Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахьхэлэлцүүлгийг хийж байгаа билээ.  Тэгвэл  ирэх оны төсөвтэй холбоотойгоор  УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлтдээ эдийн засгийн хямрал ирэх жил даамжирч болзошгүй байгаа тул 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг нягт уялдуулан, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай, бодитой байх талаар онцгой анхаарах шаардлагатай хэмээн дурдсан бол УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг бүлэг төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх боломжгүй, зардал хэмнэх, зарим нэг орлого бүрдүүлэх боломж байгааг анхаарч ажиллах шаардлагатай гэж үзжээ. УИХ дахь АН-ын бүлэг нийслэлд зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэхээр шилжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2015 оны төсвийн төсөлд тусгасан авто зам, гүүр, эрчим хүч зэрэг дэд бүтцийн зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шилжүүлэх саналуудыг санал, дүгнэлтдээ тусгасан байна.

Тэгвэл ирэх жилийн төсвийн төсөлд анхаарахаар хэд хэдэн зүйл байгаа юм. Тодруулбал,

  • Татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтайгаар зарцуулах үүднээс барилгын ажил нь эхэлсэн, дутуу баригдсан барилга, байгууламжийг эхний ээлжинд бүрэн барьж дуусгах шаардлагатай байна.
  • Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардлыг 627,6 тэрбум төгрөг тусгасан нь 2014 оныхоос 45 хувиар буюу 515,6 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Өөрөөр хэлбэл, 2015 онд төсвийн хөрөнгөөр шинэ бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй, өмнөх онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа ч дуусгаж чадахгүй нь тодорхой болж байна. Иймд хөрөнгө оруулалтын зардлыг хамгийн багадаа 2014 оны түвшинд хүртэл нэмэгдүүлэх
  • Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн 2 жилд хурдацтай өслөө. Тухайлбал, зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 оны төсвийн төсөлд 19 дахин их буюу 708 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүний 75 хувь буюу 536,4 тэрбум төгрөг нь Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүгийн төлбөр байна. Дотоодын зах зээлд Засгийн газрын үнэт цаасыг шингээх чадвар, эргэн төлөх хугацаа, хүүгийн зардлыг харгалзахгүйгээр ирэх жил шинээр 1,8 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах нь дахин санхүүжилтийн томоохон эрсдэлийг бий болгоно. Тиймээс үнэт цаас шинээр гаргах хэмжээг хамгийн доод түвшинд хүртэл хязгаарлах замаар зээлийн үйлчилгээний төлбөрийг бууруулж, урсгал зардлыг хэмнэх арга хэмжээ авах шаардлагатай.
  •  “Цэвэр агаар" сангийн зардлыг 2014 оныхоос 48,8 хувиар нэмэгдүүлэн 30,2 тэрбум төгрөгийг төсөвлөж. Үүний дотор олон нийттэй харилцах, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зардлыг энэ оныхоос 26,6 дахин нэмэгдүүлжээ. Утаа багасдаггүй ч жил жилийн төсөв нь олон тэрбумаар нэмэгддэг, ард түмний төлөө сэтгэл зүтгэлгүй, амин хувийнхаа төлөө авлигад баригдсан нь илэрч ял авсан захирал, нягтлангуудтай байсан "Цэвэр агаар" сангийн төсвийг 15 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг орууллаа.
  • Хөгжлийн банк 2 жил гаруй хугацаанд Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэг,  Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус  зөрчиж Улсын Их Хурлын хараа хяналтаас гадуур  хөрөнгө мөнгийг зарцуулж байгаа бөгөөд үүнийг ядаж болиулчих хэрэгтэй.

Энэ мэтчилэнгээр ирэх оны төсөвт анхаарах зүйл олон байна.  Гол нь Улс орны эдийн засаг хямарсан, хариуцлагагүй төсөв өргөн мэдүүлсэн Засгийн газар нь огцорсон Ерөнхий сайд ч үгүй, Сангийн сайд ч үгүй үед түүхэндээ анх удаа та бид ирэх оныхоо төсвийг хэлэлцэж байна. Монгол Улсын төсвийг тооцоолол бүр нь үнэн, тоо бүхэн нь бодитой байж, улс орныхоо эрх ашигт нийцсэн, ард түмнийхээ эрэлт хэрэгцээг хангасан нэгдмэл, хэмнэлттэй, үр ашигтай байх ёстойг эрх баригчдад сануулах нь зүйтэй бизээ.

 

Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн, тооцоо судалгаа дутуу, хөрөнгө оруулалтын суурь бодлогыг алдагдуулсан  төсвийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Монгол Улсын парламентын түүхэнд ийм хариуцлагагүй боловсруулагдсан, эргэж буцсан, бодлого төлөвлөлт нь алдагдсан төсвийн төслийг хэлэлцэж байгаагүй ч хоёр, гурав, эцсийн хэлэлцүүлгийн үеэр  ирэх оны төсвийн төслийн “цоорхой”-г сайн нөхөхийг эрх баригчдаасаа хүсэх байна.