НЭМҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Нарантуяатай ярилцлаа. 

 

-Юуны өмнө танд 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Түүхт ойгоо тэмдэглэх нөр их ажилтай байна. Ойн арга хэмжээг танай хамт олон хэрхэн тэмдэглэхээр ажиллаж байгаа талаар яриагаа эхлэх үү?

 

Баярлалаа. Манай байгууллагын үүсэл 1933 оноос эхлэлтэй. 1930-аад оны үед Эрүүл мэндийн үйл ажиллагаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого нэн хоцрогдсоны улмаас эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл өндөр, зарим халдварт өвчний дэгдэлт дээд цэгтээ хүрч байжээ. Иймд тухайн үед Төр засгаас онцгой анхаарч 1933 онд Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдын 01 тоот тушаалаар Улсын ариун цэвэр, бактер шинжилгээний институтийг байгуулсанаар орчин цагийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ Монголд албан ёсоор эхэлж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсан хэмээн үздэг. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын эх суурь тавигдсанаар иргэдийн эрүүл урт наслалтыг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх цогц тусламж үзүүлэх боломж нээгдсэн. Анагаахын шинжлэх ухааны ууган байгууллагуудын нэг гэдэг утгаараа арвин их түүхтэй байгууллага юм. Тиймээс ойн баяраа угтаж, байгууллагынхаа түүхийг эргэн сөхөж,  амжилт бүтээл, алдаа оноогоо дэнслэн  баримтанд тулгуурласан дурсамжит нэвтрүүлгийг дэлгэцнээ бүтээлээ. Мөн байгууллагынхаа түүхэн номыг гаргахаар эмхэтгэж байна. Харин үйл ажиллагааны хувьд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, ажилчдынхаа дундаас урлаг, уран сайхан, спортын шилдгүүдээ тодрууллаа.  Бид өнөөдөр ойгоо тэмдэглэж буйн бас нэгэн учиг нь ард иргэдэд ус, агаар шиг хэрэгтэй байгаа өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг улам өргөжүүлэх, эрүүл ахуй, ариун цэврийн давлагааг дахин дэлгэрүүлэхэд бүх нийтийн анхаарлыг татах, хандуулах явдал юм. 

 

-Ихэвчлэн байгууллагын ой гэж ярьдаг. Эх суурь тавигдсан гэж тодотгож байгаа нь содон санагдлаа?

 

Манай байгууллага анхнаасаа “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” гэсэн нэртэй байгаагүй. Түүхэн цаг үеийн онцлог, тухайн үеийн хэрэгцээ шаардлагаас хамаарч бүтэц, зохион байгуулалт, нэршлийн хувьд олонтоо өөрчлөгдөж ирсэн. Тухайн үед Ардын хувьсгалын эхний жилүүдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бодлого нэн хоцрогдож, ард иргэдийн эрүүл ахуйн мэдлэг, хандлага дутмагаас бохир гарын өвчин гэж нэрлэгддэг халдварт шар өвчин, бэлгийн замын халдвар, гэдэсний халдварт өвчлөлүүд өндөр тархацтай байжээ. Иймд юуны түрүүнд Улсын ариун цэвэр, бактер шинжилгээний институт буюу тухайн үед орос нэршилээр “Санбак” гэж товчлон дууддаг байгууллагыг байгуулжээ. Түүнээс хойшхи 85 жилийн түүхэн цаг хугацаанд  олон лаборатори, газар, алба, хэлтэс нэгдэж, зарим нь өрх тусгаарлаж, өнөөдрийн “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв буюу НЭМҮТ” гэх ууган шинжлэх ухааны байгууллага бүрэлдэн тогтсон юм.  

 

-Одоо НЭМҮТ ямар бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байна вэ?

 

Манайх хоёр хэлтэс, таван алба, хоёр лаборатори гээд есөн нэгж, 110 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төвд нийт 75 эрдэм шинжилгээний ажилтан, 30 эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээний ажилтан байгаагаас 2018 оны байдлаар академич 3, Шинжлэх ухааны доктор 5, Боловсролын доктор 15, Профессор 2, Дэд профессор 2, Магистр 21, Эрдэм шинжилгээний туслах ажилтан 22, Докторант 8, Магистрант 13 ажиллаж байна. Бид “Дэлхийн жишигт нийцсэн судалгаа, нөлөөлөл, урьдчилан сэргийлэлт” хэмээн алсын хараагаа тодорхойлж, “Таны эрүүл мэнд Таны гарт” гэсэн уриатай үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. 

 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж байгуулагдсан цагаасаа дэргэдээ орон тооны бус Эрдмийн зөвлөлтэй ажиллаж ирсэн. Эрдмийн зөвлөл нь  судалгаа, шинжилгээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын үндсэн чиглэлийг тогтоох, судалгаа явуулах эрх олгох,  хэрэгжилтийг хэлэлцэж үнэлэлт өгөх, санал дүгнэлт гаргах, судалгааны ажлын сэдэв, аргачлал батлах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Эрдмийн зөвлөл үндсэн 21 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Академич 3, Профессор 6, Дэд профессор 3, Анагаахын шинжлэх ухааны доктор 1, Биологийн шинжлэх ухааны доктор 2, Анагаах ухааны доктор-15, Химийн ухааны доктор 2 байгаа юм. Эрдмийн зөвлөлийг Нийгмийн эрүүл мэнд, Тархвар судлал, Хоол судлал, Биоанагаах, Лаборатори, хор судлал гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр 17 гишүүнээр өргөтгөн үйл ажиллагаа явуулж байна.

 

Дэлхийн жишигт хүрсэн судалгааг эрхлэн, иргэдэд шинжлэх ухаан, технологи, инноваци, танин мэдэхүйн үйлчилгээг үзүүлэх, Монгол улсын хүн амын эрүүл мэндэд бодит хувь нэмэр оруулсан, бүс нутгийн түвшинд тэргүүлэгч судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болохоор зорьсон зорилгоо хэрэгжүүлэхэд Эрдмийн зөвлөл чухал үүрэг гүйцэтгэж байна. НЭМҮТ нь зөвхөн судалгаа, шинжилгээ хийгээд зогсохгүй НЭМ-ийн талаар хэрэгжүүлэх хөтөлбөр, стратеги болон бусад баримт бичиг, дүрэм, журмыг боловсруулах, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, НЭМ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах, дэмжин чиглүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх,  төрөлжсөн мэргэжлийг эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Орчны эрүүл мэнд, Эмнэл зүйн хордлого судлал, Эмнэл зүйн хоол эмчилгээ судлалын чиглэлээр мэргэжил эзэмшүүлж, Эмчилгээний хоолны тогооч, Нийгмийн эрүүл мэнд, Эмнэлэг, сургууль, сувилал, цэцэрлэгийн нярав, Цэцэрлэгийн тогооч мэргэжил дээшлүүлэх чиглэлээр олон арван мэргэжилтнүүдийг бэлтгэн үндэсний түвшний боловсон хүчнүүдийг чадавхжуулж байна. 

Орчны эрүүл мэндийн тандалтыг Ус цаг уур орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран ЗГ-ын 2017 оны 259-р тогтоолын дагуу баг бүрдүүлж, орчны эрүүл мэндийн нөлөөллийн албыг ажиллуулж байна. 

 

Биотехнологи, биоинновацийн асуудал хариуцсан алба олон тооны захиалгат төсөлт ажлуудыг Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байна. Полиомиелитийн лабораторийн үйл ажиллагааг тандалт, хяналтын чиглэлээр эрхлэн явуулж, ДЭМБ-ын бүсийн түвшинд жил бүр хөндлөнгийн хяналтыг хийлгэдэг. Хамгийн сүүлд 2018 онд 98%-ийн үнэлгээгээр магадлан итгэмжлэгдэж, бүсийн мэргэжилтнүүдээс сайшаагдсан болно. 

 

Хоол тэжээлийн үндэсний судалгааг 5 удаа явуулж, хүн амын хоол тэжээл зудын хор холбогдлыг үнэлэх, хүн амын давсны хэрэглээг үндэсний түвшинд судалж, бичил бодисын дутлыг бууруулах төслийг анх удаа хэрэгжүүлэн, хүн ам, ялангуяа хоол тэжээлийн дуталд өртөмтгий бүлэг болох 5 хүртэлх насны хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд, хүн ардынхаа хоол тэжээлийн байдлыг тандаж үндэсний лавлагаа төвийн хэмжээнд ажиллаж байна. Хоол судлалын алба бол манай НЭМҮТ-ийн нэгэн бахархал болсон алба юм. Тус албанаас давсыг иоджуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Орчны эрүүл мэндийн албатай хамтран идэвхи зүтгэлтэй оролцож, бамбай булчирхайн өвчлөлийг 4.1 дахин бууруулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. 

 

ДЭМБ-ын гишүүн орны хувьд ОУ-ын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг хангах, даяаршсан нийгэмд улс дамнан гарч болзошгүй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, шинэ болон сэргэж буй халдвар, хими, цацрагийн хордлогын эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, тандах, судлах, мэдээлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх тархвар зүй шуурхай удирдлагын алба үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Хүнсний бүтээгдэхүүн болон хоолны дээжинд Монгол улсын стандартын дагуу шим тэжээлийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, улмаар хүнс, хоол тэжээл, орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг Шим тэжээл, хоол судлалын лавлагаа лаборатори судлан тогтоож, мөн ус, хөрс агаарыг бохирдуулагч хүнд металлын агууламжийн шинжилгээ болон цацраг идэвхт бодис, химийн бодисын хордлого, дотоод орчны агаарт мөнгөн ус тодорхойлох орчны эрүүл мэнд, хор судлалын лавлагаа лабораториуд ажиллаж байна.

 

 

-НЭМҮТ гэдэг байгууллага нь Анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагын нэгэн томоохон төлөөлөл юм. Хийж бүтээсэн ололт амжилтуудыг дурьдвал ?

 

1971 онд Халдварт хепатит, улаан бурхан зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал бэлдмэл болох гаммаглобулины анхны цуврал (сери)-ыг үйлдвэрлэн гаргасан бол эхсийн цуснаас уургийн бэлдмэл гарган авсан ажлынхаа үр дүнгээр 1990 онд эрдэм шинжилгээний ажилтан Д.Дандий, техникч Д.Сэр-Од, биохимич В.Ванчаа, Д.Дэнсмаа, лаборант З.Тунгалаг, Г.Магсар нар Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн. Улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдээрээ бид өнөөдөр бахархаж байна. Төвийн ажилтнуудаас туурвисан судалгаа шинжилгээний ажлаараа Г.И.Бондарев, 1979, П.Нямдаваа, 1989, Л.Нарантуяа, 1998, Б.Бурмаажав, 2001, Н.Сайжаа, 2004, У.Цэрэндолгор, 2005 нарын 6 хүн Анагаахын шинжлэх ухааны докторын, Ж.Оюунбилэг, 1998, Ц.Энхжаргал, 2005 нар Биологийн шинжлэх ухааны докторын, 55 хүн анагаах ухааны доктор (дэд эрдэмтэн)-ын зэргийг тус тус хамгаалжээ. Тэдний хойч ирээдүй, залуу эрдэмтэн судлаачид тасралтгүй, чанартай бэлтгэгдэж байгааг хэлэхэд таатай байна. Өнөөдөр НЭМҮТ-ийн нэр дээр гадаадад 8 доктор, 3 магистр суралцаж байна. Тэднээс маань эхнээсээ эх орондоо эргэн ирж, төвийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Манай төвөөс ажлын гараагаа эхэлсэн хамгийн отгон, шинэ доктор Б. Говьгэрэл маань БНТурк улсын Стамбулын их сургуульд “Уургийн исэлдэлт, түүнд антиоксидантын нөлөөллийг илрүүлэх сенсор гарган авах нь“ сэдвээр докторын зэргээ хамгаалаад ирлээ. В. Дэлгэрмаа Японд, Д. Отгонтуяа Австрали улсад докторын зэргээ амжилттай хамгаалсан баяртай мэдээнүүд ар араасаа ирсээр байна. Олон эрдэмтэн, доктор, академчид манай байгууллагаас төрөн гарсан нь байгууллагын ололт амжилт, үнэ цэнийг тодорхойлох болов уу гэж харж байна. 

 

НЭМҮТ нь ШУ-ны захиалгат, инноваци, суурь судалгаануудыг хийхээс гадна тархвар зүй, тандалтын олон судалгааг үндэсний хэмжээнд амжилттай, үр дүнтэй зохион байгуулж, үр дүнгээ чанартай тайлагнадаг байгууллага юм. Үндэсний хэмжээнд хийсэн томоохон судалгаанаас ишлэн дурьдахад: 

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, зонхилон тохиолдох эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа, 2005, 2009, 2013

Хүн амын давсны хэрэглээ, 2012

Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөөс хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ (2010- 2013)

Дэлхийн залуучуудын тамхины хэрэглээний үндэсний гуравдугаар судалгаа, 2007, 2014 

Хоол тэжээлийн үндэсний судалгаа, 1992, 1997, 2004, 2010, 2017 

Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд борлуулагдаж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдлын судалгаа, 2015 зэрэг юм.

Улс орон хөгжиж, шинэ техник, технологи нэвтрэх, уул уурхай, барилгын салбар, хүнсний үйлдвэрүүд хөгжихийн хирээр хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж буйтай  холбогдуулан орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, вирүст халдвар, хорт хавдар, орчны бохирдол, цахилгаан соронзон орон ба дуу чимээний эрсдэлийг үнэлэх, судлах, биотехнологийн судалгаа үйлдвэрлэлийн  ажлаа улам эрчимжүүлэн ажиллах хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тулгараад байна. 

1990-ээд оны эхнээс Монголын хүн амын өвчлөлийн бүтэц эрс өөрчлөгдөж, зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар зонхилох болов. Иймд тус төв нь судалгаагаа Халдварт бус өвчин (ХБӨ) рүү илүү чиглүүлэн ажиллаж байна. 

ДЭМБ-тай хамтран “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, зонхилон тохиолдох эрсдэлт хүчин зүйлсийн шаталсан судалгаа” (STEPs)-г 2005, 2009, 2013 онуудад амжилттай хийсэн дэлхийн бүс нутгийн цөөхөн улс орнуудын нэг болсон юм. ХБӨ-д нөлөөлөх эрсдэл хүчин зүйлсийн тархалтын  талаарх мэдээллийн анхдагч эх сурвалж нь STEPS шаталсан судалгаа юм. Одоо 2018 онд 4 дэх судалгаагаа хийхээр манай хамт олон бэлтгэл ажлаа хангаад байна. ДЭМБ-д судалгааны тайлангуудаа удаа дараалан амжилттай хүлээлгэн өгсөн явдал нь өнөөдөр ДЭМБ болон Монгол улсад ХБӨ-ний зонхилон тохиолдох эрсдэлт хүчин зүйлсийн тандалт мэдээллийн санг үүсгэхэд, олон улсаас Монгол улсын ХБӨ-ний тархалтын хяналтыг хийхэд хувь нэмрээ оруулсан чухал ач холбогдолтой болсон гэдэгт бид итгэж байна. Судалгааны үр дүнд үндэслэн  1) Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр, Засгийн газрын 2014 оны дугаар 34 дүгээр тогтоол, 2) Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги, Засгийн газрын 2015 оны 353 дугаар тогтоол, 3) Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоол, 4) “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”Монгол улсын Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоол зэрэг ЭМ-ийн бодлогын баримт бичгүүд тус тус боловсруулагдсан юм. 

Монголын зарим бүс нутагт селен дутагдалтайг, уг бодисын дутал нь зүрх судасны өвчин үүсэхтэй холбоотой болохыг, агаарын бохирдол нь зүрх судасны өвчлөл залуужиж байгаа холбоотой болохыг тогтоогоод байна. Мөн Монгол тарваганы сүрэгт шинэ хепаднавирусыг илрүүлж, удамшлын дарааллыг нь бүрэн тогтоогоод байна.

НЭМҮТ нь хүрээлэн буй орчин, цаг уурын байдал, хоол тэжээлийн асуудал зэрэг хүний эрүүл мэндэд нөлөөлөл үзүүлэх олон хүчин зүйлийг тандан судалж, түүний үр дүнд тулгуурлан бодлого боловсруулах боломж шийдлийг бий болгодог.

Нийгмийн эрүүл мэндийн салбарт 85 жилийн хугацаанд үе үеийн ахмадууд, удирдлагууд, мэргэжилтнүүдийнхээ ололт амжилтаар хойч үе бид үргэлж бахархдаг. Ард түмэн, төр засгаас тавьсан удаа дараагийн зорилт, нийгмийн хөгжлийн сорилтыг амжилттай даван туулж, 1940 он гэхэд Монгол улс ”Цагаан цэцэг” өвчнийг бүрэн устгасан азийн анхны орон, 1987 онд молекул биологийн лабораторийг анх байгуулж, халдварт саагийн эсрэг вакцины хамралтыг 98%-д хүргэснээр полиомиелитийн буюу халдварт саагийн байгаль дахь зэрлэг вирүсийн эргэлт 2000 оноос бүрэн зогсож, Монгол улс 2 дахь халдварт өвчнийг бүрэн устгахад, шинээр төрөгсдийн эндэгдлийг 10 дахин, вирүст хепатитын нийт өвчлөлийг 3.6 дахин, бамбай булчирхайн өвчлөлийг 4.1 дахин тус тус бууруулахад, Монгол улсын хүн амыг эрүүл аюулгүй орчинд, ариун цэврийг сахиж, амьдралын чанарыг сайжруулан дундаж наслалтыг уртасгахад шийдвэрлэх хувь нэмрээ оруулсан тэдний түүхэн амжилтыг мөнхлөх нь зүйтэй юм.

 

  -Нийгмийн эрүүл мэндийн салбар иргэдийг өвчин тусахгүй байх талаас нь мэдээлэл түгээж ойлголтуудыг олгох чухал үүрэгтэй. Тэгвэл үнэхээр энэ зорилго зорилтдоо хүрч чадаж байгаа болов уу?

 

Манай төвөөс ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг өргөн цар хүрээтэй явуулж байна. Олон нийтийн телевизүүдээр “Нийгмийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж байна”, “Эрүүл мэнд эрхэм баян” зэрэг цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргүүлж эрүүл мэндийн довтолгоог амжилттай хэрэгжүүлж байна. Урьдчилан сэргийлэх чиглэлийн нийт 600 гаруй инфографик мэдээллийг төвийн цахим сайтат байршуулж, мэдээлэл сурталчилгааны санг нэгэнтээ бүрдүүлжээ. Зөвхөн 2018 оны байдлаар НЭМ-ийн мэдээлэл, ярилцлагыг 593 удаа хэвлэл мэдээллээр өгчээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих албанаас Дэлхийн тэмдэглэлт өдрүүдийг улс орон даяар зохион байгуулж, сурталчлах ажлыг үндэсний түвшинд амжилттай хийж байна. 2018 оны байдлаар хийгдсэн ажлуудыг дурьдвал:

Дэлхийн усны өдөр 03-р сарын 22-ны өдөр “Байгальд ээлтэй –усны шийдэл” 

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр 03-р сарын 23-ны өдөр “Манлайлагчдыг хайж байна...Та ч байж болно Түүхийг бүтээ!” 

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног 04 сарын  24-нөөс  30-ний хооронд “Вакциндаа хамрагдъя, хамтдаа сэргийлье” 

Осол гэмтлээс сэргийлэх 1 сарын аян  аян “Миний гэр – аюулгүй орчин”

Давсны зохистой хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгааны дэлхийн 7 хоног  03 сарын 26-наас 04 дүгээр сарын 10-ны хооронд “Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах 5 арга” 

Дэлхийн тамхигүй өдөр 5 дугаар сарын 01-нээс  1 сарын аян “Тамхи зүрхэнд хортой –тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” уриан дор зохион байгууллаа.

Дэлхийн хепатитын өдөр 7 дугаар сарын 27 “Хепатитыг  Илрүүлье, Эмчлье”

Хөхөөр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног 8 дугаар сарын 1-нээс 7-ны хооронд “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” 

Дэлхийн орчны өдөр “Байгаль дэлхийгээ хамгаалцгаая, зориулалтын бус хуванцрын хэрэглээнээс татгалзъя”

Дэлхийн зүрхний өдөр 9 сарын 29 -нд “Таны зүрх, миний зүрх”, “Зүрхэндээ амлая”  гэсэн уриатайгаар улс орон даяар зохион байгууллаа.

Үр хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй эцэг, эх гэж Монгол улсад байхгүй. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг оруулахад, хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, заах арга зүйгээр хангахад Хоол судлалын алба, Өвчнөөс урьдчилан сэргийлэх, урьдчилан сэргийлэх албадууд маань чухал үүргийг гүйцэтгэлээ. ЭМЯ-ны дэмжих сангийн дэмжлэгтэйгээр НЭМҮТ-ийн дэргэд Эрүүл мэндийн сургалт сурталчилгааны студи, хэвлэлийн цех ашиглалтанд ороод байна. 

Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа зөвхөн эрүүл мэндийн салбарын хүчин чармайлтаар үр дүнд хүрэхгүй. Олон талт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Иймд бид Хүнс, хөдөө аж ахуй, Боловсрол, Байгаль орчин, Зам тээвэр, Уул уурхай зэрэг холбогдох бүхий л салбартай төрийн болон төрийн бус, мөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан бидний үйл ажиллагааг байнга дэмжиж, техникийн болон санхүүгийн асар их дэмжлэгийг үзүүлсэнээр ард иргэд, байгууллага хамт олноороо өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дорвитой зохион байгуулах сэдэл санаачилгатай болсон. 

 

-Таны хувьд цаашид энэ салбарт ямар арга барилаар ажиллах, байгууллагын ирээдүйг хэрхэн харж тодорхойлж байгаа вэ? 

 

Бид зохион байгуулалтын оновчтой арга барилыг нэвтрүүлснээр халдварт болон халдварт бус өвчний гаралтыг эрс бууруулан иргэд эмнэлэгт зорих бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх байгууллагыг зорьдог хэвшлийг бий болгож, ДЭМБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 3.4-т, Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хүрээнд ХБӨ-нөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг бууруулах зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. Хэдийгээр бид түүхэн хөгжлийн явцдаа томоохон амжилтанд хүрч чадсан ч цаашид орон нутаг руу хүрээгээ тэлж, Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлэх, уул уурхай, барилга, хоол хүнсний үйлдвэрлэл эрчтэй хөгжиж, агаарын болон ундны ус, хөрсний бохирдол жилээс жилд нэмэгдэж байгаа өнөө үед хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх, Олон улсын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зэрэг хийх ажил их байгааг тэмдэглэх хэрэгтэй. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан зарим нэгэн алдсан, доголдсон талууд ч бас байна. Одоогоор биотехнологийн үйлдвэрлэл зогсож үндэсний аюулгүй байдлыг хангадаг цусан бүтээгдэхүүн альбумин, энгийн иммуноглобулин, галзуугийн вакцины үйлдвэрлэл зогсож, вакцины хяналтаа хийж чадахгүй байна. Гэхдээ ойрын хугацаанд эдгээр үйл ажиллагаанууд сэргэнэ гэдэгт бид итгэлтэй байна.   

Хүрээлэн буй орчин, хоол хүнс, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээний салбарыг хамарсан, төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн санаачилга оролцоо, олон улсын туршлага, хамтын ажиллагаанд тулгуурласан, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх замаар Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл амьдрах орчныг бий болгох, Монгол хүний эрүүл байдлаа урт удаан хугацаанд хадгалж, “Эмнэлэгт очуулахгүйн төлөө” манай хамт олон ажиллах болно.