-Хавдар гэгч нь л биш байгаасай

-Хавдар байсан ч хоргүй нь байгаасай

-Битгий хэт их хямраад бай л даа

-Сэтгэлээ барь л даа гэх мэт гунигт үгсээр Хавдар судлалын үндэсний төвийн нэгэн өглөө эхлэв.

Үйлчилгээний ажилчид цэвэрлэгээгээ хийж, үүдэнд зогсох харуул орж ирсэн хүмүүсийн бүх асуултад хариулсаар, 10, 11 цаг гэхэд л цаг авах, эмчилгээ хийлгэх, эмчид үзүүлэх иргэдээр ХСҮТ-ийн цэвэрхэн цэнхэр, цагаан сандал, буйдангууд дүүрчээ. Тэнд хоёр настай бяцхан, таяг тулсан настан, жирэмсэн ээж, 40 эргэм насны залуус, малчин болов уу гэмээр хөвөнтэй дээлтэй чамбай байрын ах, тэргэнцэртэй залуухан эмэгтэйчүүд, хавдраа авахуулсан хэмээх хамар нь сэтэрхий эмэгтэй ч байх аж. Урт коридороор дүүрэн гунигт харцтай, бага зэрэг толгой гудайсан хүмүүс зөрөлдөн алхана.

ХСҮТ-ийн төв хаалгаар орж зүүн гар тийш эргэвэл ариун цэврийн өрөө, өрөөний үүдэнд бор ханан дээр цагаанаар “Өвчин таныг тодорхойлохгүй. Харин эрч хүч, хүсэл эрмэлзэл таныг хэн гэдгийг тодорхойлно. БҮҮ БУУЖ ӨГ” хэмээн бичжээ. Ариун цэврийн өрөөнөөс буцах замд хүлээлгийн зөөлөн буйдан, ханан дээр нь “Өвдөхөөсөө өмнө үзүүл”, “Эрт илрүүлснээр эмчлэгдэх боломжтой”, “Та сэргийлж чадна”, “ТА! Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаарай” хэмээн бичсэн байв. Хүлээлгийн сандал дээр 50 гаруй насны эрэгтэй “Өвдөхгүй байна гээд тоолгүй явж болохгүй юм байна. Оочер ихтэй гэж халгалгүй эртхэн үзүүлж, эмчлүүлэх минь яав даа. Ах нь дөрвөн сайхан хүүхэдтэй, хүүхдүүд минь боловсрол эзэмшиж, гэр бүл зохиож, би ч өвөө болж одоо л нэг амьдрал тэгширлээ дээ гэтэл элэгний хорт хавдар хүнд шатандаа орчихож...” гээд цурхиртал уйлав. Ахыг гэр бүлийн хүн нь тайвшруулж “Бууж өгч л болохгүй, сэтгэлийн тэнхээтэй байхад болно доо” хэмээнэ.

Манай улсад өнгөрсөн оны байдлаар өдөрт 17, жилд 5981 хүн хорт хавдраар оношлогдсон. Яг энэ хүн шиг 16 хүн энэ танхимд суугаа гээд бодоход л дотор харанхуйлмаар. Улсын хэмжээнд нийт 4559 хүн буюу өдөрт 13 хүн хорт хавдар өвчнөөр алтан амиа алдсаар байна. Монгол Улсын нэг сум дунждаар 5000 хүн амтай. Тэгвэл Монгол Улс жилд нэг сумтай дүйцэхүйц хэмжээний хүн амаа алдаж байна.

Хүлээлгийн танхимын хүмүүс олширсоор л, цаг авах хэсэгт “Энэ цагийг чинь хүлээж байгаад миний хань үхчихвэл хэн хариуцах юм бэ” гэх залуугийн дуу цуурайтна. Хүлээлгийн танхимд суугаа тэргэнцэртэй өндөр настны охин Б.Л “Ээж маань бүдүүн гэдэсний хорт хавдраар оношлогдсон. Өөрөө сайн ярьж чадахгүй, туяа эмчилгээнд орж байгаа. Өнөөдөр нэг эмчилгээндээ орохоор ирсэн юм. Хорт хавдар гэдэг чимээгүй тахал монголчуудыг барж байна, чи харж байгаа биз дээ. Гэр бүлийн нэг л гишүүн өвдөхөд тэр гэр бүлийн бүх гишүүн сэтгэл зүй болоод эдийн засгийн хямралд орно. Амьдралын түвшин доош унана, унасан бол босоод ирэх боломж хэр их байдаг вэ. Бидний цалин хэд билээ, эм, хүнсний барааны үнэ гээд үнэхээр хэцүү байна. Эрт оношлуулаагүй нь бидний буруу ч гэлээ бид эрүүл хүнстэй, тайван орчинд амьдрах эрхтэй баймаар юм даа” хэмээв.

Цааш явтал ХСҮТ-ийн Химийн эмчилгээний тасгийн үүдээр хамгийн олон хүн сууж байв. Тэдний дунд “Хавдрын эсийн 40 хувь нь устсан гэж байна”, “Чи битгий сэтгэлээр унаарай”, “Үс чинь унасан ч зүгээр ээ, дахиад нэг жил ч болов амьдарна гэдэг сайхан”, “Би дөрөв дэх хими эмчилгээндээ орох гэж байна”, “Удахгүй эмч ирнэ гэнэ ээ” гэх мэт яриа өрнөнө. Тэдэнд нэг л чин хүсэл бий, хорвоогийн нарыг дахиад нэг ч болов өдөр харчих юмсан гэдэг. Ижил зовлон туулж яваа хүмүүс биендээ их л элгэмсэг.

Тэдэн дунд орон нутгаас ирсэн 60 гаруй насны хөнгөн шингэн, үг цөөтөй, бодлогоширонгуй харцтай өвөө харагдана. Тэрээр “Ах нь малчин хүн, гурван жил цэргийн алба хаагаад нэгдэл гэж байхад хоньчин болсон. Тэр үеэс өнөөг хүртэл хавдар тусаад хотод ирж дөрвөн хананы дунд суух нь битгий хэл хонь, адууныхаа бэлчээрээс гурав хоног холдож үзээгүй. Миний шүд өвдөөд л эхэлсэн юм, удалгүй хүүхдүүд минь хотод авч ирж үзүүлсэн. Хавдартай болсноо мэдсэн, гэхдээ хоргүй байгаасай л гэж хүсч байна. Хэзээ буцахаа мэдэхгүй, энд хориотой байна гэдэг миний хувьд хамгийн хэцүү ажил байна” гээд санаа алдав.

Бид захиргааны хоёрдугаар давхарт гарч ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээтэй уулзлаа. Тэрбээр “Манай эмнэлгээр өдөрт доод тал нь 2000 хүн орж гардаг. Өвчний үе шат, авах гэж байгаа үйлчилгээнээс хамаараад нэг хүнийг хоёр, гурав, арван хүн ч дагаж ирнэ. Өдөрт бодитоор тусламж, үйлчилгээ авч байгаа хүний тоо 1000 орчим байдаг. Энэ нь эмчийн зөвлөгөө, үйлчилгээ авч, шинжилгээ өгч байгаа хүмүүс. Өдөрт дунджаар 250 орчим лабораторийн шинжилгээ хийдэг. Манай улсад элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар зонхилон тохиолдож байна. Шинээр бүртгэгдэж байгаа, нас баралтын тоо хоёр хоорондоо тун ойрхон. Хорт хавдраар өвчлөх маш олон эрсдэлийн нэг нь нас. Нас ахихын хэрээр хүн бүр хорт хавдраар өвдөх эрсдэл үүсдэг. Ялангуяа 40 наснаас дээш хүн бүрд хамаатай асуудал. Биологийн хувьд эрт үзүүлж, эрүүл мэнддээ анхаарахгүй бол ямар нэг хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдлээ гэсэн үг. Дэлхий дахинд иргэдээ өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт нийтээр нь хамруулж, оношлох арга барил аль хэдийнэ тогтчихсон. Шинээр бүртгэгдэх хорт хавдрын тоо олон ч нас баралт маш бага байдаг. Хорт хавдар гэдэг осол гэмтэл, гэнэт тохиолдсон гамшиг биш шүү дээ. Хэрвээ та өнөөдөр хавдраар оношлогдож байгаа бол 10, 15 жилийн өмнө суурь нь тавигдсан. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 75-80 хувь нь хожуу оношлогдож, дийлэнхийг нь 40-өөс дээш насныхан эзэлж байна. Манай улсад тархаад буй хавдар сэргийлэх боломжтой, эрт илрүүлэх арга зам нь тодорхой, эрт илрүүлчихвэл бүрэн эмчлэх технологи нь байхад хүмүүсээ аварч чадахгүй алдаж байна. Энэ бол Монгол Улсын хувьд маш том хохирол. 40, 45 нас гэдэг хамгийн өндөр бүтээмжтэй, хамгийн баялаг нас. Иргэний эрүүл байх гэдэг хувь хүн, төр засгаас шууд хамаатай асуудал. Тусламж үйлчилгээ, эрт илрүүлэгтэй байлгах нь төрийн хариуцлага, очоод үзүүлэх нь иргэний хариуцлага. Харин манайд аль нь ч байхгүй. Хавдрыг хянах тухай асуудал яамд, үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын асуудал” хэмээн ярив. Мэргэжилтний өрөөнөөс гарахад эмнэлгийн хана, лифтний хана гээд ихэнх газар “Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд 40-с дээш насны иргэн та жилд нэг удаа ходоодоо дурандуулаарай” гэсэн бичиг томоор наасан байлаа.

ХСҮТ-ийн үүдний цэцэрлэгт сууж байсан иргэн Б.Н “Инфляци өндөр ийм үед үнэтэй эрүүл хоол битгий хэл цагаан будаагаа худалдаж авч дийлэхгүй байна. Хүн чинь эдийн засагтаа захирагдаж амьдарна шүү дээ. Эдийн засаг хумигдахын хэрээр эрүүл мэндэд халтай, баталгаагүй хүнсний сонголт бий болж байна. Төр үүнийг зохицуулж чадахгүй байна, өөр юу ч биш” гэв. Энэ үеэр модны дор ганцаараа дүнсэн тамхи ороогоод сууж буй дээлтэй 50 эргэм насны ах анхаарал татав. Тэрбээр алсыг ширтээд “Дорнодоос биеэ үзүүлэхээр ирсэн. Малчин бид ямар биеэ хэрэглэх биш дээ. Юу ч болж байсан хэдэн малынхаа л араас явдаг улс. Сүүлийн жилүүдэд дотор өвдөх болсон, сая шинжилгээ өгчихсөн. Сумын эмч хавдар байж магадгүй, хот яв гэж хэлсэн. Тэр хавдар гэгч нь л биш байгаасай. Удахгүй охин минь ирж авна” гээд санаа алдав.

ХСҮТ-ийн ажлын цаг 16 цагт дууслаа. Хүмүүс тарж, эмнэлэг аниргүй болжээ. Үйлчилгээний ажилчид өдрийнхөө тухай ярилцаж цэвэрлэгээ хийнэ, өдөржин цаг бичиж суусан эмэгтэйчүүд одоо л ядарснаа анзаарна. Иргэд хүссэн хүсээгүй эмнэлгээс гарч унаатай нь унаа руугаа, ажилтай нь ажил руугаа зүг зүг тийш алхана. Харин сэтгэл санаа нь тогтворгүй юу, хөл нь чилсэн үү, эсвэл ядарсан уу гэмээр хүмүүс эмнэлгийн үүдний цэцэрлэгт сууж харагдана. Хэдийгээр урин цаг ирж, гадаа дулаахан ч эмнэлгийг зорих иргэдийн шалтгаан дотор хүйт оргиулж, зүрх зүснэ. Биднийг эмнэлгээс гарах үед хөтөч эмэгтэй “Ачаалал багатай өдөр гэж байдаггүй. Бүр цаг минут ч хомс” хэмээсэн юм. Монгол Улсын хавдрын оношилгоо, эмчилгээ бүгд нэг л эмнэлгийн нуруун дээр төвлөрч байхад эмнэлгийн хаалгаар багтаж ядан чихцэлдэх иргэд хөврөх нь үнэхээр харуусалтай. “Хавдар гээч нь биш байгаасай” гэдэг мөрөөдөлтэй иргэд дэндүү олширчээ.