Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Оюу толгой цахилгаан станцаа өөр дээрээ барья гээд 2012 оны долдугаар сард таван жилийн хугацаатай зөвшөөрлөө манай яамнаас авчихсан. Энэ хугацаанд юу хийж байсан юм бэ.

2017 онд зөвшөөрлийн хугацаа нь дуусчихсан. Монголын төрөөр тоглодгоо болих хэрэгтэй. Өмнийн говийг эрчим хүчээр хангахад хамтран ажиллах гэрээ байгуулахаасаа өмнө тэд юу ч хийгээгүй. 2014 онд Таван толгой дээрээ хамтаръя гэчихээд мөн л юу ч хийгээгүй. Дээрээс нь цахилгаан станц барина гэдэг үүргээ хууль бусаар түдгэлзүүлсэн байсан. Тийм учраас Засгийн газар энэ гэрээг цуцалсан. Ер нь бол “Рио тинто” компани буюу “Оюу толгой” төсөлд гурван чиглэлээр эрчим хүч барих тухай заалт гэрээнд бий. Өөр дээрээ барьж болно, Монгол Улсаас эсвэл гурав дахь этгээдээс авч болно. Гурав дахь этгээдээс авч болно гэдэг нь Таван толгойн асуудал юм. Хэрэв хамтраад явсан бол өнөөдөр барьчих байсан” гэж мэдэгдэв. Монголын засаг “Рио”-д цахилгаан станцаа өөрсдөө баривал барь гэсэн эрх, зөвшөөрлийг анхнаас нь өгөөд, элдэв оролцоогоо хумиад өнөөдрийг хүрсэн бол сайдын мэдэгдлийг толгой дохиж сонсохоос аргагүй. Харамсалтай нь бодит амьдрал дээр огт өөр үйл явдлууд өрнөсөн нь цагаан цаасан дээр хараар бичигдээд үлдсэн учраас сайдын мэдэгдэлд тайлбар зүүхгүй өнгөрч болшгүй нь. Ц.Даваасүрэн сайд Оюу толгойд ясны дургүй цөөхөн улстөрчийн тэргүүн эгнээнд бичигддэг. Монгол Улсын эдийн засагт том нөлөө үзүүлдэг төсөлд энэ хандлагаараа хандаад суугаа анзаарагддаг. Төрийг төлөөлсөн сайд хүн ултай үг унагадаг байх учиртай. Тэр дундаа улсынх нь хөгжилд жин дарахаар нөлөөлдөг төсөлд улстөрийн ашиг хонжоо, хувийн жижиг амбицаар хөнгөн гоомой хандах нь бүр ч хориотой зүйл.

Уул уурхайн том төслүүдээ хөдөлгөхийн тулд өмнийн говьд цахилгаан станц барих шаардлага бий. Гарцаагүй барих учиртайг нь тэртээ 2000 оны эхээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк хамтарсан дүгнэлт гаргахдаа онцгойлоод хэлчихсэн. Харамсалтай нь эрчим хүчний дэд бүтэцдээ анхаарахгүй бол том төсөл яриад нэмэргүй шүү гэсэн сануулгыг нь бид чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр өнөөдрийг хүрээд байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд анх эрчим хүчний эх үүсвэрийг Оюу толгой төслийн барилга байгууламжийг барьж дуусгах, ордыг ашиглалтад оруулж эхлэх үе буюу дөрвөн жилийн дотор БНХАУ-аас хангах боломжтой, үүнээс хойших хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч хэрэглэхээр тохиролцож байсан юм. Бүр тодруулж хэлбэл үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюу толгой гурван эх үүсвэрийн аль нэгээс эрчим хүч авах тохиролцоог хоёр тал хийж байв. Эхнийх нь эх үүсвэр Оюу толгой өөрөө нүүрсний цахилгаан станц барьж эрчим хүчнийхээ хэрэгцээг нөхөх хувилбар байсан бол хоёр дахь эх үүсвэр нь гуравдагч этгээдийн барьсан нүүрсний цахилгаан станцаас эрчим хүч авах хувилбар байв. Харин гурав дахь нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний эх үүсвэр гэсэн хувилбар байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Энэ бол 2009 оны сүүлээр тодорхой болсон үйл явдал.

2012 оны долдугаар сард Монгол Улсын Засгийн газар Дулаан цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг Оюу толгойд өгч байв. Тэр үеэс Таван толгойгоо хөгжүүлье, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр замтай нь цогцоор нь хөгжүүлье гэсэн хувилбар засгийн хэмжээнд эрчимтэй яригдаж эхэлсэн юм. Бүр 450 МВт хүчин чадал бүхий нүүрсний цахилгаан станц барина гэсэн тоо баримттай мэдээлэл цацагдаж, 2013 онд Таван толгойн цахилгаан станцыг барих төслийг нэгж байгуулагдсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Оюу толгой өөрсдөө цахилгаан станц барихгүй, Таван толгойн хүрээнд баригдах цахилгаан станцаас эрчим хүчээ авч хэрэглэх тохироо тухайн үед хийгдэж байв. Төслийн нэгж 2013 оны долдугаар сард дэлхийн 25 компанид урилга-захидал явуулж арваас нь хариу авч байлаа. Хариу өгсөн арван компаниас Солонгос, Францын хамтарсан “Posco Energy & GDF Suez Energy Asia” консорциум, Солонгосын “Daewoo Engineering & Con­struction”, Японы “Marubeni” корпораци, Японы “Kansai Electric Power” гэсэн дөрвөн компанийг сонгож техникийн даалгавар өгсөн удаатай. Гэвч аль нь ажил болоогүйг өнөөгийн өндөрлөгөөс харж болно.

Сүүлд 2014 онд ч өмнөд бүсийн эрчим хүчийг шийдэх ажил Таван толгойн цахилгаан станцыг дэмжүүлэх хүрээнд хийгдсэн юм. Тухайн үед Таван толгойн цахилгаан станц төслийг талууд дэмжиж хамтран ажиллах яриа хөөрөө оны өмнө хөвөрснийг мөн л хэвлэлийн хуудаснаас харж болно. Таван толгой төслийн хүрээнд цахилгаан станц барина гэсэн яриа хөврөх зуур 2015 онд Парисийн гэрээний асуудал дэлхийн хэмжээнд яригдсан билээ. Энэ дуулианы үеэр “Posco Energy”, сүүлд нэрээ өөрчилсөн “GDF Suez Energy Asia” Таван толгойн цахилгаан станцын төслөөс гарахаа мэдэгдсэн.

Хоёр жилийн өмнө буюу 2016 онд Таван толгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол Шангри-Ла зочид буудалд болж байв. Тухайн үед хэвлэлүүд “Монгол Улсын Засгийн газрын харьяа төслийн нэгжээс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци, дотоодын хөрөнгө оруулагчаар М-Си-Эс компани тус тус шалгарч, төслийг хэрэгжүүлэгч Таван толгой цахилгаан станц компани байгуулагджээ. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар үндсэн худалдан авагч болох Оюу толгой ХХК-тай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төслийг санхүүжүүлэгч олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээр хийх зэрэг томоохон ажлын эхлэл тавигдаж байгаа аж. Уг төслийг Монгол Улсын хамгийн том донор орон Япон Улсын Марубени корпораци, Монгол Улсын М-Си-Эс компанитай хамтран хэрэгжүүлэхээр болж хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. Японы Марубени корпораци нь бүтээн байгуулалтын энэхүү мега төсөлд хөрөнгө оруулахаар болж байгаа нь хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулах эхний том үйл явдал болж буй. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, энэхүү төсөл Засгийн газраас ямар нэг баталгаа, барьцаа шаардахгүй, хувийн хэвшил бүх эрсдлээ өөрөө дааж, тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой гэдгийг ч дурдав” хэмээн мэдээлж байлаа. Таван толгой төслийн хүрээнд өмнийн говийн цахилгаан станцыг барих тухай яриа засгийн төвшинд өрнөх үеэр Оюу толгойн “дөрвөн жилийн тоолуур” түр хугацаанд зогссоныг онцлох учиртай.

Гэвч тунаж үлдээд байсан “Марубени” ч өнгөрсөн онд төслөөс гарсан юм. Бусад талуудын тухайд сонирхох боломжгүй, сонирхсон тохиолдолд өндөр баталгаа нэхэж буй. Улс төр, эдийн засгийн бүх эрсдлийг “Рио”-гоор даалгаад орж ирвэл ирнэ, үгүй бол чадахгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Одоогоор Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” компанитай 2014 оны наймдугаар сард байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээгээ цуцлаад байгаа ч “Оюу толгой” компанийн зүгээс цахилгаан станц барих талд анхаарсаар байх болно хэмээж буй. Сүүлийн мэдээ гэвэл Оюу толгойн зүгээс Хятадын гурван ч компанид ТЭЗҮ боловсруулах асуудлаар хандаад байна. “Рио” хандсан компаниудынхаа нэгийг шалгаруулна, үлдсэн хоёр компанийнх нь ТЭЗҮ боловсруулсан зардлыг буцааж олгоно гэсэн шийдвэр гаргаад байгаа юм билээ. Тэгэхээр Эрчим хүчний сайдын яриад яваа шиг даварсан дүр зураг харагдахгүй л байгаа юм даа.

Эх сурвалж: Өдрийн сонин