Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчлэн баталж, өнгөрсөн сарын 29-нөөс мөрдөж эхэлсэн. Энэ талаар ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Оюунцэцэгтэй ярилцлаа.

 

-Эрүүл ахуйн тухай хуульд ямар заалтууд нэмж оруулсан бэ?

 

-1998 онд боловсруулан гаргасан Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчлэн найруулж, өнгөрсөн сарын 4-нд УИХ-аар хэлэлцэн баталсан. Үйлдвэржилт, хотжилт, уул уурхай, техник технологийн дэвшил, хөгжилтэй холбоотойгоор хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор Эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Энэ хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, барилга байгууламж, сургууль цэцэрлэг зэрэг олон нийтийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн эрүүл ахуйн талд тавих шаардлагуудыг нэмж орууллаа. Мөн үнэлгээ гэх шинэ бүлгийг оруулж өгсөн. Энэ нь ямар нэгэн том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, уул уурхай, хот, барилга байгууламж шинээр барихад хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ гэдэгт эрүүл ахуйн талаас нь нөлөөллийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах заалт юм. Эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх зорилгоор иргэд рүү чиглэсэн нэлээд заалт орууллаа. Тухайлбал, нийтийн эзэмшлийн зам талбайд бие засах, хог, нус цэрээ хаях, хог хаягдлаа ил задгай шатаахгүй байхыг хуульчлаад түүнд авах хариуцлагын заалтыг чангатгаж өгсөн.

 

-Хариуцлагын заалтыг чангатгасан гэлээ. Жишээ нь хог хаягдал, нус цэрээ хаясан тохиолдолд хэдэн төгрөгөөр торгох вэ. Үүнд яаж хяналт тавих вэ?

 

-Хуульд иргэдэд тавих хяналтыг сайжруулах, нус цэр, хог хаясан, ил задгай газар бие засч буй иргэдэд цагдаагийн байгууллага хяналт тавьж, торгох заалт оруулсан. Гэхдээ ганцхан цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллахгүй. Олон нийтийн байгууллага, баг хорооны идэвхтэн, иргэдийн мэдээллийн дагуу торгох арга хэмжээ авна. Үүний тулд хуулийг дагалдах дүрэм журам гаргана. Түүндээ тодорхой зааж өгөх юм. Иргэн нус цэр, хог хаягдлаа хаа хамаагүй хаявал 5000 төгрөгөөр торгоно гэж байсан ч хуульд 20 мянгаас нэг сая төгрөгөөр торгох заалт оруулсан. Аж ахуйн нэгж, байгууллагыг 600 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгох заалт бий. Хүмүүс торгуулийг хэт өндөр хэмээн эмзэг хандаж байгаа. Хяналт гэхээр бид торгохыг урьтал болгохдоо биш юм. Нус цэр, хогоо ил задгай хаяж, олон нийтийн газарт бие засч болохгүй юм байна гэдгийг хүмүүст ойлгуулж, төлөвшүүлэхэд голлон анхаарах юм. Тухайн хүн шүлсээ хаяхгүй байвал хэн ч түүнийг торгохгүй. Хамгийн гол нь тийм бүдүүлэг хүн орчныг бохирдуулж байгаагаа ухамсарлаж, хотын соёлд суралцах хэрэгтэйг иргэдэд хүргэж, ойлгуулах гээд байгаа юм.

 

-Хуулийг олон нийтэд хүргэх, танилцуулахын тулд ямар ажил хийж байна вэ?

 

-Хуулиа сурталчлах ажлыг алхам алхмаар хийж байна. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах яамд, холбогдох байгууллага, сум дүүргийн Засаг дарга нарт албан бичиг явуулсан. Дараагийн шатанд ард түмэнд сургалт, сурталчилгаа хийхээр төлөвлөж байна. Сургалт, сурталчилгааг хэвлэмэл эсвэл электрон байдлаар гаргах уу гэдэг төлөвлөлтөө хийж байгаа. Үүнд санхүүжилт шаардлагатай болно. Тиймээс олон улсын байгууллагатай сургалт, сурталчилгааны ажилд хамтран ажиллах санал хүсэлт тавьсан.

 

-Нөлөөллийн үнэлгээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

 

-Нөлөөллийн үнэлгээ гэдэг харьцангуй шинэ нэр томьёо. Энэ тухайд бид дандаа хойноос нь яваа хандлага харагддаг. Тухайлбал, “Тэнд уурхай байгуулсан. Гэтэл хүн малын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Ойр орчмын гол ус нь бохирдоод байна” гэх зэрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулаад тэр нь сөрөг нөлөө үзүүлээд эхэлснийх нь дараа араас нь яваад байна. Шинэ хуулийн заалтаар бол Налайхыг том хот болгоё, Төв аймагт том уурхай ажиллуулъя гэхэд тэнд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх юу байна гэдэгт үнэлгээг урьдчилан хийж, сөрөг зүйл илэрвэл түүнийг нь бууруулах ямар арга хэмжээ авахыг урьдаас тодорхойлж ажиллах юм.

 

-Барилга байгууламжийн эрүүл ахуй гэж байна аа?

 

-Энэ хуулийг дагаад олон стандарт, дүрэм, журам гаргана. Тухайлбал, барилга барихад “Таван метрийн зайтай барьсан байна. Одоо нураах уу яахав” гэх асуудлыг их ярьдаг. Харин барилгын эрүүл ахуйн асуудалд хоорондын зай, барилгын материалд тавих шаардлага зэрэг бүх л зүйл, стандартаа шинэчлэн боловсруулах ажлыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийгээд явна.

 

-Гэр хорооллын нүхэн жорлонд дөрвөн стандарт баталсан гэсэн. Ямар стандарт байна вэ?

 

-Гэр хорооллын нүхэн жорлон хөрсний бохирдол үүсгэдэг. Тиймээс нүхэн жорлонд тавих дөрвөн төрлийн стандартыг Стандарт хэмжилзүйн үндэсний хороогоор батлуулсан. Үүнд, бага усаар зайлуулдаг, хуурайшуулсан, нүхэн, био жорлон гэсэн стандарт баталсан. Урьд нь бид нүх ухаад жорлон хийдэг байсан бол одоо олон улсын стандартын дагуу дөрвөн төрлийн 14 загварын жорлонгоос сонгох боломжтой болсон. Мэдээж стандартын 00-ын системд шилжүүлэх ажлыг нэг дор бүрэн шийдэх боломжгүй учраас шат дараатайгаар Засаг даргын хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран хийнэ.

 

-Улаанчулуут буюу хот тойрсон төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудал хуульд багтсан уу?

 

-Эрүүл ахуйн тухай хуулийн хүрээнд хог зайлуулах цэгүүдийг хэрхэх тухай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Хуульд хогийн цэгийн талаар илүү нарийвчилж оруулаагүй. Ер нь Эрүүл ахуйн тухай хуульд зуны цагт хөрс бохирдуулж, ил задгай автомашин угаадаг, автомашины тос, тосол худалдаалдаг байдлыг зохицуулах заалт оруулж өгсөн.

 

-Хуулийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан заалт бий юү?

 

-Аж ахуйн нэгж байгууллагын хувьд 50 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгжид эрүүл ахуйч гэрээгээр ажиллах, түүнээс дээш ажилтантай бол хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан нэг мэргэжилтэнг орон тоогоор ажиллуулахаар болсон. Гэхдээ нэг талаас аж ахуйн нэгж хүний нөөцийн асуудлаа шийднэ гэсэн үг. Нөгөө талаас хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага нь хүнсний эрүүл ахуйч гэх мэргэжлийн хүн ажиллуулах шаардлагыг өндөржүүлж байгаа. Мөн эрүүл ахуйн тархвар судлалын асуудал хариуцсан Монгол Улсын ерөнхий эрүүл ахуйч байна гэж хуульчилсан. Энэ хүн ямар бүтээгдэхүүн ард түмнийг хордуулж, ямар бараа бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаад хяналт тавих юм. Түүний үндсэнд ямар бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох вэ гэдгийг ерөнхий эрүүл ахуйч Засгийн газарт өргөн барьж, Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг өгч, шийдвэр гаргуулдаг байх юм.

 

М.Энхцэцэг