Загвар өмсөгч, жүжигчин Д.Пүрэвсүрэн эгчийг сэтгүүлийнхээ “Би багадаа” буланд урилаа.Тэрбээр саяхан “Ларьдма” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн юм. Ингээд Д.Пүрэвсүрэн эгчийн бага насаар хамтдаа аялцгаая.

- Та урын сандаа хэчнээн уран бүтээлтэй болоод байгаа вэ?
- Би уран сайхны долоон кинонд, 30 гаруй клипэнд тоглосон. 1998 онд наймдугаар ангийн сурагч байхдаа “Арван жилийн дурсамж” гээд дууны клипэнд анх удаа тоглож байлаа. Мөн долоон жүжигт тоглосон.

-Багадаа ямар хүүхэд байв? Аль арван жилийг төгссөн бэ?
-1991-2001 онд нийслэлийн 24-р сургуульд сурч төгссөн. 4-7-р ангидаа Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хичээллэж, 8-р ангиасаа “Ганга гоёл” компанийн загварын дамжааг дүүргэсэн. Хичээлдээ сайн байсан. Ер нь 1-р ангиасаа л урлагийн үзлэгт бүжиглэдэг охин байлаа.

-Хичээл, дугуйлан гээд завгүй сурагч байжээ?
-Багаасаа л завгүй охин байсан. Манай ээж намайг завгүй байх одонд төрсөн гэдэг байсан. Завгүй байна гэдэг дотоод зохион байгуулалт сайтай, цагаа зөв зохицуулж, ажлаа сайн төлөвлөж чаддаг юм шиг санагддаг.

- Гэрийн даалгавраа хэзээ голчлон давтдаг байв?
-Дунд ангид ороод ирэхээр хичээл өглөө ордог. 12 гэж хичээл тараад 3-5.30 хүртэл дугуйлантай. Орой гэртээ хариад хоолоо хийчихээд хичээлээ хийнэ.

-Манай сэтгүүлийн уншигч хүүхдүүдтэй багынхаа нандин дурсамжаас хуваалцвал?
-Мэдээж сайхан зүйлс олон тохиолдож байсан. Одоо тулгамдаад сайн санахгүй байна. Багадаа сургууль дээрээ өнжих дуртай байлаа. Бас реп болон цэнгээнт бүжиг бүжиглэдэг байлаа.

-Хэдийнээс загвар өмсөж эхэлсэн бэ? Анх загварт хөтөлсөн багш тань ямар хүн байдаг вэ?
-Арван жилийн охидын дунд зохиогддог “Монголжингоо” тэмцээнд наймдугаар ангид байхдаа оролцоод түрүүлсэн юм. Тэгээд “Ганга гоёл” компанийн Дунгаамаа эгч намайг загварын дамжаанд явах эрхийн бичгээр шагнасан. Топ модель Байгал багш намайг бүртгэж авсан. Би Байгалаа багшийн шавь.

-Багадаа ямар хочтой байв?
-Бульчик гэж хочилдог байсан /инээв/. Янз бүрийн утга санаа байхгүй, зүгээр л нэрийн маань эхний үсэгтэй хоршуулсан маягтай гэх үү дээ. Хэтэрхий өндөр байгаагүй болохоор янз бүрийн хочгүй туранхай охин байсан.

-Цэцэрлэг, арван жилээсээ өнөөг хүртэл найзалсан багын найз бий юу?
-Нэгдүгээр ангиасаа сургуулийн лидер гэсэн тав зургаан охидтой нийлдэг байлаа. Тэд маань одоо бүгдээрээ үр хүүхэдтэй, ажил төрөлтэй сайхан амьдарч байгаа. Бүгдтэй нь найзын холбоотой хэвээрээ байгаа.

- Топ моделийн хувьд анхны амжилтынхаа тухай яривал?
-Миний хувьд загварын ажил маань фотомодель тал руугаа түлхүү хөгжсөн. Наймдугаар ангиасаа анх загвар өмсч, 10-р ангидаа буюу 2001 онд “Хаврын гоёл” тэмцээнд фото моделиор шалгарч байсан. Дараа нь 2005 оны “Гоёл” наадмаас шилдэг фото модель, 2006 онд дээрх наадмаас топ модель өргөмжлөл хүртсэн.

-Одоо загвар өмсч байгаа юу?
-Хамгийн сүүлд 11-р сард “Торго” шоунд оролцсон.

-Топ моделийн түвшинд хүртэл загварын ертөнцөд амжилт гаргана гэдэг бахархмаар хэрэг. Өсгийтэй гутал өмсөөд тайзан дээр алхаж байгаа нь их амархан юм шиг харагддаг ч их тэвчээр шаарддаг гэж сонссон. Загвар өмсөгч байхын хэцүү нь юу вэ?
-Хэцүү байлгүй яахав. Хэцүүгүй ажил гэж байхгүй. Одоо гэртээ амраад хүүхдээ харж байхад зураг авалт гээд бодохоор аймаар санагддаг. Бид их эрт очиж, яг модель шиг ямар ч хөдөлгөөнгүй сууж үсээ янзлуулна, нүүрээ будуулна, гэрлийн өмнө маш удаан зогсоно. Зураг авахуулахын тулд гэдэс томбойчихно гээд хоолоо сойно. Гэдсээ татаж зургаа авахуулахаас эхлээд их хэцүү шалгууруудын дараа зурагчинтайгаа хамтарч ажилласны үндсэн дээр их гоё дарсан зураг гардаг. Тийм болохоор мэргэжил бүхэн сайхан хэрнээ бас хэцүү зүйлс ч байдаг. Модель гэхээр зүгээр л нэг туранхай хэдэн охид хүүхнүүд дурандаа гунхаад байна гэж боддог. Үүний цаана нөр их хөдөлмөр байдаг.

-Шантарч байсан үе бий юу?
-Тэгж бодож байгаагүй.

- Охидынхоо талаар ярьж өгөөч?
-Манай том охин ном унших их дуртай. Одоо дөрөвдүгээр ангиа төгсөнө. Тусад орчихсон охинтой байх үнэхээр сайхан. Намайг хоол хийж байх үед дүүгээ саатуулна, дүүдээ их хайртай.

-Сүүлийн үед жүжигчний мэргэжил рүүгээ түлхүү анхаарч байх шиг?
-Надад өдөр болгон загварын шоунд оролцоод байх цаг зав байхгүй. Нэгдүгээрт ар гэртээ зарцуулах цаг хугацаа хэрэгтэй болно. Хоёрт миний үндсэн мэргэжил бол жүжигчин. Би СУИС-ийн мюзиклийн ангийн анхны төгсөгч. Мэдээж цаг зав гарвал загварынхаа шоунд оролцоно.

- Анхны үерхлийнхээ талаар бидэнд ярьж өгөөч. Хэр их захиа авдаг охин байв?
-Би хайрын захиа ердөө авч үзээгүй. Охидтой ярихдаа хөвгүүд надаас айдаг байх гэж их тоглодог байсан. Туранхай, том нүдтэй хүн чинь их хурц харагддаг байсан байх. Үерхэж үзээгүй байж байгаад шууд амьдрал зохиосон.

-“Би багадаа” булангийн зочноосоо уншигч хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байгааг нь асуумаар байна?
-Дугуйланд явах юм уу мэргэжлээ сонгохдоо, чи юу хүсч мөрөөдөж байна, чадаж байна, эсвэл чадна гэж бодож байгаа өөрийн сонирхолтой зүйлдээ хөтлөгдөж зүрх сэтгэлээ дагаж өөрийгөө хөгжүүлээрэй. Ээж аав маань намайг санхүү эдийн засгийн чиглэлээр суралцуулах хүсэлтэй байсан. Конкурс эхэлчихсэн байхад хүртэл Санхүү эдийн засгийн дээдэд шалгалт өг гэж байсан. Харин сэтгэл зүрх маань СУИС руу байсан учраас түүндээ хөтлөгдөж шалгалт өгөөд жүжигчин мэргэжлээр сурч төгссөн. Гэхдээ манай аав ээж хоёр тэгтлээ их намайг хориогүй харин ч дэмжсэн. Энэ сонголтондоо ч харамсдаггүй. Хүн дуртай юмаа хийж амьдарна гэдэг сайхан. Тийм болохоор хүүхдүүд маань аль чиглэл салбарт илүү сонирхолтой байна зүрх сэтгэлээ дагаж түүндээ хөтлөгдөөрэй гэж хэлье.

Ярилцсан Г.Оюун

Эх сурвалж: "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүл