“Алдарт санхүүч” хэмээн хамт олон нь авгайлдаг Б.Эрдэнийн мандаж явсан үе нь даанч богино. Тэрбээр ид бужигнуулж, ажил мэргэжлийнхээ гайхамшгийг гайхуулж явах тэр үеэс л бор дарстай нөхөрлөсөн гэдэг.

Б.Эрдэнэ 27 настайдаа эхнэртэйгээ танилцан гэр бүл болсон аж. Тэд гурван сайхан хүүхэдтэй, аз жаргалаар дүүрэн, аав нь бусдад шагшигдан магтагдсан санхүүч байлаа. Бор дарсанд хором хоромоор “дурлах” болсон Б.Эрдэнийн мандаж явсан цаг хугацаа бөхөх тийшээ явж байгааг түүний хамгийн дотно хүмүүс мэдэхийн ихээр мэдэж, аргадаж, сануулж, айлгаж сүрдүүлээд ч тусыг эс олсон байна. Түүнийг “Архинд орлоо шүү” хэмээн үр хүүхдүүд нь бишгүй сануулсан гэдэг. Эхнэрийн тухайд ярих ч юм биш. Ааш авир нь эвдэрч, аархаж томорсон “архичныг” хань минь гээд 10 гаруй жил тойглож, ар өврөөс нь гүйгээгүй цаг хугацаа гэж үгүй ажээ.

 

Эхнэр: Чи яг живлээ, наад архиндаа. Үр хүүхэд, амьдралаа сүйрүүлж байна. Тэр ч бүү хэл элдэв ааш аяг гаргадаг болох нь, чи арай л дэндэж байна шүү?

Нөхөр: Би өөрийгөө мэдэж байна. Чамаар заалгахгүй. Олж ирсэн мөнгийг нь олон юм яриад байлгүй хэрэглээд байж байвал болоо юм биш үү. Би чамайг юугаар ч дутаагаагүй байх шүү. Дутааж байгаагүй цаг хугацаа байсан. Харин бор дарснаас өөр нөхөргүй болсон үеэс дутаахгүй юмсан гэхээс илүүтэй өнгөтэй өөдтэй болгоныг нь ломбардаж, зарж үрж болохыг нь ганц, нэг шил “юм”-аар үрчихдэг муу заршилтай болсон байв. Энэ мэтчилэн эхнэр нөхрийн дунд элдэв хэл ам, үйл явдал тасраагүй юм билээ. Бор дарсанд “дурласан” нөхөр гар далайдаг болж сүүлдээ далайсан гараа жинтэйхэн буулгадаг болж. Энэ цагаас л эхнэр, хүүхэд нь дайжихаар зогссонгүй. Бүр цаашлаад анд нөхөд, ах дүүс нь нүүр буруулж эхэлжээ.

Сархад савнаасаа бусдыг гэдэг оргүй ч үг биш. Саймширч далдганасан нөхөд Б.Эрдэнийг аль хэдийнэ архичин байх замыг нь засч, тавьж, бүр эргэж буцахгүй гарцгүйгээр хурдыг нь авахуулсан байлаа.

“Би архичин биш. Мандаж явахад минь ноостой тэмээ шиг ноолж ноолчихоод. Ядарч явахад минь нүүрээ бууруулсан муусайн юмнууд миний нөхөр биш” хэмээн цээжээ дэлдэж “бор дарс”-ны найзуудтай болсон гэнэ. Ямар ч үед гэрийнхээ барааг харчихдаг байсан Б.Эрдэнэ сүүлдээ хоногоор бүр сараар ч алга болчихдог байж. Зовлон нэгтэй “архичин” найзуудтайгаа нөхөрлөж явахдаа өөрт байгаа бүхий л үнэт зүйлсээ, аз жаргалтай амьдралаа үгүй хийснээ огтхон ч бодоогүй. Тэр ч бүү хэл харааж, зүхэж, үзэн ядаж байсан тухайгаа Б.Эрдэнэ ярилаа.

 

-Та мэргэшлээ гарамгай эзэмшсэн маш сайн эдийн засагч байсан гэнэ. Одоогийнхоор “Төрийн ордонд” л ажилладаг байсан гэх юм?

-Ахад нь мандаж явсан үе бий. Том дарга нар ч намайг гуйдаг байлаа. Залуу ч байж, омголон ч байж. Миний хийж чаддаг зүйлийг өөр хэн ч ингэж хийхгүй учраас энэ хүмүүс намайг тойглож, гуйж гувшихгүй яахав дээ гэж боддог байсан. Хамгийн том алдааг энэ мулгуу бодлоосоо эхэлсэн гээд одоо харамсаж сууна. Нэгэнт цаг хугацаа оройтсон байна.

 

-Та яагаад бор дарсанд “дурлах” болсон юм бэ?

-Ухаан муутайн л шинж. Сэтгэлийн тэнхээ байхгүй. Хүн харахад л нэг л их сүрхий эдийн засагч. Үнэн хэрэгтээ өөртөө итгэх ямар ч итгэл байхгүй. Бусдыг хайрлаж, хамгаалахаа аль хэдийнэ мартсан. Биеэ өмөөрсөн. Би, би гээд цээжээ хоосон дэлдэхээс өөр юуг ч хийж чадахаа байсан гэдгээ мэддэггүй. Ийм л арчаагүй араншин миний бүхий л сайн сайхныг авчихсан юм. Тэглээ гээд би хэнд гомдох вэ дээ. Цаг хугацаа хэнийг ч, юуг ч хүлээдэггүй юм билээ.

 

-Та “АА” гэдэг уулзалтад явдаг гэж байсан. Яаж тэнд оролцох болсон юм бэ?

-Би чинь бүр гудамжинд гарчихсан юм шүү дээ. Эхнэр, хүүхдээ хамгийн их зовоосон. Одоо хань минь алга. Тэр минь таван жилийн өмнө бурхан болчихсон. Нэг мэдсэн би ханийнхаа шарилын дэргэд ухаан орсон юм шүү дээ. Юу болов. Яаж байгаа юм бэ гээд харамсаж халаглаад барахгүй, маш ихээр шаналсан.

Хамгийн сүүлд ханьтайгаа юу гэж ярьснаа, ажил явдал нь хэзээ болж өнгөрснийг ч санахгүй. Тийм л архичин байсан. Энэ үед л “Би үнэхээр хэзээ ч засрахгүйгээр архичин болчихлоо гэж үү” гэж өөрөөс асуусан. Тэгээд архинаас гаргадаг тариа хийлгэж үзсэн. Бүр архинаас баараггүй гаргадаг гээд домын эмчилгээ ч хийлгэж байсан. Гэсэн ч надад тус болоогүй.

Хэсэг овоо байж байгаад л дахиад л сархадтайгаа нөхөрлөчихнө. Хэцүү шүү дээ. Би архинаас гарна гэж хүүхдүүддээ, ах дүү нартай зөндөө л амлаж байсан болохоор тэд намайг огтхон ч тоогоогүй. Гэхдээ би тэдэндээ гомдоогүй. Гомдох эрх ч алга. Харин одоо бол арай өөр. Би хайртай хүмүүсээ бага багаар эргүүлж авч байгаа. Гудамжинд гарсан тэр үеэс нөхөрлөсөн найз минь нэг өдөр бүр танихгүй болтол өөрчлөгдчихсөн, үнэртэй ус үнэртүүлсэн, суудлын автомашин уначихсан давхиж ирсэн юм.

Би найзтайгаа уулзаагүй хэр удсанаа ч санахгүй байгаа юм шүү дээ. Тэгтэл найз минь “АА” бүлгэмд яваад аль хэдийнэ хоёр жил өнгөрсөн байгаа юм. “Одоо л амьдрал сайхан болж байна. Миний найз чадна. Намайг дагаад яв. Хайртай хүмүүсээ баярлуулах хэрэгтэй. Чи ухаантай хүн шүү дээ” гээд энэ бүлгэмд явж эхэлсэн юм л даа.

Мэдээж хэлэнгүүт нь гүйж очоогүй ээ. Эр хүн алдаж, эрэг нурдаг юм. Ажил, амьдралгүй боллоо гээд намайг “архичин” гэж доромжлох хэрэггүй. Би “архичин” биш гээд араншин гаргасан л даа.

-Тэр найз чинь их сайн хүн байна шүү дээ. Та ч бас ухаантай байна. Энэ бүлгэм ямар учиртай юм бэ. Хүмүүс яаж элсдэг вэ?

-Тиймээ, үнэхээр сайн хүн. Дэндүү хүн чанартай сайн залуу. Энэ бол архинаас хэт хамааралтай хүмүүсийн бусдад гаргаж хэлж чадахгүй, хэлсэн байлаа ч ойлгож хүлээж авахгүй, зөвлөж туслаж чадахгүй тэр л асуудлыг “зовлон” нэгтэй хүмүүс ярьж ойлголцож, нэг нэгэндээ зөвлөж тусалж сэтгэлийн тэнхээтэй, архинаас гарах чин хүсэлтэй хүмүүсийн нэгдэл гэж хэлнэ, би. Энэ байгууллага байгуулагдаад 25 жил болсон юм билээ. Би сүүлийн таван жил тасралтгүй явж байна.

Ер нь архичин гэдэг зөвхөн Монголд байдаггүй. Бусад улс орнуудад ч байдаг. Тиймээс олон улсын “АА” байгууллага гэж байдаг юм билээ л дээ. Энэ жил манай улсад “Хайр ба нэг дэлхий” уриан дор олон улсын форум нь болж байгаа. Энд олон орны төлөөлөл оролцож асуудлуудаа ярилцах юм.

Цаг хугацаа хэзээ ч хүлээдэггүй гэдгийг хүмүүст хэлмээр байна. Миний амьдралын хамгийн хар бараан өдрүүд сархадтай найзалсан тэр үеэс л эхэлсэн юм билээ. Тиймээс бусад хүмүүс над шиг битгий бор дарсанд “дурлаж” хайран цаг хугацаа, аз жаргалтай амьдралаа алдаасай гэж хүсч байна. Сэтгэлийн тэнхээ, өөртөө итгэх итгэл, чин сэтгэл нийлж архинаас гаргадаг юм билээ.

 

Д.УУДАМ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин