​Базсан цаас дахин гүйцэд тэнийдэггүй шиг нэгэнт хууртсан сэтгэл минь дахин итгэл өгч чадахгүй нь ээ. Миний адил сэтгэлийн энэ зовлонг мэдэрсэн олон бүсгүйчүүд байгаа байх.

Нөхөртэйгөө суугаад 2 жил хүүгээ гаргаад 1 сар болж байна. Нөхөр маань намайг жирэмсэн болоод сар болж байхад баригдаж байсан юм. Тэр үед нь би хоносон буудлынх нь үүдэнд хүлээж байгаад газар дээр нь барьж авч байлаа. Араас минь үхэн хатан гүйж байсан энэ хүн намайг хуурчлаа гэж бодоход өөртөө үнэхээр гутарсан. Ёстой төсөөлж ч байсангүй гэдэг нь л болсон. Нөхөр маань бантсандаа тас тэвэрчээд тавихгүй уйлж гуйж зөндөө юм болсон. Тасарсан байсан янз бүрийн юм болоогүй гэж өөрийгөө өмгөөлж байсан. Эр хүн шиг ядаж үнэнээ хүлээчихгүй. Тэр үед би шууд салаад гадагшаа сургуульд явая гээд юм хумаа хөөцөлдсөн. Гэвч жирэмсэн болсон байлаа. Нас минь ч нилээн явсан байсан болохоор хүүхдээ гаргана л гэж бодсон. Тэгээд тэр хүнийг уучилсан. Одоо хамт амьдарч байгаа. Тэрнээс хойш нөхрийгөө хайрлах хайр минь хөрсөн. Урьдных шиг итгэж хайрлаж чадахгүй болсон. Байнга л утсыг нь шалгаад, дуудлага ирэхээр нь чих тавьж сонсоод л. Дотроо болохоор энэ хүн дахиад намайг хуурвал шууд сална гэж занаад л. Бурхан минь би хүнд муу юм ч санаж чаддаггүй байсан шүү дээ. Тэгтэл хажууд байгаа хань ижлээ ингэж муухайгаар бодоод байх юм. Бид 2 хувьд хэрүүл маргаан бараг гардаггүй. Өдий хүртэл нэг ч хэрэлдэж хэн нэгнийгээ янз бүрээр харааж байсангүй. Асуудал гарахад нэг нь туниад л нөгөө нь аргадаад л эвлэрдэг. Нэгнийгээ чи ч гэж хэлж чаддаггүй. Хайр өөрөө тэгсэн биз дээ гэх мэтээр ярьдаг. Манай хүн тэр үед маш их харамссан. Дахин янз бүрийн асуудал гаргаагүй. Гэвч би өөрөө болохгүй байна. Тэр хүнийг байнга хардаад байна. Мэдээж ил цагаан хардаад байдаггүй. Юу хийж байгаа бол энэ танихгүй дуудлага хэн юм бол намайг хуурсан байвал ингэж хэлнэ дээ, шууд сална гэх мэтээр өөрийгөө зовоогоод байх юм. Би нөхрийнхөө хуурсан тэр асуудлыг дахин нэг ч сөхөөгүй. Уучилсан бол уучилсан гээд мартахыг хүссэн. Гэтэл сэтгэл зүрх минь ялзарчихсан юм шиг муу муухай юм л бодоод байх юм. Энэ сэтгэлээ яах вэ? Хөөрхөн үрээ хараад ийм хоосон муухай бодлоосоо ичэх юм. Над шиг ийм байдалд орсон бүсгүйчүүд байвал сэтгэлээ хуваалцаарай…