Би бусад эмэгтэйчүүдийн адилаар л эр хүнд анхны харцаар дурлаж явлаа. Арван жилийн сурагч байхдаа тохой залган суудаг байсан юм. Тэгээд зөвхөн тэр бандиараа амьсгалж, амьдарч явсан. Миний энэ нууцхан хайр үерхэл болж хувирлаа. Анх удаагаа түүндээ үнсүүлж амралтын хэд хоногоо арайхийж өнгөрүүлээд түүнтэй хамт анх удаагаа тэдний гэрт эцэг эхээ байхгүй хойгуур хонож билээ. Энэ үед л охин биеэ үдэж, эмэгтэй хүн гэдэг нэртэй болж билээ.

Хамгийн сүүлийн шалгалтаа өгөөд хамтдаа олон сайхан өдрүүдийг өнгөрүүлсэн. Ингээд их сургуулийн босгыг алхах шалгалтаа өгөхдөө жирэмсэн болсон байв. Шалгалтаа өгөөд тэнцсэн ч сурч чадалгүй хүүхдээ гаргахаар чөлөө авсан. Харин тэр минь сургуулиа орхиж эхнэр хүүхдээ тэжээнэ гэж эрс шийдсэн юм.

Долоон жил бид амьдралаа босгох гэж зүтгэсээн. Мөнгөний төлөөх тэмцэлд бид хайраа алдсан. Түүний минь барилгын материалын наймаа нь овоо өөдөлж, мөнгөтэй болох тусмаа чиний зан хувирч, хайрладаг байсан хөвгүүн минь танигдахгүй болтлоо өөрчлөгдөх нь тэр. Өөрийг нь үргэлж эргүүлж, өврөө дэлгэн хоноход бэлэн, хонож ч байсан оюутан голдуу охидтойгоо намайг адилтган боддог учраас хичээлээс өөр юунд ч гаргадаггүй болсныг чинь би хожим мэдсэн. Танилцах үдэшлэг, шинэ жил, хонхны баяртаа би явж үзэлгүй төгссөн.

Гэвч мэргэжлээрээ ажиллах бас л хориотой. Сонгосон мэргэжлийг минь “янханы мэргэжил” гэж наймаачид түүнд ойлгуулсан. Дээд боловсрол эзэмшихээр сурсан, сонссон, төлөвшсөн минь урд хөрш рүү наймаанд явах ганзага нийлсэн нөхдийн чинь үгтэй даанч их зөрчилддөг болсон. Чиний хүслээр би гэртээ хүүхдээ хараад, хоолоо хийгээд, нөхрөө хүлээх ёстой. Нэг л өдөр би эзэмшсэн мэргэжлээрээ хүчээ сорихоор шийдсэн. Ажилд орж, хүмүүстэй харилцаж, томилолтоор олон хоногоор гэрээсээ явж үзсэн. Надад таалагдсан. Харин энэ бүхнийг эсэргүүцэх чиний араншинг би салснаар л зогсоож чадна гэдгээ алхам бүрт мэдэрдэг байсан. Байгууллагын шилдэг ажилтан, салбарын тэргүүний ажилтан болоход чи баяр хүргэхийн оронд “хэний өвөрт хэвтэж байж олж авсан бол доо” гэж зэвүүрхэж байсан.

Урд нь гэртээ сууж байхдаа хөршийн залуу өөртэй нь биш зөвхөн надтай мэндэлснээс, эсвэл согтуу ирэхэд нь босч цай хоолыг нь халааж өгөөгүйгээс болж хэд хэдэн удаа алганы амтыг чинь үзэж, дахиад цохих вий айсандаа бууж өгдөг байсан бол, ажилд орсон хойноо “Чиний чадах зүйл чинь зодох л биз дээ, тэглээ гээд намайг буулгаж чадахгүй. Би хүссэнээрээ л явна” гэж эрс шийдэмгий, огтхон ч дальдрахгүй хэлдэг болсон. Сонирхолтой нь тэр үед чи далайсан гараа буулгаж бууж өгдөг болсон.

Нэг удаа хүүтэйгээ найз охиныдоо зочлоод ирэхэд чи хэрүүл өдөж, шиншилж эхэлсэн. Гэтэл таван настай хүү маань “Ээж архи уугаагүй, тамхи ч татдаггүй, та ер нь тэр янхан гэдэг үгийг хаанаас сурсан юм” гэж аавдаа хэгжүүрхлээ. Хүүгээ юу ч ойлгодоггүй гэж боддог байсан маань эндүүрэл байж. Тэр аавынхаа бүхий л араншинг мэдэрч, үзэн яддаг байж... гэж бодохоос айдас хүрлээ. Би ийм хүний дэргэд хүүгээ хүмүүжүүлж болохгүй, огтхон ч болохгүй гэдэг бодол бидний амьдрал тогтож байсан эцсийн утсыг тасдан хаясан билээ. Ингээд л би чамаас үг дуугүй салсан.

Хүү маань одоо 18 настай. Миний аавд нь дурлаж хайрлаж байсан яг тэр насан дээр, чиний бие хаа, дүр төрхийг дахин амилуулсан гайхалтай хүү. Би түүнд эрхэлж чадаагүйгээрээ хүүдээ эрхэлдэг. Хүйтэн хөлөө гуян завсар нь хийж дулаацуулна, дуртай киногоо татуулж хамтдаа үзнэ, гарын хоолыг чинь санаад байна гэж гоншигонож байгаад хоолоо хийлгэнэ, гар өвдөөд байна гээд хувцаснуудаа угаалгана. Хүйтэнд түрүүлж гараад машин халааж өгнө, орой хэдэн цагт ч ирсэн гарч бүтээж өгнө. Ааваас нь авч байгаагүй халамж хайрыг чиний үргэлжлэл-хүү чинь надад нөхөж байгаа учраас чамайг одоо ч хайрладаг.