Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн удирдсан чуулган Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан асуудалд хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан буруудаад байгаа. Тухайн үед УИХ-ын ЕНБД дарга Б.Баасандорж уг үйл явдлыг Дэгийн тухай хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байсан боловч Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин хуульчийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-2025 оны аравдугаар сарын 16, 17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдаан процессын алдаа гаргаж хоёр өдрийн ирцийг нэгтгэн бүртгэж, санал өгөөгүй гишүүний саналыг дэмжсэнд тооцож, эсрэг томьёлолоор санал хураасан зэргийг хуульчийн байр сууринаас хууль зөрчиж буй талаар шүүмжилж байсан.

Тухайн чуулганы хуралдааныг даргалсан гишүүн болон тухайн өдөр гаргасан УИХ-ын тогтоол хууль бус Үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц дүгнэсэн. Цэцийн дүгнэлт бол УИХ-д хариуцлага тооцож буй хэлбэр мөн. Жишээ нь, УИХ-аас баталсан хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож л байдаг. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн эрх барих дээд байгууллагыг кабинетийн бүтэц шиг болгож өөрчлөх гэсэн оролдлого бүхий аюултай заалтууд орсон байдаг.

УИХ гишүүн бол багадаа Монгол Улсын 30 мянган иргэнийг төлөөлж буй субьект мөн. Өөрсдийн бүрэн эрх, дархлаа гэдэг зүйлийг одоогийн 126 гишүүд маш сайн судалж бэхжүүлэх ёстой. Нэгэнт гишүүн болсон бол иргэн гэдэг ойлголт байхгүй, маш хариуцлагатай төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл болдог. Энэ том субьектийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ч гэнэ үү? УИХ-ын даргын үгэнд ордог кабинетийн гишүүн ч гэнэ үү? Эсвэл ЕНБ дарга зэрэг хүмүүс зааж зөвлөж чиглүүлээд явдаг юм биш.

Энэ дархлааг гишүүд өөрсдөө ойлгоогүй унагаж байна. 126 гишүүний 80 хувь нь шинэ гишүүд, анх гишүүн болж байгаа учраас мэдэхгүй, чадахгүй юм гарна гээд бөөн хүмүүсээс зөв буруу нь мэдэгдэхгүй зөвлөгөө авч яваа харагддаг. Тендер хийдэг хурган дарга нар хүртэл Байнгын хорооны танхимд УИХ-ын гишүүнийг загнаад зандраад сууж байсан нь саяхан. Энэ бол УИХ-ын гишүүний дархлаа ямар хэмжээнд байна гэдэг нь харагдаж буй явдал. Үүний нэг илэрэл бол дээрх үйл явдал мөн. Үнэхээр УИХ-ын шийдвэр нь хууль зөрчсөн эсэхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийдвэрлэсэн. Үүн дээр тайлбар хийх нь илүүц.

Улсын Их Хурал бол хамтын шийдвэр гаргадаг олонхын шийдвэрийг дагадаг байгууллага. Тухайн үеийн хурал даргалж байсан гишүүн болон Тамгын газрын ажлын албыг шууд буруутгах нь нэг талдаа өрөөсгөл ойлголт. Хамтын шийдвэр гаргадаг байгууллага процессын алдаа гаргаж болно. Тэгвэл гаргасан шийдвэр нь хүчингүй болоод тухайн хурлыг хууль зөрчиж удирдсан гэх гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн байна гээд хариуцлагыг нь хүлээлгэж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ёстой.

-Иргэнээс гаргасан гомдлын дагуу УИХ-ын гишүүд болон УИХ-ын Тамгын газрын удирдлагад холбогдох асуудал прокурор, тагнуулын байгууллагын шатанд шилжлээ. Үнэхээр хууль бусаар төрийн эрхийг булаах гэсэн оролдлого юм уу?

-Цэргийн дэглэм бүхий улсад ордон дотор нь буутай цэргүүд дайрч ороод одоо бид улсыг удирдана гэдэг талаарх мэдээг бид зөндөө үздэг. УИХ-ын гаргасан Засгийн газрыг огцруулах шийдвэр хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ хариуцлагаа хүлээсэн. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа эргүүлэн татах үндэслэл бүрдэж хариуцлагаа хүлээж байна. Үүн дээр нэмэлт эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2-т заасан гэмт хэргээр айлган далайлгаж шалгах нь хуулийн хувьд үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэгт 1992 оноос хойш анх удаа гарч буй бараг анхны кейс. Дараа нь УИХ буюу төрийн эрх барих дээд байгууллага чинь Засгийн газраа муу ажилласан ч огцруулж чадахгүй нөхцөлд хүрвэл яах вэ. Тийм санал гаргах зоригтой гишүүд үлдэх үү. Ийм учраас энэ агуулгын хувьд ч хатуудсан хэрэг. Тагнуул Прокурорын байгууллага улс төрийн ийм үйл явдалд мэргэжлийн зүгээс хандаж зөв бурууг нь яаралтай шийдвэрлэдэг байх ёстой. Тэрнээс улс төрийн зодоонд голд нь ороод тэдний дохиураар хэрхэвч ажлаа хийж болохгүй.

-Ингэхэд УИХ-ын гишүүн, өндөр албан тушаалтны үйлдлийг Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл буюу “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” гэдэг заалтаар шалгана гэдэг нь хууль зүйн хувьд ямар агуулга, шалгууртай ойлголт вэ?

-Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн үйлдэл байх ёстой. Төрийн эрх барих дээд байгууллага гэж аль юм. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэж заасан. Х.Булгантуяа УИХ-ын эрхийг авах гэж оролдсон юм уу. Ямар хүчирхийллийн арга хэрэглэсэн гээд шалган тогтоох үйлдлүүд нь тодорхой. Харин ийм өндөр ялтай гэмт хэргүүдээр УИХ-ын гишүүдийг айлган сүрдүүлж, барьцаалж улс төр хийж болохгүй. Хийсэн алдааг нь Үндсэн хуулийн Цэц дүгнээд УИХ-ын гишүүний ажлаа өгөх хариуцлага яригдаж байгаа нь хангалттай.

-Хэрэв тухайн албан тушаалтнууд Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хил хязгаараас давсан нь тогтоогдвол энэ нь процедурын зөрчил үү, эсвэл Эрүүгийн шинжтэй үйлдэл үү гэдгийг яаж ялгаж үздэг вэ?

-Санаатай, санаандгүй алдаа гаргасан үйлдэл бүрийг Эрүүгийн хариуцлага гэж үзвэл энэ улсад ажил хийх хүн олдохгүй. УИХ-ын гишүүн болон УИХ хоёр тусдаа ойлголт шүү дээ. УИХ-ын гаргасан хууль бус шийдвэр буюу Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг ҮХЦ дүгнээд хүчингүй болгоод УИХ засаад явдаг. УИХ-ын гишүүн дангаараа бие даан шийдвэр гаргах, тэр шийдвэрээр нь явдаг ажил ч гэж байхгүй. Бодлогын түвшинд хамтаараа тогтоол гаргаж явдаг. УИХ-ын дарга болон түүний орлон гүйцэтгэгч алдаа гаргах тохилдол байна. Жижиг алдаа бол засаад явна, том алдаа бол гишүүнээс эргүүлэн татагдах дээр тулж байна шүү дээ.

-“Яллагдагчаар татах” шийдвэр гарсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдалд ямар хууль зүйн өөрчлөлт ордог вэ. Эхлээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой биз дээ?

-Улсын Их Хурлын гишүүн дархан эрхтэй. Яг гэмт хэрэг үйлдэж байгаа дээр нь барихаас бусад тохиолдолд баривчлах ч эрхгүй. Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирэх ёстой. УИХ-аас түдгэлзүүлэх шийдвэр гарсан тохиолдолд шалгах яллагдагчаар татах холбогдох ажиллагаа хийх эрх нь нээгдэнэ.

-Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны явцад уг үйлдэл гэмт хэргийн шинжгүй нь тогтоогдвол энэ процесс өөрөө төрийн институцийн хууль ёсны байдал, олон нийтийн итгэлд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Нэгэнт хариуцлагаа хүлээсэн, УИХ-ын гишүүнд нэмэлтээр улс төрийн зорилгоор өндөр ялтай гэмт хэрэг төлөвлөж улс төр хийж байгаа нь зохимжтой зүйл ерөөс биш. Дараа нь Засгийн газар үнэхээр муу ажиллаад УИХ-ын гишүүд нь огцруулж чадахгүй, санал гаргаж чадахгүй төрийн эрх барих дээд байгууллага гэдгээ мартаж хэлбэрийн төдий үйл ажиллагаа явуулах институцийн тогтолцоо өөрчлөгдөх ч аюултай шүү дээ.

Дээр нь хуулийн байгууллага хуульд л захирагдаж ажиллах ёстой. Улс төрийн үйл явдалд хэт орооцолдон шалгах ажиллагааг санаатай гэмт хэргээс мултлах, эсвэл хэн нэгнийг хэлмэгдүүлж огт болохгүй. Ингэх тусам иргэдийн хуулийн байгууллагад хандах хандлага, итгэх итгэл улам бүр дордоно.

 

М.МӨНХЦЭЦЭГ

ӨДРИЙН СОНИН