Уран зургийн галерей хэмээн бидний нэрийддэг дүрслэх урлагийн сан хөмрөгт 2009 оны тавдугаар сарын 19-ны өдөр томоохон гал гарсан нь өнөөг хүртэл энэ салбарт тохиосон хамгийн том гарз хохиролд тооцогдсоор байна. 

Энэ галаар 1921-1990 оны үед хамаарагдах 106 уран зураг бүрэн шатаж, 78 зураг 50-80 хувь шатаж, 88 зураг танигдах боломжтой, 652 зураг их хэмжээний сэргээн засвар шаардахуйц байдлаар гэмтжээ. Товчхондоо, энэхүү галаас үүдэж Уран зургийн сан хөмрөгийн фондын 50 хувь устаж үгүй болсон аж. Энэ түймэрт Г.Төмөр-Очир зураачийн “Намрын уянга”, Г.Одонгийн “Морьтон баатрууд”, Н.Цүлтэмийн “Мартагдашгүй уулзалт”, Г.Дунбүрээгийн “Оторт”, “Монгол транс”, О.Цэвэгжавын “Партизан цэрэг элсүүлэлт”, “Анхдугаар их хурал”,

“Гүү саалт”, С.Саранцацралтын “Дурлалд цөлөгдөхүй”,  Г.Лхагвасүрэнгийн “Цэнхэр үдэш, нууцат алим” зэрэг бүтээлүүд бүрэн шатаж үгүй болсон байна.

Хамгийн сонирхолтой нь тухайн үед энэ галаас үүдэлтэйгээр устаж үгүй болсон гэх зургуудыг 2008 оны 7 сарын 1-ний хэргээс болсон мэтээр ойлгогдохуйц мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч байсан нь цагаан дээр хараар тэмдэглэгдэн үлджээ. Өөрөөр хэлбэл, 2009 онд гарсан галын хохирлыг 2008 он руу чихсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Уран зургийн сан хөмрөгийн эрх мэдэлтнүүд хамтран гаргасан бололтой юм. 

Үнэн хэрэг дээрээ 2008 оны 7 сарын 1-ний үймээнээр уран зургийн галерейн фонд шатаагүй бөгөөд зөвхөн коридорт байсан цөөн  хэдэн зураг өртөж, өөр бусад тавилга, компьютер сэлт эвдэрсэн, хэмхэрсэн асуудал гарсан байна. Тодруулбал, тус үймээний үеэр Зураач н.Шагдарсүрэнгийн “Хүрэн морь”, Л.Доржийн “Толгойгоо эргүүлж буй морь”, Л.Чуваамидийн “Их жанжин Сүхбаатар”, Д.Гомбожавын “Ямаа” зэрэг нийт 140 мянган төгрөгийн үнэ бүхий дөрвөн ширхэг уран зураг устаж үгүй болжээ. Үүнийг ч бас яг  таг тогтоогоогүй агаад Уран зургийн галерейн удирдлагуудын өгсөн мэдээллээс үндэслэн ийм дүгнэлтийг гаргажээ.

Ерөнхийдөө Уран зургийн галерейн зүгээс олон нийтэд мэдээлэхдээ 2008 оны 7 сарын 1-ний үймээний улмаас галерейн фонд шатаж, зургууд устаж үгүй болсон мэтээр тайлбарласан нь хардлага төрүүлэх хамгийн эхний үндэслэл болж байна.

Баримт сөхвөл, 2009 оны 5 сарын 19-ны гал гарахаас өмнө тус галерейн захирлаар н.Энхцэцэг гэх хүн ажиллаж байсан агаад тухайн үед А.Чадраабал шинэ захирлаар томилогдон очоод удаагүй байжээ. Шинэ захирал томилогдоход сан хөмрөгтөө тооллого хийж, данс тооцоогоо хүлээлцдэг тэр л журмын дагуу  энэ үед ажил хүлээлцэх, сан хөмрөгт тооллого хийх  явцад уг гал гарчээ. Тооллого явагдаж байхад ийнхүү гал гарна гэдэг эрүүл ухаанаар бодох аваас хэн ч хардахаар зүйл яах аргагүй мөн гэдэгтэй цөөнгүй хүмүүс санал нийлж буй. Тэдний хэлж байгаагаар бол Уран зургийн сан хөмрөгийн өмнөх удирдлагууд галаас өмнө маш олон үнэ цэнэтэй бүтээлүүдийг хулгайлж, сольж хольсон, хуулбарласан болох нь тооллого бүртгэлээр илрэх гээд ирэнгүүт галыг санаатай тавьсан болов уу гэж харддагаа өдгөө ч санал нэгтэйгээр илэрхийлсээр байгаа юм. 

Уран зургийн сан хөмрөгөөс хэн нэгэн зураачийн алдартай бүтээл алдагдах, хуулбарлагдах гэх мэт тохиолдлууд өмнө нь олонтоо гарч байсан ч салбар яам, хууль хяналтын байгууллага тухай бүрт дорвитой арга хэмжээ авалгүйгээр тэгэсхийгээд өнгөрөөдөг байжээ. 

Баримт сөхвөл,Төрийн өмчийн хорооны 2003 оны улсын нэгдсэн бүртгэлийн баримт материалаас дутсан уран бүтээлийн жагсаалтад: Ж.Болдын “Зохиомж” (1995), Д.Гунгаагийн “Төрийн багана” (1990) , Ү.Ядамсүрэнгийн “Ардын ерөөлч” (1975) гэх мэт нэр бүхий гурван зураасан зураг, Н.Амгаланбаатарын “Өглөө” (1992), Р.Ариунболдын “Хөрөг” (он байхгүй), Д.Болдын “Зохиомж” (1993) , Г.Одонгийн “Хавар” (1989), Г.Дунбүрээгийн “Фронтод бэлэг” (1977), О.Цэвэгжавын “Гүүн зэл, гэр тэрэг” (1999), О.Цэвэгжавын “Ядуу амьдрал” (он байхгүй),  Ц.Жамсрангийн “Шинэ цас” (1986) гэх мэт нэр бүхий  19 зураачийн 19 уран зураг багтаж байгаа бол Улс аймгийн музейн үзмэрийн 2007-2009 оны тооллогоор Намхайдагвын “Ороо морь” (1961), “Шулам ихэдвэл” (1961),  “Муур багш” (1961), Л.Гаваагийн “Намын ахмад гишүүн Гэндэн” (1971), Д.Амгалангийн “Мод” (1958),  Ц.Жамсрангийн “Хүчтэй сарлаг” (1983), “Хуучин гудамж” (1959)  гэх мэт 20 зураг Уран зургийн сан хөмрөгөөс алга болсон болох нь тогтоогдож байжээ.

Мөн БСШУ-ны сайдын 2009 оны 4 дүгээр сарын 17-ны 137 тоот тушаалын дагуу Уран зургийн сан хөмрөгт хийсэн тооллогоор Зураач Б.Чогсомын “Улаанбаатарт” (1961), М.Цэмбэлдоржийн “Сүүдэрт” (1978), Л.Гаваагийн “Туул гол” (1955), Ц.Жамсрангийн “Хараагийн хөндий судалбар” (1967), М.Бүтэмжийн “Эрдэнэтийг дархлагчид” (1977), Л.Гаваагийн “Уул” (1985)  зэрэг нийт 559 мянган төгрөгийн үнэ бүхий зургаан уран зураг мөн адил дутсан болох нь илэрсэн байна.

Дээр өгүүлсэнчлэн, А.Чадраабал, н.Энхцэцэг нар ажлаа хүлээлцэх үеэр буюу 2009 оны 5 сарын 14-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн Уран зургийн сан хөмрөгт явуулсан тооллогоор Б.Чогсомын “Улаанбаатар” (1961), М.Цэмбэлдоржийн “Сүүдэрт” (1978),  Л.Гаваагийн “Туул гол” (1955),  М.Бүтэмжийн “Эрдэнэтийг дархлагчид” (1977), Г.Дунбүрээгийн “Намар” (1975), Б.Тулгын “Зүүд” (1999),  Д.Батжаргалын “Бүрээ, бөмбөрийн дуу” (1979),  Г.Одонгийн “Цагаан элс”, Н.Арвисын “Дээж” (1986), О.Цэвэгжавын “Гавьяат эмч Д.Дэнсмаа” (1963),  Ү.Ядамсүрэнгийн “Гавьяат хуульч, дэслэгч генерал Цэдэн Иш” зэрэг нийт 30 сая 665 мянган төгрөгийн үнэ бүхий 106 зураг сох дутжээ.

БСШУ-ы сайдын 2009 оны 5 сарын 8-ны өдрийн 193 тоот тушаалаар ажил хүлээлцэх комиссын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ц.Энхжин, Б.Чогсом, Ц.Нарангэрэл гэх мэт зураачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тухайн үед гарч Уран зургийн сан хөмрөгт байгаа бүтээлүүдийг хянан шинжилж, эх бүтээл мөн эсэхийг тогтоох ажил явагдсан байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу