Сан-Паулу хотын иргэн, 65 настай Луис цэнгэг усаар цалгиж явсан үеэ үр ач нартаа хуучилтал өнөөх хэд нь итгээгүйг одоогоос 2-3 жилийн өмнө олон улсын агентлаг мэдээлж байсан юм.

Далайн хаяанд, том голуудын дэргэд оршдог Сан Паулу хотыг хэдхэн жилийн өмнө цэнгэг усны гачланд уначихна чинээ хэр олон хүн төсөөлсөн бол. Гэтэл нэг л өглөө харангадахын аюул энэ хотынхны хоолойд тулж, ундны усгүйн зовлон борооны нутгийг нөмөрсөн. Луис л гэхэд усны цоргоо нээлгүй бараг 100 хоногийг өнгөрөөж байжээ. Энэ хугацаанд энд тэндгүй ангаж цангасан, зүс гундуу хүмүүс дүүрч, хот суурин бүхэлдээ навсархай, балархай, амьсгалах агаар нь хүртэл өмхий, тоос шороо, хир буртагт дарагджээ. Бороо шивэрч, давалгаа хаялсан энэ хотын иргэд одоо ч усны гачигдалтай нүүр тулсаар байна. Ер нь латин Америкийн хамгийн томоохон хот болох Сан Паулу гэлтгүй хүн ам нь хэдэн саяар тоологдох, тэнгэр баганадсан өндөр барилга, тэгш сунайсан өргөн замтай өмнөд Африкийн Кейптаун, Энэтхэгийн Бангалор зэрэг олон аварга хот өнөөдөр усны өмнө өвдөг сөхөрч байна. Усгүй л бол урт зам, өндөр барилга, эдийн засгийн хөгжил, алт эрдэнэс гээд ер нь юу ч байгаад нэмэргүйг саятан хотуудын гашуун түүх харуулсаар.

Тэгвэл энэ хотуудын түүхийг сонсоод халагдаж буй бид усаа “самарсан” тэдний замаар мөр мөшгин замнаж буйгаа сэхээрч байгаа болов уу. Үнэнийг хэлэхэд, Сан Паулу, Кейптаун зэрэг хот усыг умартаж, хайр гамгүй хандаж, урсаж л байдаг эд мэтээр хандсаныхаа зовлонг эдүгээ эдэлж буй. Тэгвэл цэнгэг усаар машинаа угааж, суултуураа зайлдаг Улаанбаатар үнэндээ эдгээр хотоос ялгараад байх зүйлгүй. Нийслэлийн 1.3 сая хүний амин тэжээл болдог хатан туул гол эрэмдэг зэрэмдэг болоод удаж байна. Бүр 1930-1950 онд Туул голын дээд эхийн хэсгийн ойн 35 хувийг огтолж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад ашигласан. Туулыг тэжээдэг бүрдэл хэсгүүдийг тусгай зөвшөөрөл хэлбэрээр зарж, арилжааны лангуун дээр дуусгасан. Туул гол хан Хэнтийгээс эхлээд Тэрэлж, Улиастай, Сэлбэ голоор сэлбэгдэж, тэжээгддэг. Туул руу цутгадаг гол салаа бүрийг хамгаалах хэрэгтэй ч горхи тэрэлжийн бүсийн газрын даац хэдийн хэтэрсэн гэж БОАЖЯ-аас мэдээлэв. Бас хайрга дайрга, элс олборлохоор хүнд машин механизмуудаар голын эргийг ухаж сэндийчнэ. Үнэндээ Туул голын амьсгал тасалдаж, амь тавихад ойрхон байна. Дээрээс нь Туул голыг бохирдуулагчдын толгойг илсээр өдий хүрлээ. Нийслэлчүүд Дээд, Гачуурт, Төв, үйлдвэр, Яармаг зэрэг долоон эх үүсвэрээс ундны ус авдаг. Гэтэл үүний талаас илүү нь бохирдсоныг салбарын яам хүлээж зөвшөөрч байна.

Учир нь голын эх үүсвэрүүдийн дээд талд буюу энгэр ээвэр газарт иргэд суурьшиж, үйлдвэр аж ахуй байгуулсан. Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж Туул гол руу бохироо цутгах болсон зэрэг нь хатан туулыг хорны цүнхэл болгоход хүрлээ. Монгол улс ус ашигласны төлбөрт жилд 40-өөд тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлдэг. Харин ус ашиглах нэрийдлээр бохирдуулагчдыг өөгшүүлэн хаацайлдаг. Уг нь хүн амын ундны усыг бохирдуулж, эрүүл мэндэд эрсдэл учруулж буй иргэд, аж ахуйн нэгжээс тодорхой төлбөр авах эрхзүйн боломж төрд аль зургаан жилийн өмнө бий болсон. 2012 онд ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль баталж, ундны усыг элдэв бодисоор хачирласныхаа төлөө улсын хэмжээнд 200 гаруй аж ахуйн нэгж хариуцлага хүлээх учиртай. Гэвч өнөө хэр хариуцлагыг хүлээлгэх нь бүү хэл төлбөр хураамж ч авч чадахгүй байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд төсөвт нэг ч төгрөг төвлөрөөгүй. БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Ус бохирдуулсан нэг килограмм бодис тутамд 100-500 төгрөгийн төлбөр авахаар журмын төсөлд тусгасан. Гэхдээ энэ нь чухам хэчнээн төгрөг байхыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдээгүй” хэмээн өгүүлэв. Аж ахуйн нэгжүүд өөр өөр төрлийн бохирдол үүсгэдэг. Тиймээс бохирдлыг тооцож чадаагүйгээс төлбөрийг хэрхэн тогтоох нь ч тодорхойгүй байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг амилуулах журам батлалгүй дөрвөн ч Засгийн газрын нүүр үзэж буй гэвэл та итгэх үү. Монголын төр ундны усанд ийм хайхрамжгүй ханддагийн тод жишээ энэ. Төр ийм хайнга ханддаг тул Туул голд туйлдаг аж ахуйн нэгжүүд ч том толгойтой болсон. “Шаардлага тавьсан албаныхныг хууль шүүхээр далайлгаж, ялалт байгуулах нь олонтаа. Улстөрчид Туул голд их хайнга ханддаг хэрнээ сонгуулийн өмнө туулаа аварна, хамгаална гэж амлах нь элбэг байдаг. Туулын дагуу арьс ширний 40 үйлдвэр бий. Тэд байгаль орчны бохирдолд жинтэй “хувь нэмэр” оруулдаг гэж хуульч Л.Нинжбат хэлж байна. Холбогдох албаныхан Туулыг хамгаалахад ингэж нэр төдий хандаж байна. Хэдхэн хуудас журам баталж чадахгүй хэдэн засгийн нүүр үзэж байгаа гээд бодохоор Монголын хүн амын тэн хагасын хувь заяатай холбоотой асуудалд дэндүү хайнга, харалган хандаж байгаа биш гэж үү. “Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг л биднийг санаа амар суух зуур холын АНУ-ын Мянганы сорилтын корпорациас усгүйн зовлонд унаж болзошгүй Улаанбаатарын усан хангамжид санаа тавьж байна. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалаар 350 сая ам.доллар олгохоор болсныг та дуулсан байх. Олон улсын байгууллагын дэмжлэгээр хэрэгжих энэ төслийн барилгын ажил ирэх оны сүүлч эсвэл 2020 оноос эхэлнэ.

2026 он гэхэд гурван хэсгээс бүрдсэн энэ том төслийн эхний үр дүн нь гарна гэж Монгол улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын сангийн хооронд байгуулах хоёр дахь гэрээ боловсруулах үндэсний Ажлын албаны дарга Э.Содонтогос ярилаа. Энэ төслийн хүрээнд Нийслэлийг гүний усны эх үүсвэрийг нэмэгдүүлж, шинэ цэвэрлэх байгууламж барьж, саарал усыг ДЦС-III, IV цахилгаан станцад нийлүүлэн, усны тарифыг шинэчлэх аж. Олон улсын байгууллага хүртэл нийслэлчүүдийн ирээдүйд ийн санаа тавьж байхад бидний усаа хайрлан хамгаалахаар хийж буй алхам дэндүү ичмээр биш гэж үү. Улс үндэстний эрүүл мэнд, эх орныхоо ариун дагшин байдлаас илүү үнэтэй, чухал зүйл үгүй. Туулыг бохирдуулсаар байхад нь эвий минь хөөрхий минь хэмээн толгойг нь илсээр буй нь төр ус бохирдуулагчдыг өмгөөлж, бүр угжиж буйгаас өөрцгүй. Нийслэлчүүдийн нөхөж болшгүй баялаг, амин тэжээл болох ганц усан сангаа санаатайгаар “хорны цүнхээл” болгохгүйн тулд холбогдох албаныхан ч яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ялангуяа одоогийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад зургаан жил хүлээгдэж, дөрвөн засгийн нүүр үзсэн ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн журмыг баталж чадвал дур зоргоороо Туул голыг туйлдуулдаг бохирдуулагчдад улаан гэрэл болох нь дамжиггүй. Нийслэлчүүд, Монголын ард түмэнд хэдэн үеэрээ мартамгүй эх оронч шийдвэр болно. Эс бөгөөс амны усаар цангасан луисын хувь тавилан нэг л өдөр бидэнд тохиолдох вий.

ЗГМ сонин