Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай цаг үеийн талаар ярилцлаа.

-Иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг сонгуулийн сур талчилгаа ал бан ёсоор эх лэхээс хоёрхон хоногийн өмнө Засгийн га зар гаргасан нь яалт ч үгүй сонгуулийн шоу гэж харагдаж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 

-Миний байр суурь маш тодорхой. Засгийн газ­ рын гаргасан шийдвэр бол буруу. Учир нь, хөрөнгө оруу­ лагчид болох Монгол Ул сын иргэдэд хуваарилсан 1072 ширхэг хувьцаа өөрөө ал­ бан ёсны бүртгэлтэй биш, ба­ талгаажаагүй. Та бидний нэр дээр дансны бичилт хийсэн болохоос цаана нь “Эрдэнэс Тавантолгой” ком па нийн балан­ сад бүртгэгдээ гүй бөгөөд эдийн засгийн агуул гаараа хувьцаа хэмээх сан хүүгийн хэрэгслийн бүрэн шинж нь бүрдээгүй. Тийм учраас энэ нь хувьцаа биш. Зөвхөн улс төрийн өмнөх амлалтуудыг биелүүлэх зорилгоор хүмүүст 1072 хувьцаа хуваарилсан нэ рийд лээр бичилт хийсэн байгаа зүйл. Энэ ч утгаараа иргэд хоорондоо арилжаалах боломжгүй. Одоогоос сар гаруйхны өмнө 1072 хувьцааг иргэд хоорондоо худалдаалж байна гэх шуугиан дэгдэж байсан. Энэ талаар цагдаагийн газраас, бүр ялангуяа Санхүүгийн зохицуулах хороо буюу үнэт цаасны зах зээлийг зохицуулах эрх бүхий байгууллагаас тухайн хувьцааг ямар нэгэн байдлаар арилжих боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Энэ нь бүрэн утгаараа хувьцаа болоогүй гэдгийг баталгаажуулж байгаа юм. Гэтэл харамсалтай нь Засгийн газар ийм шийдвэр гаргалаа.

 

-Хувьцааг худалдан авахдаа 18- аас дээш буюу сонгуулийн санал өгөх насны иргэдийнхийг авахаар шийдвэрлэсэн. Хувьцаа нэрийдлээр сонгогчдын саналыг худалдан авах арга гэдгийг олон хүн онцолж байгаа. Та үүнтэй санал нэгдэж байна уу?

 

-Ийм хардлага төрүүлэхэд хүргэж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн агуулгаараа боломж багатай. Хоёрдугаарт, гэнэт гаргасан шийдвэрийн цаг хугацааны нөхцөл байдлыг харахад энэ нь тодорхой зорилготойгоор сонгуульд зориулсан шийдвэр боллоо гэсэн хардалт надад ч гэсэн байна. Мөн мөнгө олгож байгаа дараалал ч ялгаагүй. Тодруулбал, 300 мянган төгрөгийг гурван долоо хоногт буюу сонгуулийн сурталчилгааны хоногт давхцуулан олгохоор санаачилсан нь сонгуульд зориулсан гэдгийг илэрхийлж байна.

 

-Ер нь Засгийн газар ийм шийдвэр гаргахад өнөөдрийн байдлаар эдийн засгийн болон эрх зүйн нөхцөл байдал бүрдсэн үү?

 

-Монгол Улсын эдийн засаг хүнд, өрийн төвшин улам нэмэгдэж, урсгал болон бусад зардал өндөр хэмжээнд өссөн, төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээндээ буюу таван сарын байдлаар 800 гаруй тэрбумд хүрчихээд байгаа ийм үед иргэдийн хувьцааг худалдаж авах боломж Засгийн газарт байхгүй. Эдийн засгийн боломж байхгүй гэдэг нь Засгийн газар ийм шийдвэр гаргах ёсгүй гэсэн үг.

 

-1072 ширхэг хувьцаа эдийн засгийн агуулгаараа хувьцаа хэмээх санхүүгийн хэрэгслийн бүрэн шинж нь бүрдээгүй гэлээ. Эрх зүйн талаасаа ч хувьцаа болоогүй байхад Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан нь иргэдэд зүгээр л бэлэн мөнгө тарааж байна гэсэн үг үү?

 

-Засгийн газрын энэ үйлдэл хоёр агуулгаар харагдаж байна. Нэгдүгээрт, тодорхой хугацаатайгаар бэлэн мөнгө тарааж байна. Хувьцаагаа үнэ цэнэтэй болоход нь иргэд Засгийн газраас тухайн хувьцаагаа буцаан авахаар зохицуулсан. Хувьцааны зах зээлд буцаан худалдан авах эрх байдаг. Ингэснээр хоёрдугаарт, Засгийн газар иргэдэд хүүгүй зээл олгож байгаа мэтээр харагдаж байна. Өнөөдөр бид Засгийн газраас 300 мянган төгрөг авчихаад ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа үнэ цэнэтэй болсон үед нь Засгийн газраас яг энэ үнээр нь буцаагаад авах боломжтой гэсэн үг. Гэхдээ энэ бол Засгийн газрын хийдэг үйлдэл биш. Би ийм тохиолдлыг өмнө нь сонсч байгаагүй. Эрх зүйн хувьд биеллээ олоогүй хувьцааг Засгийн газар өөрөө худалдаж аваад дараа нь буцаагаад авах эрхийг иргэдэд олгодог тохиолдлыг хараагүй. Товчхондоо, Засгийн газар эдийн засгийн хувьд ойлгомжгүй шийдвэр гаргалаа.

 

-Бонд босгож хувьцааг мөнгөжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Бонд босгож, иргэдэд бэлэн мөнгө тарааснаар эдийн засгийн талаасаа ямар сөрөг үзүүлэлт нийгэмд бий болох вэ. Манай улсын төсөв 800 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарчихаад байхад бонд босгох нь хэр зөв алхам бэ?

 

-Ерөнхий сайд болон уг төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Н.Батбаярын яриаг сонссон. Энэ хэмжээний бондыг босгох эрх Засгийн газарт бий юү. УИХ-аас заавал зөвшөөрөл авсан байх ёстой зэрэг асуудал хөндөгдөхөд “Засгийн газраас 1.65 их наяд төгрөгийн бондыг гаргаж, хувьцааг санхүүжүүлнэ. Энэ нь төсөвтэй хамааралгүй, бид төсвийн тухай хуулийг зөрчөөгүй” гэж тайлбарлаж байсан. Мөн нэг тодотгож байгаа зүйл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК бонд гаргаж байгаа гэдгийг Ерөнхий сайд дараа нь хэлж байсан. Тэгэхээр энэ компанийн хувьд бонд гаргаж, хувьцааг санхүүжүүлэх эдийн засгийн чадамж байхгүй. Учир нь, өмнөх өрөө төлж дуусгаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал нь сул дорой байгаа. Тэгэхээр дам утгаараа Засгийн газар нь бонд гаргана гэсэн үг л дээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэр дээр бонд гаргаад хэн авах юм. Алдагдалтай, өртэй компани нүүрсний зах зээлийн байдал сөрөг байхад хувьцааг мөнгөжүүлэх боломжгүй. Засгийн газраас төсөвтэй холбоогүй гэж тайлбарлаж байгаа ч гэсэн Монгол Улсын төр Засгийн газартай холбоотой гаргаж байгаа ямар нэгэн өрийн санхүүжилт эргээд улсын төсөвт болон иргэдэд шууд болон шууд бусаар дарамт учруулна. Бондыг Засгийн газар биш “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргалаа гэж бодоход 1.65 их наяд төгрөгийг тухайн компани ойрын ирээдүйд төлж чадахгүй. Тэгэхээр түүнийг Засгийн газар л төлж таарна. Өнөөдөр жишээлбэл, 400 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд тараалаа. Иргэдийн амьжиргаа хүнд байгаа үед хийсэн тоглолт учраас эерэг талаас нь авч үзвэл иргэд өр зээлээ төлөх, өдөр тутмын хэрэгцээгээ хангах төдийд энэ их мөнгийг зарцуулаад дуусна. Гэтэл тухайн мөнгийг ирээдүйд хүүгийн хамт төлнө. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, эрсдлийн хэмжээ нэмэгдсэнээс болж манай улс дотоодоос, гадаадаас ч хямд зардалтай эх үүсвэр авах чадваргүй болсон. Жишээлбэл, Монгол Улсын Засгийн газар дэлхийн зах зээлээс 10 бүхэл мянганы 875 хувийн хүүтэй зээл авсан. Тэгэхээр бид өнөөдрийн 400 тэрбум төгрөгийг ирээдүйд дор хаяж 12 хувийн хүүтэйгээр төлнө гэдэг нь жилд хамгийн багадаа 50 тэрбумын нэмэлт мөнгийг иргэд төлөх нь ойлгомжтой. Аль ч талаас нь яаж ч тайлбарласан Монгол Улсад шууд болон шууд бусаар дарамт болох нь эргэлзээгүй. Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдэж, түүнийг хэрхэн төлөх нь ойлгомжгүй, санхүүгийн чадвар багатай байх хэрээр гадаад зах зээл дээрх нэр хүнд буюу түүгээр дамжсан зээлжих зэрэглэлд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Манай улсын өрийн хэмжээ нэмэгдсээр түүнийг төлөх эдийн засгийн боломж улам эргэлзээтэй болсоор байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой болон эс холбоотой гаргасан бүх өр зээл Монгол Улсын гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлнэ.

 

-Хувьцааг мөнгөжүүлэх ажлыг хуулийнхаа хүрээнд Хөрөнгийн биржээр дамжуулж, брокер диллерын компаниуд хийх ёстой. Гэтэл Засгийн газар эхний 30 хувийн хувьцааг худалдан авах ажлыг арилжааны банкуудаар, үлдсэнийг нь Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж авах тогтоол гаргасан нь ямар учиртай гэж харж байна вэ?

 

-Монголын Үнэт цаасны тухай хуульд “... үнэт цаас хэмээх зүйл хөрөнгийн зах зээлээр дамжиж арилжаалагдах ёстой” гэсэн заалт бий. Дэлхийн жишгээр үнэт цаас хэмээх зүйлийг хөрөнгийн буюу тусгай зориулалттай зах зээл дээр арилжаалдаг. Тэгэхээр энэ нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нэг хэсэг болсон хөрөнгийн зах зээлийг үгүйсгэж, түүний болон брокер диллерын компаниудын үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлэхүйц, хууль бус шийдвэр болсон. Нэгдүгээрт, хууль зөрчсөн. Хоёрдугаарт, тэдний үйл ажиллагааг үгүйсгэж байна. Хувьцааны 30 хувийг арилжааны банкуудаар дамжуулан худалдаж авахаар болсон нь төсөл санаачлагчийн ухаан байх. Тодруулбал, аль болох богино буюу сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаж иргэдэд мөнгө тарааж чадах байгууллага бол арилжааны банк. Улс орны өнцөг булан бүрт салбартай. Тиймээс аль болох хурдан тараан боломжийг эрэлхийлсэн. Үүний улмаас үнэт цаасны зах зээлийг үгүйсгэж, тодорхой хуулийг зөрчсөн үйлдлийг хийлээ. Гол зорилго нь сонгуулийн санал авах өдрөөс урьтаж, хувьцааны мөнгийг хурдан тараах л байсан. Засгийн газрын шийдвэрийн алдааг багасгах арга зам бол хөрөнгийн зах зээлээр дамжуулж хувьцааг худалдаж авах. Тэгсэн бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, иргэдийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд мөн брокер диллерын компаниудын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх шийдвэр болох байсан. Харамсалтай нь Засгийн газар тэгсэнгүй.

 

-Ямартай ч эхний ээлжид бүртгүүлсэн иргэдийн хувьцааны мөнгийг арилжааны банкууд данс руу нь шилжүүлж байна. Харин үлдсэн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж авахад шаардлагатай эх үүсвэрийг мөн л бонд босгож олно гэсэн үг үү?

 

-Ерөнхийдөө миний харж буйгаар 1.65 их наяд төгрөгийг дотоодын зах зээлээс босгоод түүгээрээ бонд авах боломж бага. Дотоодын зах зээл дээр Засгийн газрын бондын арилжаа тийм ч амжилттай биш байгаа. Ялангуяа урт хугацааны бондыг 2015 оны намраас эхлээд амжилттай арилжаалаагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бонд эрэлт багатай байна гэсэн үг. Тэгэхээр бонд босгох нь бодит боломж багатай зүйл. Бодит байдал дээр үлдсэн 70 хувийг мөнгөжүүлэх ажил нэлээд удах болов уу. Энэ бол сонгуулийн дараа болох зүйл. Үнэндээ бодитойгоор хэрэгжих боломж нь хязгаарлагдмал.

 

-Хувьцаагаа худалдаж буй иргэдийн мөнгийг гурав хувааж олгосноор эдийн засагт эргэлт бий болгож, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлж байна гэсэн тайлбарыг Засгийн газраас хийсэн. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө очсоноор үнэхээр эргэлт бий болж чадах уу?

 

-Эдийн засгийн зохиомол эргэлтийг бий болгоно. Зах зээлд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэхүйц хэмжээний мөнгийг иргэдэд тарааж байна гэсэн үг. Иргэдийн хэдэн хувь нь хувьцаагаа зарахаас шалтгаалж, хамгийн багадаа 400 тэрбум төгрөг эдийн засгийн зах зээл рүү орох гэж байна. Ингэснээр богино хугацаанд эдийн засгийн эргэлтийг дэмжинэ. Гэхдээ энэ нь тийм ч сайн зүйл биш юм. Богино хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, иргэдийн худалдан авах чадвар харьцангуй нэмэгдэнэ. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг бага зэрэг савлагаатай болгох байх. Түүнээс цаашид эерэг үр дагавар хомс байх шийдвэр юм. Ирээдүйн өсөлт хөгжлөөс хойш чангаасан хэрэг болж байна. Тодруулбал, өнөөдрийг аргацаахын тулд ирээдүйгээсээ мөнгө зээлж байна л гэсэн үг. Монгол Улсын иргэд бид энэ ачааг нуруун дээрээ үүрч гарах нь гарцаагүй.

 

-Хувьцааг худалдаж авах Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө хувь хүн болон албан байгууллага 1072 хувьцааг худалдан авч байгаа талаар шуугиж байсан. Үүнийг зарим хүн Засгийн газраас явуулсан тандалт гэж хэлж байна.

 

-Би түүнийг тодорхой хүмүүсийн гаргасан үйлдэл гэж үзэж байгаа. Засгийн газрын тандалт гэж бодохгүй байна. Үнэхээр ийм зүйл хийсэн бол харамсалтай. Иргэдийн амьжиргааны төвшин, хувьцаанд хандах хандлагыг тандсан бол үнэндээ хэцүү. Өнөөдөр иргэдийн бодит байдлыг тандах шаардлагагүй, ойлгомжтой байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засаг болон аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал их доройтсон, иргэдийн бодит орлого буурсан ийм л дүр зураг сүүлийн хоёр жилд бий болсон. Тэгэхээр иргэдийн амьжиргааны төвшин хүнд байгаа нь илэрхий. Тийм ч учраас иргэдийн дийлэнх нь хувьцаагаа зарж, 300 мянган төгрөг авах сонголтыг хийх байх. Үүнийг буруутгах ч аргагүй. Өнөөдөр эдийн засгийн бодит байдал ийм болж, бага орлоготой иргэдийн хувийн жин нэмэгдсээр байхад мөнгө авах сонголт хийж буй иргэдийг буруутгах ёсгүй. Ийм шийдвэр гаргагчдын хувьд л харамсалтай санагдаж байна.

 

-Зарим иргэн хувьцааныхаа 30 хувийг зарах нь зөв эсэхэд эргэлзэж байна. Ер нь 1072 хувьцаа ирээдүйд дэлхийн зах зээл дээр хэр зэрэг үнэ цэнэд хүрэх бол. Хувьцаагаа одоо зарсан нь зөв үү эсвэл үнэд хүрэхийг хүлээсэн нь дээр үү?

 

-Ер нь энэ хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж, бодитой хувьцаа болоод өндөр үнэд хүрэх магадлал ойрын ирээдүйд буюу нэг, хоёр жилдээ бол үгүй. 1072 хувьцааг дэлхийн зах зээл дээр өндөр үнэд хүргэхийн тулд уул уурхай, төмөр замын тээвэрлэлтийн талаар баримтлах бодлого, нүүрсийг тодорхой хэмжээнд түүхийгээр нь бус нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг барих асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Тиймээс богино хугацаанд шийдчих боломж харагдахгүй байна. Ийм боломжоо бид алдсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байхад, тодорхой хугацаанд дэлхийн зах зээлийн хандлага Монголын талд эерэг байх үед тэр бүхнийг хийж чадаагүй. Одоо нөхцөл байдал ийм хүнд байхад “Эрдэнэс Тавантолгой” компанийг амь оруулан ашигтай ажиллуулж, хувьцаа нь үнэ цэнэд хүрэх магадлал багатай. Тэгэхээр иргэдэд хоёр л сонголт байна. Тодорхой хугацаанд хүлээгээд хувьцаа ямар үнэд хүрэхийг харах. Эсвэл өнөөдөр 30 хувийг нь 300 мянган төгрөгөөр зарах уу гэдгийг өөрсдөө л шийдэх хэрэгтэй.

 

-Манай улсын төсөв эхний таван сарын байдлаар 860 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Яагаад улсын төсөв ийм их алдагдалтай гарч байна вэ?

 

-Энэ нөхцөл байдлыг харахад хоёр үндсэн шалтгаантай. Сүүлийн жилүүдэд төсвийн хууль эрх зүйн орчныг сайжруулж чадсан. Их олон сайхан хуультай болсон. Гэтэл харамсалтай нь нэгдүгээрт, хуулиудаа зөв хэрэгжүүлж чадахгүй байна. Хоёрдугаарт, Монгол Улсын төсвийн төлөвлөлт, төсөв батлах, хэрэгжүүлэх үйл явц маш хариуцлагагүй байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар төсвөө төлөвлөж чадахгүй байгаа бөгөөд нэг жилийн алсын хараа алга. Нэг жилийн төсвөө болон гурван жилийн төсвийн мэдэгдлээ байнга өөрчилж байна. Орлогоо хэт хөнгөмсгөөр өндөр харж, түүндээ тохируулж зардлаа төлөвлөдөг. Товчхондоо, төлөвлөж чадахгүй болохоор ийм алдагдалтай байгаа юм. Мөн Засгийн газрын зүгээс хийх ёстой зүйлээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн цаг хугацаатай тохируулан шуурхай хэрэгжүүлж чадахгүй байна. Өнгөрсөн жилээс Засгийн газар хэмнэлтийн, бүсээ чангалсан төсөв зэргийг нийгэмд уриалсан боловч Засгийн газрын урсгал зардал буурахгүй 10 гаруй хувиар өссөн. Түүнчлэн өрийн дарамт нэмэгдэж байна. Засгийн газар өрийг нэгэнт бий болгосон бол түүнийг хариуцахаас өөр аргагүй. Нөгөө талдаа төсвийн урсгал зардалдаа аль болох хариуцлагатай хандаж чадахгүйгээс болж ийм байдал үүсч байна. Ядаж л өмнөх жилийн төвшинд нь барьж чадахгүй байгаагаас ийм алдагдалтай төсөвтэй байгаа юм.

 

-Төсвийн алдагдлыг бууруулах гарцыг та яаж харж байна вэ?

 

-Зүй нь бол эдийн засгийн хямралтай энэ үед нэн түрүүнд шаардлагатай зарим зүйлээс тэвчиж болох бүх зардлыг түр зогсоож, аль болох хэмнэх чиглэл рүү төсвөө батлах хэрэгтэй. Гэтэл төсөв эдийн засгийн хямралын эсрэг төсвийн зардал тэлж байгаа нь харамсалтай. Дараа жилд төсөв алдагдалгүй байх магадлал маш бага. 2016 оны төсвийг баталж байхад энэ онд алдагдалтай яваад 2017 онд алдагдалгүй төсвийг батлах талаар эрх баригчид хэлж байсан. Энэ бол боломжгүй. Өрийн дарамт дараа жилд хоёр дахин ихэснэ. Өнөөдөр бид зөвхөн өрийн хүүгийн төлбөрт 900 гаруй тэрбум төгрөгийг төлж байна. Гэтэл дараа жилээс үндсэн төлбөр болох их наяд гаруй төгрөгийг хүүтэй нь төлнө. Ирэх жилүүдэд өрийн дарамтыг яаж давах вэ гэдэг Монгол Улсын ирээдүй буюу эдийн засаг хэр хурдан сэргэхтэй салшгүй холбоотой.

 

-Улс орон болон иргэний хувьд эдийн засгийн байдал өдрөөс өдөрт хямарч байна. Ингэж богино хугацаанд уруудаж байгаагийн гол шалтгаан юу вэ?

 

-Эдийн засаг хямарсан хямраагүй гэсэн маргаантай асуудал бий. Миний бодлоор эдийн засаг маш хүнд байгаа. Үүний шалтгаан гэвэл зарим хүн эдийн засагт байгаа цөөн эерэг зүйлийг шүүрч авч эдийн засгийн нөхцөл байдал гайгүй байгаа мэтээр тайлбарлахыг оролддог. Үүнтэй би санал нийлэхгүй. Эдийн засгийн инфляц бага, гадаад худалдааны тэнцэл эерэг, төлбөрийн ерөнхий тэнцэл харьцангуй буурсан зэрэг сайн үзүүлэлт бий. Гэхдээ энэхүү үзүүлэлт нь манай улсад эдийн засаг сайн байгааг харуулахгүй. Жишээлбэл, манай гадаад худалдааны эргэлт 30-40 хувиар багассан. Дээрээс нь гаднаас импортоор авдаг зүйл мөн багассан. Тэгэхээр гаднаас авдаг зүйл буурна гэдэг монголчууд үйлдвэрлэгч бус орны хувьд эдийн засгийн ирээдүйд тийм сайн зүйл биш. Нөгөө талаасаа макро эдийн засгийн зорилго аль ч утгаараа нийт иргэдийн амьжиргаа, амьдралыг сайжруулах юм. Гэтэл манай улс энэ зорилгыг биелүүлж чадахгүй байна. Эдийн засагт ганц л үнэн бий. Тодруулбал, эдийн засаг үнэхээр сайн л байгаа бол иргэдийн амьдрал дордох ёсгүй. Бага ч гэсэн дээшилсэн байх ёстой. Гэтэл иргэдийн бодит орлого ганцхан жилийн дотор 10 гаруй хувиар буурчихсан байхад эдийн засаг хямраагүй гэж хэлж болохгүй. Гудамжинд байгаа эдийн засгийг хар, таксины үйлчилгээнд явах иргэд хэчнээн олон болсон байна. Төсвийн орлогын тасалдлын гол шалтгаан нь аж ахуйн орлогын албан татвар эхний дөрвөн сарын байдлаар 50 гаруй хувиар тасарчихсан байна. Ийм байхад эдийн засгийг сайн гэж хэлж болохгүй. Эдийн засгийн гол зорилгоо биелүүлж иргэд рүүгээ чиглэсэн бодлого явуулж чадаагүй байна. Эдийн засгийг олж харахдаа төрийн сан хөмрөг нь буурсан эсэх, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, борлуулалт нэмэгдсэн үгүйг мөн иргэдийн халаасны орлого сайжирсэн зэргээр л хэмжих хэрэгтэй. Энэ гурван төвшин манай улсад суларсан байна. Эндээс манай улс богино хугацаанд гарах боломж багатай. Хэрэв бид өрийг дэмжсэн, нэмэгдүүлсэн, тодорхой хэмжээний баялаг бүтээдэггүй салбарт бүтээн байгуулалт нэрээр их хэмжээний мөнгө зарцуулсаар байвал Монгол Улсын хөгжиж дэвших цаг хугацаа улам хойшилсоор байх болно. Тиймээс эдийн засгийг хөгжүүлэх, бодит орлого, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг яаралтай авч хэрэгжүүлж чадвал энэ эдийн засгийн уналтыг улам даамжруулахгүй богино хугацаанд эргэн сэргэх боломжийг олж авна.

 

Энд нэг зүйлийг тодотгох хэрэгтэй. Нийгэм, эдийн засагт төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Төр ганцхан зүйлийг л хийх ёстой. Эрүүл мэнд, батлан хамгаалах, боловсрол зэрэг гарцаагүй салбарыг чанартай удирдаж авч явах ёстой. Харин бусад салбарыг эрх зүйн орчин, зөв бодлогоор дэмжих л ёстой. Төр зөв бодлоготой байсан цагт валютын орох урсгал нэмэгдэж, ханш өсөх айдасгүй болно. Одоогийнх шиг төр бүх зүйлд оролцсон байдлаар яваад өөрчлөлт бий болохгүй. Ялангуяа улс төрийн харьцангуй төлөвшөөгүй намуудтай, зөв бус засаглалтай байгаа үед төрийн оролцоог эдийн засгийн харилцаанаас авч хаях ёстой. Эдийн засгийн хямралын гол шалтгаан бол төрийн бодлого, засаглалын хямрал. Манай улс мөнгөтэй байсан, олж ч чаддаг. Энэ хугацаанд Монгол Улс мөнгөгүйдээ хямарсан юм биш, бид зөв удирдлагагүй, зөв засаглалгүй, хариуцлагатай төргүй байсандаа л хямарлаа.

 

С.Юмсүрэн