Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гаргасан.

Энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, ирээдүйн хотын дүр төрх, инженерийн шийдлийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир "1220 онд Их эзэн Богд Чингис хаан зарлиг гаргаснаар Хархорум хот байгуулах санаачилга эхэлсэн байдаг. Уг хотыг Өгөөдэй хааны үеэс байгуулж, Гүюг, Мөнх хаан тэргүүтэй Монголын бусад хаан энэ үлгэрийг үргэлжлүүлсэн. 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Чингис хааны зарлигийг энэ цаг үед үргэлжлүүлж, биелүүлж байгаа хэрэг гэдгийг ойлгох ёстой.

Их эзэн Чингис хааны үзэл баримтлал, итгэл үнэмшлийг энэ цаг үед аж төрж буй монголчууд бид үргэлжлүүлэх нь журамт үүрэг. Иймд захиас зарлигийг биелүүлж, энэ хотыг барьж байгуулах учиртайг нэгдүгээрт онцлон тэмдэглэе.

Орхоны хөндий нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төрт улсаа байгуулж байсан олон нүүдэлчин үндэстэн, ард түмнүүдийн өөрсдийнхөө нийслэл хотыг байгуулж байсан хамгийн чухал газар орон юм. 

Хүннү гүрний Луут хот, түүнээс хойш Түрэг, Уйгурын Хар балгас, мөн Хархорин тэргүүтэй нүүдэлчдийн төрт улсуудын нийслэл Орхоны хөндийд байсан юм. Энэ газар нутагт оршиж байгаа төрт улс нь өнөөгийн бидний ойлгодгоор төрөө тунхаглаж, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дотоод, гадаадын улс иргэнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд энд нийслэл хотоо байгуулж байв. Иймд бид олон мянган жилийн түүхтэй нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг баримтлан Хархорум хотоо сэргээн байгуулах учиртай. Энэ бол хоёр дахь шалтгаан болно байх.  

Удаах шалтгаан нь тухайн цагтаа Хархорум хот бол дэлхийн нийслэлийн хэмжээний том хот байсныг мэднэ. Дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн газар орныхоо нэр хүндийг сэргээх, Монгол Улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтийг олон зууны туршид тэмдэглэгдсэн нэр хүндтэйгээ холбож хөгжүүлэн олон улсад сурталчлах зэрэг чухал үйл хэргүүд бий" гэсэн юм. 

"Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг"

Хархорум хотыг сэргээн байгуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт нь өнөөдрөөс эхлэн 2024 оны наймдугаар сарын 2-ны хооронд явагдах юм байна. Шалгаруулалтад дотоод, гадаадын байгууллага, баг оролцох боломжтой бөгөөд оролцогчид мэргэжлийн есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Бүртгэлийг нэг сар, үзэл баримтлалыг гурван сарын хугацаанд боловсруулахаар удирдамжид заажээ.

Шалгаруулалт гурван үе шаттай бөгөөд оролцогчдын бүтээлийг цахимаар болон үзэсгэлэн гаргах замаар олон нийтэд танилцуулж санал авна. Эцсийн шалгаруулалтыг дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан комисс дүгнэж, шилдэг таван багийг шалгаруулах юм.

Улмаар шилдгүүдийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулахаар төлөвлөөд байна. Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг байх юм.

Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.

"Шинэ Хархорум хотыг дагаад ₮2 их наядын хүнсний эрэлт гарна. Түүнийг ойролцоох аймгуудаас хангах эдийн засгийн нөөц боломжтой"

"Шинэ Хархорум" хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх гол хот болно гэж тооцоолж байна. Энэ тохиолдолд багадаа 2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хүнсний эрэлт хэрэгцээ гарна гэдгийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай хэлж байв. Мөн уг хэмжээний эрэлтийг Баянхонгор, Архангай зэрэг бусад аймаг хангаж, эдийн засгийн асар их нөөц боломжийг бий болгоно гэж харж байгаа гэлээ.

Сэргээн байгуулах тус хотод төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн байна. Тухайлбал хот төлөвлөлтийн талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.