Төр засгаас алдаатай олон арван бодлого гаргаж, түүнийх нь хариуцлагыг ард иргэд үүрч байна гэж үзэх хүн олон.

  Адаглаад, Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4 орчим их наяд төгрөг, Хөгжлийн банкны 580 орчим сая ам.доллар зэрэг эх үүсвэрийн буруу менежмент өнөөдрийн хүндрэлтэй байдлыг шууд бий болгосон гэж үзэх нөхөд ч бий.

Тэгвэл энэ болгоныг сохорчоогүй, бас дүлийрчээгүй ард иргэд харж суугаад гэдгийг дээрх хүмүүс анзаарах хэрэгтэй биз ээ. 

Нэн ялангуяа үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4 орчим их наяд төгрөгийн хөнгөлттэй зээлийг ямар компаниуд аваад хэрхэн зарцуулав гэдэг асуудал олны анхаарлын төвд байсаар байгаа. 

 Эдийн засгийн хүндрэлээс болж олон арван мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж байгаа энэ үед зарим газрууд төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байх жишээний. Өөрөөр хэлбэл, цөөхөн хэдэн газар  төрөөс асар их дэмжлэг авсан сурагтай. 

Гэвч тэд үүнийгээ зориулалтаар нь биш зориулалтын бусаар зарцуулсан уу?. Хэрэв зориулалтын бусаар зарцуулсан бол энэ шударга өрсөлдөөн мөн үү?

Энэ ч үүднээс үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4 орчим их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ямар компаниудад олгож, тэд хэрхэн зарцуулсан талаар ШӨХТГ-аас шалгалт, судалгааг хийж байгаа аж.

Төсвийн орлого муудчихсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурчихсан, нийлүүлэлт тасалдах болсон үед энэ дэд хөтөлбөрүүд ач тусаа өгсөн гэж зарим мэргэжилтнүүд харж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ үнээ битгий өсгө, тогтвортой байлгаж эдийн засгийн хүндэрлийг давах ёстой гэж мөнгө өгсөн гэж тэд итгэж байгаа. Гэвч яг ямар газруудад тэдгээр мөнгө дэмжлэг болж очсон нь тодорхойгүй байна.

Уг нь эдийн засаг хямралтай үед гол, гол стратегийн ач холбогдолтой салбараа дэмжиж авч гардаг, эргээд хэвийн байдалд орсны дараа бодлогыг цуцлах боломжтой гэдгийг ч албаныхан хэлдэг.

Цаашлаад, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ачаар, ипотекийн зээлийн тогтвортой хүүгийн төвшинд Монголын  дундаж амьдралтай айл орон сууцанд орж,  амьдарч, байшингаа шинэчилж, унаагаа авч чадаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол зөвхөн 2014 оны эхний хагас гэхэд махны, бензин шатахууны  үнэ  одоо байгаагаас 2.5-4.6 дахин  нэмэгдэх байсан гэсэн судалгааг Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын судалгааны газар хийсэн байна.
 

Д.Ундрах