Бүгд Найрамдах Камерун Улсад стандартын бус (бохирдсон) NATURCOLD сироп эм илэрч ДЭМБ-д 2023 оны гуравдугаар сарын 13-нд анх мэдээлсэн.

NATURCOLD сироп нь Парацетамол, Фенилэфрины гидрохлорид, Хлорфенирамины малеат найрлагатай ба ханиад, томуу, харшлын риниттэй холбоотой шинж тэмдгийн үед хэрэглэдэг.

Бүгд Найрамдах Камерун Улсаас NATURCOLD сироп эмийн дээжийг 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр ДЭМБ-д хүргүүлж, урьдчилан баталгаажуулах лабораторид шинжлэхэд хүлээн зөвшөөрөгдөөгүй Диэтиленгликоль, Этиленгликолийг агуулсан болохыг тогтоосон.

Тус шинжилгээгээр Диэтиленгликолийн хэмжээ 28.6% илэрсэн байна. Диэтиленгликолын зөвшөөрөгдөх хэмжээ 0.10% -иас ихгүй байдаг.

Энэхүү сэрэмжлүүлэгт дурдсан бүтээгдэхүүн нь зах зээлд гаргах зөвшөөрөлтэй байх магадлалтай. Мөн энэ сироп эмийг албан бус зах зээлээр дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй юм.

Эрсдэл:

Диэтиленгликоль ба Этиленгликоль нь хүний биед хортой бөгөөд хэрэглэснээр хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, шээс хаагдах, сэтгэцийн өөрчлөлт, толгой өвдөх, бөөр гэмтээх, цаашилбал үхэлд хүргэх аюултай.

Эмийн зохицуулалтын байгууллагууд болон олон нийтэд өгөх зөвлөмж

  • ДЭМБ-аас дээрх бүтээгдэхүүнийг зах зээлд гарах зөвшөөрөлтэй болон хууль бусаар зах зээлд дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй талаар анхааруулж, эдгээр бүтээгдэхүүнийг улс орон, бүс нутгуудын нийлүүлэлтийн сүлжээ болон хууль бус зах зээлд хяналт шалгалтыг сайжруулах;
  • Хэрвээ эдгээр стандартын бус эм тухайн улсад илэрсэн тохиолдолд үндэсний зохицуулалтын байгууллагад мэдэгдэх;
  • Бүх эмийн бүтээгдэхүүн зөвшөөрөгдсөн/тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэгчдээс нийлүүлэгдэх;
  • Хэрэв танд эдгээр эм байгаа бол тэдгээрийг хэрэглэхийг зогсоох;
  • Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авах;
  • Эмийн зохицуулалтын байгууллага энэхүү стандартын бус бүтээгдэхүүн тус улсад илэрсэн тохиолдолд ДЭМБ-д нэн даруй мэдэгдэх;
  • Шингэн тунгийн хэлбэр ялангуяа пропиленгликоль, полиэтиленгликоль, сорбитол ба/эсвэл глицерин/глицерол зэрэг туслах бодис агуулсан сироп эм үйлдвэрлэгчдийг тэдгээр туслах бодисуудаа үйлдвэрлэлд хэрэглэхийн өмнө этиленгликоль, диэтиленгликоль зэрэг бохирдуулагч бодис байгаа эсэхийг шалгахыг зөвлөж байна.

Эмнэлгийн мэргэжилтнүүд эдгээр бохирдсон эмийг хэрэглэсэнтэй холбоотой гаж тохиолдол үүссэн байж магадгүй тохиолдлыг Эмийн зохицуулалтын байгууллагад мэдээлэх ёстой. Хэрэв танд эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, нийлүүлэлтийн талаар мэдээлэл байвал [email protected] хаягаар ДЭМБ-тай холбоо барина уу.

Хүснэгт 1. ДЭМБ-н сэрэмжлүүлэг №3/2023, хуурамч бүтээгдэхүүний мэдээлэл:

зураг

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

Дээрх сэрэмжлүүлэгт дурдсан бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зах зээлд худалдаалагдаж байгаа тохиолдолд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ирүүлнэ үү.

 

Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар