“Хэтэрсэн төсвийн алдагдал, хоолойд тулсан өр, хаяанд ирсэн ханшийн хямрал, ажилгүйдэл, ядуурал... Яг үнэндээ, эдгээр эрсдэл Монголын эдийн засагт тулгараад буй хамгийн том сорилт биш”. Хачирхалтай гэмээр ийм дүгнэлтийг Дэлхийн банкнаас хийлээ.

Тэгвэл Монголын эдийн засгийн “тэсрэх бөмбөг” юу юм бол? Тэр нууцлаг сорилтыг танилцуулахаасаа өмнө Дэлхийн банк яагаад ийм “этгээд” дүгнэлт хийснийг сонирхоё.

Эрэлт бууснаас үнэ унасан. Энэ энгийн зүй тогтол дэлхийн эдийн засаг хүчээ алдах гол шалтгаан болсныг шинжээчид хэлдэг. Дэлхий даяар энэ үзэгдлийн хариу үйлдлийг үүрч байна. Харин Монгол Улс энэ үеийг яагаад ийм хүндээр туулж, туйлдаж байна вэ? Нийтлэлийн эхэнд өгүүлсэн тэр эрсдэлүүд яагаад ингэтлээ хоолойд тулж, хөл тушчихаад байна вэ? Энэ нь Монголын эдийн засгийн хамгийн том сорилт буюу мөнөөх нууц шалттаантай холбоотой аж.

Олсноо баруун, солгойгүй цацаж байсан үе бидэнд бий. Тонн зэс 10 мянган ам.долларыг давж байхад монголчууд хэмнэх, хадгалах талаар бодож ч байсангүй. Түүхий эдийн зах зээлийн их тэсрэлтийн үе энэ байв. Түүхий эдийн үнэ жинхэнэ “тэсэрсэн” тэр жилүүдэд манай төсөв тэлж, зарлага задгайрсан.

Харамсалтай нь, өсөлт удсангүй. Үнэ унаж, орлого уруудав. Гэвч Монгол Улс зарлагаа хумьж, үрэлгэн зангаа зассангүй. Улам дэлгэв. Ингээд л төсвийн зарлага орлогоосоо давж, цоорхойг нь өр, зээлээр нөхсөөр өдий хүрсэн. Орлого хумигдсан ч төсөв данхайж, өр өргөжсөөр. Үүгээр зогсохгүй төсвийн алдагдал гаарч, төлбөрийн тэнцэл муудав.

Үүнээс та Монголын эдийн засгийн хамгийн том сорилт юу болохыг гадарласан байж магад. Түүхий эдийн үнэ унаж, орлого буурсан тэр үед л монголчууд зарлагаа танаж, бүсээ чангалсан бол... Яг одоогийнх шиг байдалд орох, эсэх нь эргэлзээтэй. Тиймээс төсөв, мөнгөний бодлогоо нэгтгэх, цэгцлэх, оновчтой болгох нь Монголын эдийн засагт тулгараад буй, цаашид ч тээглэх сорилт болохыг Вашингтонд төвтэй Дэлхийн банкнаас дүгнэлээ. Товчхондоо, төсөв, мөнгөний бодлогын тохиргоо хийх шаардлага байна. Эс бөгөөс Монгол Улс “бахардаж” унахыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал тод харуулж байгаа ажээ.

Уг нь улсын төсвийг нэгтгэх, орлого, зарлагыг бодитой тооцно гэдгийг үе үеийн Засгийн газар амладаг. Гэхдээ үг бус үйлдлээрээ батлах нь чухал болохыг Дэлхийн банкны Монголыг хариуцсан ахлах эдийн засагч Таехуин Ли сануулав.

Одоогийн Засгийн газар төсөв, мөнгөний бодлогод тохиргоо хийх эхний алхам хийсэн. Эмхлэгдэн, байгуулагдсан даруйдаа шинэ засаг “Сайн” хэмээх тодотголтой хөтөлбөрүүдийг зогсоосон. Төсвөөс гадуурх зардлуудыг нэмж тооцон, улсын төсвийг нэгдсэн болгох эхний оролдлого хийснийг Дэлхийн банк дэмжиж байна. Энэ оны төсвийн тодотголын төсөлд өмнөх онуудтой харьцуулахад ахиц гарсныг бас онцоллоо. Гэвч тус төсөлд Хөгжлийн банкны аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвөөс гадуурх зээл, ипотекийн хөтөлбөрийг хасч тооцжээ.

Өрийн дарамтыг бууруулах арга бий. Энэ нь төсвийн алдагдлыг багасгахтай агаар нэг. Тесвийн өндөр алдагдалтай атлаа өрийн асуудлаа шийдсэн нэг ч улс байхгүйг Таехуин Ли эдийн засагч цохон тэмдэглэв. Төсвийн алдагдлыг хумих нь хөрөнгө оруулагчдад ч эерэг дохио болдог. Засгийн газар ирэх онд төсвийн алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулахаар төлөвлөсөн. Үүнийг эдийн засагчид дэмжиж байна. Ер нь Монгол Улсын Засгийн газар хүнд үед амаргүй зорилт тавин ажиллаж байгаа, Төсвийн бодлогод тохируулга хийх Засгийн газрын оролдлогыг улстөрчид, олон нийт дэмжих хэрэгтэй гэж Дэлхийн банкнаас зөвлөв.

Монголбанк ханшийн савлагааг намжаахын тулд бодлогын хүүг өсгөсөн. Гэхдээ нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй байгаа ажээ. Бас төв банк санхүүжилт олгохоо зогсоож, үнийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөц бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлэхийг захилаа.

Дэлхийн банкны тайланд дурдсанаар Монголын эдийн засаг энэ онд 0.1 хувиар тэлнэ. Өсөлтийг хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар тэтгэнэ. ДНБ-ий өсөлт ирэх онд хоёр хувь болж, хурдасна. Эдийн засгийн эмзэг, амаргүй байдал зөвхөн Монгол биш Ази, Номхон далайн бүс нутгийг хамарч байгаа аж. Иймд бэлэн байхыг сануулъя. Гэхдээ Монгол болоод бүс нутгийн дунд болон урт хугацааны төлөв өөдрөг хэвээр байна.

 

Г.БАЙГАЛ

[ЗГМ]