Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, нефть боловсруулах үйлдвэр, түүнийг байгуулах гарц буй талаар Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Эдийн засгийн байдал ярихаар Монгол Улс юунд их мөнгө зарцуулаад байгааг анзаарах хэрэг гарч ирдэг. Мэдээлэл, судалгаа үзэхэд монголчууд импортоор их зүйл авдаг. Тэр дундаа импортоор оруулж буй бараа бүтээгдэхүүний 50 хувь нь нефть байх юм. Долларын ханш өсөхөд түлш дагаад өснө. Түүнийг дагаад иргэний авч идэх талхны үнэ өсчихнө. Том салбар хэрнээ монгол хүн бүрт мэдэгддэг, мэдрэгддэг салбар. Энэ бүгдээс харахад бид өөрсдөө яагаад нефть боловсруулах үйлдвэртэй байж болохгүй гэж. Олон жил ярилаа. Өмнөх Засгийн газрын ярьж, мэдээлж байснаар бид 2014 онд нефть боловсруулах үйлдвэртэй болсон байх ёстой доо?

-Олон жил ярьсаар л байна. 2008 оноос хойш сонгуулийн сурталчилгаа бүрт л энэ тухай амлаж, сайхан бүтээн байгуулалт ярьж, иргэдээ итгүүлсэн. Одоо эргээд харахад ажил болоод иргэндээ, улс орондоо тус дэм болсон нь үгүй л байна. Монгол Улс нефтийн үйлдвэртэй байсан юм.

-Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруулах үйлдвэрийг 1950-иад оны эхээр байгуулж, уг ордоос олборлосон тосыг нэрж автобензин, дизелийн түлш гаргаж байсан баримт байна лээ?

-Зүүнбаянгийн нефть олборлох үйлдвэр 1950 оны XII сард ашиглалтад орж, тухайн ондоо 209.4 тонн тос олборлож байсан юм шүү. Оргил үедээ 150 мянган тонн олборлож байсан юм шүү. Харамсалтай нь 1969 оны XI сарын 8-нд крекинг байгууламж халуун эргэлтийн горимд ажиллаж байхад эвоаппараторын дээд тал тасран унаж тэсрэлт үүсэж, гал гарсан. Яагаад гал гарсныг сайн ойлгодоггүй юм.Тэр үед шатахуун авсан нь ашигтай гэж үзээд зогсоосон.

1996 онд Дорнод аймагт газрын тос олборлоод анхны Ерөнхийлөгч маань ноолууран дээлээ мялааж байхдаа долоон жилийн дараа Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж хэлсэн. Гэтэл одоо ч алга. Үнэнийг Монголын ард түмэн мэдэх ёстой. 1993 онд МАХН-ын Засгийн газар АНУ-тай гэрээ хийхдээ Монголд олборлосон газрын тосыг Монголд боловсруулахгүй гэж гэрээ хийсэн юм.

-Олон нийт энэ талаар сайн мэддэггүй юм байна?

-Тухайн үеийн асуудал хариуцсан хүмүүс, эрх мэдэлтнээс асуухад “Ингэж хий л гэсэн. Тэрүүгээр нь хийлээ” гэж хариулсан. Америкчууд нь гэрээгээ хятадуудад шилжүүлчихээд яваад өгсөн. Харин бид нөгөө гэрээний заалтаа өөрчилж чадаагүй үлдсэн. Дорнодод нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гэхэд эрх зүйн хувьд боломжгүй болчихсон. Хүнийх болчихсон учраас тэр. Баттай мэдээлэл гэвэл 2012 оноос өмнө нефть боловсруулах үйлдвэрийн талаар БНХАУ-ын италтай ярихад Засгийн газраас даваад үндэсний хэмжээний асуудал болсон биш үү гэж хариулсан гэсэн. Манай орд газар гэсэн хандлагаар асуудалд хандаж байгаагийн илрэл. Хятадууд гадаадад байгаа өмчөө хамгаалах шаардлага гарвал цэргийн хүч хэрэглэнэ гэсэн хууль 2005 онд гаргасан. Тэгэхээр монголчууд Хятадын талтай ойлголцоход их хэцүү. Ерөнхий сайд очоод загнуулаад, хөөгдөөд л ирдэг.

Нөгөө талд Оюу толгойн асуудал байна. Сайн, сайхан байна, бүтээн байгуулалт өрнөж байна л гээд байна. Тэнд ажиллаж буй монгол инженер, ажилтнуудаар бахархаж, бахдах нь зүйн хэрэг. Гэтэл эдийн засгийн үр дүн нь ямар байгаа билээ. Бүтээгдэхүүн гаргаад л байдаг мөнгө нь энд биш хил даваад явчихаад байхад эдийн засагт ямар ашиг, үр дүн өгөх билээ дээ. Борлуулалтын мөнгө нь Монголд орж ирэхгүй байна шүү дээ. Ийм гэрээг МАН, АН хамтарч байхдаа үзэглэсэн. Оюу толгойн борлуулалтын орлого жилдээ хоёр тэрбум орчим доллар.Үүнээс 150-200 сая доллар нь Монголд үлддэг. Үлдсэн нь гадагшаа гарчихаж байгаа юм. Хэрвээ энэ мөнгө Монголд байсан бол төгрөгийн ханш ингэтлээ унаж, эдийн засаг хүнд байдалд орохгүй байсан. Энэ гэрээг үзэглэхийн төлөө толгойгоороо дэнчин тавьж байсан Ерөнхий сайд, Сангийн болон уул уурхайн сайд нарыг нэрээр гаргаад хариуцлага тооцох хэрэгтэй гэж би боддог. Одоо аль олборлоно сайхан болно л гэж яриад байна. 1800 тонн алтаа Оюу толгойд өгчихөөд Ноён уулын 50 тонн алтаар Монголчуудынхаа амьдралыг өөд татна гэх юм. Тэгээд ч энэ алтын хэдэн хувь нь Монголд ирэх нь бас тодорхойгүй.

Үүний цаана шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүс улс орны эрх ашгаа тэргүүнд тавьдаггүй, гаднынхны эрх ашгийг дээдэлж, тэдний гар хөл болж, тос долоохын төлөө шийдвэр гаргадагт байгаа юм. Нөгөө талдаа төр барьж буй эрх мэдэлтнүүд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах сонирхол байхгүйд бас их учир байгаа юм.

-Өөдрөгөөр төсөөлөөд үзье. Хэрвээ олон жил, үе үеийн Засгийн газар ярьсан энэ том ажлаа нугалчихвал ямар ашиг тустай байхыг судлаачид хэлсээр байна. Эдийн засагт үзүүлэх нөлөө асар их шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Хэрвээ бид нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол жил бүр гадагшаа урсаад байгаа тэрбум 400 сая долларыг хэмнэх боломжтой. Энэ мөнгө эдийн засагт ороод ирвэл гадаад худалдааны тэнцлийг шийдчих бүрэн боломжтой. Гурван сая монголчуудын амьдралд эерэгээр нөлөөлж, эдийн засгийг өргөөд л явчихна.

-Газар зүйн байрлалын талаар бас асуумаар санагдлаа. Хэнтийн Бор-Өндөрт үйлдвэр байгуулах талаар өмнөх Засгийн газрын үед ярьсан. Үйлдвэрийг Бор-Өндөрт барих нь эдийн засгийн хувьд ч, газар зүйн байршлынхаа хувьд ч зохимжтой гэдэг нь судалгаагаар батлагдсан гэж мэдэгдэж байсан?

-Дорнодын газрын тосыг Хэнтийн Бор-Өндөрт боловсруулна гэсэн тооцоо хийж байсан. 500 км газар нефтийн хоолой татаж, усгүй газар боловсруулна гэдэг төсөл хийдэг сайдууд, эрх мэдэлтэн байх гэж. Хамгийн тохиромжтой газар нь Дорнод өөрөө шүү дээ. Тэнд түүхий эд, ус нь байна. Хуучны төмөр замынх нь далан нь байгаа. Тамсагт бас хуучин ашиглаж байсан бааз суурь нь бий. Энэ бааз сууриа ашиглаж яагаад болохгүй гэж.

Монгол Улс зүүнээсээ баруун тийш 3000 гаруй км. Нутаг дэвсгэрийнхээ нэг цэгт нь үйлдвэр байгуулчихаад бүх зүгт тээвэрлэнэ гэдэг асуудалтай. Дорнодод нефть боловсруулах үйлдвэрийн бүх бааз суурь нь байхад тэндээ жижиг үйлдвэр байгуулаад нэг хэсгээ хангах бүрэн боломжтой. Магадгүй Казакстан эсвэл Оросоос нефтээ аваад баруун талаа, төв хэсгээ бас нэг эх сурвалжаас хангана гэсэн бодитой бодлого, тооцоо хэрэгтэй. Нэг цэгээс бүх хэрэгцээгээ хангана гэсэн төсөөлөл бол эдийн засгийн анхан шатны ойлголт, мэдээлэлгүй хүний хийдэл. Нэг их мэдэгч хоёр сая тонн олборлохгүй бол Монголд боловсруулах үйлдвэр ашиг тусгүй гэж мэдэгдсэн. Жилдээ 100 мянган тонн олборлоод ашигтай байгаа үйлдвэр дэлхийд цөөнгүй бий.

-Монголчууд газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихвол дагаад олон үйлдвэр үүдээ нээх боломжтой юм билээ?

-Одоо мөрөөдлийн мэт санагдаж буй ч хийж чадахгүй, болохгүй зүйл байхгүй. Намайг Ерөнхий сайд байх жилүүдэд Монгол шатахууны маш хүнд байдалд орж байсан. Тэр үед судалгаа хийж, АНУ руу хүмүүсээ явуулж үйлдвэрийг нь танилцуулж байсан. Тэр үед 100 мянган тонн нефть боловсруулах үйлдвэрийг хоёр сарын дотор угсраад шатахуун гаргах боломж буйг хэлж байсан юм. Сүүлд ч 1990-ээд оны үед Монгол инженерийн боловсруулсан боломжтой олон төсөл байж л байсан. Засаг төр солигдоод ажил болж чадаагүй юм.

-Монгол Улс дампуурлын ирмэгт байгаа талаар дотооддоо бус гадаадад ч мэдээлэл гарах боллоо. Бидэнд гарц бий гэдэгт итгэлтэй байна?

- Эх орныхоо талаар ийм мэдээлэл сонсох үнэхээр хэцүү. Монгол Улс дампуурлын ирмэгт тулна гэж хэзээ ч би төсөөлж байсангүй. Яагаад ийм байдалд хүрэв. Эрх барьсан энэ хоёр намын хуудуутай, бодлогогүй ажлын үр нь энэ. Үүнээс яаж гарах вэ, ямар арга зам байна вэ гэж олон хүн бодож бас асуудаг. Төрийн эрх мэдлээ танил тал , бүлэглэлийн эрх ашгийн төлөө ашигладаг хүмүүсийг сольж байж л бид хүнд байдлаас гарна. Төрийн толгойд авлигачид бөөс адил арзаганаж байгаа цагт бид хөгжихгүй. Гэрэл гэгээтэй зүйл өнөөдөр хэлэхэд маш хэцүү. Улс орны эрх ашгийн төлөө ажиллах, зөв шийдвэр гаргах зүрх сэтгэл эрх баригчдад ус агаар мэт дутагдаж байна. Үндэсний төрт ёс, олон улсын геополитикийн орчин, монгол хүний сэтгэхүйн онцлог, ёс заншил, өв уламжлал, Монголын хөрсөнд буусан төрийн бодлого алга. Өөрөөр хэлбэл Монгол Монголоо таньсан бодлого бидэнд үгүйлэгдэж байна. Харвардын дамжаа төгссөн хүмүүс дэлхийд ийм гээд л жишээ татаад, хөрсөн дээр буухгүй зүйл яриад байгаа биз. Тийм зүйл ярихаасаа өмнө би чинь хэн билээ, бид чинь ямар удамтай, ямар түүх соёлтой хүмүүс билээ гэдгээ нэг сайн бодох ёстой. Ам мэдэн яриад байгаа энэ хүмүүс гай л болно уу гэхээс гавьяа болохгүй. Монголчуудын ирээдүй, эрх ашгийг бид л өөрсдөө хамгаалж, бүтээн байгуулна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа.