Монголын ардчилал ДЭМБ болон О.Номинчимэг гишүүнд таалагдсангүй
2 цагийн өмнө
-ДЭМБ-ын зөвлөснөөр Тамхины хяналтын хуулийн концепцийг боловсруулж, тэдний заасан татварын хэмжээг хуулбарлаж, тэдний төлөөлөгчийг Ажлын хэсэгт оруулж, ердөө ДЭМБ гэдэг хамгаалагчтай мэт ажиллаж байсан хууль санаачлагчдад яагаад нээлттэй уулзалт дургүйг нь хүргэсэн бэ? Үнэндээ ДЭМБ “хамгаалагч” биш “захиалагч” байсан гэдгээ дээрх үйлдлээрээ нотолчихож байгаа юм биш үү?!
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, татварыг нь шат дараатай 2030 он хүртэл нийт 1100 хувиар нэмэгдүүлэхээр хуулийн төсөл УИХ-ын босго даваад бараг жил болсны эцэст хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Ж.Чинбүрэн саяхан томилогдсоноор ирэх долоо хоногт төсөл байнгын хороо, чуулганы хуралдаанаар орохоор болоод байна.
Шинэ ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнгөрсөн бямба барагт Тамхины хяналтын тухай хуулийн төслийн талаар “олон нийтийн уулзалт”-ыг зохион байгуулж, Тамхины хяналтын тухай хуульд санал өгөхөөр албан хүсэлт илэрхийлсэн 50-иад байгууллагын төлөөллийг сонссон нь дэвшил байлаа. Ингэж хэлэхийн учир нь УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн ахалсан хуулийг санаачлан боловсруулах ажлын хэсэг “хүүхдүүдийг тамхинаас хамгаалах” нэрийн дор эсрэгээрээ тэдэнд сурталчилгаа болтол төслийнхөө талаар ухуулга хийхдээ энэ зах зээлд оролцогчдын саналыг огт сонсоогүй. Бичиг цаасаар илэрхийлсэн тэдний саналыг авч хэлэлцэхгүй гэдийж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ бэлтгэж өгсөн татварын хувь хэмжээг хуульчлахаар гүрийсэн хууль санаачлагчдын цаад санааг тааварлах юм алга. Хачирхалтай нь Ж.Чинбүрэнгийн ахалсан ажлын хэсгээс зохион байгуулсан уулзалт урьд өдөр нь танилцуулагдсанаар бол “хэлэлцүүлэг” нэртэй, төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг болон ДЭМБ-ын элч төлөөлөгчид оролцох хөтөлбөртэй байв. Гэвч маргааш нь “хэлэлцүүлэг” нь “уулзалт” нэртэй болон хувирч, ДЭМБ-ын төлөөлөл битгий хэл нэр ус нь ч дурдагдсангүй, санаачлагч О.Номинчимэг гишүүн ч ирсэнгүй. Яагаад гэдгийг чих тавьтал төрийн бус байгууллага, компаниудыг урьж оролцууллаа хэмээн ДЭМБ ч, хууль санаачлагч гишүүн ч оролцох боломжгүй гэсэн мэдээлэл сонсогдов. ДЭМБ-ын зөвлөснөөр хуулийн концепцийг боловсруулж, тэдний заасан татварын хэмжээг тогтоож, тэдний төлөөлөгчийг Ажлын хэсэгт оруулж, ердөө ДЭМБ гэдэг хамгаалагчтай мэт ажиллаж байсан хууль санаачлагчдад яагаад талуудын нээлттэй уулзалт таалагдсангүй вэ? Үнэндээ ДЭМБ “хамгаалагч” биш “захиалагч” байсан гэдгээ дээрх үйлдлээрээ нотолчихож байгаа юм биш үү?!
Тамхины хяналтын тухай хуулийг дагалдуулан татварын хуульд өөрчлөлт оруулж, тамхины татварыг шат дараатай нэмсээр одоогийнхоос 1100 хувиар нэмэгдүүлэхээр байгаа бөгөөд энэ хэвээр батлагдвал хайрцаг янжуур зарим судалгаагаар 20 орчим мянган төгрөгт хүрнэ. Татварыг нэмэхдээ эдийн засгийн үндэслэл, хүн амын орлогын түвшин, хэрэглэгчийн зан үйл зэргийг тооцоолсон эсэх тодорхойгүй. Ядаж хоёр хөршид тамхины татвар, үнэ хэд байгааг харгалзахгүй бол тэдний зах зээлийн үнээс хэт өндөр тохиолдолд нэг мэдэхэд л хүмүүс хөршүүдээс хулгайгаар тамхи зөөдөг, хаа сайгүй байдаг хямд, стандартгүй, байрны подвальд хийдэг хуурамч тамхины хар зах үүсэх нөхцөл бүрдэнэ.
Хамгийн гол нь Монголын хууль дахь татварын хувь хэмжээг Женевт оффистой ДЭМБ-ын шууд заавраар тогтоож буй нь хачирхалтай. ДЭМБ нь дэлхийн олон орныг гишүүнчилсэн байгууллага боловч гишүүн орнуудын татвараас өндөр үнэтэй хандивыг янз бүрийн сангууд, компаниудаас авч, тэдний эрх ашигт илүү үйлчилдэг гэх шүүмжлэлд өртөн нэр хүнд нь улам унаж, АНУ, Аргентин улс гишүүнчлэлээс нь татгалзсан байгууллага болж хувирсан. Харин Монголд хууль заах хэмжээний эрх мэдэлтэй, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, ГЕГ-ын албан хаагчид Женевт аваачиж семнарладаг, татварын хувь хэмжээг тогтоох эрх мэдэлтэй хэвээр байна.

ДЭМБ-ын албан ёсны хуудас дээр Щвейцарын Женев хотноо 2025 оны 3-р сарын 5-7-ны өдрүүдэд Тамхины татварыг загварчлах нь сэдвээр Монголын мэргэжилтнүүдэд зориулсан чадавхижуулах семинар болно гэдэг зар нийтлэгдэж, зорилгоо “Тамхины хяналтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд оршино. Тамхины татварын шинэчлэл нь тамхи хэрэглэж буй хүмүүсийн хүн амд эзлэх хувийг бууруулах, тамхины хор хөнөөлөөс хүүхэд, залуу үеийг хамгаалахад хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой талаар ойлголт, мэдлэг олгох юм” гэжээ.

Тус семинарт УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн референт М.Мандхай, Сангийн яамны Татварын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Анхбаяр, Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын ажилтан Б.Лхамхүү, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Ундрал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан С.Болормаа нар оролцсон талаар мэдээлэл гарч байв.

Дээр нэр дурдагдсанаас ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан С.Болормаа санаачлагч О.Номинчимэгийн ахалсан хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан. Мөн гишүүн Ж.Чинбүрэнгийн ахалж буй ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх дэд хэсэгт багтаж байгаа. Удаа дараа ажлын хэсэгт багтаж, ДЭМБ-ын заавар зөвлөгөөг хууль тогтоогчид хэрхэн хуульдаа тусгахыг хянах “даалгавартай” мэт. Олон улсын байгууллага өөрийн чиглэлийн хүрээнд зөвлөмж гаргаж болох ч тэдгээрийг нь хуульд заавал тусгах тухай хууль хаана ч байхгүй.
Тэр тусмаа хууль тогтоох эрх мэдэл рүү гадны байгууллага гар хөлөө дүрж, таалалд нь нийцэхгүй бол олон нийтийн санаа бодол, дуу хоолойг хааж, хэдхэн хүнийг вакумжуулж барьж байгаад хүссэн хуулиа гаргуулна гэдэг хэрээс хэтэрсэн үйлдэл болох биз ээ.







Зочин · 19 минутын өмнө
SEKSEER UILCHLI80955877