Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос хөл хорио тогтоож 100 гаруй хонож байна. Энэ хугацаанд сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, худалдаа наймаа, нийтийн хоол, аялал жуулчлал, тээвэр, зочид буудал, барилга, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мах, ноолуур, банк... гээд эдийн засгийн эрчмийг тодорхойлох бүх салбар ажилтнаа цөөлөх, нэгжүүдээ хаах болсноо мэдэгдэж эхлэв.

Өнгөрсөн 100 хоногт 46 мянган хүн ажилгүй болж, энэ хэвээр цааш үргэлжилбэл 260 мянган ажлын байр устах аюул нүүрлэв. Сая МҮХАҮТ-аас хувийн хэвшлийн 1500 компанийн дунд түүвэр судалгаа явуулахад тэд ойрын хугацаанд 9000 орчим хүнийг нэмж цомхотгохоос өөр аргагүйд хүрснээ мэдэгдлээ.

Манай улс жижиг, авсаархан учраас вирусээс тусгаарлаад байх боломжтой юм шиг байна. Ганц ширхэг олон улсын онгоцны буудалтай, цөөн хэдэн хилийн боомттой. Эмнэлэг хийгээд, төрийн хяналт бас чиг муугүй нь батлагдлаа. Ийм болохоор энэхүү хөл хорио тогтоох стратегиа эргэж харвал ямар вэ. Цуцал, бид өвчин тусахгүй юм байна гэж хийрхэж байгаа юм биш. Ер нь хөл хорио чинь урт хугацаандаа муу үр дагавартай байж мэдэх нь. Монголын нийгэм-эдийн засгийн амьдрал сонгуулийн санал авах өдөр хүртэл тэсэх үү. Сонгуулиас цааш хэдий болтол энэ байдлаар явна гэж тооцож байгаа юм бол. Ирэх наймдугаар сарын 15 гэхэд бидний “бензин” дуусах юм биш үү. Ийм нэг эмзэглэл байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс байнга асууж байх шаардлага гарч ирлээ. Ганц би биш, өнөөдрөөс эхлэн хүн бүр түүнээс үүнийг асуух цаг болсон.

Өнөөдрийн эрх баригчдын зүгээс “Бүх аймшиг урд л байна” гэж айлгасаар өнөөдрийг хүрлээ. “Аймшигт өвчин, эдийн засгийн хямрал хоёроор далимдуулж л дэлхийн дарангуйлагчид гарч ирсэн түүх байдаг юм” гэж хааяа хашгирмаар л байна... Энэ нэг “Аймшиг яг бидний өмнө байна” гэх айдсаас болж өнөөдөр нийгмийн сэтгэл зүйд юу юу өөрчлөгдөв, ард түмний оюун санаанд ямар хандлага тогтов. Банкийг л лав үзэн яддаг боллоо. Жаахан дөгөөгөөд, нийгмийн эмх замбараагүй байдал гарвал хамгийн түрүүнд хэдэн банк руугаа дайрч түйвээхээр боллоо. Хүмүүсийн зан төлөв нийгмийн сүлжээнд лав солиорлын шинэ шатанд гарав. Цөөн хэдэн хүнийг бишрэн шүтэж, ардчиллын үнэт зүйлс, тэднийг хамгаалагчдыг газар доогуур хийх аян хүчээ авав. Энэ хэвийн бус хандлага хэдүй болтол үргэлжлэх, ямар үр дагавар дагуулахыг өнөөдөр таашгүй. Бүгд зохион байгуулалттай ч юм шиг...

Энэ бүгдийг түр орхиод эдийн засаг дээрээ тогтож хэдэн үг хэлье. Байгаа жаахан нөөцөө мөнхийн юм шиг бодон өнөөдрийг хүртэл санаа амар явж байна, бид. Наадам хүртэл наргих жаахан юм бидэнд бий байх. Тэгээд ч сонгууль болох учраас муу муухай, болж бүтэхгүйн шалтгааныг нийгэмд хүргэхгүй байх бүх аргыг төрөөс, Ерөнхий сайдын зүгээс авч байгаа нь тодорхой. Сонгуульд эрх баригчид ялдаг юм байж, тэгээд маргаашаас нь эхлээд эрх баригчид яг яах гээд байгаа юм бэ. Энэ жилийн төсөв ард түмэнд биш, сонгуульд зориулсан төсөв. Сонгуульд дахин нэр дэвших УИХ-ын гишүүд өөрт нь ажиллах компаниудад зориулж бүтээн байгуулалт нэртэй үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Ямар ч үр ашиггүй 2-3 их наядын хөрөнгө оруулалтаа танаач. Танаж чадвал татвар төлөгчдөд нэмэлт дарамт учруулахгүй гэсэн үг. Хөл хориотой холбоотойгоор орлого сулраад ирэхэд нь НӨАТ, НДШ-ийг чөлөөлж болох хувилбаруудыг ярьсаар байгаа. ЖДҮ-ийг НДШ, НӨАТ-аас урт хугацаанд чөлөөлөх цаг нэгэнт болсон. Гэтэл нөгөө Засгийн газрын гоё гоё амлалтууд хэрэгжихдээ дунд шатандаа асар их бэрхшээлтэй байна. Асар том хүнд сурталтай ААН-үүд тулгарч байна. Заавал нэг татварын байцаагчаас зөвшөөрөл авч, үнэлгээ гаргуулах гээд. Ингэж л цаг авсаар сонгуулийн санал өгөх өдөр дээр очих юм байна. Тэр үед нь бас нэг заль хэрэглээд бүгдийг чөлөөлж, хөнгөлж, харж үзэж байгаа шийдвэр гаргасан дүр эсгэж, санал авч ялсныхаа маргаашаас төрийн эрхэнд үлдэгсэд төмөр нүүрээ харуулна даа. Тийм болохоор өнөөдөр аж ахуйн нэгж, ард түмэн бүгдээр хууртмааргүй л байна.

Өнөөдрийн төр засгийн удирдагчид “Мөнгө хэзээ ч унтдаггүй” гэсэн дэлхийн зарчмыг мэддэггүй бололтой. Ийм үзэл баримтлалтай удирдагчидтай улс орон хямрал бүрээс ашиг олж байдаг. Дэлхий тэр чигээрээ коронавирусийн дарамтанд орчихсон байгаа ч энэ дотор эдийн засгаа өөд татах ухааныг бусад орон эрэлхийлсээр байгаа. Дэлхийгээр нэг мөнгөө хааш нь яаж хөрөнгө оруулалт болгох вэ гэсэн тэрбумтнууд хэвээрээ байгаа. Ганцхан Монгол Улсын байж байгаа царай л тэднийг болгоомжлуулж байгаа болохоос биш. Вирусийг дотроо огтхон ч алдаагүй дэлхийн ганц улс Монгол орон дэлхийн хоёрдугаар дайны үеийн Швейцарь лугаа яагаад байж болохгүй гэж. Дэлхийн хоёрдугаар дайны үед баячуул энэ улсад итгэж мөнгөө аваачиж хадгалуулсан нь өнөөдрийн Швейцарь шүү дээ. Өнөөдөр дэлхийн хөрөнгөтнүүд мөнгөө банкинд байршуулах нь ашиггүй байгаа учраас шинэ бизнес хайж байна. Ийм цаг үед эрсдэлд дуртай хөрөнгө оруулагчид маш их болдог судалгаа ч байна. Үүнийг л Монголд татах боломжийг төрийн удирдагчид эрэлхийлж, бодлого боловсруулж, коронагаар олж авч буй нэр хүндээ ашиглаач дээ. Аялал жуулчлал хог дээрээ гарлаа л гээд халаглаад байх юм, хамгийн ихээр аялаж ирдэг хятадууд чинь өнөөдөр коронагүй Монголыг улам ч их сонирхож, тэр нэг банштай цайг нь очиж идэх юмсан гэж сошиалдаа шаагилдаж, шуугилдсаар байна. Үүнд Монгол төрийн ухаалга зохицуулалт л хэрэгтэй. Тэрнээс сонгуульд зориулсан хориглолтоо үргэлжлүүлсээр, ирэх намрын орон нутгийн сонгууль хүртэл гүрийх юм бол ч мэдэхгүй ээ, Монголын эдийн засаг сүйрлээ л дээ.

Монгол Улсын төсвийн орлогын ихэнх хувийг сүүлийн хэдэн жилд гурван зүйл л бүрдүүлж байгаа. “Оюу толгой”, Нүүрсний үнэ, НӨАТ гурав. “Оюу толгой”-н далд уурхай вирустэй холбоотойгоор зогсонги байдалд орчихлоо. Нүүрс бас зогсонги, лав л өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар нүүрсний экспортоос зөвхөн Гашуунсухайт боомтоор гэхэд өдөрт 27.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Өнөөдөр ч нүүрсний үнэ нь тодорхой бус байна. Гурав дахь эх үүсвэр болсон НӨАТ бас нам зогсох нь. Яагаад гэхээр НӨАТ голлон төлдөг нөгөө жижиг дунд аж ахуйн нэгж чинь царцаж байна. Энэ байдлаас харахад төсвийн орлого ихээр тасарна. 2020 оны төсөв угаасаа хоёр их наядын алдагдалтай. У.Хүрэлсүхийн амласан Цар тахлын эсрэг авах арга хэмжээнд зарцуулагдах таван их наяд нэмэгдэхээр нийт долоон их наяд төгрөгийн орлогыг хаанаас олох юм. Сар гаруйн дараа болох сонгуульд л ялж байвал бусад нь яахав гэсэн харалган бодлоороо дайрсаар байх юм уу. Эрх баригчдын сэтгэхүйд сонгуулиас өөр бодох юм алга. Улстөрчдийн бэртэгчин, амиа бодсон, дахин сонгогдох гэсэн эрх мэдлийн төлөөх шуналаас болж хүнд байдалд орвол урьдынх шиг туслах улс орон энэ дэлхийд олдохгүй. Бүх улс орнууд асуудлаа шийдэж чадахгүй, өөрсдийгөө яая гэж байхад юун Монголд туслах. Дээр нь Хятадын эдийн засгийн өсөлтөд найдалтгүй болсон. Энэ бүгдээс харахад ирээдүйд ард түмнээ яаж хоолтой байлгах тухай бодож байгаа эрх баригч, улстөрчид байхгүй нь тодорхой боллоо. Эрх баригчид сонгуульд ялахын тулд байгаа жаахан валют, төсвийн нөөцөө цөлмөж хаяад маш хүнд эдийн засагтай л ирэх наадмаар уулзацгаах нь.

Тийм болохоор Монголын өрх нэг бүр, аж ахуйн нэгж бүхэн, дор бүрдээ нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, нөөц боломжоо зөв хуваарилж, хямралыг хэрхэн даван туулах стратегиа боловсруулахгүй бол Монголын төр засаг сонгуулийн өдөр хүртэл сайхан царайлж, итгэл найдвар төрүүлж байгаад сонгогдсоныхоо маргаашаас эхлэн “Та нарын хохь” гээд сууж байх нь тодорхой боллоо шүү.