 настайдаа, Да лам Цэрэнчимэд 1914 онд 42 настайдаа, Чин ван Чагдаржав 1915 онд 46 настайдаа, Түшээ гүн Хайсан 1917 онд, Сайн ноён хан Намнансүрэн 1919 онд 41 настайдаа, Далай ван Гомбосүрэн 1914 онд 34 настайдаа, Жалханз хутагт Дамдинбазар 1923 онд 49 настайдаа, Жонон ван Намсрай 49 настайдаа учир битүүлгээр хорвоог орхижээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд чин үнэнчийн дээр Оросол талтай хүмүүсийг Манж, Хятадын талынхан, Чингисийн алтан ургийн ноёдыг Манж, Хятадын болон Богд хааны талынхан хорлосон байх магадлал нэн өндөр юм. 1911 онд таван яамны сайдаар томилогдсон хүмүүсийн (Ханддорж, Чагдаржав, Цэрэнчимэд, Гомбосүрэн, Намсрай) дундаж нас 37 байжээ. Өвчин тахалд өртөөгүй мөртлөө яахлаараа тэд учир битүүлгээр ид залуу насандаа өөд болцгоодог билээ? Гэтэл бусдад хорлогдохоос зайлсхийж чадсан тэдний үеийнх гэж хэлж болохоор Дилав хутагт Жамсранжав (1884-1965) 82 хүрээд таалал төгсчээ.
Ингэхлээр Монголын жинхэнэ эх орончдыг толгой дараалан устгах, Монгол туургатныг нэгтгэж хааны сэнтийд залрахыг хүссэн алтан ургийн ноёдыг устгах, большевик суртлыг эсэргүүцсэн хэнийг ч болов хөнөөх террор мөнхүү эгзэг, ээдрээтэй 13 жилийг (1911-1924) дамнан явагдсаар л байсан нь үнэн бололтой. Энэ бол бүр анхнаасаа большевик сурталтнууд Монголд гарч ирж бэхжээд улстөрийн замын ханиудаасаа 1911-1924 оныг дамнуулан улаан террорын аргаар салсан үйл явц биш юм. Харин улстөрийн олон зорилго, олон янз байр суурь, Манж, Хятад, Оросын төрийн хорон бодлого, мөн Японы дайнчдын хөндлөнгийн оролцоо зэргийн хам шинжтэй нөлөөний гунигт үр дагавар гэх нь илүү зөв болно.


Тусгаар тогтнолын төлөө тэмцэлд туг болж ашиглагдсан Богд гэгээн байн байн хувьсаж байсан улстөрийн эгзэг, ээдрээтэй нөхцөл, орчинд аргагүйн эрхээр дасаж, дагаж, цагийн аясыг харан хөрвөсөөр хааны сэнтийтэй зууралдсан янзаараа үлджээ. Уг нь мөнхүү өндөр сэнтийгээс цагаа олж татгалзах нь түүний хувьд өлзийтэй шийдэл болох байсан биз ээ...


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн хувьд ашигтай, тустай байсан учраас л өөрийг нь туг болгон өргөж мандуулж байгаа ба энэ их хэрэгт саад, садаа болох аваас "аймхай, үхээнц муу төвд" гэгдэх хүртлээ унаж доошлох болно гэдгээ тэрээр яван мартаж, их эрх мэдэлдээ бялуурч, ташуурсан байж ч болох юм. Барон Унгерн хүртэл Нийслэл Хүрээг эзлэх тулалдааныхаа туг болгож ашиглах үүднээс Богдыг хулгайлан авч "Амьд бурхан бидэнтэй хамт байгаа" гэх нэр, нөлөө, уур амьсгалд дулдуйдсан билээ.
Хэргийг анх зориглон сэдэж, их хэргийн төлөө амь, биеэ үл хайрлан боссон эх оронч ноёд, лам нарын саналыг Богд гэгээн 1911 онд хүлээж аваагүй, дэмжихээ амлаагүйсэн бол тэрээр цаашид хэн ч биш болох байжээ. Ноёдын нам, түшмэдүүдийн нам, ардын намын аль алины нь хувьд Богд гэгээн ач холбогдлоо алдаж энэнээсээ болж Манж, Хятадын гар хөл болон хувираад Монголд битгий хэл Төвддөө ч нэр нүүргүй нэгэн болчихож мэдэх байлаа. Товчилж хэлэх аваас түүнд хэрэг дээрээ сонголт байгаагүй болно. Шийдэж шуударсан эх орончдын саналыг зөвшөөрч, тэдний талд зогсохоо илэрхийлээгүй бол тэмцэгчид өөр арга сэдэх, бүр өөрийг нь золиосолж ч болох байв. Өнгөрсөн түүхээс үзэхүл Монголчууд төр улсын ашиг сонирхлыг цаг ямагт л шашны хэргээс илүүд, дээгүүрт үзэж ирсэн сургамж ч бэлхнээ буй билээ. Нөгөөтэйгүүр Манж болон Хятадын төрийн шинэ бодлого Ар Монголд тууштай хэрэгжиж эхлэх аваас Богд гэгээнд өөрт нь сайн юм ер авчрахгүй нь ч тодорхой байлаа. 1911 онд Богд гэгээн 41 настай байсан хэдий ч түүнд шарын шашныхаас өөр ямар нэгэн үзэл, зорилго байсангүй. Байх ч нөхцөл, боломжгүй юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгал, нийгмийн хувьсгал, коммунист болон фашист үзэл санаа, Нармай Монгол, Их Хятад, Их Оросын суртал зэргээс Богд гэгээн хол хөндий байсан нь мэдээж билээ.

 

1911-1921 оны хоорондох улстөрийн хэрэг, явдлуудаас харахад, улстөрийн өөр өөр санаа, сэдэл бүхий олон бичигт (тусламж, дэмжлэг хүссэн) ялгаагүй шахам хандаж тамгаа дарсаар байснаас нь үзсэн ч гэсэн "өөрийн нь суудал, сэнтийд хоргүй л бол..." гэх байр, суурийн л эзэн болж харагдах ажээ. 1921 оны сүүлчээр ч гэсэн Олноо өргөгдсөн Монгол улсыг сэргээн байгуулахад тусална уу гэсэн бичгийг ноёд, хутагтууд санаачлан зохиогоод Богдоос тамгаа дарахыг хүссэн бол тэрээр мөн зөвшөөрөх л байсан болов уу.


Монгол улсын эзэн хааны сэнтийд Төвд лам удаан залрахыг алтан ургийн ноёд тэвчихгүй байсан нь ч тодорхой юм. Ганцхүү Манж, Хятадаас аль болох түргэн салах зорилгоор л Богд гэгээнийг туг болгон ашиглахын зохистойг олж харсан Монгол улстөрчид энэ үзэгдэлтэй эвлэрч байжээ. Улс орны маань бүрэн эрх, тусгаар тогтнол юунаас ч илүү үнэ цэнэтэй байдгийг энэ баримт гэрчилж байна.
1910-1911 оны үед Хүрээнд байсан Оросын консулын ажилтнууд "Ар Монголын удирдлагыг Оросын хааныг талархан үздэг болгох ёстой" үүргийнхээ дагуу Монгол дахь Манж, Хятадын эсрэг тэмцлийг "өөрсдийн нь нөлөөлж чадсаны ачаар" Богд гэгээн удирдсан мэтээр удирдлагадаа мэдээлж байсан нь зүйн хэрэг юм. Хүрээний борчууд Оросын хаанд түнширхэн талархаж сайнаар ханддаг гэж ямар мэдээлэлтэй биш. Яг хэрэг дээрээ бол Богд гэгээн их хэргийг сэдээд, санаачлаад, манлайлаад, зохион байгуулаад, шахаж шаардаад, энд тэндээс тусалж дэмжихийг гуйсан бичгийн эхийг угсран учирлан зохиогоод байсан биш юм. Манжийн төр засгийн олон зууны дарангуйлал, мөлжлөг, шинэ бодлогын нь хор хөнөөлийг бусдаас илүү сайн ойлгож, бусдаас илүү ихээр бие ба сэтгэлдээ мэдэрсэн мөнхүү цагийн оюунлаг хүмүүс, сэхээтнүүд болох дээд ноёд, том лам нар л их хэргийг сэдсэн эзэд, далдаас удирдаж, зохион байгуулж, санхүүжүүлж байсан хүмүүс мөн болно. Чухам тэд л Богд гэгээнийг ариун дайн, шударга тэмцлийн туг, босогчдын сэтгэлзүйн тулах цэг болгож ашиглажээ. Ингэж ашиглагдахаас татгалзах, бултах боломж хутагтад байсангүй. Татгалзах, эсвээс аман дээрээ зөвшөөрч хэрэг дээрээ ухрах аваас дайсан гэж үнэлэгдэх, улмаар бодлого, зорилгоо итгэж (гэнэдэж) илчилсэн ноёдод хорлогдох байлаа.


Тэмцэгчид, босогчдьгн дунд Богдьгн өөрийн нь үнэлдэг хутагт, хувилгаад, ноёд байсан нь түүний сэтгэл санааг харин дор нь шуудруулжээ. Улстөрчийн хувьд туршлага гэхээр юмгүй, сүсэгтэн олноо л түшихээс өөр нөхөдгүй, Монголчуудын эр зориг, дайчин чанарт гүнээ итгэдэг гэгээнтэнд Монголын хааны сэнтий "дээд тэнгэрээс илгээсэн олдошгүй хишиг" болж төсөөлөгдсөн нь ч үнэн болно. Тэрээр ороо бусгаа цагийн аясаар будилсаар, балмагдсаар, ялах болон ялсан талд дулдуйдсаар, бас ч гэж өндөр сэнтийн амт, аархалд автсаар... эцэс сүүлдээ улаан террорт өртсөн байж болох ажээ.


XXX


XX зууньг эхэн үеийн Монголын түүхтэй нэр, намтар, үйл бүтээлээрээ холбогдох олон арван хүн бий. Тэдний дунд манж, төвд, хятад, япон, орос, өвөр монгол, буриад, халимаг, казах гэх мэтийн олон үндэстний төлөөлөгчид байгаа. Гэвч түүхэн чухал үйл явдлуудал оролцсон уг хүмүүсийн талаарх судалгаа харамсмаар бага хийгджээ. Наад зах нь л төвд хүн болох VIII Богд маань хувь хүн, бие хүн, лам хүн, шашньг зүтгэлтэн, төрийн зүтгэлтэн, хэмжээгүй эрхт хаан, Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, "тангаргын гэрээний" субъект, улстөрийн шалтгаантай амь хохирогч байж болох хүмүүн гэх мэтийн олон олон талаараа өнөөдрийг хүртэл ойлгомжгүй, нэг мөр болсон тодорхойлолт, үнэлгээ, дүгнэлтгүй хэвээрээ байна. Энэчлэн Монголын XX зууны эхэн үеийн түүх ч түүх болж чадаагүй, олон янзаар өөр өөр үнэлгээ, дүгнэлттэйгээр бичигдсээр байна.


XX зууны эхэн үеийн Монголын түүхтэй холбогдох хамгийн чухал, нууц гэгдэх баримт, материалууд өдий хэр судлаачдын хувьд хаалттай, хориотой хэвээрээ байгаа нь түүхийг түүхийрүүлэх үндсэн шалтгаан болж олон олон үйл явдал, олон олон түүхт хүн үнэнээс хол, буруу зөрүү үзэгдэж, үнэлэгдсээр байна.


Түүхэн тодорхой үйл явдлыг зориудаар магтах, эсвээс зориудаар муучлах сонирхол бүхий бие хүн, байгууллага, улстөрийн хүчин бэлхнээ оршин буй тохиолдолд "түүх түүх болоход нэн хүндрэлтэй" гэх үгний үнэн нь амьдрал дээр нотлогдсоор л байна. Өөрсдийн ашиг сонирхолд тохируулан түүхийг засварлах, хэн нэгнийг зориуд худал магтсаар гавъяатан болгох, эсвээс үнэхээрийн сайн үйлстэн, гавъяатныг хилсээр муучлах, урвагч болгож харуулахыг эрмэлзэх оролдлого лав л наад зах нь 100-150 жил үргэлжилдэг бололтой. Ингэхлээр эх түүхээ элдэв гуйвуулгагүйгээр, яг л баримтанд тулгуурлан чин үнэнээр бичих боломж олдтол хүлээзнэх, харзнахаас өөр аргагүй юм. Судлаач миний бие ч гэсэн "XX зууны түүхийн философи" гэх гарчгийн дор 400 орчим хуудастай ном бичсэн хэдий ч нийтлүүлж олны хүртээл болгохоос эмээж, болгоомжилж хойш нь тавьсаар удлаа. Орос, Хятад, Монголын архивт байгаа баримт бичгүүд судалгаа шинжилгээний эргэлтэнд орж ил болохыг хүлээхээс өөр яалтай нь билээ. Цөөн материал, өрөөсгөл мэдээлэл, үнэнийг тусгаагүй баримт, тэр бүү хэл санаатай тараасан хуурамч бичиг сэлтэд түшиглэсэн түүхэнцрүүдэд хэдхэн сар, хэдхэн жилийн л нас заяагддаг болохоор тийм бүтээл туурвихаас жинхэнэ судлаач хүн ямагт зайлсхийж, сэргийлж байх учиртай юм. Энэхүү бичигдээгүй хуулийг дагаж мөрдөх ёстой. Ингэхлээр түүхэн баримтууд "зайлшгүй хийгээд хүрэлцээтэй хэмжээнд" ил болж нээгдэх хүртэл шинжлэх ухаанд үнэнч хүмүүс, түүхчид хүлээх жамтай. Энэ учрыг дурдаад Богд гэгээний талаар цөөн зүйл өгүүлье.


XXX


XVI зууны эхний хагаст Төвд орон шашны урсгалууд хоорондын хямралд автаж, дайн самуун дэгдэж, иргэний дайн болж өргөжихөд Баруун Монголын Төрбайх ноён нэг түм орчим цэрэг ахлан очиж самууныг дарж, Төвдийг бүхэлд нь түвшитгэжээ. Энэ гавъяаг тооцож, бас дайны дараах тайван бус байдлаас сэргийлж Далай лам, Банчэн Богд тэргүүтэй ихэс дээдэс Төрбайхыг Төвдийн хаанд өргөмжилжээ. Ингэж монгол ноён Төвдийн хааны сэнтийд он удаан жил заларч байсан түүх буй. Харин VIII Богд бол хүүхэд насандаа Монголд ирж бойжиж, хүмүүжиж, суралцаад Монголын шашны тэргүүн болж 41 наслаад байсан төвд хүн билээ. Тэр цаг дор Монголын төр засгийн дээд эрхийг Манж нар барьж, харин аймаг, хошуудын эрх мэдэл Монголын ноёдын гарт байсан болно.

 

Ингэхлээр Богд гэгээн Манжийн төрийн ил далд дарангуйлал, нөлөөнөөс харьцангуй хол, чөлөөтэй байжээ. Учир нь манжийн төр засаг Монгол дахь шашны хэрэгт шууд хутгалдан оролцдоггүй, гэхдээ далдуур хянаж сэргийлэхээ ч мартдаггүй байв. Манжийн төр засаг ба Богд гэгээн хоёрын хоорондох харилцаа Богдын хувьд тэвчихэд бэрх болж хурцадсан баримт одоогоор мэдэгдээгүй байна.

 

Харин Монгол ноёд, тэр тусмаа алтан ургийн том ноёдын хувьд бол Манжийн төр, засгийн 200 гаруй жилийн турш дахь дарангуйлал, мөлжлөг, ил далд доромжлол, басамжлал, цусан өшөө, манж ноёд, түшмэдүүдийн ихэрхэл, хахууль авлигад шунах байдал зэрэг нь тэвчихэд бэрх болоод байжээ. Манжийн төр засгийн шинэ бодлого хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Монгол ноёд, түшмэд, том лам нарын эсэргүүцэл бараг л шууд шахам бослого болон өрнөх, өргөжихөд хүрчээ. Хамжлага, шавь, суман ардууд ч Манжийн төрийн хорон бодлого, хятад иргэдийн түрэмгий ааш авирын учрыг түргэн ухаараад ирэх цагийн гамшгийг мэдрэн эсэргүүцлийн хөдөлгөөнд Хүрээ, хөдөөгүй нэгдэцгээжээ. Чухам ийм нөхцөл, байдалд том ноёд, том лам нар Богд гэгээнд тусгаар тогтнох санал тавьжээ. Түүнд хэрэг дээрээ сонголт байгаагүйг дээр өгүүлсэн билээ. Нөхцөл, байдлыг зөв үнэлээд тэдэнтэй нэгдэхээ илэрхийлсэн нь Манж, Хятадын төрийн бодлогын талаар Богд өөрөө зөв төсөөлөлтэй байсныг гэрчилдэг юм. Босогчдын талд орохоо шийдсэнийхээ дараа л тэрээр улстөрийн амьдралын ороо бусгааг, тодорхой бусын аймшиг түгшүүрийг, нөхцөл байдлын түргэн өөрчлөлтийн аюулыг мэдэрч орчин үеийнхний хэллэгээр байнгын шахам стресстэй байх болжээ. Чухам тийм шалтгаанаас улбаатайгаар хутагтын бие удалгүй ихэд чилээрхүү болж 1915-1916 он гэхэд бараг л ажлын чадваргүй гэхээр лоройтож хараа нь ч бүр мууджээ.


Тэмцэлд нэгэнт шуудран орсон ноёд, лам нарын тавьсан саналыг зөвшөөрсөн нь тэрээр их хэргийн санаачлагч, өдөөгч, удирдагч болчихлоо гэсэн үг биш байв. Тэмцэл бүтэлгүй болох аваас амь нас, эд хөрөнгө, хэргэм зэргээрээ, ер байгаа бүхнээрээ хохирох, дээр нь "төрийн жолоогоо үүрд алдлаа" гэсэн эмгэнэл тээж хорвоогоос халихын зовлонг үүрэх хүмүүс бол өндөр язгуур угсаатай ноёд, тойн нар, түшмэдүүд байлаа.

 

Чухам иймийн учир ноёд, түшмэдүүд, тойн нар 1911-1919 оны хооронд Богдын засгийн газраас явуулсан бодлого, арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байж, ялангуяа Оросоос авсан зээлийн хөрөнгийг эн тэргүүнээ цэрэг, зэвсэгт зориулан зарахыг чухалчилж шашны зориулалтаар зарцуулсан мөнгө хөрөнгөнд харамсаж байжээ. Цаг үеийн амин чухал асуудлыг нэгдүгээрт тавьж, түргэн шуурхай шийдэж, эсрэг этгээдээ оновчтой тактик, хурдаар давамгайлж, тэдний цаг зуурын бэрхшээл, эргэлзээ тээнэгэлзлийг ухаалгаар ашиглаж цаг, хүч хожих, зохиомол дарамт үүсгэх, худал мэдээлэл тараах зэргийн ур чадвар Богд гэгээн болон түүний хамгийн ойрхны хүрээлэл болох том лам, хутагт хувилгаадад үгүйлэгдэж байсан нь үнэн болно. Энэ нь яваандаа ноёд, хан нар болон Богд тэргүүтэй шар ноёдын хооронд зөрчил, мөчөөрхөл тарьжээ. Богд болон том лам нар шашин суртал өөр хятадуудаас цэрвэж, мөн Оросын улаантнаас эмээж, бас Нармай Монголын төлөө хөдөлгөөнөөс жийрхэж олонхи нь зүрхшээж, бэрхшээж эхэлсэн нь ноёд, хан нарын дургүйцлийг дэврээх болжээ. Нармай Монголын төлөө хөдөлгөөнийхэнтэй нэгдэж эвсэхгүй ч гэсэн далдуур ухаалгаар холбогдож цагийн байдлыг харзнаж байх нь чухал гэж үзэх ноёд, түшмэдүүд ч цөөнгүй байлаа.
Богд гэгээн хааны сэнтийд суусныхаа дараа төрийн том албанд өөрийнхөө сайн мэдэх лам нар, хутагтуудыг томилж тэднээр хүрээлүүлж эхэлсэн нь ноёд, түшмэдүүдийн дургүйцлийг хүргэж байв. Төрийн хэрэгт шашны ихэс, дээдэс шууд оролцох уламжлал багын дээр Оросоос зээлсэн мөнгөний багагүй хувийг шашны хэрэгт зарцуулсан нь ноёдод таалагдсангүй. Ерөөс цөөн хүн амтай, жилээс жилд ядуурсаар байгаа сүсэгтэн олны багахан өргөл, барьцаар амьдрах болсон сүм хийдүүдэд мөнгө хөрөнгө үргэлжид дутагдаж байсан болохоор тэдний аргагүй байдлыг тооцох, туслах шаардлага ч мөн их байжээ. Улсын гэхээр хөрөнгө, элдэв аргаар бүрдүүлж чадах төсвийн хэмжээ тун бага, тусгаар улсын хувьд биеэ дааж амьдрах туршлага үгүй, цаг төрийн үймээнт жилүүдийн тодорхойгүй төлөв байдлын дарамт их зэрэг нь энэ талын боловсрол, бэлтгэл, тактик үгүй Богд гэгээний тарыг дорхноо илчилж илрүүлжээ.

 

Улсын хаан гэгдэх, тэр тусмаа бурхны шашинд нэлэнхүйдээ автаж живсэн Монголчуудын хаан байх нь Богд гэгээний хувьд таатай, сонирхолтой байсан нь мэдээж юм. Гэхдээ түүнийг хааны сэнтийд залраад, амьд бурхан гэгдээд рольдоо итгэж төөрөлдсөн нэгэн гэх, улстөрийн ямар ч үзэл баримжаагүй нэгэн хэмээх, өөрийн нь байр, сууринд халгүй л бол хэнтэй ч эвсэхэд бэлэн байсан гэх, алтан ургийн том ноёд, тэмцэгчдийг замаасаа зайлуулахын тулд төвд хүмүүс, хятад ба манж хүмүүсийн оролцоотойгоор хорлол, аллага үйлдсэн гэх мэтээр үзэх, тэгэхдээ ноттой баримт, материал олдоогүй байхад хардах сэтгэлийн үүднээс ийм цуу тараах нь буруу, зохисгүй юм.

 

"Юм үнэнээрээ байх нь л сайхан" гэх Монгол сэтгэлгээний ариун зарчимд түүхчид, улстөр судлаачид нэгэн мөр захирагдах учиртай. Тэр түүхэн цаг үед Монгол оронд төвдүүд хань хамсаатантайгаа нийлээд хэдэн зуун хүн, манж нар мөн гар хөл бологсодтойгоо нийлээд цөөн гэхээргүй тоотой, дээр нь хятадууд, тэдний хамсаатан ч мөн хэдэн мянга байсан болохоор тэдний оролцоо, хүчин зүйлийг бас үгүйсгэх аргагүй билээ. 1911 оны үеийн Богд гэгээний үзэл бодол, байр суурийг 1921, 1924 оны үеийнхтэй нь адилтган үзэж бас болохгүй юм. Түүхэн чухал үйл явдлуудаар дүүрэн 13 жилийн туршид хэн хүнгүй л өөрчлөгдсөн нь тодорхой болно. Энэ хугацаанд улстөрчдийн идэвхтэй хэсэг нь ихэд хэрсүүжиж, хатуу байр, сууриараа ялгарч, хуваагдаж, хэн нь хэн болохыг бүгд таньж мэдсэн байх ёстой билээ. Гэтэл энэ хугацаанд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хамгийн туйлбартай тэмцэж байсан хүмүүс бараг бүгдээрээ хорвоог орхижээ. Тэдний зарим нь илэрхий хорлогдсон, заримын нь үхэл учир битүүлэг, сэжиг, таавар датуулсан, цаг хугацааны хувьд ойр ойрхон тохиосон байлаа. Үхэл нүүрлэсэн уг он жилүүдийг Богд гэгээн харин ажралгүй давжээ. Дайсагнагч хүчин түүнийг хөндсөнгүй. Тэд эн тэргүүнээ алтан ургийн ноёд, тойн нарыг хөнөөсөн нь цаанаа ихийг нуусан үйлдэл юм.
Манж, Хятадын эзэрхийлэлтэй үхэвч үл эвлэрэх эх орончид чухам хэний заавраар, хэний гараар хөнөөгдөв өө? Монголын хааны сэнтийд залрах боломжтой алтан ургийн ноёдыг чухам ямар хүчин сонгон авч егүүтгэсэн юм бэ? Манж, Хятад, Төвд (VIII Богдын талынхан), Орос, Японы тагнуул, туршуул мөнхүү үймээнтэй он жилүүдэд Ар Монголын дотоод хэрэгт оролцож, нөлөөлж байсан нь үнэн билээ...
Манж, Орос, Хятадын хаад Чингисийн удмын ноёдод байнга шахам таагүй хандаж, хонзогносоор ирснийг түүх гэрчилдэг. XX зууны эх дэх үндэсний эрх чөлөөний төлөө бослого, тэмцлийг Өвөр Монголд ч тэр. мөн Ар Монголд ч тэр Чингисийн алтан ургийн ноёд, тойн нар санаачлан, тэргүүлэн хөдөлсөн, дээрээс нь бас монгол туургатнууд Нармай Монгол улс байгуулахыг хүсэмжилж эхэлсэн нь юуны түрүүнд Орос ба Манж-Хятадын төр засгийг болгоомжлох, элдвээр хардахад хүргэжээ.


Ар Монгол дахь бослого, хөдөлгөөнийг алтан ургийн ноёд, тойн нар биш, харин төвд хүн, шашны зүтгэлтэн Богд гэгээн удирдаж байх нь алсдаа Оросын ашиг, сонирхолд хэрэгтэй, хол явах сөрөг үр дагавар багатай гэдгийг Монгол дахь Оросын консулынхан цаанаа тооцоолж Богд гэгээнийг "тордож, товойлгох" ажлыг хол, ойрт санаачилж, Богдын тамгатай бичгийг чухалчлан үзэж, Богдтой л гэрээ, хэлэлцээ хийх, тусламжийг түүний нэр дээр олгох, үзүүлэхийг эрхэмлэх болсон байна. Ноёд, тойн нар ч энэ санааг нь дагуулан дэмжиж Богдыг " гол дүрд амжилттай тоглуулж" ашиглажээ. Богд гэгээн Монголын төр ба шашны хэргийг хамтатган барьж байх нь Оросод ч, мөн Манж, Хятадад ч аюул багатай байх нь мэдээж болно.


XXX


Богд болон түүний удирдсан засгийн газар 1917-1921 оны хоорондох 5 жилийн дотор оносон тактик, өрссөн хурд, ухаалаг алхам, дипломат арга, явуулгаар гачигдаж санаачилгаа эсрэг хүчнүүдэд алджээ. Нармай Монголын төлөө хөдөлгөөнтэй илээр нэгдэхгүй юм гэхэд түүнийг далдуур ашиглаж болох байв. Оросын цагаантнаас өөрийгөө хамгаалах нэрийн дор Алс Дорнотын Бүгд Найрамдах улс болон Зөвлөлт Оросоос тусламж, зэвсэг авахыг ч санаачилсангүй. Нийслэл Хүрээг гамин цэрэг эзлэн түрэмгийлэх боломжийг цэрэг зэвсгийн хүчээр биш гэхнээ яриа хэлэлцээ хийж цаг хожин саатуулж ч чадсангүй. Өвөр Монголд дэгдсэн бослого, хөдөлгөөний зэвсэгт отрядуудыг өөртөө татан төвлөрүүлж хүчийг зангидаж ч завдаагүй байна.

 

Аливаад хүлээсэн, харзнасан, идэвхгүй байдал нь эцэсдээ Ар Монголын ноёд ба лам нарын хооронд хагарал гарахад хүргэжээ. Энэчлэн шүүмжилж хандах аваас олон олон дутагдал, доголдлын жинхэнэ шалтгаан нь Богд гэгээний тусгаар төр улсыг удирдах бэлтгэл, чадваргүй байдал мөн юм.

 

Их хэргийг анх сэдэж, санаачилж, шатлан хэрэгжүүлж ирсэн удирдагч хүн 1911-1921 оны хооронд бүр жинхнээсээ гэгээрээд хүссэндээ хүрч чадах хэмжээний мэдлэг, туршлага, арга ухааныг олчихсон, хэнд ч дийлдэшгүй болчихсон, бүр маргаашийг угтаад харчихсан баймаар даа! Тийм биш байсан нь их хэргийн жолооны ард анхнаасаа л огт өөр хүмүүс байжээ гэдгийн логик нотолгоо мөн болно.


Судлаач, профессор Д.Чулуунжав