1835 он. Дэлхийн археологийн түүхнээ хүний нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн нэгэн нээлт гарав. Говьд малтлага хийж байсан Бельгийн эрдэмтэн Фридрих Мейснер эвэртэй хүний гавлын яс олжээ.
Эхлээд археологч маань хүний гавлын ясанд эврийг суулгасан байх гэж бодож л дээ. Гэтэл эвэр нь гавлаасаа ургасан байжээ. Говь гэхэд Монгол л санаанд буудаг шүү дээ. Говь гээд цагаан дээр хараар биччихсэн болохоор Монголын говь л болж таарах гээд байгаа юм. Гадны эрдэмтэд Монголын нутгийг ухаж төнхөн гайхалтай гайхалтай олдвор олсон атлаа Монголынх гэж хэлэх гэхээр хэл нь эвэлж өгдөггүй шиг байгаа юм. Үүнийг үл өгүүлэхэд мөн 1880-аад онд Английн Бредфорд гүнлэг дэх нэгэн хиргисүүрээс хүний эвэртэй гавлын яс хэд хэд гарсан байна. Хөмсөгний нь төвгөр яснаас дээш хоёр ямхын орчимд ургасан эвэрнээс өөр гажиг эдгээр хүмүүсийн араг ясанд байсангүй.
Эдгээр нь хэдий үеийн хүмүүний яс вэ? Эртний л гэсэн ганц үгээр зохиот бөөрөнхийлж орхисон байна билээ. Ямар төрлийн хүний яс вэ? homo habilis, homo erectus, Neanderthals,homo sapiens нарын алин ч биш бололтой. Эд нарын алинд нь ч эвэр байхгүй. 5-6 сая жилийн өмнө Зүүн Африкийн модон дотор бич хүн болж байхын үеийн /Australopitihecines / юм болов уу? Бас л биш бололтой. Түүнээс бүүр өмнөх юм уу? Үүнээс улбаалан дурдахад, Оросын биологийн ухааны доктор Мариковский гэгч Олон голын бэлчирт, Зүүн гарын Алатауд чулуун зэвсгийн үеийн хадны зураг судалж яваад, урт эвэртэй морь, мөн эвэртэй тэмээний зураг олсон гэнэ. Тэр үед хүнээсээ аваад амьтдаа хүртэл эвэртэй байсан юм болов уу?! Тэгээд хувьслаар эвэргүй...
Эвэрт хүн гэснээс улбаалаад эвэртэн тууртан гэсэн хачин өвөрмөц хэлц өнөөгийн монгол хэлэнд байдаг нь сэтгэлд сэрдхийв. Ихэс дээдэс нарыг баахан таагүй хэлсэн аястай. Энэ хэлц яаж үүссэн юм бол оо гэж гайхдаг байлаа л даа. Эвэртэн тууртан гэхээр эвэртэй, тууртай амьтан бодогдоод эвэртэй мөртлөө тууртай амьтан бол үхэр гэж юуны өмнө сэтгэлд буудаг. Үүнээс улбаалаад...
2011 онд Ховдод юмсан. Өдөртөө дун цагаан, үдэшдээ дэн шар, шөнөдөө азай буурал Мөнх хайрхан уулыг "сурвалжлах”-аар явж байхдаа Тэлэнгэтийн сүрлэг хавцалд Тэлэнгэтийн буган чулуу гэж нэртэй нэгэн пайлуур үзсэн юм. Түүн дээр үхэр дүрсэлсэн байлаа. Тийм ээ, сэлмэн эвэртэй том бух нүдээ томоор эргэлдүүлэн, охор сүүлээ ялихгүй сөхөсхийж, хэрэн зогссон нь сүртэй. Хөшөөн дээрээсээ хууран бууж ирээд сэлмэн эврээрээ салам мөргөх нь үү гэмээр. Энэ нутаг нь одоогийн байдлаар Монголын баруун хязгаар шүү дээ.
2015 онд Дундговьд юмсан. Дэлгэсэн, дэлгээгүй ном судар өрчихсөн юм шиг Дэл уулыг "сурвалжлах” ажлаар явж байгаад Баруун билүүний ам руу машины хамар дөнгөж шургуултал хэдэн зэл чулуутай булш харагдвал машинаа зогсоолгон, зургийг нь авахаар гүйлээ. Хамгийн баруун захын унасан нэг пайлуур дээр үхэр сийлээстэй байж байдаг байгаа. Тийм ээ, Тэлэнгэтийнх шиг орой нь жишүү пайлуурын титэмд сэлмэн эвэртэй үхрийг их биеийг нь уртаар сунган сийлсэн байлаа. Энэ нутаг нь одоогийн байдлаар Монголын төв шүү дээ. Энэ хоёр уулын хооронд шулуунаар хэдэн км зайтайг хэлж би мэдэхгүй. Үүнээс улбаалаад...
Манай баруун хилээс цааш нэлээд зайтай байгаа Чемурчек голын орчмоос олдсон хүн чулуун дээр мөгрүү эвэрт үхрийн зураг байсан. Хүнийх нь их бие дээр шүү! Гэтэл яг тийм үхрийн зураг Дэл уул, Өмнөговийн Далан уулын хадан дээр дан дангаараа байж байгааг молхи би "Эртний хоёр зургаар эзнийг нь хайсан паян" гэсэн өмнөх нэгэн өгүүлэлдээ дурдсан билээ. Энэ нь үхэр шүтлэгтэй холбоотой гэдгийг чингэхэд би хэлсэн. Өөрөөр хэлбэл онго шүтлэг буюу тотем гэдэгтэй холбоотой. Үүнээс улбаалаад...
Австрийн алдарт сэтгэл судаалч Зигмунд Фрейд бичихдээ, "Овог аймгийнхан буюу тусгаар хүмүүс өөрсдийгөө амьтны нэрээр, чухамхүү шүтдэг амьтныхаа нэрээр нэрлэх нь бий. Олон овог аймгийнхан амьтны дүрсийг сүлд болгон зурж, түүгээр зэр зэвсгээ чимж, эрчүүд бие дээрээ онго шүтээнээ дүрслэж, арьсан дээрээ дүрсийг нь шивэх нь бий” ("Тотем и табу”) гэжээ. Энэ нь Чемурчекийн хүн чулуун дээрх үхрийн зураг нутлах мэт. Мөн манайд хар сүрэгтэн (Хөвсгөл), хар үхэрт (Сүхбаатар) гэх зэрэг овогтон байдаг нь дээрх онго шүтлэгтэй холбогдож, мөнөөхөн хадны зураг болон хөшөөн дээрх сийлбэрээр нутлагдаж байгаа юм биш байгаа? Үүнээс улбаалаад...
Эврээр хэргэм зэргийг илэрхийлдзг байсан нь Дундад Азийн зоосон олдворуудаас харагдаж байна. Ямар ч л байсан IҮ-Ү зууны хүннү хаадыг нуман титэмтэй, үүнийхээ орой дээр эвэртэй, мөн далавчтайгаар дүрсэлсэн байдаг гэж Унгарын монголч эрдэмтэн Борбала Обршунский бичсэн байна. Үүнээс улбаалаад...
Дундад зууны үед буюу 13 зуунд үхрийг хадны зураг болон зоосоор үзүүлсэн бус харин цагаан цаасан дээр бичсэн домогт үгүүлсэн нь байна. Тухайлбал, манай алдарт "Монголын нууц товчоон”-д "Хорчи ирж өгүүлрүүн:.. "Ухаагчин үнээ ирж, Жамухыг орчиж явж, гэр тэргийг инү мөргөлөөд, Жамухыг мөргөж, өрөөл эврээ хугарч, солжир эвэрт болж, "Эврийг маань ац!” хэмээн Жамухын зүг мөөрөн, шороо сацан сацан байму. Мухлар ухаа үхэр их гэрлүгэг дээр өргөж, хөлж зүтгэж, Тэмүжиний хойноос их тэргүүгээр мөөрөн мөөрөн айсруун:
Тэнгэр газар эетэлдэж Тэмүжин улсын эзэн болтугай” хэмээн... гэж гардаг. Энд үхэр виваангардачийн дүрд хувилчихсан явж байна. Мөн хугарсан эвэртээ туйлын харамсаж байгаа тухайтад бас дурдагдаж байгааг хэлэхэд илүүдэх юун. Үүнээс улбаалаад...Эл бүхэн юуг харуулж байна вэ гэвэл чухамхүү миний дээр өгүүлсэн "эвэртэн тууртан” гэдэг хэлц чухамхүү эвэртэй, тууртай үхрийг шүтэж байснаас үүдэлтэйг харуулж байна.
Миний багад манай нутагт хүүхдийн даахийг үргээхдээ дагзны хоёр талд туг үс үлдээдэг, түүнийг эвэр гэж нэрлэдэг байв даа. Молхи би ч тийм эвэрт явсан нэгэн. Хүүхэддээ ийн эвэр тавьдгийн учир утга нь юун? Одоо ч энэ заншил зарим нутагт байсаар байна. Өөрөө багадаа эвэртэй явсан бэлгэдэл зүйч доктор С.Дулам над үүнийг учрыг тайлбарлахдаа хүний баатар хуйхыг хамгаалах учраас эвэр тавьж байгаа юм гэсэн. Баатар хуйх гэж хүрч болдоггүй онгон зүйл л дээ. Малын толгойн баатар хуйхыг хүртэл монгол хүн иддэггүй. Дулам эрдэмтний хэлж байгаа нь ортой ч байж мэднэ. Үүнээс улбаалаад...
Одоо нэг үлгэр хэлсү. Би үлгэрт үйлийн үргүй дуртай. Ээжийнхээ ангир уургыг шимж торнисон шигээ аавынхаа хэлдэг үлгэрийг "хөхөж” өссөн болоод тэр байх.
Эрт баларын цагт гэнэ. Нэг эмгэн байж гэнэ. Нар сар шиг ганц хөөрхөн охинтой юмсанж. Эмгэн "Охиныг минь амар сайхан жаргуулах сайн хүнтэй учруулж өгөөч гэж бурхандаа мөргөдөг байж.
Гэтэл эвэрт хар мангас гэрийнх нь араас эмгэний үгийг сонсчихжээ. Чингээд мангас "Маргааш өглөө мандахын улаан нарнаар хөх бух унасан хүн нар ургах зүгээс ирнэ. Түүнд охиноо өгвөл охин чинь жаргалын дээдийг эдэлнэ” гэж хэлж гэнэ.
Маргааш өглөө нь мань эвэрт мангас хөх бух уначихаад, эмгэнийд хүрч иржээ. Эмгэн мангасыг хараад хичнээн цочирдсон ч "бурханаас л би гуйгаад бурхан л өг гэсэн” гээд охиноо өгөөд явуулжээ... Эвэрт мангас, хөх бух...Эвэрт мангас, эвэрт бух хоёр холбогдоод байдгийн учир юусан билээ? Үүн лүгээ хавьцалдуулаад хэлэхэд, Христийн шашинд эвэр нь шимунасын гол шинж гэгдэх бөгөөд орос ардын бэлгэ зүйд чөтгөрийг эвэртэйгээр дүрсэлдэг нь үүнтэй холбоотой болов уу. Энэ нь эртний хүмүүсийн уран сэтгэмж үү? Үүнээс улбаалаад...
Бурханы шашины нэгэн домог сийрүүлье.
Нэгэн азар агуйд зуун жил бясалгал хийхээр суужээ. Ийнхүү тэрвээр ерэн есөн жил, ерэн есөн сар, ерэн есөн хоног бясалгаад бурханы хутгийг олоход ганцхан хоног дутуу байжээ. Тэгтэл гурван хулгайч айлын том шар хулгайлаад, азарын сууж байсан агуйд авчран өвчиж, махыг эвдээд дуусч байв. Тэгснээ тэд агуйд сууж байгаа азарыг харчихуутаа гэрч байлгахгүйн тулд азарын толгойг тас цавчив гэнэ. Азар нэгэнт ид шидийг олчихсон байсны тул амилж, тасдаж хаясан үхрийн толгойг толгойныхоо оронд тавиад босч иржээ.
Тамын оронд толиндоо нүгэлтнийг харан мэдэж, түүнийг цээрлүүлэхээр заларч байдаг Ямандаг бурхан ингэж төрсөн ажээ. Үүнээс үүдээд бурханы шашин үүссэн нутаг гэдэг Жагарын оронд үхэр шүтдэг нь толгойд зурсхийгээд явчихав. Тэр ч байтугай үхрийг муу хийдэггүйгээр барахгүй хэвтэж байхад нь босгодоггүй, тойрч гардаг. Яагаад гэвэл үхрийг Шива тэнгэрийн амьтан дүр нь гэж үздгээс тэр.
Хөх бух унасан эвэрт хар мангас! Үхрийн толгойг хүзүүндээ углан амилсан Ямандаг бурхан! Дээр өгүүлснээр эврийн бэлгэдэлд сүр хүч, ид шид бүгд цогцолсон байна. Агуу их хувьслаар хүн нь ч, амьтан нь ч эврээ алдаж, ганц үхэр л эвэртэйгээ үлдсэн юм болов уу даа. Монголчууд хүүхэддээ эвэр тавихдаа түүнийг эр чадалтай, эрх мэдэлтэй байхын бэлгэдэл болгохын ялдар эвэрт дээдсээ арай санагалздаг... Тийм ээ, манай өвөг дээдэс эвэрт хүнийг мэддэг байсан юм биш үү? Гагц манайх ч биш!..