Стилист Ч.Ган-Инж хорт хавдар тусаад дөрөвдүгээр шатандаа мэдсэн. Одоо Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа билээ. Тэрбээр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж гурван сарын өмнө энэ тухайгаа анх олон нийтэд мэдээлж залуусыг жилд ганц удаа урьдчилсан сэргийлэх эмчийн үзлэгт эрүүл мэндээ хамгаалан үзүүлж байхыг уриалж хүргэж байсан юм.

Тэгвэл энэ удаад тэр  "Хорт хавдар хэнийг ч ялгахгүй." Халзан өдрүүдийн тэмдэглэлээ хүргэв.

Толинд өөрийгөө ганцаараа удаан хугацааны дараа харан зогслоо. Хаана янзлуулдаг вэ гэж байнга асуудаг урт намирсан үсний минь оронд халзан толгой, сар алхсалгүй хийлгэдэг байсан дэрэвгэр сормуусны оронд шингэрч унасан цөөн хэдэн сормуус хөмсөг, урт ганган хумсны оронд сэмэрч харалсан богинохон хумснууд...химийн тариа хийлгэдэг эгэмний цаана арьсан доор минь оруулан оёсон суулгацандаа эхэндээ дасахгүй байсан ч одоо биеийн минь нэг хэсэг болжээ. Олон удаагийн хатгалтаар авдаг эдийн шинжилгээний ул мөр болсон соривнууд, оёдолын үзэмжгүй сорив тэр үеийн тэвчимгүй өвдөлтүүдийг сануулна. Чөмөг соруулж авна, яс эмтэлж авах хэрэгтэй, элэгрүү 20,30см зүүг хатгаж эд хавчиж авах хэрэгтэй гээд л эмч нарын яриа учраа олохгүй төөрсөн бодлын минь дунд орон гаран өнгөрч өвдөлтөндөө чичирч байсан дурсамжууд дахин өвдөлтөөр ирэх шиг мэдрэгдэнэ. Муу мэдээний араас муу мэдээ ирээд л эцэстээ сүүлийн шатны хорт хавдар гэх үгийг сонсоод ээж ааваасаа нуун мэтроны суудал дээр мэгшиж буруулан нэг уйлж аваад гарахдаа юу ч болоогүй мэт гацуурханы хажууд зураг авахуулан явсан дурсамж саяхан санагдана. Түүнээс хойш үсээ хусуулахдаа нэг нулимс дуслуулж, ээжийгээ түшээд хэсэгхэн уйлж, нөхрөө тэврээд мэгштэл уйлж 3 удаа тэсвэрийн хязгаараа сэтгэл минь даван урссан билээ. Шинэ жилээ тэмдэглэх гээд л ямар үдэшлэгт орох уу аль даашинзаа өмсөхүү гэж бодож баясаж явсан би 6 сарын дараа энд хүний нутагт өөрийгөө танихгүй болтлоо сульдан төөрөлдөн сууна гэж санасангүй.

Химийн тарианы дараах өдрүүд хордлого ямар үгээр юу гэж тайлбарлахаа мэдэхгүй. Хамгийн хүчтэй тунгаар олон төрлийн химийн тариаг нэг дор хавсарч хийж байгаа тул хоруу чанар нь их байдаг юм билээ. Бодох төдийд огиж харанхуй хүнд юм дараад л дараад л байх шиг мэдрэмж төрнө. Бүх бие халуу шатан, толгой задарч, давчдан амьсгал авахад бэрх болох үед яах ёстойгоо мэдэхгүй аврал эрнэ. Энэ бүх мэдрэмжийг тайлбарлаад ч ойлгохгүй, яг дэргэд байгаа хүн ч ойлгохын аргагүй учир нь чи л зөвхөн энэ бүхнийг мэдэрч, чи л ганцаараа даван туулах учир. Хичнээн хайртай хүн чинь ч өмнөөс чинь өвдөж чадахгүй тул энэ гүнзгий хар нүхнээс чи л өөрийгөө чирч гаргаж чирээд л чирээд л туйлдсан ч чирээд л явах ёстой. Бууж өгөх энд сонголт биш. Учир нь бууж өгнө гэдэг үхэл гэсэн үг.

Саяхан гялалзаж явсан намирсан үс дэрэвсэн сормуус өв тэгш цэвэрхэн урт хумс өндөр өсгийт өөгүй бариу хувцаснууд минь өөр ертөнцийн зүйл мэт санагдаж хэдхэн сарын өмнө үнэ цэнтэй байсан энэ зүйлс одоо надаас алс хол санагдана. Буцаад ирэхгүй зүйл биш гэдгийг мэдэж байгаа ч эмэгтэй л хүн хойно эхэндээ хамгийн хүнд эмзэг тусч хэсэгтээ дасахгүй хэцүү байдаг юм байна. Гэхдээ энэ л үед толинд харан зогсохдоо намайг үзэсгэлэнтэй болгодог зүйл үнэндээ юу байсныг ойлгосон юм. Миний үс, миний нүд, миний уруул ч биш миний харц болон миний нүүр дүүрэн инээмсэглэл байсан юм билээ. Хичнээн халзан будаг шунх урт сормуусгүй ч инээхдээ миний нүдэнд гэрэлтэх тэр цог унтраагүй цагт би үзэсгэлэнтэй хүчтэй хэвээр байсаар байх юм байна гэдгийг ухаарсан. Тэгээд л өөрийгөө хэзээ хэзээнээс илүү байгаагаар нь хайрлаж эхэлсэн. Ямар ч нэмэлт, ямар ч хийсвэрлэлгүй чин үнэн өөртэйгөө тулж энэ оногдсон давааг биеийн хүчээр биш гагцхүү сэтгэлийн хүчээр давах ёстойг ойлгосон. Сэтгэлээ хичнээн хүчтэй байлгах хэрэгтэй ч заримдаа сэтгэлээ тэвэрч тайвшруулах ёстойг ухаарсан. Ховорхон ганцаараа байх цаг хугацаа олдох тул хайртай хүмүүсээ зовоохгүйн тулд нэг удаа албаар ганцаараа үлдэж өөрийгөө анх удаа хоёр гараараа тас тэвэрч Яагаад би гэж? Яагаад би гэж? асуун уйлаад л байлаа. Би өдийг хүртэл бүх чадахаараа сайн байхаар хичээсэн. Би бүх хүнийг хайралсан, би сайн охин, сайн дүү, сайн эхнэр, сайн ээж, сайн найз байхыг хичээсэн. Амьдралынхаа туршид нэг ч хорт зуршилгүй амьдарч, бага ангидаа тэргүүний сурагчаас авахуулаад нийгэмд гараад хийсэн бүх ажилдаа хамаг хүчээ дайчлан төгс гүйцэтгэхийг хичээдэг байлаа. Нэг ч удаа зогсолтгүй хичээгээд л, хичээгээд л...гүйгээд л гүйгээд л...зүрх минь заримдаа амархыг хүсэвч толгой минь амарч чаддаггүй өөртөө алдах боломж олгодоггүй, бусдыг хайрласан шигээ өөрийгөө хайрлаж уучилж мэддэггүй хатуу миний шаардлагад бие сэтгэл зүрх минь цуцан бууж өгсөн мэт гэнэт л би зогь тусаад эргэн тойрноо ажихад хүрэв. Зогсохоос аргагүй болсон учир нь би хавдар туссан...энэ үед л би өөрийгөө анх удаа өрөвдөж үзлээ. Хэзээ ч өөрийгөө өмнө нь өрөвдөж бол үзэж байсангүй. Хөөрхий дөө, эвий дээ гээд өөрийгөө тэврээд анх удаа энэнээс илүү яах вэ, чи сайн байлаа, одоо хангалттай гэж хэлсэн. Тэгээд тайвшраад эргэн тойрноо чимээгүй ажиглаж эхэлсэн. Байнга намайг бүчин байгаа мэт байдаг байсан сошиал надаас тэртээ алсран дин дин хийх чимээ байхгүй тул би хааяа л нэг биеэ гайгүй байх үед надад санаа зовсон найзууддаа хариу өгөх гэж тйишээ шагайх болж. Дотор бачууран амьсгал авахад бэрх болох хордлогоо давахын тулд өдөр бүр арав заримдаа хорин мянга алхана. Ээждээ хөтлүүлээд яг л багынх шигээ элдэв хуучны дурсамжуудыг хөөрөн алхаад л алхаад л байна. Өдөр бүр тамир тэнхээ нэмэх гэж хийж өгөх удаан идээгүй ээжийн гарын хоолнууд хамгийн амттай. Зүгээр байгаа нь л өмөг түшиг болох аав минь энэ өвчнийг даваад гарнаа гэх шиг инээн өглөөг угтах нь сайхан. Зарим өдрийг цаг бүрийг нь шүдээ зуун тэсэж дуусгаад хүйтэн болж хөрсөн биеэ наагаад унтах хань минь халзан байсан ч хөөрхөн байна гэдэг чиний гоо үзэсгэлэн жинхэнэ батлагдлаа шүү гээд толгойг минь үнсэж эрхлүүлнэ. Сатаарч өвчнөө мартаж ядан байгааг минь хамгаас сайн мэдэх ах минь яаж байна яахуу гэж асуухгүй зүгээр л өмнөөс минь бүхнийг төлөвлөж дагуулаад гарна. Тэгээд л хичнээн ядарсан ч нэг мэдэхэд дагаад л инээгээд баясаад явж байна. Намайг энэ хорвоогийн хамгийн хүчирхэг superwoman гэж боддог эгч минь яаядаа гээд сууж байхад минь чи яаж ийм мундаг байдаг байна, миний дүү үгүй ээ нээрээ чи л муу хавдрыг ингэж мундаг давнадаа гээд л жоохон охин шиг хөөргөнө. Хол ойроос хийж чадах бүхнээрээ туслахыг хичээх заримдаа тусалж чадахгүй байгаадаа бухимдах хөөрхөн найзууд, сайхан ахан дүүс минь...Хичнээн их хайрлагдсан хүн гэдгээ эдгээр өдрүүдэд хамгийн ихээр мэдэрлээ. Юу энэ амьдралд үнэ цэнтэй вэ? Энэ асуултын хариултыг мэддэггүйдээ биш мартсан явдаг юм билээ. Гэр бүл, хайр, тэдэнтэйгээ зураглаж яваа дурсамжууд...энэ л миний амьдралын утга учир аз жаргал тайвшрал минь юм. Хоёр хөөрхөн шулагнасан зулзаганууд минь тэдэнтэйгээ өнгөрөөх энгийн өдрүүдийн цангинасан инээд чихэнд минь цангинаж, халзан толгойг минь сэнгэнүүлэн салхилах намуухан салхи, дотор онгойсон хэдэн өдрийн сиймхийд уух тэр кофены амт...яасан их аз жаргал вэ, ямар хувь заяагаар би ийм азтай энэ хүмүүстэй учирч ийм сайхан амьдраа вэ. Яг л энэ мөчид би хамгийн аз жаргалтай, хамгийн дүүрэн тайван, хамгийн үзэсгэлэнтэйгээр оршиж байна. Тиймээ амьдрах сайхан, зүгээр л орших сайхан. Энэ амьдралын минь үнэ цэн, өөрийн минь оршихуй ямар сайхныг өөрт минь ухааруулах гэж, үлдсэн амьдралын минь замыг илүү сайхан засах гэж магадгүй миний энэ даваагаар бусад хүмүүсийг дамжуулан сэрээх гэж надад энэ гашуун боловч үнэн сорилтыг өгөө бизээ. Хэдэн сарын өмнө бусдыг эрт илрүүлэгт уриалсан бичлэг 1,6 сая хүнд хүрч олон олон хүмүүс шинжилгээ өгч эхнээсээ цөөнгүй хүмүүс хавдартай явсанаа мэдэн аз болж эхэн үе дээр нь мэдэж арга хэмжээ авч эхэллээ баярлалаа гэсэн зурвасууд ирсээр байна. Та бүхэнд дахин нэг удаа өөртөө хайртай хүүхдүүдийнхээ өмнө харуцлагатай байж эрт илрүүлэг, бүтэн биеийн шинжилгээ заавал хийлгэхийг уриалая. Давж гараад дахин инээн уулзах өдрийн төлөө энэ бичвэрийг энд үлдээе.

2024.04.05.

Бусан хот, БНСУ.

Ч.Ган-Инж