Б.Солонгоо: Нээлттэй сонсгол явуулснаар Оюу толгойн асуудал дээр Засгийн газарт давуу байдал бий болгоно
1 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоотой Оюу толгойн сонсгол болон тус компанитай үүссэн татварын маргаантай холбогдуулан ярилцлаа.
-Оюу толгой компанитай холбоотой нээлттэй сонсгол энэ өдрүүдэд болж байна. Таны хувьд энэ сонсголын учир шалтгаан, ач холбогдлыг юу гэж харж байна. Ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын хянан шалгалтын тухай хуулийн дагуу нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа. Хамгийн гол зорилго нь тодорхой асуудлаар иргэдийн мэдэх эрхийг хангах, томилсон шинжээчдийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан гэрчүүдээс мэдээлэл авах юм.
–Засгийн газраас хоёр ажлын хэсэг гараад хэлэлцээ хийх гэж байгаа үетэй давхцаж хийсэн нь манай улсын эрх ашиг, хэлэлцээнд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Оюу толгой төсөлтэй холбоотой маш их эргэлзээтэй мэдээллүүд гардаг. Яриа хэлэлцээ хийх бүрд уг төслийг зогсоох гэж байна. Гадаадын хөрөнгө оруулалагчдаа хөөж явуулах нь гэсэн зүйлс яригддаг. Гэхдээ ер нь бол Засгийн газар ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашгийг хангаж хэлэлцээ хийж байгаа. УИХ өөрийн чиг үүрэгт хамаатай асуудлаар нээлттэй сонсгол хйиж байгаа нь энэ яриа хэлэлцээнд сөргөөр нөлөөлнө гэж би харахгүй байна. Харин ч иргэдийн мэдэх эрхийг хангаад, асуудлууд нь нээлттэй, ил тод болсноор Засгийн газарт яриа хэлэлцээний байр суурийн хувьд давуу байдал бий болно гэж бодож байгаа.
-Засгийн газраас хийх хэлэлцээ үр дүнд хүрэх боломж бололцоо хэр байгаа вэ. Зарим эх сурвалж бол зээлийн хүү багадаа 3-4 хувиар буух боломжтой гэж байгаа шүү дээ?
-Даваа гарагт эхэлсэн нээлттэй сонсгол үндсэн хоёр сэдвийн хүрээнд явж байгаа. Эхнийх нь Онтрэ гэж компанийн эзэмшлийн хоёр тусгай зөвшөөрөлтэй талбайд Оюу толгой компани олборлолтын үйл ажиллагаа эхлэх үү.
Хэрэв ингэвэл ямар нөхцөлөөр хийх вэ гэдэг үндсэн агуулга байсан. Мөн өөр нэг хүлээгдэж байгаа зүйл бол долоон жил тутамд эргэж харах боломжтой Рио тинто компаниас Оюу толгой компанид өгсөн зээлийн хүүгийн асуудал байгаа. Энэ зээлийн хүүтэй холбогдуулж Засгийн газраас яриа хэлэлцээ эхлүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс энэ нааштайгаар шийдэгдэх бүрэн боломжтой. Бид анх хувь нийлүүлэгчийн гэрээ гэдэг баримт бичгийг 2011 онд байгуулаад зээлийн хүү нь 6.5 дээр нэмэх нь Лондонгийн банк хоорондын үндсэн хүү гэсэн хоёр тооноос бүрдсэн аргачлалаар тооцох тохироог хийсэн. Зээл маань улирал бүр тооцогддог. Ингэхээр улирал бүр хүүгээс хүү тооцогдоод байдаг учраас зээлийн үлдэгдэл их хурдтайгаар нэмэгдээд байдаг. Одоогийн байдлаар Рио тинто компаниас Оюу толгойд олгочихсон гэж бүртгэлтэй байгаа зургаан тэрбум ам.долларын зээл байна. Харин хуримтлагдсан хүү нь мөн зургаан тэрбум ам.доллар болчихсон. Гэрээнд тусгаснаар долоон жил тутамд эргэж харна гэсэн заалттай. Үүний дагуу 2018 онд яриа хэлэлцээ хийх боломжтой байсан. Гэвч манай талаас тавьсан саналыг Рио тинто тухайн үедээ хүлээж аваагүй юм байна лээ. Мөн 2021 онд энэ асуудал Засгийн газрын ажлын хэсэг дээр яригдсан. Учир нь зайлшгүй анхаарах ёстой асуудал байсан. Яагаад гэхээр Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсноос болоод мөнгөн урсгал хойшилсон. Ингэснээр зээлээ эргүүлж төлөх хугацаа хойшилж, хүү нэмэгдээд байгаа асуудал байсан юм. Тиймээс энэ зээлийн хүүг бууруулъя, хуримтлагдсан хүүг хүчингүй болгох эсхүл хувьцаанд хөрвүүлэх гэдэг шаардлагыг тавьсан. Гэвч Рио тинто хүлээж аваагүй. Зээлийн хүүтэй холбоотой асуудал бол нөгөө талаараа манай улсад Оюу толгой компаниас ирээдүйд төлөх татварын хариуцлагатай маш их хамаатай. Одоо ч татварын асуудал үргэлжлээд явж байгаа. Тиймээс хэлэлцээ хийгдэх энэ цаг үед нээлттэй сонсгол болсноор олон мэдээлэл ил тод болно. Ингэхээр Засгийн газарт давуу талыг бий болгоно.
-Онтрэ компанийн тусгай зөвшөөрөл дээр ямар асуудал байна вэ?
-Энэ бол даваа гарагийн сонсголын сэдэв байсан. Шинжээчид энэ талаар дөрвөн асуудлаар дүгнэлт гаргасан. Гол асуудал нь геологийн нөөц, тогтоцын хувьд Оюу толгой компанийн тусгай зөвшөөрөлтэй талбай дээр нээж илрүүлсэн хүдрийн биетийн үргэлжлэл нь Онтрэ гоулд компанийн талбай дээр байгаа юм байна. Энэ нөөцийг Онтрэ компанитай хамтарч ашиглах асуудлаар Оюутолгой болон Онтрэ компани ашиг хуваах хэлэлцээ хийчихсэн байсан. Тиймээс Онтрэ компанийн талбайд олборлолт хийлээ гэхэд Монгол Улсын хуульд заасан шаардлагыг хэрхэн хангах вэ гэдэг дээр сонсгол явагдсан. Гол нь нэгдүгээрт, шинжээчдийн дүгнэлтээр энэ бол стратегийн ач холбогдолтой ордын нэг хэсэг мөн гэдэг дүгнэлт гарсан. Ингэхээр стратегийн ач холбогдолтой ордыг ашиглах бол нийт өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэсэн Үндсэн хуулийн шаардлагыг хангах ёстой. Ашигт малтмалын тухай хуульд ч энэ талаар тодорхой заалт байгаа. Тиймээс манай улсад ирэх үр өгөөжийг яаж сайжруулах вэ. Ямар байдлаар тохиролцох юм гэдэг яриа хэлэлцээг хийх шаардлагатай байгаа. Үүн дээр Оюу толгой ямар байр суурьтай байгаа нь гэрчүүдийн мэдүүлгээс харагдсан. Ингэхдээ энэ тусгай зөвшөөрлийг шилжүүлж аваад Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамруулна гэж тайлбарлаж байна лээ. Ингэх юм бол цаана гарах асуудал нь юу гэхээр АМНАТ-аа таван хувиар тогтворжуулчихсан байдаг. Тэгэхээр Онтрэ гоулд гэж компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон зэсийн баяжмалд ямар хэмжээний АМНАТ төлөх вэ гэдэг асуудал яригдаж байна гэсэн үг. Засгийн газрын байр суурь, шинжээчдийн дүгнэлт зэргээс аваад үзэхээр энэ бол хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал байна. Нөгөө талаасаа татварын орчинтой холбоотой асуудал үүсэх учраас УИХ-тай зайлшгүй зөвшилцөх шаардлагатай. Тийм болохоор хэлэлцээ хийгдэх шаардлага үүснэ. Тиймээс Засгийн газар УИХ-ын түр хороотой хамтарч энэ асуудал дээр үр дүн гаргах талаас анхаарч ажиллах нь манай улсын эрх ашигт бүрэн нийцэх байх аа.
-Нээлттэй сонсголд олон хүн дуудсан. Гэвч зарим нь оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Нөгөө талдаа зарим хүнийг гэрчээр дуудсангүй гэсэн шүүмжлэл явж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Анхны өдрийн сонсгол дээр гэрчүүд хангалттай цаг өгөхгүй байна гэдэг гомдол гарч байгаа харагдсан. Сангийн сайд асан С.Баярцогт гэхэд л мэтгэлцүүлсэнгүй гэдэг зүйл ярина лээ. Гэвч энэ сонсгол холбогдох хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа. Тиймээс түр хорооноос хоёр асуудлын дагуу цуглуулсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтийн хүрээнд гэрчүүдийг дуудсан байх. Миний хувьд мөн гэрчээр дуудагдсан. Яг цагтаа очиж байгаа. Өөр хэнийг дуудсан, дуудаагүй, хэн нь ирээгүй тухайд би тайлбар хэлэх нь зохимжгүй. Нэмж хэлэхэд, олон нийтийг сонсголын үеэр гарч байгаа шинжээчдийн дүгнэлт дээр их анхаарал хандуулаасай гэж хүсч байгаа. Энэ дүгнэлттэй холбоотойгоор л гэрчүүд мэдээлэл өгч байгаа юм. Түүнээс очоод хүн бүр өөрийн хүссэнээ ярьж байгаа зүйл биш.
-Оюу толгой компанитай манайх татварын маргаантай байгаа. Таны хувьд ажлын хэсгийг нь ахалж байсан. Энэ асуудал ер нь юу болсон бэ?
-Татварын маргаан олон жил үргэлжилж байгаа. Оюу толгой компанид ногдуулсан татварын акттай холбогдуулан тус компани Монгол Улсын Засгийн газрыг Лондонгийн арбитрын шүүхэд өгсөн. Миний хувьд 2024 оны долдугаар сар хүртэл энэ маргаантай холбоотой ажлын хэсгийг ахалж ажилласан. Манай улсын Засгийн газар арбитрын шүүхэд хариуцагчаар татагдсан тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн яам энэ асуудлыг хариуцдаг. Тийм болохоор яамнаас тухайн асуудлыг холбогдох албан тушаалтнууд нь хариуцаад явж байгаа байх. Олон нийтэд хүрсэн мэдээллийн хүрээнд мэдээлэл өгөхөд энэ оны есдүгээр сард Лондон хотод Арбитрын шүүх хуралдаан болсон. Мөн энэ шүүх хуралдаанаас өмнө манай Засгийн газар Английн шүүхэд Рио тинто компанийн эсрэг нэхэмжлэл гаргасан байсан. Үүндээ Арбитрын маргаан шийдвэрлэх явцад гаргасан хоёр сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт гаргуулах шаардлагатай байна. Энэ нотлох баримтыг Рио тинтогоос гаргуулж өгөөч гэсэн. Харамсалтай нь энэ оны есдүгээр сарын 22-ны өдөр манай Засгийн газар энэ нэхэмжлэлдээ ялагдсан байна лээ. Рио тинто нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй гэж үзээд Английн шүүх тэдний талд шийдвэрлэсэн байсан. Энэ бол анхаарах ёстой асуудал. Манай улсын Засгийн газраас энэ төслөөс ирэх үр өгөөжийг сайжруулъя гээд тодорхой ажил хийгээд явахаар бидэнд Рио тинтогоос их явцуу хүрээнд мэдээлэл өгдөг. Олон улсын хэвлэлээр гарч байгаа мэдээллээс их зөрдөг. Тиймээс цаашдаа Рио тинто компани Оюу толгой төсөлтэй холбоотой мэдээллүүд дээр их нээлттэй байх шаардлагатай. Тэгэхгүй болохоор асуудлууд нь хуримтлагдаж явсаар байгаад бөөн асуудал болж, улстөржилт үүсч байгаа юм шиг харагдаад байдаг.
-Манайх хоёр сөрөг нэхэмжлэл гаргасан бил үү?
-Засгийн газар олон улсын нэр хүндтэй хуулийн фирмтэй хамтарч ажилладаг. Тэдний өгсөн зөвлөмжийн дагуу хоёр сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэг нь, Оюу толгой төсөлтэй холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудад авлига өгсөн байж болзошгүй, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх. Нөгөө нь тус төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал хэтэрснээр Монгол Улсад их хэмжээний хохирол учирсан. Энэ талаар Рио тинто Монгол Улсад үнэн бодит мэдээлэл өгөөгүй гэсэн сөрөг нэхэмжлэлүүд гаргасан байдаг. Энэ маргаан үргэлжилж байгаа. Мөн манай гаргасан хоёр дахь сөрөг нэхэмжлэлтэй төстэй асуудлаар АНУ-д шүүхийн шийдвэр гарсан байна. 2025 оны аравдугаар сард энэ шийдвэрийг албажуулах шийдвэр гарсан. Оюу толгой төсөл дээр ажиллаж байсан жижиг хувьцаа эзэмшигчид 2018, 2019 онуудад Рио тинто компани гүний уурхай дээр үүсээд байсан асуудлуудын талаар үнэн бодитой мэдээлэл өгөөгүй. Үүнээс болоод хөрөнгө оруулагч нар хохирсон гэсэн нэхэмжлэл гаргасан юм билээ. Ингээд Рио тинто 138 сая ам.доллар нөхөн төлөхөөр тохиролцсон. Энэ асуудал манай Арбитрын маргааны нэг хэсэг учраас бид анхаарч байх хэрэгтэй. Ер нь сөрөг нэхэмжлэл гаргасан асуудал тодорхой эрх ашгуудыг хөндсөн юм болов уу гэдэг сэтгэгдэл надад төрдөг. Бид үүн дээр нухацтай хандах хэрэгтэй.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН







Зочин · 1 цагийн өмнө
SADARTLA SEXSDEX80955877
Зочин · 1 цагийн өмнө
BIEE UNELELN 80955877
Зочин · 1 цагийн өмнө
ANUSN BOOW XXI BOOW DOLOOJTOMSGN XELEERE XUSEWD DOLOOJ80955877