Доктор, судлаач Т.Ариунтуяатай ярилцлаа.

 

Архины хор хөнөөлийн талаарх судалгааг танай баг хийсэн байсан. Монгол хүний биед архи хэрхэн нөлөөлдөг талаар манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

 

Архи, согтууруулах ундааны хэрэглээ Монголчуудын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Үүнийг цөөн хэдэн тоогоор хэлбэл нэг хүнд ноогдож байгаа согтууруулах ундааны хэмжээ жилд 55 литр, үүн дотроо цэвэр спиртийн хэмжээ нь 12 литр байна. Энэ үзүүлэлт нь дэлхийн дундажтай харьцуулахад 2 дахин их юм. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр тухайн улсын нэг иргэнд ноогдож байгаа цэвэр спиртийн хэмжээ 8-9 литр бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн байна гэж үздэг. Сүүлийн үеийн статистик тоон мэдээллээс харахад архинаас хамааралтай, шууд ба шууд бус нас баралт жилд 4,500 байна. Үүн дотроо яг архины хамааралтай буюу хордлогонд орж нас барсан хүний тоо нь 600-700.

 

Архи, согтууруулах ундааны эрсдэлт хүчин зүйлс буюу эрүүл бус зан үйлийн сөрөг тал нь архи хэрэглээгүй хүнд ч нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл архи нь осол гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, ядуурал гэх мэт нийгмийн маш олон сөрөг зүйлтэй холбогддог. Тийм ч учраас тогтвортой хөгжлийн бодлогод архидалттай тэмцэх чиглэлээр 13 зүйл тусгаж өгч, мөн дэлхийн маш олон улс орнуудад баримт бичиг, конвенцид тусгасан байдаг. Монголд жилдээ 80,000-85,000 хүн албадан эрүүлжүүлэгдэж байна. Энэ оны эхний улирлын байдлаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 1,500 орчим зөрчил бүртгэгдсэний 50-иас дээш хувь нь гэр бүлийн хүчирхийлэл, архитай холбоотой.Энэ бүхэн архи, согтууруулах ундаа нь манай нийгмийн маш том тулгамдсан асуудал болжээ гэдгийг харуулж байна. 

 

Монгол хүний архи, согтууруулах ундааг даах чадвар ямар байдаг юм бол? Бусад улс, орны хүмүүстэй харьцуулсан судалгаа бий юу?

 

Архины зохистой хэрэглээний талаар асууж байна гэж ойлголоо. Зөвхөн Монгол ч биш Зүүн өмнөд азийн хүмүүсийн биеийн онцлог нь Европ хүмүүсийн архи, согтууруулах ундааг задалдаг ферментээс 3-4 дахин бага байдаг. Мөн эмэгтэйчүүдийнх эрэгтэйчүүдээсээ 2-3 дахин бага байдаг. Архины зохистой хэрэглээг хэмжихийн тулд олон янзын асуулгаар бүртгэж, мэдээлдэг. Эрэгтэйчүүд сүүлийн 30 хоногт 60 граммаас дээш цэвэр спирт хэрэглэсэн бол эрсдэл өндөртэй хэрэглэгч. 40-60 грамм бол дунд эрсдэлтэй хэрэглэгч. 20 граммаас доош бол бага эрсдэлтэй хэрэглэгч гэж ангилдаг. Архи нь өөрөө 200 гаруй төрлийн өвчин эмгэг үүсгэгч шалтгаан болдог. Бид судалгаандаа Монгол улсад хамгийн элбэг тохиолддог элэгний хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэл, уруул амны өмөн үү, элэгний хавдар гэх мэт 6 төрлийн оноштой бүлгийг авч үзсэн. Архины зохистой хэрэглээг эрүүл мэндтэй холбохын тулд тухайн хүн хэр давтамжтайгаар ууж байгаа юм, нэг удаа уухдаа хэдий хэмжээний цэвэр спирт авч байгаа вэ? гэдгээс нь хамаарч аль төрлийн эрсдэлт хүчин зүйлд өртөж байгааг нь хэмжинэ.

 

 

 

Нэг удаадаа 60 граммаас дээш цэвэр спирт авч байгаа эрэгтэй хүн архи огт хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад элэгний хатуурлаар өвдөх магадлал 3 дахин илүү, нойр булчирхайн архаг үрэвслээр өвдөх магадлал 1,5-2 дахин их байдаг. Хоёрдугаарт, ууж байгаа архины чанар, хатуулгын хэмжээ эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.

 

 

 

Олон улсад архийг зохисгүй хэрэглэсэн хүн ойролцоогоор 10 жилийн дараа архины шалтгаант өвчнөөр оношлогдох эрсдэлтэй гэж үздэг. Гэхдээ хэрэв тэр хүний архи хэрэглэх давтамж нь ойртоод, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэдэг бол дээр дурьдсан өвчнөөр оношлогдох магадлал нь 5-7 жил болж ойртдог. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  архи, согтууруулах ундаатай холбоотой зохистой хэрэглээний талаар зарлиг гаргасан. Энэ хэр зөв, зүйтэй алхам гэж та үзэж байна вэ?

 

Архины зүй бус хэрэглээг бууруулах асуудлаар олон улсад янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Ерөнхийд нь үнийн ба үнийн бус гэж ангилдаг. Үнийн арга дотор татварын арга гэж бий. Монгол Улсын хувьд өнөөдөр татвар ямар байна вэ? гэхээр онцгой албан татвар шар айрагны нэг литр тутамд 350-380 төгрөг ноогдож байна. Архины хувьд Монгол улс яг үнэндээ бусад оронд байдаггүй ангилалд багтаж байна. Цагаан архины хатуулгаас нь хамаарч 25-аас доош, 25-40, 40-өөс дээш градус гэж ангилдаг. Гэтэл зах зээл дээр борлуулагдаж байгаа цагаан архины 90 гаруй хувь нь дунд бүлэгт буюу 25-40 гэдэг ангилалд багтаж байна. 25-аас доош градустай архинд 6700 төгрөг, 25-40 ангилалд 17500 төгрөгийн онцгой албан татвар ноогдуулж байгаа.

 

Бүтээгдэхүүний борлуулалтын үнэд ноогдож байгаа татварын хувь хэмжээгээр нь тухайн татвар хэр зөв байгаа гэдгийг үнэлдэг. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад архинд ноогдуулж байгаа татварын хэмжээ 2-3 дахин бага байна. Олон улсад архины татварыг нэмэгдүүлэх үндсэн 3 төрлийн арга байдаг. Нэгдүгээрт, тухайн бүтээгдэхүүний хатуулаг буюу градуст нь ноогдуулах, хоёрдугаарт, тухайн бүтээгдэхүүн хичнээн нэгж уулт хэмжээ агуулсан байгаа нь буюу хатуулаг, эзэлхүүн хоёуланг нь хамаарч, гуравдугаарт, үнэ дээр нь нэмэгдүүлэх татварын аргууд байдаг. Тухайн улс аль төрлийн согтууруулах ундааг түлхүү хэрэглүүлэх вэ? гэдэг бодлогоос хамаарч татварын аргаар хуульчилж зохион байгуулж болдог. 

 

Судалгааны үр дүнд татвар нэмэх замаар архи, согтууруулах ундааны үнэд нөлөөлснөөр хэтрүүлэн хэрэглэх байдал багасна гэдэг дүгнэлт гарсан юм байна. Ер нь Монголчууд бид архи, согтууруулах ундааны зөв, зохистой хэрэглээнд шилжихийн тулд юу хийх ёстой вэ?

 

Татварын нөлөөгөөр тухайн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгддөг. Үүнийг хэмжихийн тулд үнийн мэдрэмж гэж зүйлийг ашигладаг. Бидний хийсэн судалгаагаар сүүлийн 20 орчим жил авч хэрэгжүүлсэн татварын бодлого үр дүнгүй гэдэг нь харагдсан. Хүмүүсийн хэрэглээг бууруулах хөшүүрэг болж чадаагүй байна гэдэг нь тоон үзүүлэлтээр нотлогдсон. Өрхийн орлого 15 хувь нэмэгдсэн байхад архи, согтууруулах ундааны үнэ 3 дахин бага байгаа нь иргэдийн орлогын өсөлт архи, согтууруулах ундааны татварын өсөлтөөс хурдан явагдаж байгааг харуулж байна. Цаашдаа татварын хувь хэмжээг нэмэхдээ инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай байгаа юм. Бусад улс орны жишигт хүргэхийн тулд олон төрлийн татварын аргаар үнийг өөрчилснөөр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг бид янз бүрийн хувилбараар судалж үзсэн. Зөвхөн цагаан архинд ноогдуулж байгаа татварыг 2-3 дахин нэмэгдүүлснээр зохисгүй хэрэглээтэй бүлгийн тоо 10 хувиар буурч байгаа. 10 хувиар буурснаар нэг жилд 45000 орчим хүнийг архины зүй бус хэрэглээнээс аварч чадна гэсэн тооцоо гарсан. Архи,согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж сурснаар тухайн хүний эрүүл мэндэд маш олон эерэг өөрчлөлтүүд гардаг. Үүнийг эрүүл амьдралын жил буюу хөдөлмөрийн чадвараа алдаагүй жилээр тооцож үзсэн.

 

 

Архины зохисгүй хэрэглээг 10 хувиар бууруулахад 55000 эрүүл амьдралын жилийг аварч чадна. Ингэж эрүүл мэндийн дарамтыг бууруулснаараа жилд эрүүл мэндийн даатгалын сангаас 55 тэрбум төгрөгийн зардал хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарсан байгаа. 

 

 

Ярилцлагынхаа төгсгөлд миний асууж чадаагүй, таны хэлж амжаагүй зүйл байгаа болов уу?

 

Ямар ч судалгааны үр дүнд архи гэдэг нь хүний биед хор нөлөөтэй гэж гардаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гараад, бодлогын түвшинд маш олон интервенц, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нөгөө талдаа хувь хүний өөрийн ухамсар, хэрэглээ нь архины зохисгүй хэрэглээнд нөлөөлж байдаг. Нийт иргэддээ, залуустаа хандаж хэлэхэд архи гэдэг зүйлээс хол байгаач ээ. Ялангуяа шинэ залуу үеийнхэн маань архинаас татгалзаач ээ. Тохирсон, зөв хэмжээгээр нь хэрэглэдэг болоорой гэж уриалмаар байна. 

 

 

Танд баярлалаа.

 

Ярилцсан Н.Энхдэлгэр