УИХ НДШ-ийн дампуу бодлогыг цэгцэлж чадах уу?
5 цагийн өмнө
Эргэн тойрноо харахаар нэг л тийм гунигтай байгаа биз. Уг нь бүгд л торго тосонд умбасан, жаргаж зугаалсан, тэр бүх өдрүүд зуны сайхантай хослон уран зураг шиг харагдаж байна уу. Тэгэхдээ л цээжнийхээ цаана хөндүүртэй. Яана даа, гэсэн зузаан зовиуртай байгаа биз. Тийм ээ, гунигтай байна.
Зунжингаа найр наадмаа хязгаарлая, төсөвт тавих хяналтаа сайжруулъя, төсвийн сахилга бат зөрчсөн сайдуудтай хариуцлага тооцъё гэж бичиж байна. Одоо л хүмүүс найр наадмаас зарим нь буцаж, нээрээ намар юусан билээ гэж эргэцүүлж эхэлж байх шиг байна.
Тэгэхээр төсвийн араас хэчнээн мөшгөөд эрх баригчид нэг нэгэндээ хариуцлага тооцохгүй бололтой. Харин ч төрийн албанд зүтгэж байгаа, улс орондоо сурсан мэдсэн бүхнээ зориулна гэсэн дэврүүн мөрөөдөл тээж яваа залуучуудаа хэдэн зуугаар нь гудамжинд гаргахаар улайрч байна. Хэдэн луухагар захирлын цалин пүнлүүг бууруулж жүжнэ. Өөрсдийнхөө байгуулсан хэдэн тоглоомын газрыг татан буулгана. Жүжгийн шинэ тавилт өөр байхгүй. Төрийн албаны шинэчлэл нэрийн дор хийж ирсэн өөрчлөлтүүд нь хэзээ ч дарга ангид нөлөөлж байгаагүй. Дан төрийн буулгыг үүрч явдаг эгэл жирийн төрийн албан хаагчид халаа сэлгээнд өртөн хохирч үлддэг, алба нь өөрөө улам давжаарч хоцордог учраас би бичих бүртээ энэ талаар дугарч байгаа юм. Үнэндээ төрийн албаар Төр нь өөрөө л тоглодог. Ингээд энэ сэдвийг орхиё.
* * *
Үнэхээр иргэд амьдралыг нь өдрөөс өдөрт өрийн дарамтад хийж байгаа өнөөгийн энэ байр байдлаасаа залхжээ. Тийм ч болохоор түр зуурын баяр цэнгэлд ингэтэл хошуурдаг биз. Угаасаа ийм манарсан ард түмэн л өглөө оройгүй ууж идэн, итгэл найдвар тасран гансралд автдаг байх. Хөдөөгүүр явахад хадлан, ургацаа ч ярих нь цөөн таарч байна.
Айраг байна уугаарай
Агсал байна эмээллээрэй… гээд л гол усаараа хөвсөлзөж сууна. Харахаар миний эх орон жаргалын орон ч юм шиг… Ёстой зуны сар зургаа биш дээ гэж л тайвширдаг байх. Тийм жаргалтай харагдах айлуудаас заавал нэг нь Солонгос улсад хар ажил хийхээр явсан байх юм. Зарим азтай гэгдэх эзэгтэйн нөхөр говь руу том тэрэг барихаар явсан, ирэхээрээ баахан архидаж байгаад явдаг хэмнэлд орчихсон байх юм. Хүргэн нь салаад явсан гэх хөөрхөн божгор ач зээ нэг хоёртой сууж байх юм. Сургуульд сурахаар явсан охин нь төлбөрөөс болоод CU -д ажилладаг болчихсон гэх юм. Хаана байгаа юм, тэр аз жаргал нь. Гашуун уншигдах байх. Гэхдээ үнэнээ хаашаа хийх билээ. Энэ бүхнийг бодохоор эрүүл байх ч арга алга юм шиг…
* * *
Тэгэхээр ингэж хий эргэж, хоорондоо цахимаар хэрэлдэж,УИХ-ын гишүүн, улсын төсөв хоёрын араас мөшгин цагаа үрж байхаар нийгмийн даатгалын шимтгэлээ (НДШ) яаж бууруулах вэ гэдэг сэдвээр ярилцъя. Учир нь залхлаа гээд бид эх орноо солиод нүүчихгүйгээс хойш юу шаардах, ямар асуудлын араас анхаарал хандуулах зэргээ төлөвлөе.
Шууд хэлэхэд НДШ ийм өндөр байгаа үед цалин нэмэгдэхгүй. Аж ахуйн нэгжүүд цалингаа нэмээд ч ажилтанд очих мөнгө нэмэгдэхгүй. Үүнийг шийдэх хэрэгтэй. Төсөв нь явдаг замаараа, нөгөө л гишүүдийн тойргоо услах бодлогоор багийн соёлын төв, баригдаж дуусдаггүй зам гээд л дуусна. НДШ дээр дорвитой өөрчлөлт хийж байж л ард түмний нуруу хэсэгтээ амсхийх юм шиг байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн хувь хэмжээг бууруулах саналыг дэмжиж 100 мянган иргэн саналаа өгчээ. Ингэснээр УИХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болоод боломж нээгдээд байна. Энэ ямар учиртай юм гэхээр УИХ-ын тухай хуульд D-өргөдөл системд байршуулсан өргөдөл санал 33 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан байдаг.
Өнгөрсөн хаврын гуравдугаар сард иргэн Б.Батбилэг нийтийн өргөдөл гомдлын системд НДШ-ийн хувь хэмжээг 12 хувь хүртэл бууруулах саналыг анх гаргасан юм. Энэ санаачилга иргэдээр дэмжигдсээр ийн 100 мянгад хүрээд байгаа юм. Санал авах хугацаа дуусгавар болохын өмнө амжиж 100.048 иргэн НДШ-ийн хувь хэмжээг бууруулахыг дэмжиж, саналаа өгсөн. Одоо УИХ бултах булзах ямар ч гарц байхгүй.
Манайд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний НДШ-д ажил олгогчоос 12.5-14.5 хувийг хариуцан төлдөг бол даатгуулагч иргэн 11.5 хувийн НДШ төлдөг зохицуулалттай. НДШ-ийн хувь хэмжээ ийм өндөр байгаагаас үүдээд компаниуд өөрсдөө ч дарамтад орох болсон. Мөн даатгуулагч иргэд бид өчнөөн жилээр НДШ төллөө ч тэтгэвэрт гарсан хойноо түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй үхэцгээж байна. Гэвч үе үеийн эрх баригчид энэ сэдвийг барьж авахаас үргэлж цааргалан зугтсаар ирсэн. Тэд санал авахаа тооцсон, иргэдээ ялгаварласан хачирхалтай шийдвэрүүдийг бол тун түргэн, ард олны анхаарлыг сарниулж байгаад гаргадаг. Тэрний нэг нь өмнөх парламентын үед гарсан малчдын НДШ-ийг төрөөс 50 хувийг нь хариуцдаг болсон явдал юм. Одоо малчдын НДШ-ын 50 хувийг төрөөс хариуцан төлж байгаа. Үнэн хэрэгтээ төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж бий. Эл алдарт үгийг энэ улсын хана болгон дээр сийлж байж л хаа хаанаа ойлгох юм болов уу.
Энэ жилээс малчдын хүүхдүүдээс ХАА-н чиглэлийн Их дээд сургуульд үнэгүй сургах болсон. Замчны хүүхэд, лангуу түрээслэгч өрх толгойлсон эхийн хүүхэд бол ХААИС-д төлбөрөө төлж сурна. “Мал маллах хэцүү. Гэхдээ барилга дээр нуруугаа махийтал тоосго үүрэх амархан биш. Өдөр шөнөгүй ээлжинд гарч, өвчтэй хүний цэвэр бохир цэвэрлэхийг хялбар ажил гэхгүй. Гэтэл яагаад 1 саяын цалинтай сувилагч НДШ, НӨАТ, сургалтын төлбөр бүрэн төлж байхад 1000 малтай, гаднаа хэд гурван машинтай малчин татварын тал хувиа биднээр даалгах ёстой гэж”… хэмээн арга тасран хэлж байгаа хуульч О.Батхүүтэй би ч адилхан бодолтой байгаа. Үнэн хэрэгтээ малчид маань бидэнд бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулдаг. Ноолуур, мах, цагаан идээгээ зарж борлуулсан ашгаа чимээ аниргүй өөрсөддөө л шингээдэг нь үнэн.
Нөгөө талаас нүүдлийн мал аж ахуйгаа авч үлдэх ёстой. Үүний төлөө хөрсөнд нь шингэх сайн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ эрх баригчид нь малчдын сонгуульд өгөх санал дээр нь тоглодог, зөвхөн тэр нүдээр харсан явуургүй бодлого илгээн уяаныхаа үзүүрт барьж байдгийг болиулах нь эхлээд бидэнд чухал байна. Хэдий болтол нэг нэгээрээ тоглох юм бэ. Малчид сүүлдээ нэр дэвшигчидтэй эрээ цээргүй наймаалцдаг хамгийн увайгүй тоглогчид болж хувирсан шүү дээ. Төр нь ингэж иргэдээ бохир тоглогчид болгож байдаг улс орон өөр хаана ч байхгүй биз.
* * *
Иргэд НДШ-ийн талаар юу хэлж байгааг иш татъя. Тэдний байр суурь бол хамгийн ил баримт шүү дээ.
Хэрэв 2 сая төгрөгний цалин авдаг бол Цалингаас НДШ -11.5 хувь буюу 230 мянган төгрөг хасагдаж 1.770.000 төгрөг үлдэнэ. НДШ хасагдсан дүнгээс буюу 1.770.000-с ХХОАТ-т 10 хувийг буюу 177 мянган төгрөг суутгагдана. Ингээд гар дээр 1,593,000 төгрөг ирдэг. Дээрээс нь энэ цалинг өгч байгаа байгууллага бас НДШ -12.5 хувь буюу 250 мянган төгрөг төлж байгаа. Ингээд 407.000 төгрөгийг хувь хүнээс 250.000 төгрөгийг байгууллагаас гээд нийт 657.000 төгрөгийг улс суутгаж авдаг. Үлдсэн 1,593,000 төгрөгөөрөө худалдан авалт хийх бүрт НӨАТ гэж 10 хувь аваад, улирлын эцсээр хэрүүл уруултайгаар 2 хувийг нь буцааж өгөөд, 8 хувийг нь улс мөн аваад үлдэнэ. Тэгэхээр 1,593,000-с 8 хувь болох 127,440 төгрөгийг улс авч байгаан байна. Гэтэл тэр мөнгө эргээд бидэнд яаж зарцуулагдаж байна вэ. Эрүүл мэнд, боловсрол гэх мэт төрийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун амьдарч чадаж байгаа билүү?!
Иргэн Ж.Энхжаргалангийн байр суурийг одоо сонирхуулъя:
Хамгийн том BET бол НДШ, НӨАТ хоёр гэж бодож байна. НДШ гэдэг төрийн платформ дээр хүмүүс насаараа BET тавьж явна. Ямар ч үйлчилгээ авч чаддаггүй, баталгаагүй зүйлд сар бүр үхтлээ ажиллаж олсон, амьдралдаа хүрдэггүй жаахан цалингаасаа бүгд мөнгөө татуулдаг. Энийгээ бас хориод хаачихвал хүчээр мөрий тавихгүй амар байна. Уурын зууханд амьдарч байж хэд насална ч гэж НДШ төлөх юм. НДШ сайн дураар төлдөг болгох эсвэл 50 хувь бууруулах хэрэгтэй…
Эдийн засагч Б.Өлзийбаяр хэлэхдээ:
Энэ оны дөрөвдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж 792,000₮ болгосон. За, тэгсэн энэ нь надад яаж нөлөөлсөн бэ гэвэл миний НДШ нэмэгдээд гар дээр ирдэг мөнгө маань 200,000 гаруй төгрөгөөр багассан. Энэ шударга гэж үү. Ийм байхад хувийн хэвшил яаж цалингаа нэмэх юм бэ. Нэмэхээр л НДШ нэмэгдээд ямар ч үр дүнгүй. Ядаж байхад нийгмийн даатгалын тогтолцоо нь дампуу.
Эдийн засагч Б.Өлзийбаяр НДШ-ийн бодлогод “дампуу” гэсэн дүн тавьсантай бид маш олуулаа санал нэгдэж байна. Тэгэхээр одоо УИХ-ыг шахаж үтэр түргэн энэ асуудлыг хэлэлцүүлэх л чухал. Харин энэ парламент чадах уу?
Эрх баригчдын эрх мэдлийн захиалгаар тойргийн гишүүдээр дамжуулан гэтэж яваа 15 тэрбум төгрөг мэтийн бохир тоглоомыг таслан зогсоож, иргэдийнхээ нуруун дээрээс НДШ-ийн дарамтыг хөнгөлж чадах юм бол анхны 126 -д алга ташъя. НДШ- ииг одоо л өөрчлөхгүй бол үнэндээ тартагтаа туллаа. Ажил олгогч цалин өгнө, түрээс төлнө, үйл ажиллагааны зардлаа чирнэ. Жижиг аж ахуйн нэгжүүд сөхөрч байна шүү дээ.
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 5 цагийн өмнө
SEXSDI ALNI SEKSDI ANUSDI BOOW XXI XUCHINDI80955877