Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс хувьсан өөрчлөгдөж байна. Хөдөө орон нутагт л гэхэд хөлдөөгч, угаалгын машинаа ашиглаж, хүссэн үедээ  гэрээ утсаар ярьж, цахим орчинд холбогдох боломжтой болсон гээд л  техник, технологи, харилцаа холбооны хөгжил олон салбарын хүрээнд хурдацтай хөгжиж буй.

Тэгвэл Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжөөд 104 жилийн түүхэн цаг хугацаатай золгожээ. Нэгэн зууны  цаг хугацааны хүрдэнд алдаа, оноо олон зүйлийг давж дахин шинэ зууныг бид эхлүүлж байна.

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний  104  жилийн ойн арга хэмжээний хурал наймдугаар сарын 15-ны өдөр болж, өндөрлөлөө. Тус хуралд энэ салбарын бүхий л цаг үеийн түүхийг бичилцэж яваа  эрхэм хүмүүс хүрэлцэн ирсэн байв.

Тус хурлыг нээж Цахим хөгжил, инновац,  харилцаа холбооны сайд  Э.Батшугар “Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууддаа хүргэе.

Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улсын байгууллагууд өндрөөр үнэлж байна. Тухайлбал,  Энэ онд Узбекистан Улсад зохион байгуулагдсан олон улсын “Төрийн үйлчилгээний форум”-ын үеэр Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийд 46-р байр буюу “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжиллаа.

Мөн өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж үзэж “Global Government Excellence Award”-ыг, 2023 онд Эстони Улсад болж өнгөрсөн “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний VIII чуулганаас “Нээлттэй засаглал” хүндэт өргөмжлөлийг тус тус авсан билээ.

Энэхүү ололт, амжилт нь үе үеийн шуудан холбоо, өргөн нэвтрүүлэг, радио холбоо, цахилгаан холбоо, мэдээллийн технологи, сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан ажилтан, алба хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр харилцаа холбоон, мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй 21.2 мянган ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн 74 мянган гишүүдийн хамтын хүчин зүтгэл болохыг цохон тэмдэглэж, гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр 5G сүлжээ, интернэт, дижитал технологи, хиймэл оюун зэрэг дэвшилтэт технологи нь аливаа асуудлыг шийдэх түлхүүр гэж дэлхийн улс орнууд үзэж байна. Монгол Улсын хувьд ч мөн адил харилцаа холбоо, мэдээллийн технологи нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжил, эрх чөлөөг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөгжлийн хурдасгуур, нийгмийн харилцаа, үйлчилгээний   соёлын шинэчлэл байх болно.

Монгол Улс хөгжлийн түлхүүрээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээн үзэж, “Digital First” гэсэн бодлогоо тодорхойлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуны ашиглах, төрийн бүтээмж, төрийн үйлчилгээний үр ашиг, чанарыг дээшлүүлэхээс гадна үндэсний сансрын технологид баримтлах бодлогыг боловсруулж байна.

Шуудангаас соёолсон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил нь уул уурхайгаас хэт хамааралтай манай орны макро эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг бий болгож, оюун санааны, мэдлэг шингэсэн дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгахад чухал түлхэц болно” гэдгийг хэллээ.

 

178.194 өрх үүрэн холбооны сүлжээнд холбогджээ

 

Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 90 гаруй хувь нь өргөн  зурвасын  интернэтийн  сүлжээнд  холбогдсон байна. Энэ нь харилцаа холбоо,  мэдээллийн  технологийн  өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг  хангах  “Дижитал дэд  бүтцийн  бэлэн байдал”  зорилтын хүрээнд дамжуулах  сүлжээний  багтаамжийг  нэмэгдүүлэх үнэ тарифыг  бууруулах чиглэлээр  шат дараалсан  арга хэмжээ  авч ажилласны үр дүн гэдгийг мөн салбарынхан хэлж байв.

Түүнчлэн мэдээлэл, харилцаа  холбооны дэвшилтэт  технологид суурилсан үйлчилгээг  хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт нэвтрүүлэхэд чиглэсэн  томоохон бүтээн байгуулалтын  ажлуудыг  төр, хувийн хэвшлийн  хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж 51.938 км урт шилэн кабелийн  сүлжээ байгуулж,  бүх аймаг, сумын төв,  томоохон  суурин газруудад  хөдөлгөөнт холбооны 3G, 4G/LTE сүлжээг нэвтрүүлсэн байна.  Ингэснээр  үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо  2002 онд  235 мянга байсан бол  2024 оны  жилийн эцсийн байдлаар  4.889.043 мянгад хүрч,  үүнээс 4G/LTE сүлжээний  хэрэглэгчдийн тоо  4.037.902 болсон байна. Монгол Улсын хэмжээнд  1639 баг байгаагаас 1506 багийн  178194 өрх  үүрэн холбооны сүлжээнд холбогдоод байна.

Мөн дараа үеийн хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн 5G технологийг нэвтрүүлэхэд баримтлах чиглэлийг 2020 онд баталсан. Ингэснээр 2021-2022 онд 5G технологийг нэвтрүүлэх техникийн туршилтыг амжилттай зохион байгуулж,  2025 оноос улс орон даяар 5G сүлжээг нэвтрүүлээд буй бас нэгэн томоохон ололт болсон юм.

5G сүлжээг нэвтрүүлснээр  өндөр хурдны интернэт, машин хоорондын холбоо, юмсын интернэт үйлчилгээ хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, дэд бүтэц тээвэр, энтертайнмент, интернэт, жижиглэн худалдаа, үйлдвэрлэл, автоматжуулалтын салбарт томоохон шинэчлэлийг бий болгох давуу талтай юм.

 

Б.Жигжид:Харилцаа холбоо,  орчин үеийн ухаалаг технологигүйгээр  аливаа  улс хөгжихгүй

 

Хурлын үеэр дэд бүтцийн сайд асан Б.Жигжидийн сэтгэгдлийг хуваалцлаа.  Түүнийг  2000 онд дэд бүтцийн сайдаар томилогдоход  бүтэц бүрэлдэхүүний хувьд  зургаан яам,  нэгтгэсэн , 13  агентлагтай байжээ. Тэрээр “  Намайг сайдаар томилогдох тэр үед манай салбарын хувьд эрчимтэй хөгжлийн эхлэл үе байсан. Тухайн үед “Богино хугацааны хөтөлбөр”-ийг анх  зохион байгуулж байлаа. Уг ажлын хүрээнд хуучин системийг өөрчилж шилэн кабелийг нэвтрүүлсэн юм.  Үүний үр дүнд Харилцаа холбооны зохицуулах хороог  шинэчлэн байгуулж, Харилцаа холбооны тухай хуулийг шинэчлэн, батлуулж  гаргасан. Мөн Харилцаа холбооны  мэдээллийн паркийг шинээр байгуулсан.

Ер нь харилцаа холбоо,  орчин үеийн ухаалаг технологигүйгээр  аливаа  улс хөгжихгүй. Манай улсын орчин цагийн харилцаа холбоо  мэдээлэл технологийн салбар дэлхийн хэмжээнд тэргүүлэх  хэмжээ рүү маш эрчимтэй явж байна. Энэ бол бидний бахархал юм. Цаашид  бидний санааг зовоож,  бас хийж хэрэгжүүлэх ёстой зүйл бол  өөрийн гэсэн хиймэл дагуултай болох асуудал юм. Хиймэл дагуултай болсноор маш олон ач холбогдолтой.  Харилцаа холбооны системийн  өртөг зардлаа бууруулах  хамгийн гол зүйл бол  хиймэл дагуултай болох юм. Тодруулбал,  Манай улс нийслэл, аймаг ,сумдаа  шилэн кабелаар холболоо. Үүний үйлчилгээ зардал их.  Үүнийг шийдэх зүйл бол  шинэ технологи.  Тиймээс манай улс хиймэл дагуултай болох ойрын үед шийдэх ёстой. Ингэснээр  манай улсын  хурдацтай  хөгжлийн дараагийн том алхам, шат байх болно. Харилцаа холбоо,  технологи 1-2 жилийн дотор л хувьсан өөрчлөгдөж байна. Энэ хөгжлийг дагаж манай салбар, бид  маш эрчимтэй хөгжих хэрэгтэй. Ташрамд хэлэхэд, манай салбарын мэргэжилтнүүд  чадвартай болсон нь бахархал шүү.

 Хоёрдугаарт, аюулгүй ажиллагаа бол маш чухал. Харилцаа  холбооны  систем бол улс орны  үндэсний  аюулгүй байдлын асуудал. Үүгээр дамжуулан юу ч хийх  боломжтой”  гэдгийг хэллээ.

Манай улс сансар судлалын техник технологийг хөгжүүлэх, үндэсний хиймэл дагуул хөөргөх, сансрын технологийн мэдээллийг боловсруулж, ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр "Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл (2023-2033)”-ийг 2022 онд баталсан. Мөн ОУЦХБ-аас манай улсад хуваарилсан геостационар орбитын 113.6 байрлалыг ашиглах "CHINGGIS" хиймэл дагуулын төлөвлөлтийг дээрх байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан билээ.

 

ХУР системд  төрийн 142,  хувийн хэвшлийн 390, байгууллагын 816 үйлчилгээг холбожээ

 

Мөн энэ салбарын хүрээнд олон чухал хуулийг батлан хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал,  нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологи, инновацыг нэвтрүүлж, бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх замаар хүнд сурталгүй, ил тод нээлттэй байдлыг хангах "Цахим засаглалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд УИХ-ын  2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай", "Кибер аюулгүй байдлын тухай хууль", "Цахим гарын усгийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 23, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар 28, бусад байгууллагатай хамтран захиргааны хэм хэмжээний  хоёр актыг тус тус батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн төрийн мэдээлэл солилцооны (ХУР)-д систем нь иргэдийн цаг завыг хэмнэх, хөнгөвчлөх олон ач холбогдолтой ажил болсон. Тэгвэл төрийн мэдээлэл солилцооны (ХУР) системд  төрийн 142,  хувийн хэвшлийн 390, байгууллагын 816 үйлчилгээг холбож, 3.4 тэрбум үйлчилгээг амжилттай дуудсан байна.

 Мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia.mn)-ийн үйл ажиллагаанд нэмэлт хөгжүүлэлт хийж, 2023 онд "e-mongolia 3.0” 2024 онд "e-mongolia 4.0" хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Ингэснээр  тус систем нь e-Mongolia (иргэн), e-business.mn (хуулийн этгээд), lavlagaa.e-mongolia.mn (үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд), operator.e-mongolia.mn (ХУРДАН төрийн үйлчилгээ), kiosk.e-mongolia.mn (ХУРДАН төрийн үйлчилгээ), мобайл аппликейшн гэсэн зургаан  суваг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж байна.

Тус системд хоёр сая хэрэглэгч бүртгүүлж, 87 байгууллагын 1263 үйлчилгээг холбон, 80 сая удаагийн үйлчилгээг амжилттай дамжуулан 1.6 их наяд төгрөгийн шууд бус зардлыг хэмнэсэн байна. Мөн  тоон гарын үсгийг түгээх ажлыг эрчимжүүлж, иргэнийг таньж баталгаажуулах зорилготой танилт, нэвтрэлтийн систем (ДАН)-д тоон гарын үсгийн модулийг холбож, иргэн, хуулийн этгээдийг тоон гарын үсгээр дамжуулан таних боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр  уг системд нийт 2.141.788 хэрэглэгч бүртгүүлж, төрийн 86 байгууллагын 155, хувийн хэвшлийн 226 байгууллагын 257 системийг холбосон байна. Тоон гарын үсгийн гэрчилгээг төрийн нэг, хувийн хэвшлийн дөрвөн байгууллагаар дамжуулан нийт 1.1 сая иргэн, хуулийн этгээдэд олгосон гэдгийг албаныхан хэлж байв.

Бас нэгэн чухал ажил бол нийслэл хот, хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газар болон хилийн чанадад байгаа иргэд, байгууллагуудад төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой "ХУРДАН" цэг. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг 2023 онд байгуулж, түүний салбар, харьяа төрийн үйлчилгээний "ХУРДАН" цэгийг нийслэлд 145, орон нутагт 332, гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт нийт 524 байршилд нээж, төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг нэг сая 621 мянган хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол улсын бүх сум, суурин, хилийн боомтуудад төрийн үйлчилгээний "ХУРДАН" киоск төхөөрөмж байршуулах зорилт тавьж, өнөөдрийн байдлаар 800 орчим байршилд нэвтрүүлсэн байна. "ХУРДАН" киоск төхөөрөмжөөр өнгөрсөн хугацаанд нийт 628 мянган үйлчилгээг үзүүлжээ.

Энэ талаар  Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар “ Цаашид баг буюу засаг захиргааны анхны нэгжээсээ цахим шилжилтийг сайн  хийж чадвал  Монгол Улс төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх  боломжтой.   Энэ тал дээр ажиллаж байгаа. Одоогоор 80 гаруй байгууллагын 1300 орчим үйлчилгээ цахимд шилжсэн байна. Мөн  6000 гаруй үйлчилгээ байна. Тиймээс хэрэгтэйг нь цахимжуулах, шаардлагагүй нь эргээд хүчингүй болгохгүй болгохгүй бол   энэ нь эргээд иргэдэд чирэгдэл учруулж байна. Тиймээс үүнд процессын дахин инженерчлэл хийж,   дараагийн ажлаа хийхээр төлөвлөж байгаа” гэлээ. 

ЦХИХХ-ны яамын хувьд  энэ оны эхнээс эхлэн НҮБХХ-тэй хамтран "Үндэсний их өгөгдөл, хиймэл оюуны стратеги"-н төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлэн Засгийн газарт өргөн барихад бэлэн болжээ. Энэхүү стратеги нь таван тулгуур зорилт түүнийг хэрэгжүүлэх 71 төсөл арга хэмжээ, хэмжих 14 шалгуур үзүүлэлттэй бөгөөд томоохон төсөл, арга хэмжээнүүд тусгагдсан байна. Тодруулбал, GPU кластер төв байгуулах,  хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад түшиглэн дата төв байгуулах, төрийн их өгөгдлийн нэгдсэн сан байгуулах, хиймэл оюуны төслийг олон улсын зах зээлд гаргах, дотоодын нийгэм, эдийн засгийн салбарт хиймэл оюуны шийдлийг нэвтрүүлэх зэргийг тусгажээ.

Хиймэл оюун хөгжүүлэлтийн дэд бүтэц суурь болох GPU кластер төвийг байгуулснаар  энгийнээс том хэмжээний машин сургалтын загваруудыг сургах, ашиглахад зориулагдах бөгөөд дундын кластер төв хэлбэрээр зохион байгуулж хуваан ашигласнаар бага зардлаар олон хэрэглэгч ажиллах боломжоор хангах зорилготой төсөл аж. Мөн Төрийн болон салбарын байгууллагуудын үүсгэдэг өгөгдлийг цуглуулан дүн шинжилгээ хийх, урьдчилсан таамаглал боловсруулах боломж бүхий их өгөгдлийн сан (Datalake)-г байгуулах төсөл нь найдвартай ажиллагаатай, өргөтгөх боломжтой сервер, программ хангамж, өгөгдөл хадгалах болон нөөцлөх дэд бүтцийг бүрдүүлэх  боломжтой байна. Мөн төрийн мэдээллийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, цахим засаглалыг хөгжүүлэх суурь орчныг бүрдүүлэх зорилготой төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин