Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй
7 цагийн өмнө
Зуны сар наашлах үест ээж, хүү хоёроо агаарт зуншиг гэж гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад нутагт нь хүргэхээр хүлгийн жолоо залсан залуугийн гашуун түүх гэнэт санаанд ороод…
Тэр гэрээсээ гарахдаа гэргийдээ “ээж, хүү хоёроо хүргэж өгчихөөд, эргээд хурдан ирнэ ээ” гэж хэлж. Хотын түгжрэлээс гармагц, цаг хугацаатай уралдаад түрүүлэх юм шиг л хаазаа нэмэн 180 км/цагийн хурдтай салхи татуулан давхихад, ээж нь “Миний хүү зөөлөн яв аа. Юундаа яарах вэ дээ” гэхэд нь “Зүгээр ээ ээж, зам сэлүүхэн байна” гэж хурдаа нэмсээр хүрэх газар ч ойртлоо хэмээн бодмоглох зуурт л машин нь жолоодлогоос гарч байгааг мэдэрчээ.
Нүд ирмэх зуур бүх зүйл хяналтаас гарч, хэдхэн секундын дараа сэхээ орж өндийтөл ээж нь цусандаа будагдчихсан хэвтэж байв. Арайхийн машинаас гаргаж, гэнэт хүүгээ санаж “миний хүү” гэсээр хайхад эмээгийнхээ өвөр дээр эрхэлж явсан гуравхан настай хүү нь танигдахын аргагүй болчихсоныг хараад бодит үйл явдалд нэг л итгэхгүй, хар дарсан зүүд шиг санагдаж, зүүднээсээ сэрэхийг хүсэж ээж, хүү хоёрынхоо цогцсыг тэврэн бурханаас түмэнтээ аврал эрэн уйлж, цаг хугацааг буцаамаар байвч нэгэнт хожимдсон байлаа.
“Машиныхаа дугуйг шалгачихсан бол дугуй буудаж аймшигтай осол гарахгүй байсан. Ядаж л ээжийнхээ үгэнд ороод зөөлөн явсан бол гэх харуусал… Би ээж, хүү хоёроо алчихсан, алуурчин” гэж ээрч, мууран уйлан ярихыг нь сонсоход зүрх зүсэм… “Ядаж машиныхаа дугуйг шалгаарай, битгий хурдаа хэтрүүлээрэй. Над шиг өөрийнхөө гараар хайртай хүмүүсээ битгий хөнөөгөөрэй. Ээж маань миний гарт үхэх гэж намайг төрүүлсэн гэж үү. Миний хүү дөнгөж гуравхан настай байсан шүү дээ. Би амьд үлдээд яах вэ. Би ч бас үхэх ёстой байсан юм” хэмээн цурхирах залууд амьд үлдсэн нь шийтгэл шиг санагдаж байсан биз.
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсэхгүй. Гэхдээ л хөнөөчихөөд, сэтгэл дотроо үхэж амьдрах шиг харуусал гэж хаа байх вэ. Жаахан л сэрэмжтэй, болгоомжтой, хашир байсан бол гэх шаналалд насаараа ээрэгдэхийн гачлан ганц хоромын хэнэггүйтлээс л үүддэг юм билээ.