Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа төгсөж, зарим нь одоо ч суралцсаар байна.

Тухайлбал, энэ жил гурав дахь охин Г.Цолмонтуяа XII анги, дөрөв дэх охин Г.Үүрцайх VI анги, бага охин Г.Эрхсаран III ангид орно. Малчдын хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд хамгийн чухал нь дотуур байрын үйлчилгээ юм. Тэр ч утгаараа малчин Н.Ганзоригийн хувьд дотуур байр бол хүүхдээ даатгаж үлдээх хамгийн тохиромжтой газар. Энэ тухайгаа “Малчдад тулгамддаг хүүхдийн сургуулийн асуудал байнга тулгардаг.

 

 

Бидний хувьд хүүхдүүдээ нэгдүгээр ангиас нь нь дотуур байранд суулгадаг. Учир нь бүл муутай учир эхнэрээ төвд суулгах боломжгүй.

 

 

Хүүхдүүд маань нас ойролцоо учир нэг нэгнийгээ халамжлан сурч, боловсорч эхнээсээ ажил дээр гарсан. Том хүү маань Оюутолгойд ажиллаж байна. Хоёрдахь охин минь МУИС-д суралцаж байгаа. Малчид бидэнд бол тав тухтай дотуур байранд хүүхдээ суулгах нь сэтгэл амар байдаг юм. Манай Говьсүмбэр аймагт дотуур байртай нэг сургууль байдаг” гэлээ.

 

2024 оны байдлаар, улсын хэмжээнд ерөнхий боловсролын 415 сургуулийн 528 дотуур байранд 42.990 хүүхэд амьдарч байсан тухай судалгаа гарч байсан. Тэгвэл энэ хичээлийн жилд 30838 суралцагч дотуур байранд байгаагаас 77.5 хувь нь малчин өрхийн хүүхэд ажээ. Зөвхөн хөдөө, орон нутаг төдийгүй нийслэл хотод ЕБС болон МСҮТ-ийн суралцагч байршил, орон зайгаас үл хамааран сурах, хөгжих эрхээ эдлэхийн тулд зайлшгүй дотуур байранд амьдарч байна.

 

Тэгвэл Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд 178.655 иргэн саналаа өгчээ. Саналаа өгсөн иргэдийн олонх нь ирэх онд эрүүл мэнд, боловсролын салбарт улсын төсвийг түлхүү зарцуулах, төрийн захиргааны зардлыг бууруулах, нийгмийн халамжийн салбарт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Санал асуулгад оролцогчдын 115.336 нь Улаанбаатар хотын иргэн байгаа юм. Тэгвэл тэд ирэх онд ямар төрлийн хөрөнгө оруулалтыг шинээр эхлүүлэхгүй, тэвчиж болно гэж үзсэн бэ гэхээр 140.983 иргэн соёлын төвийн барилга, 76.928 иргэн дотуур байрны барилга болон засварын ажилд, 33.372 иргэн сургуульд саналаа өгчээ. 

сонин mn

 

Нүүдэлчин соёл иргэншилтэй манай улсад дотуур байр бол чухал. Магадгүй дотуур байрны барилга, шинэчлэлтийн асуудлыг шийдэхгүй байж болно гэж санал өгсөн 76.928 иргэний хувьд энэ чухал байж болох ч үүний ард 249.500 өрхийн 30 мянга орчим хүүхдийн асуудал хөндөгдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотуур байрны төсвийг хасвал шаардлагатай засвар үйлчилгээ, хүрэлцээний асуудалд сөргөөр нөлөөлнө гэдгийг эх сурвалж хэлж байна.

 

Жишээлбэл, Дорноговь аймаг 14 сумтай. Сумын хэмжээнд 12 жилийн сургалттай нэг сургуультай. Харин үлдсэн 13 сумын хүүхдүүд есдүгээр анги дүүргээд ахлах ангидаа аймгийн төвд суралцдаг.

 

 

Гэвч аймгийн хэмжээнд таван сургууль байдгаас хоёр нь л дотуур байртай.

 

 

Ачааллаас хамаарч ирэх жил аймгийн төвийн нэгдүгээр сургууль дотуур байрны өргөтгөл хийхээр төлөвлөөд байгаа аж. Харин төсвийн төслийн санал асуулгын хүрээнд төсөв танагдах юм бол эл ажил салхинд хийсэж, сурагчдын дотуур байрны хүрэлцээ хангалтгүй хэмжээнд хэвээр үлдэх нь. Энэ талаар Сайншанд сумын I сургуулийн захирал Г.Ганбаяр “Манай сургуулийн хувьд 140 хүүхдийн багтаамжтай дотуур байртай. Тойргийн дөрвөн сумын хүүхдүүдийг дотуур байранд хамруулдаг. Дотуур байрны ахлах хүүхдийн хоолны төлбөр нь 6300 төгрөг байдаг.

 

Хүүхдүүдээс ямар нэгэн төлбөр авдаггүй. Манай аймгийн сумдын хүүхдүүд дотуур байранд орж, сургуульд суралцах хүсэлтэй байдаг боловч хүчин чадалдаа тааруулан тойргийн хүүхдүүдээ л авдаг. Өөрөөр хэлбэл, хүрэлцээ нь хязгаарлагдмал гэсэн үг. Өсвөр насны хүүхэд дотуур байранд байрласнаар 24 цагийн харуул хамгаалалт, хараа хяналт дор ямар нэгэн эрсдэлд орохоос хамгаалагддаг учир эцэг эхчүүд дотуур байранд өгөх сонирхол их байдаг.

 

Дотуур байранд орж чадаагүй сурагчид байр түрээслэх, айлд суух зэргээр байрны асуудлаа шийддэг. Бусад гурван сургуулийн хувьд тойрог хамаарахгүй хүүхэд авдаг ч дотуур байргүй учраас элсэн суралцах хүүхдүүд цөөн байх шиг анзаарагддаг. Энэ намар дотуур байранд орох хүсэлт өгсөн 400 орчим хүүхэд байна. Түүнээс цөөн тооны буюу 40 орчим хүүхэд л авахаар байгаа. Ирэх жил дотуур байрны өргөтгөл барихаар төлөвлөсөн. Өргөтгөл ашиглалтад орсноор хүчин чадал багагүй хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцоолсон. Харин төсвийн төслийн дагуу дотуур байрны засвар үйлчилгээ, барилга барих асуудлыг царцаавал нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр үлдэнэ” гэсэн юм.

 

Энэ мэт дотуур байранд орох хүсэлтэй ч нөхцөл байдлаас нь хүчин чадлаас нь шалтгаалан байр түрээслэхээс аргагүйд хүрдэг тухай эцэг эхчүүд ярьж байна. Байр түрээсэлж буй хүүхдүүдийн хувьд хараа хяналт сул байгаагаас үүдэж гэмт хэрэгт орооцолдох, хичээл номоо цалгардуулах асуудал цөөнгүй байдаг талаар багш нар мөн хэлж байлаа.

 

Тэгвэл Монгол Улсын хөгжлийн түлхүүр товчхондоо эрдэм боловсролтой, оюунлаг, бүтээлч иргэн. Эх орноо илүү сайн сайхан байлгая, эдийн засаг, хөгжлөөр тэргүүлэгч улс болгоё гэвэл боловсролдоо анхаарч, энэ салбарт хөрөнгө зарахаас өөр сонголтгүй. Гэвч төсвийн төсөлд ирээдүйн эх орны үнэт капитал болох хүүхдүүдэд зориулсан хөрөнгө оруулалтаа танахаар бид санал хүсэлтээ өгөөд сууж байна. Гэхдээ эл саналд орон нутгийн иргэдийн санал туссан уу гэвэл бас эргэлзээтэй. Тухайлбал, баруун бүсээс 13.773 иргэн, хойд бүсээс 13.356, хангайн бүсээс 10.390, говийн бүсээс 11.315, төвийн бүсээс 14.836, зүүн 9010 хүн саналаа өгчээ.

сонин mn

 

Бид сурч мэдэхийн тулд хичээж яваа шинэ зууны эзэд. Бидний амьдрах орчин болсон дотуур байр минь дулаахан, цэвэрхэн яг л гэртээ байдаг шиг бүх л зүйл байгаасай гэж хүсдэг тухайгаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын V сургуулийн дотуур байрны сурагч Г.Үүрцайх ярьж байлаа. Тэрээр “Маш гоё том ор манай өрөөнд байна. Эгч бид хоёр ном уншин, цонхны дэргэд сууна. Гадаа хүүхдийн тоглоомын талбай дээр тоглоно. Энэ бол миний дотуур байр. Мөрөөдөл минь хэзээ нэгэн өдөр биелэх байх” хэмээн мөрөөддөг гэлээ.

 

Сурагчдын хувьд хаана амьдарч байгаагаас шалтгаалан хичээлийн жил өөр өөрөөр өрнөнө. Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд 33 мянга гаруй хүүхэд сургуулийн дотуур байранд амьдарч байгаа. Дотуур байранд амьдарч буй хүүхэд есөн сарын турш эцэг эхээсээ хол буюу дотуур байранд өнгөрөөдөг. Энэ хугацаанд ая тухтай амьдарч, сурч, хөгжих бололцоо хэр билээ. Тэгвэл илүү ая тухтай байлгахаар төсөв мөнгө төсөвлөдөг ч үүнийг Улаанбаатарын иргэд бид хэрэггүй хэмээн үзэж байна.

 

 

Тухайлбал, дийлэнх сургуулийн дотуур байрны барилга 1950, 1960-аад онд баригдсан гэдгийг дурьдах нь зүйтэй.

 

 

Ялангуяа орон нутгийн дотуур байрны хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл дутмаг, хүүхэд хөгжүүлэх өрөө байхгүй, дотуур байрны засвар үйлчилгээ, тохижилт, хүүхдийн эрхийг хангасан байдлаар хийхээр эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг.

 

Гол нь улсын төсвөөр дотуур байранд засвар үйлчилгээ хийсэн ч, нэмж тохижуулах, өргөтгөх хөрөнгө мөнгө чухал. Сургуулийн удирдлагуудын зүгээс улсаас дэмжлэг тусламж харахын оронд эцэг, эхээс тусламж аваад ядаж өрөөг нь тохижуулъя гэхээр “Хүүхэд дотуур байранд үнэ төлбөргүй амьдарна” гэсэн заалт хаалт болдог тухай учир мэдэх хүмүүс хэлж байлаа.

 

Төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгах нь сайн ч бодит байдалд нийцүүлэх нь төсвийн төслийг боловсруулагчдад "ногдох" ажил юм.

Тиймээс хотынхонд адлагдсан дотуур байр малчдын хүүхдүүдийн амьдрах орон зай гэдгийг орхигдуулж болохгүй.

 

 

Б.Баяржавхлан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин