"Малын хулгайтай бодлогын түвшинд тэмцэх тухай" сэдвээр Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ. 

Монголд гардаг малын хулгайн гэмт хэргийн 54 хувь нь дангаараа адууны хулгай байдаг. Тиймээс ч малын хулгайг хазаарлах чиглэлд худалдааны оновчтой системтэй болцгооё. 

E-Mongolia-гаар дамжуулан монгол малчны аппликэйшнтэй болсоор лангуу, бой, зах хаанаас ирсэн нь тодорхойгүй мах худалдан авахгүй байх боломж бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл “Хэн гэдэг малчны ямар адуу вэ?” гэдгийг мэдэх тодорхой замтай болчихвол хулгайн мах худалдан авахаас сэргийлж чадна гэдгийг Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах хэлж байлаа. 

Малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий бодлого боловсруулснаа тэрбээр дараах байдлаар нэмж танилцуулав.  



Энэ тухай "Монгол орны өнцөг бүрд яг энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотойгоор малчид хохирч байна. 

Гэрийнх нь гаднаас хүртэл хулгайлаад аваад явдаг ийм үзэгдэл бодитоор нүүрлэсэн. Улмаар малаа хулгайд алдсан айл хот руу эсвэл өөр аймаг руу нүүх сонголттой тулдаг. 

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд малаа хулгайд алдсан олон хүний гарын үсэг цуглаад байна. Хамгийн багадаа 50 адуугаа алдаж, үүнээс нэг нь ч олдоогүй. 

Монголд гардаг малын хулгайн гэмт хэргийн 54 хувь нь дангаараа адууны хулгай. Энэ бол миний санаанаасаа зохиосон тоо биш, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Малын хулгайтай тэмцэх албанаас гаргасан тоо.

Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэлт нь 29 хувьтай, хохирол барагдуулалт нь таван хувьтай байдаг. Улмаар малчин, цагдаа хоёрын хооронд үл ойлголцол үүсдэг.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль 2017 онд шинэчлэгдэн гарсан байдаг. Тус хуулийн дагуу хүний эрхтэй холбоотой гэдэг шалтгаанаар сэжигтнийг гадуур байцаадаг. Үүнийг малчдын зүгээс “Би хулгайчийг нь бариад өгчихсөн байхад тавиад явуулчихлаа” гэж ойлгодог. 

Цагдаа нарын тухайд гэмт этгээдийг хорьж байгаад мөрдөн байцаалтаа явуулмаар байдаг ч хуульд ийм зүйл заалт тусгагдаагүй гэдэг. Ингэж явсаар малын хулгай, адууны хулгай Монгол Улсын эдийн засаг, нийгэмд нөлөөлдөг боллоо" хэмээн хэлэв. 

"Хүний эрхийн асуудал хөндөгддөг учир сэжигтэн этгээдийг гадуур байцааж байна"

Үргэлжлүүлэн "Жил бүр хөдөөнөөс Улаанбаатар хот руу

  • хамгийн багадаа 31,000 хүн
  • хамгийн ихдээ 59,000 хүн нүүж байна.

Швейцарын хөгжлийн агентлагаас 2018-2021 оны хооронд нүүдэллэх хөдөлгөөний судалгааг хийжээ. Яагаад нүүж байгаа шалтгааныг 4,000 хүнээс түүврээр асуухад хүмүүс янз янзын хариултыг өгсөн байна. Хүүхдийн сургууль, цэцэрлэг, амьдралын боломж гэх мэтчилэн.

Дээрх судалгааны нийт асуулгад оролцсон хүний 37 хувь нь малын хулгайн гэмт хэргийн хохирогч, эс бөгөөс малын хулгайн гэмт хэргээс айсан иргэдийн нүүдэл байжээ. 

Бидний зүгээс “Монгол адууны бодлого” байх ёстой гэдгийг сүүлийн гурван жил Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчид уриалаад явж байгаа.

Энэ чиглэлд малчны 10 бодлого гэдэг зүйлийг танилцуулсан. Төр, засаг хуулийнхаа хүрээнд засаж, шинэчлэх ажлаа хийх байх. Харин бид худалдааны ухаалаг бодлого хэрэгтэй байгааг хэлж буй. 

Гарал үүсэл нь тодорхой мах худалдаж авах ийм систем хэрэгтэй байна. 

Зах зээлийн нийгэм гэдэг өнцгөөс харвал тэр адуу малчны хувийн өмч. Хүн хувийн өмчөө хэрхэн яаж захиран зарцуулахаа өөрөө шийднэ. Асуудлыг шийдэх гол зам нь ердөө худалдаа болон эдийн засгийн арга байна. Малчны 10 бодлого гэдэг зөвхөн адууны тухай асуудал биш. 

Хэнтий аймагт малын хулгайтай насаараа тэмцсэн хүн өчигдөр холбогдоод “Би тэтгэвэрт гарсан хүн. Гэхдээ миний үед малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 70 хувьтай байсан юм” гэж хэлж байсан. 

Харин одоо малчнаас малын махыг нь худалдан авч байгаа ченж нар зөвхөн малын эмчээс бичиг авдаг. Нөгөө багийн дарга, цагдаадаа мэдэгдэхгүй гэсэн үг. Гэмт хэрэг гарлаа гэхэд огт хариуцлага үүрэхгүй. Малын эмчийн бичиг үнэн зөв гэдэг нь огт шалгагдахгүй.

Хуулиар хүний эрх гэдэг асуудал хөндөгдсөн сэжигтэн этгээдийг гадуур байцааж байна. Энэ хугацаанд хөдөө сүлжээгүй газар бугуйвч зүүсэн нөхрийг хаана юу хийж явсныг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Төрийн шийдвэрт би нэг их найдахгүй байгаа. Малчид бид нар өөрсдөө нийлээд, худалдан авагчид өөрсдөө нийлээд худалдааны системээ байгуулах нь чухал" гэдгийг ярилаа.

Адууны 10 бодлогын талаар: