Уул уурхайн баялгаараа гадныхныг хуйлруулж явсан Монгол Улсын эдийн засаг өдгөө сул дорой, хүчгүй байна. Бөөн бөөнөөрөө Монголыг зорьж байгалийн баялгийг нь сонирхож байсан гадныхан цөөрч, сүүдэр нь ч харагдахаа болив.

Энэ нөхцөл байдал манай төр засгийн бодлого шийдвэртэй шууд холбоотой гэдэг дээр олон хүн санал нийлдэг. Ялангуяа Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн зарим нэг заалтыг чангаруулснаас болж гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниуд хөрөнгөө татсан гэдэг. 2011 онд Монголын гадаадын шууд хөрөнгө  оруулалт 4.7 тэрбум ам.доллар байсан бол 2014 онд 508 сая ам.доллар болтлоо бараг арав дахин буурсан байдаг. Монгол Улсын уул уурхайн салбарын хамгийн том хурал болох “Discover Mongolia” 2011 онд 1400 орчим гадны хөрөнгө оруулагч ирж байсан бол 2015 онд 400 гаруй болтлоо буурсан нь гадныхан Монголыг сонирхохгүй болсныг гэрчилнэ.

2012 оноос эрдэс баялгийн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан ч манай улстай адил нөхцөлтэй гэж хэлж болох Африкийн Мозамбик улс гадаадын шууд хөрөнгө оруулалтаа 6.6 тэрбумаас 4.9 тэрбумд барьж чадсан байдаг. Харин манайх тогтвортой байдлаа хангаж чадаагүй. Бүр дордуулсан гэж хэлэхэд болно. Энэ байдлыг манай эрх баригчдын сул бодлого, улстөрчдийн хэтэрсэн популизмтай холбоотой гэж хэлэхээс өөр аргагүй. Гэсэн атлаа гадаадын хөрөнгө оруулалт татна гэж мөрөөдөж, ичих ч үгүй тэднээс гуйлга гуйгаад явж байх. Хотондоо хоньтой хэрнээ түүнийгээ өсгөж хариулж чаддаггүй, арчаагүй сул дорой, зээлсэн мөнгөө нэг хоёрхон өдрийн дотор үрээд дуусгачихдаг, дараа нь зээлээ төлөх чадваргүй хүнд ямар ч сайхан сэтгэлтэй ид шидтэн туслахгүй шүү дээ. Яг л үүнтэй адилхан дүр зураг манай улсад бий. Хөрөнгөтэй хэрнээ өсгөж, арчилж чаддаггүй. Бэлэн амьдралд туйлсан баян айлын эрх жаал шиг. Ийм байхад гадаадын хөрөнгө оруулагчид шилээ харуулах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Энэ арчаагүй байдлаа хурдан өөрчилж, даацтай бодлого хэрэгжүүлэхгүй бол гадаадын шууд хөрөнгө оруулалт татах мөрөөдөл талаар болно. Цаашлаад 2025 он хүртэл гадаад өрийн дарамтан дор өнгөрөх төлөв ажиглагдаж байгааг эдийн засагчид хэлж байна.

Манай улс 17.8 хувийн эдийн засгийн өсөлтөө дөрөвхөн жилийн дотор 0.8 хувийн төвшинд хүргэсэн нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар прогматик, уян хатан бодлогогүй байгаатай шууд холбоотой. Иймд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зөв зохион байгуулж эдийн засгийн өсөлтийг 17 жилийн турш нэг төвшинд тогтвортой барьж чадсан Япон улсын туршлагаас судлах хэрэгтэйг судлаачид хэлдэг.

ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАЖ ЧАДСАН УЛС ОРНУУДЫН ЖИШЭЭ

1980-аад оны эхээс гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал хөгжингүй орноос хөгжиж буй орнууд руу чиглэж байжээ. Учир нь тухайн үед хөгжиж буй орнууд илүү нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэн өмч хувьчлалыг дэмжих бодлогыг баримталж байсантай холбоотой аж. Тухайлбал, Канад болон Сингапур улсууд гадаадын шууд хөрөнгө оруулалтъш үр дүнд хөл дээрээ боссон түүхтэй. 1970-аад оны эхэн үед Канадын дийлэнх хөрөнгө оруулалт АНУ-аас санхүүжигдэж байсан бөгөөд хамтарсан хяналтын тогтолцоог хэрэгжүүлж байсан байна. Сингапур ч мөн адил 1960-1990 оны хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмжиж хамтарсан үйлдвэрүүд, газрын тосны химийн төвүүд зэргийг олноор бий болгосон байдаг.

Харин манай урд хөрш БНХАУ ч мөн энэ үед хөрөнгө оруулалтаар цангаж байсан гэдэг. Тэд хөрөнгө оруулалтын хосолсон стратегийг баримталсан бөгөөд энэ нь дотоодын хадгаламж, банкны зээлээс гадна гадны шууд хөрөнгө оруулалтаас бүрдэж байжээ. Хятадууд тодорхой эдийн засгийн бүсүүдийн идэвхитэй үйл ажиллагааны талаарх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж чадсан байна. Ингээд 2005 онд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 60 тэрбум ам.долларт хүрчээ. БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд дөрвөн хувь өсч 129 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийд тэргүүлж байна. Хятад 1978 оноос гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн бөгөөд 2005 он гэхэд нийт экспорт арван тэрбумаас 570 тэрбум ам.долларт; импорт нь 11 тэрбумаас 540 тэрбум ам.доллар болтлоо өсчээ. Эдийн засгийн өсөлт, түүний тогтвортой байдлыг хангахад хөгжилтэй орнуудад нийт хэрэглээ нь, хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт нь гол нөлөө үзүүлдэг байна. Иймд дэлхийн улс орнуудын гол өрсөлдөөн нь гадаадын шууд хөрөнгө оруулалт бөгөөд түүнийг дагаж менежментийн арга барил, технологи, ноу-хоу, хуваарилалтын сувгууд өргөжин хөгжиж байдаг аж. Мэдээж энэ өрсөлдөөний зорилго нь ядуурлаа бууруулах, хот төлөвлөлтөө хөгжүүлэх, амьдралын стандартаа дээшлүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх зэрэг гол асуудлаа цэгцлэх байдаг байна.

 

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ ЮУН ДЭЭР ТОГТОХ ВЭ

Монгол Улс авлигын төвшнээр 168 улсаас 72 дугаар байр эзэлж буй нь онцгой анхаарал татаж байгаа юм. Энэ нь бас л нөгөө хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулах хөшүүрэг нь болж байгаа хэрэг. Төр засаг нь байнга солигдож, тэрийгээ дагаад авилгал, хээл хахуул нь дээд цэгтээ хүрсэн улсад яаж ч итгэх вэ дээ. Дээрээс нь Монгол Улсад далд эдийн засаг хөгжин цэцэглэж байна гэхэд болно. Ихэнх аж ахуйн нэгжүүдийн жинхэнэ эзэд хэн болох нь нууц байдаг. Үүний ард улс төрд нөлөө бүхий этгээд ямар нэгэн байдлаар холбоотой, ашиг хүртэх сонирхолтой байдаг гэж хардахад хүргэдэг. Ийм тодорхойгүй нөхцөл байдалд гадныхан манайд хөрөнгө оруулах нь бас л эргэлзээтэй. Компанийн засаглал сайн хөгжсөн улс оронд хөрөнгө оруулалт маш ихээр нэмэгдэж, тэр хэрээрээ эдийн засаг нь сэргэн манддаг жишээнүүд бий. Тиймээс эдийн засгийн эрх Чөлөөг хангах гол, гол үзүүлэлтдээ анхаарал хандуулсан бодлогоо нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судлаачид хэлж байна.

Түүнчлэн эдийн засгийн гадаад харилцааны бодлогын эорилго, чиг үүргийг хэрэгжүүлж тогтвортой өсөлтийг бий болгоход зайлшгүй чухал үүрэгтэй банкны системд анхаарал хандуулах цаг ирсэнийг ч сануулж байгаа. Мөн эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулах нэг томоохон хүчин зүйл нь бизнес дэх төрийн хэт дарамтуудын нэг хэсэг болох тусгай зөвшөөрөл, түүнийг алгох, сунгах зэрэг асуудлуудыг түргэн шуурхай, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан явуулах шаардлага байгааг эдийн засагчид хэяж байна. Хамгийн гол нь улстөрчдийн хийрхэл, амин хувиа хичээсэн өөдгүй зангаас болж улс орон хохирох ёстой гэж үү. Үүнийг л залруулах хэрэгтэй байна.

 

 

У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/