Гонконгийн мал нядалгааны газруудын нэгэн дээр ердийн л нэг ажлын өдөр үргэлжилж байлаа. Гэтэл нядлуулах  ээлжээ хүлээж байсан нэгэн бух гэнэт өвдөг дээрээ сөхрөн унаад уйлж гарчээ. Энэ явдал нядалгааны газрын ажилчид тэр том сүрлэг амьтныг нядлах цех рүү хөтлөх үед болсон байна. “Тэр бух нүдэндээ айдас дүүрэн, гунигтай уйлж байхыг хараад би бүр дагжин чичирч эхэлсэн.

Тэгээд би бусад ажилчдыг дуудсан. Тэд ч энэ явдлыг хараад шоконд орцгоосон. Бид бухыг татаж, чангааж, чирч, гулдарч, түлхсэн боловч тэр хөдлөхийг хүсэхгүй байлаа. Зүгээр л хэвтчихээд, уйлаад л, уйлаад л байсан.  Тэр үед миний бүх биений шар үс өөрийн эрхгүй боссон шүү.  Яг л хүн шиг аашилж аягалж байсан болохоор арга ч үгүй биз ээ. Бид хэрхэхээ мэдэхгүй, бие бие рүүгээ харцгаалаа. Тэнд байсан нядлагчдаас хэн нь ч түүнд гар хүрч чадахгүй нь ойлгомжтой болсон байлаа”.

 
Ингээд нядлагчид бүгдээрээ нийлж мөнгөө цуглуулан, тэр бухыг насныхаа эцсийг хүртэл буддын сүмд амьдруулахаар шийдэцгээсэн аж.  “Бид түүнийг байрнаас нь огт хөдөлгөж чадаагүй. Гэтэл амь насыг нь хамгаална гэж амласны дараа л тэр босч, биднийг дуулгавартайгаар дагаад явсан билээ”. Фонг энэ тухай ярихдаа “Энэ үйл явдлын дараа гурван ажилтан өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарцгаасан. Тэд амьдралдаа дахиад хэзээ ч адгуус амьтдыг алж хөнөөхгүй, учир нь тэдний хэн нь ч тэрхүү аварга том биетэй бухны гунигтай нүднээс асгарч байсан нулимсыг мартаж чадахгүй хэмээн ярьцгаасан” гэжээ.