Нийслэлчүүд даваагаас баасан гариг хүртэл толгой өндийх завгүй ажилладаг. Тиймээс үр хүүхдэдээ тэр бүр анхаарал хандуулаад байж чаддаггүй.

Харин амралтын хоёр өдөр хүүхдээ салхилуулж, тоглуулах санаа байдаг ч очих газар олддоггүй. Талбай, усан оргилуур, үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд дуусчихна. Хотын хүүхэд бүр л паркт тоглохыг хүсдэг. Гэвч тоглохыг хүссэн үедээ хүүхдээ тоглуулж чадахгүй тохиолдол их. Тиймээс гэр хорооллын айлууд хүүхдээ ихэвчлэн орон сууцны дундах тоглоомын талбайд тоглуулдаг. Энэ нь хэд хэдэн давуу талтай гэх үү дээ. Нэгдүгээрт, үнэгүй, хоёрдугаарт өөрийн дураар хэдэн ч тоглоомонд тоглох боломжтой. Гэтэл Монголдоо ганц Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийг сүүлийн жилүүдэд шинэчилж байгаа ч тоглох хүүхдийн тоо цөөрсөөр. Хэдхэн жилийн өмнө парк тоглоомоо шинэчилснээр түүнийг зорих хүүхдийн цуваа багассан. Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжлагыг Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар паркаас бэлтгэсэн юм. Биднийг очиход амралтын өдөр биш болоод ч тэр үү хөл хөдөлгөөн бага байлаа. Паркийн үүдээр дөнгөж ороход 1000 төгрөг авна. Бид ч ялгаагүй энэ мөнгийг төлсөн. Өнгө өнгийн хувцсаар гоёсон бяцхан жаалууд, ээж аавынхаа гараас хөтлөн “Ээж ээ, энэ тоглоом гоё юм аа. Энд тоглоё, тэнд тоглоё” хэмээн бие биенээсээ өрсөн гүйлдэнэ. Галзуу хулгана дээр хэсэг хүүхэд суун хамаг чангаараа орилж байлаа. Нэлээд зугаатай байгаа харагдлаа. Энэ үеэр харин паркийн гадна хашааны цаанаас нэгэн хүүхэд гунигтайхан харж зогсох дүр зураг нүдэнд туслаа. Бусад хүүхдийн л адил тоглож, наадахыг хүссэн гунигтайхан харц тоглоом бүрийг шимтэн харж байв. Үүнийг харахад борчуудын хүүхдэд паркийн босго өндөр бололтой. Учир нь нэг багц тоглоом доод тал нь 10000 төгрөг. Харин нэг тоглоом нь 4000-6000 төгрөг байдаг. Энэ үнэ зарим айлын хүүхдүүдэд хямдхан санагддаг гэнэ. Биднийг очиход галзуу хулгана дээр тоглож байсан хүүхдүүд цаг нь дуусч бууж ирсэн юм. Тэдгээрийн заримаас сэтгэгдлийг сонслоо. Л.Мөнхчулуун 12 настай. Долоо хоногт 3-4 удаа хүүхдийн паркт тоглодог гэнэ. Тэрбээр “Хүүхдийн паркт тоглох сайхан байна. Үнийн хувьд зүгээр юм шиг санагддаг. Би 25000 төгрөгийн багц авч тоглож байна” хэмээн ярилаа. Харин хашааны цаана бүртэлзэн зогсох өнөөх хүүд хаалгаар орж ирэх 1000 төгрөг ч байхгүй. Тиймээс л тэнд тоглож байгаа хүүхдүүдийг харж зогсоо биз. Бидэнд паркт тоглож байгаа хүүхдүүдээс илүү тэнд зогсч буй бяцхан жаал сонирхолтой санагдсан юм. Тиймээс хүүгийн зүг очиж түүнтэй хэсэг хором ярилцлаа. Түүнийг Х.Санчир гэдэг. Тэрбээр “Хичээлээ тараад автобусанд сууж ирээд паркт тоглож байгаа хүүхдүүдийг хардаг юм. Надад дотогшоо орж тоглох мөнгө байхгүй. Ээж, аав мөнгө байхгүй гээд энд тоглуулдаггүй юм. Тогломоор байгаа бол байрнуудын дундах талбай дээр оч гэдэг. Би алсыг харагч дээр ганцхан удаа сууж үзмээр байна” гээд дуугаа хураалаа. Энэ хүүгийн туйлын хүсэл, мөрөөдөл нь паркт тоглох аж. Паркийн үнэ ихтэй, өндөр босгоор давж орох эрх зарим хүүхдийн хувьд хаалттай байгаагийн нэг жишээ энэ юм. Ингээд бид бага насны хүүхдээ тоглуулж байгаа хэд, хэдэн эцэг, эхээс паркийн үнэ ханш, үйлчилгээ болон тохижилтын талаар ямар бодолтойг сонссон юм. Эхний уулзсан хүн бол Ё.Мөнх-Эрдэнэ. Тэрбээр “Хүүхдүүдээ паркт анх удаа тоглуулж байна. Үнэ өртгийн хувьд арай үнэтэй санагдаж байна. Би 70000 төгрөгтэй ирээд дөрвөн хүүхдээ тоглуулж хүрэхгүй байна. Харин паркийн орчны хувьд үнэхээр сайхан тохижилттой. Тоглоомын үнэ нь одоо байгаагаас арай бага байвал олон хүүхэд тоглох боломжтой санагдлаа” гэв. Харин бусад эцэг, эх багцаар нь биш, нэг тоглоомоор тоглоход арай үнэтэй байна. Харин хэд хэдэн тоглоомтой багц худалдаж авбал харьцангуй боломжтой санагддаг гэж байлаа. Харин эцэг, эхээ дагаж ирсэн бага насны хүүхдүүд бүх л тоглоом дээр тоглохыг хүсдэг байна. Учир нь хүүхдүүд эцэг, эхийн толгойны өвчин болох мөнгөний асуудлыг тэр бүр ойлгодоггүй. Харин насанд хүрсэн хүүхдүүд мөнгөндөө тааруулаад тоглодог аж.


Бид “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаагаас паркийн тоглоомын үнэ, аюулгүй байдлыг хэрхэн хангасан талаар тодрууллаа.
 
М.Нүрмаа: Үйлчилгээний үнийг хямдруулах боломжгүй 

-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үйлчилгээний үнэ хэтэрхий өндөр хэмээн иргэд ярьж байна. Арай хямдруулах боломж байдаггүй юм уу?

-Шинэ паркийн төслийг дөрвөн жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед одооны энэ ханшаар үйлчилж байсан. Түүнээс хойш бид үнэд нэг ч удаа өөрчлөлт оруулаагүй. Харин манайхтай ижил, төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагын үйлчилгээний үнэ хэд дахин өндөр шүү дээ. Тухайлбал, кино театрын тасалбар гэхэд л дөрвөн жилийн өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл манай үйлчилгээний үнийг иргэд хэтэрхий өндөр гээд байх юм. Хэрэв тоглоомуудын үнийг одоо байгаагаас нь хямдруулбал манай байгууллага алдагдалд орж эхэлнэ. Одоогийн олж буй орлого маань ч 400 гаруй ажилтнаа цалинжуулахад арай гэж хүрэлцдэг. Тэгэхээр хямдруулах ямар ч боломжгүй.

 -Танай тоглоомоор үйлчлүүлэх үнэ хэдээс хэдэн төгрөгийн хооронд байгаа вэ?

 -Тоглоом нэг бүрийн тасалбарын үнэ 4-6 мянган төгрөгийн хооронд байдаг. Харин тоглоомын багц үйлчилгээнд хэдэн тоглоом багтсанаасаа хамаараад үнэ нь янз бүр. Тухайлбал гурван тоглоомтой нь 10, тавтай нь 15, до- лоон тоглоомтой нь 20, 10 тоглоомтой нь 25 мянган төгрөгийн үнэтэй. Үүнийг бодоод үзэхээр багцыг сонгосон хүүхэд нэг тоглоомон дээр дунджаар 2500 төгрөгөөр тоглож байна гэсэн үг. 

-Өмнө нь “Парк руу орох тасалбарын үнэ гэж мянган төгрөг хураадгийг болиулна” гэж ШӨХТГ-аас мэдээлж байсан. Энэ асуудал хэрхэн шийдсэн бэ? 

-Энэ асуудлаар өнгөрсөн онд ШӨХТГ-аас шалгалт хийгээд “Тасалбар худалдах шаардлагатай юм байна” гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээд орж буй хүн бүрт 1000 төгрөгийн тасалбар өгч байхаар тогтоосон. Харин багц тоглоомын тасалбар авсан иргэн орохдоо энэ мөнгийг төлөхгүй.

 -Тоглоомуудын аюулгүй байдлыг хэр хангасан байдаг вэ? 

-Тоглоомын аюулгүй байдал бол манай байгууллагын үйл ажиллагааны гол шалгуур болдог. Инженер, техникийн ажилтнууд өглөө болгон бүх тоглоомоо шалган дүн шинжилгээ хийж, ямар нэгэн солих шаардлагатай зүйл гарвал тэр дор нь захиалаад сольж, засварладаг. Ер нь аюулгүй байдлын талд маш сайн анхаарал хан дуулдаг. Үүнд эргэлзэх асуудалгүй. 

-Ер нь паркийн хэдэн хувь нь нийслэлийн өмчид бүртгэлтэй байдаг юм бэ? 

-Нийслэл, хувийн компани хоёрын хамтарсан өмч. Тодруулбал, одоогийн байдлаар 74 хувь нь хувийн аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа. Харин үлдсэн хувь нь нийслэлийн өмч. Эдийн засгийн хямралтай өнөө цагт парк орох гэсэн хүүхдийн хүсэл мөрөөдлийг мөнгөөр хязгаарлаж, хүүхдээ тоглуулах гэсэн эцэг, эхийн бодол, авдаг цалингаар хэмжигдэж байна. Хүүхдүүд тэр дундаа гэр хорооллын хүүхдүүдэд тоглох тоглоомын талбай гэж огт байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл орон сууцны дундах тоглоомын талбай бага багаар цөөрсөөр. Учир нь аль болох зай талбай ашиглаж, заримдаа хүүхдийн тоглоомын талбайг нураан байшин барилга барьж байгаа нь ийм байдалд хүргэж байгаа аж. Сурвалжлагын эхэнд гарсан Х.Санчир шиг хүүхэд олон байгаа нь мэдээж. Энэ олон хүүхдийн хүслийг үнэ ихтэй паркаар битгий хязгаарлаасай билээ.