Монгол төрийн түүхэн замнал, их хаадын үр хойчис

 

Монгол угсаатны төрийн эрх /төр улс анх үүссэн цаг үеэс эхлэн үзэх, судлах аваас/ ямар ямар хүмүүсийн гарт хэзээ, хэзээ байж, тэд юу юуг хийж хэрэгжүүлсэн юм бэ? Бусад улс оронтой харьцуулах аваас тэдэнтэй ерөнхийдөө адилавтар байсан уу, эсвээс онцлог, өвөрмөц, ихээхэн ялгаатай байсан уу? Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн, Сүмбэ, Нирун, Кидан, Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн /Их, бага хаадын үе/, Манж Чин гүрний вассал, Богд хаант Монгол улс, Хятадын Автономит муж,БНМАУ, БНМУ гэхчилэн товчоолон үзэх аваас энэхүү шугам даган улиран үлдсээр ирсэн төр ёсны уламжлал гэж юу юу байна вэ? Анхны хаад, язгууртан, сурвалжит гэр бүлийн үл тасарсан угсаа, гарваль, залгамжлагын талаар юу хэлж болох вэ?...

 

Монголчуудын цаг цагийн улс төрийн сэтгэлгээ, төрийн тогтолцооны талаарх онол, сургаал, туршлага хэр зэрэг судлагдсан юм бэ? Энэ талын өв,уламжлал, эдүгээх залгамжлал хэмээж юу юу өгүүлж, иш татаж болох вэ? Чингис хааныг II мянганы сод хүнээр тодруулахдаа түүний үйл хэрэг, үзэл санааг хэр зэрэг судалж, үнэлж, ил тод болгосон юм бэ? Судалгаа, үнэлгээ нь түүхэн үнэн, тэр цаг үеийн нь улс төрийн байдалд хэр нийцтэй, зөв хандлагатай, элдэв зүсмийн субъективизмээс хэр хол, чөлөөтэй байна вэ?...

 

Өмнө дурдсан дээр нэмээд өөр олон асуулт тавьж, өөр олон өнцгөөс хандаж сонирхож ч болох билээ. Монгол угсааны жижиг, том аймгууд нэгдэж Хүннү улсыг байгуулсан үеэс эхлэн үзэх аваас эртний Монгол улсад хаадууд, тэдний удам залгамжлагчид, сурвалжит язгууртнууд, том жанжид олон байжээ. Тэд төрийн тогтолцоог бүрдүүлж байж. Хэмжээгүй эрхтэй хаант төр улиран үлдсээр, улс орон нэгдэж томорсоор, задарч жижгэрсээр, хааяа хааяа хүчирхэгжиж эзэнт гүрэн болсоор иржээ. Их Нирун улсын төрийг мөхөөж Түрэг, Уйгар, Киргизийн төр засаг Монголын өндөрлөгт ноёрхох болсон цаг үе ч бас тохиожээ. Монгол угсааны улс төрийн жижиг нэгжүүд нэгдэж хүчирхэгжээд XIII зуунд дэлхий дахиныг /тэр үеийн/ бүхэлд нь шахам хараа нөлөөндөө авсан хэт том Эзэнт гүрнийг ч байгуулжээ. Мөнхүү эзэнт гүрэн задран задарсаар эцэстээ Манж Чин гүрний вассал болж ч явжээ. Манж Чин гүрний төр доройтож мөхөх үед Монголын язгууртнууд, ноёдууд босож тэмцээд Богд хаант Монгол улсыг байгуулжээ. Гэвч Орос, Хятадын төрийн нууц тохиролцоонд автаж аргагүйдэн Хятадын автономит муж болжээ. Орос ба Хятад дахь үймээн самууныг ашиглан Монголд орж ирсэн гамин цэргийн хүчийг бут цохиж Богд хаант Монгол улсыг сэргээн байгуулж чаджээ. Оросод ялсан пролетарийн хувьсгал болон Коминтерны нөлөө, дарамтын улмаас Богд хаант Монгол улс 1924 онд БНМАУ болж хувьсжээ. Орос дахь коммунист байгуулал, Монгол дахь “капиталист бус хөгжил” мухардалд орсноор улс төр-эдийн засгийн амьдралд ардчилсан өөрчлөлтүүд хийгдэж БНМАУ маань БНМУ болж хувирчээ. Ихэд товчилж үзүүлэх аваас Монгол угсаатны улс төрийн түүх ийм болой.

Их Хүннү гүрний задран мөхсөн, бутран сарнисны гол шалтгаан, шийдвэрлэгч хүчин зүйл нь Хятадын Хан улсын гадаад бодлогын хүч, ялалт мөн байв. Энэ цагаас эхлэн Монгол угсааны аймгуудын цаашдын нэгдэл ба хүчирхэгжилтэнд Хан улс байнгын хяналт тавих болжээ. “Зэрлэгүүдийг зэрлэгүүдээр нь, нүүдэлчдийг нүүдэлчдээр нь цохиулж, тэдний хооронд байнга яс хаях, нүүдэлчдийн хоорондох харилцааг байнга дайны байдалд барьж байх” хэмээсэн хятад хаадын үе улиран дамжуулж гаршсан хорон бодлогын улмаас монгол угсааны аймгууд нэгэн мянган жилийн туршид төв Азийн түүхийн тавцанд товойн гарч ирж эс чаджээ. Сүмбэ ба Нирун улсын үед ч гэсэн их Хан улсын гадаад хорон бодлого, явуулгын торон дотор Монголчууд хашигдсан янзаараа байлаа. Түүхэн хөгжлийн явцаар түрэг угсааны аймгууд нэгдэж, хүчирхэгжиж ирэх үедээ мөн л хятадын хаадуудын хатгаасаар түрэгүүд эн тэргүүнээ Монгол Нирун улсад халдан довтолжээ. Харин XII зууны эцэс үе рүү төв Ази дахь улс хоорондын хүчний харьцаа Монгол угсааны ханлигууд, олон аймгуудад ашигтайгаар эргэснийг Тэмүүжин тэргүүтэй хүмүүс ухаалгаар ашиглаж чадсан байна.

 

 

 

Сарнин бутарсан хэрнээ хүчээ дор бүрэндээ сэлбэсээр ихээхэн засрал олж бас ч олон ханлигуудыг үүсгэн толгой өндийлгөсөн Монголчуудыг Тэмүүжин зохисон, оносон аргуудаар хураан нэгтгэж, өргөн дэлгэр газар нутагтай, өвөрчилж тогтоосон хил хязгаартай, төв төртэй, тэргүүлсэн хаантай, хүчирхэг армитай, бултаараа сахих хууль цаазтай, төрийн бичиг үсэгтэй болгожээ. Энэ бол Монгол угсаатны өмнө байгуулсан түүний түүхэн их гавьяа юм.

 

 

 

Их улс гүрний шинж, байдлыг баттай олж зүгшрэн төлөвшсөн Монгол улс хилийн чанад дахь дайсагнагч улс орнуудыг даран номхруулж, мөн энх тайвнаар зэрэгцэн оршихуйн их хуулийг зөрчиж аллага яргалал үйлдсэн харь улс орны хаад, ноёдыг яллан цээрлүүлжээ. Тэр их аян дайны явц ба төгсгөл рүү түүний логик үр дагавар болон олон дэвшилттэй үйл явдлууд бас өрнөжээ. Олон хэсэг болон хуваагдаад олон зууныг дамнан /мянга гаруй жил/ эгэл тариачдын хөлс, цусаар гараа угааж суусан хятад ханлиг, ванлигуудын том толгой ноёдыг номхруулан нэгтгэж алсдаа далай их Хятад улс, хятад үндэстэн төрөх, өндийхийн нөхцөл ба зайлшгүйг Монголчууд бас үүджээ. Хягадын түүхчид ийм үр дагавар гарсныг хүлээн зөвшөөрч үүнийг ихээхэн дэвшилттэй үйл явц хэмээн эдүгээ үнэлэх болжээ. Бие биесээ оторлон, дов довондоо хаан, ван гэгдэж угсаа гарал нэг гэдгээ умартан дайтан, довтлолцож суусан Оросын олон “том толгойт” жижиг вант улсуудыг сэрэх,цочих, биесээ таних, нэгдэж нийлэх шахамдуу хэрэгцээг мөн л Монголчуудын дээр дурдсан “Их санаачилга” олгосон гэж хэлж болно.

 

Эргэн тойрондоо, өөрсдийн харилцах орчиндоо энхийг тогтоох, хэвийн иргэшсэн харилцааг зуршуулахын төлөөнөө эхэлсэн монголчуудын их аян дайн нь явц дундаа “Эцсийн далай хүртэлх газар, оронд энхийг тогтоон журамлах” зорилгод дэвшин орсон нь мөнхүү анхны зорилтын хэрэгжих зайлшгүй, логик үргэлжлэл, төгсгөл мөн байлаа. “Дэлхий нийтийг бүхэлд нь хамарсан энх тайвнаар зэрэгцэн орших бодит боломжийг хэрэг дээр нь бүрдүүлэхийн тулд хүн төрөлхтнийг арьс өнгө, хэл, соёл, шашин шүтлэг үл ялгаварлан бүгдийг нэгэн захиргаанд оруулах ёстой” гэсэн Чингис хааны шинэчлэгч, дэвшилтэт үзэл, санаачилга нь ганцхан түүний бодол шийдвэр огт биш, харин тухайн цаг үеийн хэд хэдэн том орон, гүрнээс аялан ирээд Монголын хааны дэргэд шадарлан ажиллаж, түүнд үнэнчээр зүтгэж, байнгад зөвлөж асан Ази, Европын тэр үеийн томоохон сэхээтнүүдийн оролцож боловсруулсан хамтын бүтээл, нийтээр шахам хэлэлцэж гаргасан зорилтот программ мөн байв. Азид ч тэр, Европод ч тэр олон олон том толгой хаан, хан, вангуудын хоорондох үл тасран үргэлжлэх их дайн самууны хөлд талхлагдсаар цөхөрч гүйцсэн Хятад Орос, Хорезмын жирийн тариачид, гар урчууд ба нүүдэлчдийн хувьд нэгэн их хааны байнгын хатуу засаглалыг авч ирэх мөнхүү бодлого, санаачилга нь авралын ганц зам, гарц болон ойлгогдож байсан ч байж болох билээ. Чингисийн их цэрэгт олон хот, улс бууж өгч, дагаар орж, олон улс орон түүний шаардлагын дагуу алба барьж, холбоотны гэхээр статус олсоор байсан нь Чингис хааныг нэн их муугаар үнэлж, түүнээс зөвхөн л айж сүрдэж байсны илрэл лав биш гэлтэй. Магадгүй тухайн цаг үеийн нийгмийн хэрэгцээ, шаардлагын дагуу ирэх цагийн олон олон дайн самууныг хазаарлан зогсоож, шашин шүтлэгийн үндсэн дээр удаж төдөлгүй гарах гэж байсан барууны хоёр их шашинтнуудын хоорондын хядалцааныг боломжгүй болгох хүмүүн төрөлхтөнд азаар заяасан ганц гарц ч Монголчуудын энэ их аян дайн байсан байж болно. Чингисийн дотны зөвлөхүүд дотор, түүний урьж залж ирүүлэн санал, зөвлөлгөөнийг нь сонсож асан хүмүүсийн дотор мөнхүү гарцыг олж хараад уг зам руу Монголын их хааныг түлхэн гаргасан их тактикч, суут стратегич нар ч бас байсан байж болох талтай. Чингис хааны мөнхүү өргөн их чөлөөт сэтгэлгээ, түүнээ хэрэгжүүлэх гэсэн практик үйл ажиллагаа нь тэр цагийн үхширмэл, царцанги, консерватив үзэл санаа, хүчнүүдтэй хаа сайгүй халз тулгарч ихэнх заримыг нь мөргөлдөөний явцад хөнөөжээ...

 

Их Монгол улс нь хэрэг дээрээ Чингисийн дээр дурдсан үзэл, санаачилгын бодит биелэл, хэрэгжин буй туршилтынх нь талбар мөн байв. Их Монгол улсын төрөөс иргэдийг засаглахдаа тэдгээрт алив нэгэн суртал ба шашныг тулгаж, хүчирхийлж ер байсангүй. Төр ба иргэдийн хоорондох захирах, захирагдах үүрэг, хариуцлага нь иргэн хүний үзэл бодол, итгэл бишрэлээс ер үл шалтгаална гэдгийг бүр анхнаасаа сахин журамлаж, цаашдаа төрийн Их засаг хуульд тусгаж баталгаажуулсан байна. Чухамхүү иймийн учир Их Монгол улсыг улс төр, соёл, шашны чөлөөт плюрализм дээр суурилан босож өндийсөн олон угсаатны улс, харин Монголын эзэнт гүрэнг мөнхүү плюрализмд тулгуурласан олон үндэстний холбооны улс байв хэмээн нэрийдэж болох билээ.

Монгол угсаатнуудын байгуулсан улс орон улс төрийн ийм түүхэн замналыг туулж өнгөрөөх явцдаа ойр зэргэлдээ, хил залган оршин байсан улс орнуудын хувьд сайнаар дурсагдах зүйл ч олныг хийж, бас муугаар үнэлэгдэх зүйл ч цөөнгүй үйлджээ. Улс хоорондын харилцааны эрт цаг үеийн бүдүүлэг, мөхөс, хүмүүнлэг бус шинж, байдлыг тооцон үзэх аваас ойлгож, тэвчиж ч болох, бас буруутгаж ч болох зүйлс олон тохиолджээ.

 

 

Ямар ч болов зөвхөн ганц талаасаа бус тал тус бүрээсээ элдвээр нөхцөлдсөн, үүсэж урхагшсан өс хонзон, үзэн ядалт, болгоомжлол Монгол, Хятад, Манж, Төвд, Орос, Түрэг угсааны нүүдэлчдийн хооронд буй болсоор улс төрийн харилцаанд нь ил, далд ужигран оршсоор, эцэс сүүлдээ эдгээр улсын төрийн хар хайрцагны бодлого, байнгад сахигддаг нууц санаархал, оролдлого болж үлдсэн нь нэгэн түүхэн үнэн юм.

 

 

 

Монгол угсааны нүүдэлчид тэднээр удирдуулсан олон хэлний нүүдэлчид Төв Азийн өндөрлөгөөс ихэнхдээ баруун, баруун өмнийг зүглэн хэдэнтээ их нүүдэл хийж евроази, зүүн европыг сандчааж, томоохон өөрчлөлтүүдийг үүдэж байсан нь ч түүхэн үнэн болно.

Өмнө товч дурьдсан шалтгаануудын улмаас дэлхий нийтээр нүүдэлчдийг ихэнхдээ л сөргөөр үнэлж, тэдэнд таагүй хандаж, нүүдэлчдийн түүхийг бага сонирхож тойм төдий л дурьдсаар ирсэн нь бас нэгэн үнэн билээ. Чухам иймийн учир нүүдэлчдийн түүх бичлэгт цагаан зай ч их, тодорхойгүй зүйлүүд ч олон, худлаа зүйлүүд, элдэв гуйвуулга, гажуудал ч их байдаг ажээ.

Хүннү, Сүмбэ, Нируны үед хааны сэнтийн төлөөх өрсөлдөөн хэр их байсан, тэмцэл нь юунд хүргэж байсан талаарх мэдээ, баримт хомсын дээр ихэнх нь бидний үед хүрч ирсэнгүй. Харин XIII зууны эхээрх өрсөлдөөн, Өгөдэй, Мөнх хааны дараах өрсөлдөөн, мөн Хубилайн дараах /бага хаадын үеийн/ өрсөлдөөн, тэдгээрийн муу үр дагаврын тухай мэдээ, баримт олон буй.

 

Чингисийн хөвгүүд, ач нарын хоорондох үл ойлголцол, тэмцэл Монголын эзэнт гүрнийг нураасан бол тэдний хойч үейнхэн Их Монгол улсыг мөхөөж Чингис хааны асаасан гал голомтыг унтраажээ. Чингиснээр Монголчууд Манж Чин гүрний вассал болж жижгэрсэн байна. Харин баруун монголчууд бараг зуу шахам жилийн туршид тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэж тулалдсаар байжээ. Монголын эзэнт гүрнийг задлах, Их Монгол улсыг мөхөөх, монголчуудыг баруун зүүнээр нь, ар өврөөр нь, хаан жононгоор нь хагалан бутаргах, хооронд нь яс хаяж дайтуулах, нэгээр нь нөгөөг цохиулах, эцсийн дүндээ газар нутгийг нь хуваан авч эзэгнэх зорилгоо ойрхны хөршүүд маань XIX зууны эцэс, XX зууны эхэн гэхэд бүрэн хэрэгжүүлчихсэн байв.

Улс төрийн эрх мэдэл, эдийн засгийн амьдрал нь харь улсын эрхшээлд орчихсон, ард түмний оюун санааны амьдрал нь шарын шашны нөлөөнд гүнзгий автчихсан, хүн ам нь цөөрч нөхөн үржих чадавх нь жилээс жилд доройтсоор байгаа монгол угсаатныг мөхөж буй улс орон гэж үзэх, үнэлэх болчихсон байлаа.

Манжийн хаад, Хятадын ноёд, түшмэдүүд, Төвдийн том толгой лам нар, Оросын хааны ордныхон эрт цагийн ялагдлын өс хонзон өвөртөлж ойр хоорондоо ил далд үгсэн хуйвалдацгааж Чингисийн Монголыг “инээж байгаад долоож барлаа” хэмээлдэн дор бүрэндээ баясацгааж байжээ. Тэгэвч ТҮҮХ Ар монголыг ивээж, тэтгэж хандсан билээ.

 

 

Нүүдэлчдэд тийм ч юм байгаагүй, ийм ч юм байгаагүй, тийм юм дөнгөж л буй болж байсан, нүүдэлчдийн хувьд гар урлал, газар тариалан ч байгаагүй гэх мэтийн үгүйсгэл энэ талаар ямар ч мэдлэггүй, судалгаагүй хүмүүсийн амнаас хэдэн зуун жилийн туршид гарсаар байлаа. Мэдэхгүйн улмаас л ингэж ярьж, үгүйсгэж ирснийг хүн төрөлхтөн эдүгээ мэддэг, ойлгодог болов. Үгүйсгэсээр ирсэн зүйлүүдийг нь няцаах биет олдворууд уван цуван олдсоор байгаа нь зарим “их мэдээчдийг” бүр гайхшруулах болжээ.

 

 

Яг хэрэг дээрээ бол хүмүүс суурин амьдарч соёлыг бүтээж иргэншдэг, нүүж амьдарсан ч соёлыг бүтээж иргэншдэг нь үнэн юм. Оршин байж, аж төрөх өөр арга зам байхгүй. Энэ бол оюун ухаантай амьтны оршихуйн жам ёс, хууль ажээ.

Суурин аж төрж ирсэн хүмүүс нүүж аж төрж ирсэн хүмүүсийхээ ололт, амжилтыг таних, судлах ажил тун муу хийгдсээр байсан нь одоо тодорхой болжээ. Нэг цэг дээр хадагдаж амьдрахын давуу тал гэж байхын зэрэгцээ нүүж амьдрахын давуу тал гэж байдаг нь ч ойлгомжтой болсоор байна. Аль алиныг нь мэдэх, судлах, ашиглах нь хүн төрөлхтөнд хэрэгтэй юм.

 

Европ дахин нь Ази дахинаа мэддэггүй, Ази дахин нь Европ дахинаа мэддэггүй байдал багаар тооцоход л XIII зуун хүртэл архаг байдлаар үргэлжилжээ. Тун ч товчхоноор хэлэхэд XIII зуунд Монголчууд илүү мэдээлэлтэй байснаар тулалдаан бүхэнд ялж харин Европчууд мэдээлэлгүй шахам байснаас ялагдаж байв. Энэ байдалтай холбогдуулан дүгнэх аваас нүүдэлчид бол цэрэг-дайны хэрэгт мэдлэг, мэдээлэл, соёлоор эсрэг этгээдүүдээсээ дутах юмгүй, бүр давуу байсан нь үнэн болно. Гэр сууц, доторх хөнгөн тавилга, үстэй дээл, Монгол гутал, ясан хяртай модон эмээл, хялгасан ногт, суран хазаар тэргүүтнийг хараад л нүүдэлчдийг голох, үл тоомсорлох нь “их зантнуудад” мөн ч том хохирол учруулсаар иржээ. Жишээ нь Хятадын улсуудын хаад, жанжид Монголын нутгийн хойд хэсэгт байсан хүн ард, нөөц баялаг, зэр зэвсгийн дарханы газрууд, төмөрлөг хайлуулах төхөөрөмж, зуух зэргийг ер мэддэггүй байсаар олон зууныг өнгөрөөжээ. Багаахан дайн, довтолгоонд ашиглаж байсан хөнгөн морин цэргийн байр, байдлаар л Хятадын жанжид Монголчуудын цэрэг-дайны потенциалыг ойлгодог байжээ. Учир нь тэд Монголын газар нутгийн хойд хэсэг хүртэл довтлон орж эзэлж байсан нь ер үгүй билээ.

 

Өвөг монгол хэлээр ярьдаг Монгол угсааны нүүдэлчин, анчин аймгууд нь газарзүйн байршлын хувьд тун ч таатай гэхээр орчин, нөхцөлд /бараг л бүх түүхийнхээ туршид/ байгалийн талаасаа ч, нийгмүүдийн галаасаа ч аюулгүй шахам байсаар олон мянганыг үджээ.

Монголчуудын чөлөөтэй нүүдэллэн аж төрж байсан дэвсгэр нутгийн хэмжээ ихэнхдээ л 3-5 сая орчим километр квадрат хэмжээтэй байсан ба бүх талаасаа байгалийн саад, халхавчаар үрээлэгдсэн байв. Нутгийн хойд талаар Сибирийн ой тайга, гол мөрөн, намаг, өмнө талаар их говь цөл, усгүй орчин, элсэн манхнууд байсан бол баруун ба зүүн талаар нь хүн ам цөөтэй нүүдэлчид л аж төрж байлаа. Ийм таатай нөхцөл нь цэвэр нүүдэлчдийн гэж болохоор өвөрмөц соёл-иргэншлийг олон зууны туршид үүдэж, төлөвшүүлжээ.

Нийтийн тооллын өмнөхөн болон дараахан гэхэд л суурин иргэдийн бүтээсэн соёл бүхий л бүтэц, бүрдлээрээ шахам нүүдэлчдэд мөн байжээ. XX зууны эцэс, XXI зууны эхээр олдсон археологийн олдворууд үүнийг гэрчилж байна.

Хүннү улс хүчирхэгжих хэрээр түүний цэрэг-зэвсгийн чанар, байдал Хятадын улсуудынхтай зэрэгцэж очихоор хэмжээнд хүрчээ.

Тэр цаг үед болж өнгөрсөн дайн тулалдаануудад аль ч тал ялж бас ялагдсаар хагас мянганыг элээсэн нь үүний нотолгоо юм. Хоёр тал хэн хэнээ хүлээн зөвшөөрч зэрэгцэн оршихоо гэрээ, хэлэлцээрээр баталгаажуулж байжээ.

 

Нутгийн өмнөд хэсэг хэдийгээр ус ундгүй говь, цөлөөр хамгаалагдсан хэдий ч Монголчууд цэрэг-зэвсгийн холбогдолтой ихэнх зүйлээ заавал нутгийн хойт хагаст хийж, үйлдэж иржээ. Энэ нь Орхон, Сэлэнгийн хөндий, Байгаль нуурын наагуурх нутгуудаас шинээр олдож буй суурин газруудын туурь балгас, төмөр хайлуулах байгууламжууд, төмөрлөгийн зүйлсийн үлдэгдлүүдээр нотлогдож байна.

 

Хүн амын зонхилох олонхи, төмрийн хүдэр олборлолт, загас агнуур, гар урлалын газрууд, сэлэм жад, нум сум хийдэг дархчууд, цэрэг-дайны зориулалттай эмээл, хазаар мэтсийг бөөнөөр нь бэлддэг урчууд гэх мэт нь бүгд л нутгийн хойд хагаст өмнөд хагастай харьцуулбал хэд дахин илүү байсан нь үргэлжлэн илэрсээр байна.

Монголын нутгийн гүн рүү хийх гэж оролдсон зөөврийн дайны ажилллагаа хэзээ ч амжилтанд хүрч байсангүй болохоор хятадууд Монголын нутгийн хойд хагасын хүн ам, нөөц баялаг, цэрэг-зэвсгийн чадавхийг бүрэн гүйцэд таньж чадахгүй байсаар нийтийн тооллын ХIII-ХIV зууныг хүрсэн нь үнэн болно. Энэ нь хэрэг дээрээ цэрэг-дайны утга, бодлоготойгоор, харийн нүд, нөлөөнөөс хол, далдуур чухал зүйлсээ, зэвсгийн үйлдвэрлэлээ нууцалж байсан нь тэр юм.

Их Петрийн үеэс хөлддөггүй далайд /Номхон далай/ гарцтай болох гэсэн Оросын төрийн бодлого зөөлөн хийгээд хатуу аргаар Монголын нутгийн хойд хил дагууд хэрэгжиж эхэлснээр зэлүүд эзэнгүй байсан Сибирь тэр чигээрээ Оросын эзэмшил болжээ. Байгаль нуурын Оросын орчмоор нутаглаж байсан нүүдэлчдийг төрийн түшмэлүүд бэлэг дурсгал, авилга, шашин шүтлэг, цол хэргэм, найр наадам гэх мэтийн зөөлөн аргаар дасгаж өвөрчилсөөр л байжээ. Тэг тэгсээр тэд номхон далайд хүрч боомт хотоо ч байгуулжээ. Байгуулсан хотдоо тэд Дорныг эрхшээх /Владивосток/ гэсэн түрэмгий нэр өгөхөөсөө ч зовсонгүй. Оросуудын байгуулсан суурин газар, тосгон, цэргийн бэхлэлт мэт нь Хятадын Их Цагаан хэрмийг санагдуулахаар үргэлжилсээр далайн эрэгт хүрчээ. Ингэж л Хятад болон Оросын геополитик Монголын эргэн тойронд хэрэгжжээ.

 

Хүн ам олонтой, хүнсний их нөөцтэй /мал, ан гөрөөс, ус гэх мэт/ мод түлш элбэгтэй, бүгэх, отох, нуугдах газар ихтэй, харийн хүнд явах, нэвтрэх боломж муутай, зэвсэг хэрэгсэл хийдэг гар урчууд олонтой стратегийн хувьд чухал хойд нутгаа нууцалж, хамгаалж байсан нь Монголчуудын хувьд алсаа, ирээдүйгээ, болзошгүй аюулыг тооцсон ухаалаг шийд байжээ. Энэ бүс нутаг дахь металл агуулсан хүдрийг Монголчууд эртнээс нээж ашиглаж ирсэн ул мөр илэрсээр, олдсоор л байгаа юм. Булш, бунхнаас олддог төмөрлөгийн зүйлсийг чухам хаана хайлуулсан, цутгасан болохыг тодорхойлох арга ихэд хөгжихийн цагт өмнө яригдсан бүхэн нотлогдож болно.

Нүүдэлчид, тэр дундаас монголчууд нүүгээд явчихаж ч чаддаг, бас суугаад суурин амьдарч ч чаддаг, хот балгасуудыг ч барьж, бүтээж чаддаг байжээ. Амьдрах, аж төрөх энэхүү хос хэвшил, хоердмол арга нь ердөө л ганц хэвшлээс хол давуу, боломж ихтэй хэмээн үнэлэгдэх учиртай.

Хиад, боржгин овгийн ноёд, жанжид, Чингисийн алтан ургийн тайж нар /төрөл болон харъяат тайж нар/ хэдийгээр зуун зуундаа Монголын сэхээтний давхрааны үндсэн цөм хэсэг, оюунлаг иргэд, соён гэгээрүүлэгчид, түүхч, судлаачид, соёл түгээгчид байсан боловч тэдний дээд элит хэсгийн тэмцэл, зөрчил, өмчирхөл, мөчөөрхөл, атаа жөтөө нь Монголчуудын үндэсний ашиг сонирхолд том том гай тарьсан нь бас үнэн болно. “Монголчууд эвтэй байхдаа л хүчтэй” хэмээсэн үнэн үгийг дээрх байдалтай уялдуулж эрдэмтэн мэргэд хэлж дээр дооргүй давтаж байх болжээ.

 

XVII-XVIII зууны үед тайж хэргэмтний тоо хэдэн зуугаар тоологдохоор олширчээ. Гэвч тэдгээрийн дундаас онцгой эрх дархтай нь Алунгоо эхээс Бодончараас үүдэлтэй хиад боржигин овогтой ноёд байв. Энэ үеийн тайж хэргэмтнийг дотор нь Боржигон тайж нар, Цорос тайж нар, Хойд тайж нар, Урианхай тайж нар, Торгууд тайж нар хэмээн 5 ангилж болох байв.

 

Язгуур монгол аймгуудын эрхтэн дархтангаас сурвалжтай, Чингис хааны хөвгүүд, охид, ач, зээ нартай яс, цусны хамааралтай ноёд, хатдын хоорондох ноцтой зөрчил бүхэн дандаа л өмч, эзэмшилтэй холбоотой гарч байжээ. Чингис хааны ач нарын хооронд, зарим их хааны хатад ба хөвгүүдийн нь хооронд гарсан тэмцэл, үл ойлголцол дайн, дажинд ч хүргэж байв. Том ноёдын хоорондох зөрчил, тэмцэл, өш хонзон нь яван ужгирч, хүрээгээ тэлсээр Чингисийн эзэнт гүрнийг задалж, эцэс сүүлдээ Их Монгол улсыг мөхөөжээ.

Язгуур, угсаа, хэл, соёл, түүх, уламжлал нэгтэй монгол ноёдын хоорондох зөрчил тэмцэл, өмчирхөл, мөчөөрхөл, бардам зан, атаа жөтөө нь XVII, XVIII зуунд дайн, дажин, салан тусгаарлалт, дайжин нүүлт, харьд дагаж вассал болох, эргээд элэг нэгэнтэйгээ дайтах зэрэг гутамшигт, хөнөөлт үр дагаврыг үүджээ. Чингисийн алтан ургийн ноёд Их өвөөгийнхөө бүтээсэн, цогцлуулсан бүхнийг эвдэлж нураажээ. Ингэхэд хүргэсэн гол нөхцөл, шалтгаан нь тэдний хооронд өмч, эзэмшил, хааны сэнтий зэргээс үүдэлтэй зөрчил, тэмцэл, дотооодын дайн, дажин байлаа.

 

 

Монголчууд өөрсдөө өөрсдийгөө хорлодог тэр булай хөнөөлт аян өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр байна. Энэ бол бидний эмгэнэлт зан чанар ажээ.

 

 

 

Монголын нийгэм дэх цаг цагийн сэхээтний давхрааны гол хэсэг, цөм нь болж байсан тайж нар, ялангуяа энэ давхрааны дээд, оройн хэсэг болсон том ноёд Монгол орон, нийт монголчуудыг зөв, сайн руу ч хөтөлсөн, мөн буруу, муу руу ч түлхсэн нь үнэн түүх болой. Ялангуяа нэн эгзэг, ээдрээтэй XVII-XVIII зууны нөхцөлд /Ойрд ба Халхын хоорондох зөрчил хурцадсан, Халх нар дотроо хагарсан, Ойрдууд салж сарнисан, өвөрлөгчид, цахар барга, буриад шил шилээ харсан, гаднаас Орос, Хятад, Манж, Төвдийн ил далд оролцоо, гар хөл, ашиг сонирхол элдвээр сүлэлдэн хүчтэй нөлөөлж байсан/ нийт Монголын том ноёд, нөлөө бүхий тайж нар эв эеэ ч ер олсонгүй, эмхэрч цэгцэрчиж ч ер чадсангүй нь мөн л үнэн түүх юм. Дурьдсан зуунууд дахь атаа жөтөө, өмчирхөл, мөчөөрхөл, алдаа төөрөгдлийн учрыг ойлгож, хужрыг тунгаах аргагүй шахам ховор тохироо бүрдсэн ч бас түүхэн үнэн болой... Энэ бүхэн эцсийн дүндээ нэгдсэн, нэр төртэй төв төр, их хааны засаглалын хомсдолд нийт Монголчууд орсны хөнөөлт үр дагавар байв.

 

Монгол орон 1992 оны үндсэн хуулиар хагас ерөнхийлөгчийн, хагас парламентын /холимог/ засаглалтай болсон ба энэ нь шилжилтийн нөхцөлд таарч, тохирч байлаа. Харин яг амьдрал, практик дээр болохоор төр, засгийн эрхийг ээлжлэн барьж байсан хоёр намын удирдлагад эх оронч бус, шударга бус, авлига болон бусад бусармаг аргаар хөлжиж, баяжихыг зорилгоо болгосон муу хүмүүс, урвагчид зонхилон шургалснаас болж шинэ үндсэн хууль төр засгийн гурван өндөрлөг болон намуудын үйл ажиллагаанд ер сахигдсангүй, зүйлчлэн хэрэгжсэнгүй.

2019 онд үндсэн хуульд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүд нь яг хэрэг дээрээ бол УИХ-д олонхи болж чадсан намын дарга болон түүний гар хөл бологсдын зоргоор аашлахад нь боломж олгосон, хүч нэмсэн “засвар боллоо”.

Өнгөрсөн 30 жилийн практик, туршлага болон XXI зууны эхэн үеийн дэлхийн практик, туршлагаас үзэхэд өнөөдрийн Монголын нийгэмд парламент, шүүх засаглал, хүчтэй хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн хатуу хяналтын доор ажилладаг Ерөнхийлөгчийн засаглал л тохирох нь тодорхой байгаа болно.

Төгс, төгөлдөр болж чадаагүй байгаа намууд, тэдгээрийн итгэж найдахад хэцүү удирдах бүлэглэлд хувь заяагаа даатгах нь Монголчууд биднийг дахиад л олон талын эрсдэлд оруулчихаж буй харалган бодлого мөн юм.

 

XXI зууны 20-иод он гэхэд өмнө дурдагдсан төрөл тайж, харъяат тайж нарын хойч үеийнхэн ямар шинж, байдалтай хүмүүс болчихсон өнөөдөр бидэнтэй зэрэгцэн аж төрж байна вэ? Хэн бүхний мэдэх жишээ, баримтыг нэр хаяггүйгээр татах аваас тэдний зарим нь өөрийгөө ханхүү хэмээн өргөмжилж, зарлаж, олныг гайхшруулж, шуугиулж яваа тохиолдол бий. Зарим нь гарал, үүслээ нууж таг чимээгүй явсаар байна. Нөгөө зарим нь угсаа, гарвалаа дотроо тооцож, бодож, нэр төртэй, бусдад ачлал ивээлтэй, эх орондоо, хүн арддаа бусдаас арай илүү зүйл бүтээчихсэн юмсан гэж хичээж яваа нь ч бас байна. Тэд Монголынхаа түүх, сударт, хэл, соёлд, эх оронч хүмүүст ойр дотно байж, хэр чадлаараа дэмжиж, тэтгэж, “удам судраа, төр улсаа, түүх соёлоо, Монголоо өмөөрөн тэмцсээр хэлмэгдэж хөнөөгдсөн өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж” үг, бие, сэтгэлээрээ зөв, ариун шударга явахыг ухамсартайгаар хичээж буй нь ч харагдаж, мэдрэгдэж байдаг.

Би боржигон овогтой, би хиад овогтой, би төрөл тайж удамтай, би харъяат тайжийн удам судар гэх мэтчилэн цээжээ дэлдэж, бардамнаж байхдаа биш юм. Үнэхээр л өндөр дээд удам судартай нь үнэн юм бол тэр хүн эх оронч, оюунлаг, нийгмийн хариуцлагаа гүн гүнзгий ухаарсан, Монголоо гэх, монголчуудаа гэх элгэн халуун сэтгэлтэй, зөв зам мөртэй, энэрэнгүй, хүмүүнлэг сэтгэлтэй байх үүрэгтэй. Өндөр дээд удам судартай хүнд дэлхий нийтээрээ ийм л шаардлага тавьж, ийм л хариуцлага нэхэж ирсэн түүх, уламжлалтай билээ.

 

Энэ цаг үед амьдарч байгаа жирийн монголчууд бүгд л Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн, Чингис хаанаар бахархаж байгаа билээ. Бүр өөр улсын иргэд болцгоочихсон, монгол хэлээ мартчихсан монгол угсааны хүмүүс хүртэл өөрсдийгөө Чингисийн Монголчуудын үр сад, удам судар хэмээн бардамнадаг ажээ. Ингээд бодохлоор Чингис хааны алтан ургийн яс махны тасархай болсон төрөл тайж нарын хойч үеийнхэн энэхүү “өндөр, дээд гарал, угсаагаараа бахархах нь” зүйн хэрэг болно. Тэд бахархах эрхтэй, бас өвөг дээдсийнхээ нэр, алдрыг бодож “удмын заяа, өнгөрсний үрээр нэхэн сэргэсээр буй идэрмэг их хүч, эрчмээ монголчууд хотол даяарт адил цугтаан мэдэрч, улмаар нэгдэн мандахад нэгэн морины хүч өгч дэм үзүүлэх” журамт үүрэгтэй. Чингис хааны алтан ургийн удам судар, үр хойчис гэдгээ санаж зөв сайхан амьдрах, ядуус өнчдийг тэтгэх, монголынхаа түүх, соёлд элэгтэй байх, өнөө цагийн оюунлаг сэхээтнүүдийн эгнээнд нэгдэх, шилдэг тэргүүний иргэн болохын төлөө чармайн зүтгэх үүрэг төрөл тайж нарын үр хүүхдүүдэд тохоогдох нь зүйн хэрэг болно. Ийм байр, сууринаас өндөр дээд сурвалжит хүмүүсийн үр хойчдыг үнэлж үздэг дэлхий нийтийн жишиг байдаг, бичигдээгүй хууль байдаг, ёс суртахууны үнэлгээ байдаг билээ.

 

Эцэг хүний ген охидуудаараа дамжин хүчтэй удамшдаг болохоор Чингисийн зээ нар, тэдний удам судар, үр хойчис нь өмнө яригдсан эрх, үүргийн эзэд, субъектууд байх нь ч мөн тодорхой юм.

 

Ойрдын Худуга бэхи ноёны хөвгүүд Чингисийн алтан ургийн хатадтай гэрлэсэн тэр цагаас хойш энэ нь уламжлал болж цааш цаашаа үргэлжилжээ. Ингэхлээр хойд тайж нарын үр хойчис буюу Чингисийн зээ охид, хөвгүүдийн үр хойчис Ойрдуудын дунд олон байсан ба тэдний удам судар Ховдын хязгаар, баруун монголчуудын дотор одоо ч гэсэн олон байгаа болно. Генетикийн шинжлэх ухааны үүднээс бол Чингис хааны зээ нар, тэдний үр ойчис өөр хэнээс ч илүү ихээр их хааны генийг тээж, хадгалж яваа ажээ. Чухам иймийн учир, хаялгаар л хойд тайж нар Их хааны сэнтийд залрах эрхтэй гэж бодож, тооцож, тэмцэлдэн байсан буйзаа...

Ийм байр суурь, оролдлогыг зэмлэх, үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ орчин үеийн үзэл, онолын үүднээс шүү!

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

 

 

Тайлбар:

 

Тайж- Хятад үг.Ази дахинд хаадыг тэнгэр угсаатай гэх ба Чингис хааныг “тэнгэрийн элч, тэнгэр заяатай, тэнгэрээс тэтгэгдсэн” гэх мэтээр үзэхийн учир “тэнгэр угсааны“ гэх утгатай Тайж хэмээх үг монгол хэлэнд орж өвөрчлөгджээ.

Чин улсын үед албат ардуудаар хүлээн зөвшөөрөгдсөн угсаа гаралтай, гэрээр олгогдсон өндөр боловсролтой, монгол, манж бичигтэй, манж болон хятад хэлтэй тайж нарыг Манж Чингийн төр засаг элдвээр урамшуулан өргөн ашиглаж байв.

Төрд алба хааж буй тайж нарыг дөрвөн дэс болгож, хичээл зүтгэлээр нь үнэлэн элдэв чимэгтэй гүн, бээл, бэйс, ван, хан болгон дэвшүүлж, цалин хангамжийг нь дагалдуулан нэмдэг байжээ.

 

Төрөл тайж

Чингис хааны хөвгүүдээс салбарласан /шууд удмын /хүмүүс.

 

Харъяат тайж

Чингис хааны дүү Хасар, Бэлгүтэй, Тэмүгэ нарын үр хойчис.

 

Цорос тайж Хойд тайж

Дува Сохорын хүү Донойн удмынхны үр хойчис Ойрдын Худуга бэхи ноёны /Чингисийн алтан ургийн хатадтай гэрлэсэн/ хөвгүүдийн үр хойчис

 

Урианхай тайж нар

Есөн өрлөгийн нэг Зэлмэ жанжны үр хойчис Хэрээдийн Тоорил хааны хөвгүүдийн үр хойчис

 

Торгууд тайж нар

Хэрээдийн Тоорил хааны хөвгүүдийн үр хойчис