УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хурал өнөөдөр болж, тавдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонсжээ. 

Энэ талаар хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бүлгийн хуралдааны үеэр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ долоо хоногт УИХ-ын 20 гишүүн өргөн барьсан хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байна. Таван үндсэн асуудал хөндсөнөөс гурвыг нь дурдъя.

Нэгт Эрүүгийн хуульд худал мэдээлэх гэх гэмт хэрэг бий. Энэ хуулийн заалтад "хуулийн этгээдийн алдар хүндэд халдсан бол" гэдэг өгүүлбэр бий. Эрүүгийн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хуулийн этгээдийг ашиглаж төрийн байгууллагууд иргэнтэй заргалддаг жишиг тогтоод нэг бус шүүхийн шийдвэр гарч, цөөнгүй иргэд ял шийтгүүлсэн.

1992 оны Үндсэн хуулиар ардчилсан либерал гэж тунхагласан. Энэ үзэл санаагаар бол төр иргэнтэйгээ өрсөлдөхүйц нэр төртэй байхыг хориглодог. Хуулийн этгээд гэх нэр томьёог ашиглах байдлаар төр иргэнээсээ давсан нэр алдартай байх гажуудсан байдал бий болсон. 

Ардчилсан улсад төр хуулийн этгээдийн эрхийг зөвхөн иргэний маргаанд эдэлдэг. Гэтэл эрүүгийн эрх зүй дээр төр үүнийг ашиглах гэж оролдож буй байдлыг халахын тулд эрүүгийн хуульд заасан "хуулийн этгээд" гэх ойлголтод төр хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа. 

Хоёрт "нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар" гэсэн хэмжих боломжгүй, тодорхой бус ойлголтыг 2017 онд Эрүүгийн хуульд нэмж өгсөн. 2015 онд социалист ийм ойлголтыг халсан байсан. Шүүхийн гарч байгаа бүх шийдвэрт нийгмийн хор аюулыг үнэлж гэх байдлаар шийтгэх тогтоол уншиж байгаа. Энэ ойлголтыг хална. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэдгийг хэмжих боломжгүй. Ийм хэт субъектив зүйлээр иргэдийг яллаж буй байдлыг эрүүгийн хуулиас халахаас өөр аргагүй.

Гуравт Эрүүгийн хуульд “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Энэ заалтыг хэт хавтгайруулан хэрэглэснээс болоод нууц хадгалах үүрэггүй этгээдүүд хүртэл шийтгэгдэх жишиг тогтсон. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээ, сэлт гэх ойлголтыг нууц хадгалах үүрэг бүхий албан тушаалтан, хууль сахиулагч нарт үүрүүлж байна. 

Хэн ч гэсэн мэдээд түүнийг ил болговол ганцхан тохиолдолд хариуцлага тооцно. Тэр нь нууцалсан гэрч. Нууцалсан гэрчийг мэдсэн этгээд эрүүгийн хариуцлага хүлээж байна. Хавтас хэрэгт байгаа мэдээ, үйл явц, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээллийг мэдээлсэн иргэн энэ хууль баталсны дараа гэмт хэрэг гэж үзэж хариуцлага хүлээхгүй" гэв.