Яг өөдөөс нь хараад сууж байгаа энэ хаалгаар ороод зарим нь баяр хөөрөөр бялхаж, харин зарим нь нулимсандаа живээд гарч ирдэг. Харин заримдаа  хүн биш амьсгалахаа хэдийнэ больсон нэгэн бие л гарч ирэх нь бий.

Хэсэг хүнд аз жаргал, хэсэг хүнд уй гуниг авчирдаг энэ газрыг Хавдар судлалын үндэсний төв хэмээнэ. Тус төвийн дотор ямар амьдрал буцалдгийг бид төдийлөн мэддэггүй. Тиймээс тус төвөөр үйлчлүүлэгчдийн дотоод сэтгэл рүү өнгийн, бодит түүхийг нь яриулснаа сурвалжлан уншигчиддаа хүргэе. Эрүүл мэндийн байдал нь хувь хүний нууцдаа ордог учир бид эх сурвалжуудынхаа нэрийг нууцаллаа.

 

ХАВДАРТАЙГАА МЭДЭЭД ХАГАЛГААНД ОРОХ ӨДРӨӨ 45 ХОНОГ ХҮЛЭЭВ

 

Улаанбаатараас 1000 гаруй км-т орших Завхан аймгийн захын нэгэн сумаас ирсэн 63 настай иргэн Н.Ж одоогоос нэг жилийн өмнө элэгний хорт хавдраар ХСҮТ-д оношлогдов. Тэрбээр аймгийнхаа эмнэлэгт үзүүлэхэд элэг, ходоодны хавсарсан хавдар хэмээх оношийг эмч нар хэлжээ. Харин ХСҮТ-д үзүүлэхэд ходоод биш элэгний хорт хавдартай хэмээн оношоо баталгаажуулсан нь энэ юм. Үүний дараа тэр 45 хоног буюу хоёр сар орчим хугацааг мэс засалд орох өдрөө хүлээн сэтгэлийн их шаналалд өнгөрүүлсэн юм. Энэ хугацаанд хавдрын хэмжээ хүрээгээ тэлж, бие нь улам муудаж байгааг анзаарч, түүндээ бухимдан сар гаруй хугацааг үдсэн байна. Эцэст нь элэг тайруулах мэс засалд орж, 24 цагийн турш үргэлжилсэн ч ямар нэгэн хүндрэлгүйгээр гарч иржээ. Гэвч түүнийг хүнд юм өргөх, гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхийг хориглосон учир гэрийн мухар сахьсан нэгэн болов. Тостой зүйл идэж болохгүйгээс эхлээд хоол, хүнсний тухайд ч хүссэн бүхнээ идэж чадахгүйд хүрлээ. Цагтаа малын эмч, ерөнхий нягтлан мэргэжилтэй гялалзаж явсан Ж-гийн хувьд амьдралын ийм нэгэн идэвхгүй байдал нь түүнийг улам шаналгах болжээ.

 

Элгээ тайруулснаас хойш тэрбээр гурван сар тутамд Улаанбаатарт ирж хяналтын үзлэгтээ орно. Үзүүлэх хугацаандаа таньдаг айлуудаараа байрлана. Энэ үеэрээ томографийн аппаратаар үзүүлье гэхээр 45 хоногийн дараа үзүүлэх хоосон цаг гардаг байна. Тиймээс хувийн эмнэлгийг зорьдог аж.

 

Энэ тухайгаа иргэн Н.Ж “Хөдөө орон нутгийн бид 45 хоногийн турш хотод хүлээх боломжгүй. Тиймээс үзлэгтээ орохоор ирэх бүртээ “Бриллиант” эмнэлэгт нэг удаа 270 мянгаар томографикт үзүүлдэг. Сард 400 гаруй мянган төгрөгийг зөвхөн эмэндээ зарцуулдаг. Үүнээс гадна 1000 гаруй км-ийн цаанаас ирж, очих хоёр хүний зардал төлнө. Ингэхээр тэтгэврийн мөнгө  хаанаа ч хүрдэггүй. Заримдаа ингэж зүдэрч явахаар үхчих юмсан гэж бодох үе ч гарна.  Дараалал нь дийлдэхгүй учир төрөөс үнэгүй үйлчилгээ авч чаддаггүй. Үхчихгүйн тулд байгаа хэдийгээ бариад хувийн эмнэлэг рүү очдог. Эмч нарт буруу алга. Ганцхан аппараттай учир  их хугацаа зарцуулаад байна. Иргэдээс авсан нийгмийн, эрүүл мэндийн даатгалаараа хавдрын эмнэлгийн тоо, томографийн аппаратаа нэммээр байна. Ядуу, мөнгөгүй хүнд үхэхээс өөр сонголт үлдээгүй бололтой” хэмээн сэтгэл дотор бугласан асуудлаа бидэнтэй хуваалцлаа.

 

сонин mn

“ЭМЧ НАРЫНХАА ЧАДВАРЫГ БИШИРЛЭЭ”

 

Увс аймгийн Өндөрхангай сумын 71 настай иргэн Ө.Б дөрвөн жилийн өмнө  мөн элэгний хорт хавдраар аймагтаа оношлогджээ. Үүнээс хойш 2-3 сар тутамд ХСҮТ-д ирж түлэх, боох эмчилгээг хийлгэсэн байна. Үүний үр дүнд элгэн дээр нь үүссэн таван хавдар нь шохойжиж, дахин идэвхжсэнгүй.  Харин үлдсэн нэг хавдар нь томроод бөглөх болон түлэх эмчилгээ хийх боломжгүй учир энэ даваа гарагт элэг тайруулах мэс засалд орж, хавдартай хэсгээ бүхэлд нь авахуулсан юм. Энэ тухай түүний охин М “Ээж маань анх 2018 онд ирэхэд 2-3 сарын настай гэж байсан бол одоо дахин амьдрах боломжтой болсонд эмч нартаа баярлаж байна. Эмч нарынхаа чадварыг үнэхээр биширлээ. Нүүр нь харлаад тураад, ядраад байхаар нь аймгийн эмнэлэгт үзүүлээд оношлогдоод ирж байсан. Хавдрын шалтгаан нь 1978 онд хүүхэд төрүүлэхдээ шарлаж байсантай холбоотой юм билээ. Ээжийн насны хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн ихэнх нь тариурын шараар өвдөж байсан гэсэн. Тухайн үед нэг удаагийн тариур байгаагүй учир буцалгаж хэрэглэдэг байсан юм билээ.

 

Мөн ивомек малын тариаг малчид хяналтгүй тарьж байгаатай холбоотойгоор хорт хавдар ихэссэн гэж мэргэжлийн хүн ярьж байсан” гэв.

 

Яг ижил оноштой ойролцоо насны хоёр хүн эмнэлгийн бодит нөхцөл байдалтай холбоотой хоёр өөр зүйлийг бидэнд ярилаа. Энэ нь юутай холбоотойг уншигч та өөрийнхөөрөө шүүн тунгаах буй за.

 

ШИНЖИЛГЭЭНИЙХЭЭ ХАРИУГ АВАХ ХҮМҮҮС ҮҮРИЙН 05:00 ЦАГТ ИРДЭГ

 

Үүний дараа бид ХСҮТ-д үзүүлэх дугаараа авахаар хүлээн зогсож байсан иргэдтэй уулзсан юм. Шинжилгээнийхээ хариуг авах хүмүүс үүрийн 05:00 цагт ирдэг бол хагалгаанд орох хүмүүс өглөө 06:00 цагт ирж дарааллаа хүлээдэг байна. Иргэн С-ийн ээж дөрөвдүгээр сараас хойш ХСҮТ-өөр үйлчлүүлсний эцэст саяхан ходоодны хагалгаанд оржээ. Энэ үеэр бүртгүүлэх, шинжилгээ өгөх, үзүүлэх гэсэн бүх үе шат чирэгдэлтэй байв.

 

Энэ тухай иргэн С “Өдөрт 50-60 хүнд дугаар олгодог. Гурван өдөр дарааллаад цаг аваад эмчдээ очтол системд шивээгүй байна гэсэн хариу өгсөн. Ийм тохиолдол их гардаг. Тиймээс Чанарын албатай уулзахад “Бид хүн хүчнийхээ чадлын хэрээр ажиллаж байна. Тоног төхөөрөмж хүрэлцдэггүй. Үзүүлэх дугаарыг цахимаар олгодог программгүй. Үүнийгээ шийдвэрлэе гэхээр төсөв байхгүй. Ийм программ 50-60 сая төгрөгийн өртөгтэй” гэсэн хариу өгсөн. Эмч нэг хүнээ их удаан үздэг тул бусад нь олон цаг хүлээдэг” гэсэн юм.

 

Тус төвийн дугаар олгодог системийн гацалттай холбоотой асуудлын талаар иргэн Х.О “Өглөө 08:30  цагт ирээд 200 гэсэн дугаар авсан. Гэтэл 10:00 цагийн үед систем нь гацаад дахин дугаарлаад номер авахад 278 дугаарт үзүүлэхээр байна. Одоо дуудаж буй дугаар 18,19 дээр  явж байна. Ийм утгагүй. Ганцхан цаг  үзүүлэхийн тулд олон цаг дугаарлан зогсож байна. Цахимаар цаг авах гэхээр утсаа авдаггүй. Энэ нь  үнэхээр хүндрэлтэй байна. Эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулж,  хүрэлцээг нь нэмэх хэрэгтэй. Иргэдийг удаан хугацаагаар дугаарлуулдаг энэ төвөгтэй асуудлын шийдлийг олмоор байна” гэлээ. Харин бамбай булчирхайн хорт хавдраар өвдөөд эмчлүүлэхээр ирсэн иргэн Ж.Т “Үзүүлэхийн тулд сар орчмын өмнө дугаар авдаг. Мөн үзүүлэхээсээ өмнө шинжилгээгээ өгсөн байх ёстой. Тогтмол үйлчлүүлдэг хүний хувьд эмч хүрэлцээгүйгээс өвчтөний үзүүлэх хугацаа хамаардаг гэсэн ойлголттой байдаг. Нэг тасагт хоёр эмч үзэж байна. Нэг эмч өдөрт 50-60 хүн үзэх боломжгүй. Тэд үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс эмчийн тоог нэмэх шаардлагатай” гэж байсан юм.

 

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ЭМНЭЛГИЙН АЧААЛЛЫГ НЭМЭВ

 

Улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлгийн үзлэг эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал ихэсчээ. Дүүргийн эмнэлэгтээ эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахад хавдартай гэсэн онош гараагүй иргэн Ү бие нь өвдөөд хувийн эмнэлэгт үзүүлтэл хавдар байх магадлалтай гэжээ. Тиймээс оношоо тодруулахаар ХСҮТ-д үзүүлэхээр ирээд байв. Тэрбээр “Хөдөөнөөс ирсэн хамаатнаа таньдаг хүнээрээ хэлүүлж байж эрт илрүүлэгт хамруулсан. Өөрөө үзүүлтэл зүгээр гэж хэлсэн ч хувийн эмнэлэгт хавдартай байж магадгүй гэсэн хариу гарсан. Ингэхээр эрт илрүүлэгт нь итгэж болохгүй ч юм шиг. Хөшөө барьж, хэрэгтэй хэрэггүй баяр тэмдэглэж  байснаас хавдрын эмнэлэг барьж ашиглалтад оруулмаар байна. Манай улс хавдрын тоогоороо дэлхийд тэргүүлж байхад  оновчтой арга хэмжээ авч ажиллахгүй байгаад үнэхээр гайхаж байна. Үзүүлэхгүй явсаар өвчин нь хүндрээд энд ирж буй хүмүүсийн ихэнх нь нас барах бололтой” гэсэн юм.

 

Иргэн Т.А мөн эрт илрүүлгийн үзлэгтээ хамрагдахаар иржээ. Тэрбээр “Төр, засгийн явуулж байгаа бодлого асуудалтай байна. Өндөр хөгжилтэй орны иргэд өвдөхөөсөө өмнө өөрсдийн эрүүл мэнддээ анхаардаг. Гэтэл бид  олон өдөр дугаарлаад, хоосон хаалга мөргөөд явж байна.  Энгийн үед ингээд дугаарлаж байгаа юм чинь эрт илрүүлэгт хамруулахаар хавдартай хүмүүсийн тоо нэмэгдэх байх. Эмнэлгийнхээ тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэв.

 

Ийн хавдартай хүмүүст үйлчилгээ үзүүлдэг улсын ганцхан ХСҮТ хэмээх байгууллага ачааллаа дийлэхээ больсныг тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн яриагаар батлан харуулахыг зорилоо. Эмнэлгийн дотоод орчин нөхцөл сайжирсан ч хамгийн чухал дугаар олгодог систем нь гацаж, алдаа заадаг нь иргэдийг бухимдуулж байна. Төрөөс эрүүл мэндийн үйлчилгээгээ үнэгүй авах ёстой атал ачааллын улмаас мөнгөтэй нь хувийн эмнэлгийг зорьж, мөнгөгүй хэдэн мянган хүн хорт хавдраар хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа бол. Хоёр сарын дараа мэс засалдаа орно гээд буцсан орон нутгийн иргэдийн хэд нь эргэн ирж чадсан бол. Хэд нь мэс засалд орсон ч дахин хэдэн сар амьдарсан бол гэсэн үй олон асуулт хариултаа нэхсээр байна.

 

Б.Должижав,  Б.Нямсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин