Үнэндээ хотын хэтэрсэн даацын талаар хүн амын ихэнх нь хотод төвлөрч, өдрөөс өдөрт архины хамааралтай хүний тоо ихсэж, хотын түгжрэл 0 зогсолт болж, хаяггүй хүмүүсийн тоо олширч, байж боломгүй гэмт хэрэг гарч, хог новшиндоо дарагдаж, агаарын, хөрсний, уух усны бохирдол дээд цэгтээ тулж байгаа талаар уран гоё үгтэй элдэв санаа дэвшүүлж олон санаа дэвшүүлдэг ч хэн ч өлгөж авч өөд нь дэвшүүлдэггүй хараад л өнгөрдөг. 

Тиймээс хөдөөнөөс орж ирэхдээ албаар жаахан хатуу хэлбэрээр олны анхааралд хүргэх нь зөв юм байна гэдгээр "Нэг юм хэлчих үү" гэсэн нийтлэлдээ хотын үнэнг хатуухан бичсэн. Мэдээж хөдөөнийхөн дайрч доромжилж элдвээр харааж зүхэж байсан ч бичсэн зүйлээс нэгийг авч хоёрыг тунгаасан байх гэж бодном. Би хотод төрж хотод өссөн, ижий аав маань ч мөн адил. Өвөө маань Говь-Алтайнх, аавынхаа нутгаар овоглож явдаг бол эмээ минь Булган нутгаар аав ээжийнхээ нутгаар овоглоно. Буурлууд маань Алтанганжуур номын урлаачдын нэг гэдгээр түүхэнд тэмдэглэгддэг. Сэтгүүлч гэх эрхэм мэргэжлийг эзэмшиж 25 жил тасралтгүй ажиллаж сэтгүүл зүйн салбартаа шинийг эрэлхийлж олон ч мэдээ сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэж явсан. Монголчууд хатуу үг даах чадвар дутмаг гэдгийг анх "Хатуу үг", шүүмж мэдээ бэлтгэж байхдаа анзаарч харсан болохоор хошин төрлийг ашиглан нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шүүмжлэн “360 градус” хэмээх нэвтрүүлэг хүртэл хийж байлаа, үнэнг хүргэхийн тулд. 

 

Мэдээж бид бүгд л энэ эх орныхоо хаана ч амьдрах эрхтэй, гэхдээ эрхээ дагаад хариуцлага үүрэг гэж юм байдаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. 

 

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. 1990 оноос хөдөөний 18 аймаг 360 гаруй сумдаас хотыг зорьсон их нүүдэл тасралтгүй цувсаар УБ хотын 70% нь сүүлийн 30 жилд нүүж ирсэн хөдөөний айлуудаас бүрдэж эхэлсэн. Ихэнх нь хөдөө нутгаа орхиж гарсан улс. 30 жилийн хугацаанд өөдөлж улс нийслэлийнхээ хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүс байгаа ч дийлэнх нь нийгмийн хямралд сөхөрч ядуурлын эгнээнд орсон.

 

Би яах вэ элдвээр хараалгасан ч хоёр мянган хүн нийтлэлийг маань түгээж, 10 мянган хүн үзэн 15 мянган хүн өөрсдийн сэтгэгдлээ бичиж. Би энэ сэдвийг олны анхааралд хүргэж чадлаа гэж бодож байна. Миний бичсэн гол санаа хотыг хөгжүүлэх гэж тулга тойролгүй одоо хөдөө рүүгээ чиглэж, нутгаа хөгжүүлж, энд гарцгүй болсон иргэдээ нутаг руугаа тат гэж хөдөөнөөс төрд суугаа эрхмүүдэд хүргэх гэсэн санаа төдий. 

Ямар ч өндөр сайхан шил толин барилгууд бариад хотын ядуурал огт арилахгүй, түгжрэл бүр паг, ямар ч сайхан нийтийн унаа, зам тавилаа ч түгжрэл утаа хоёроос хэзээ ч салахгүй. Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгоход наандаж 30 жил болно биз.

 

Хотын ихэнх их дээд сургуулиуд төрийн томчуудынх. Тэд мөнгө олохын тулд ямар ч цензургүй хөдөөний оюутнуудыг элсүүлж авдаг нь үнэн. Би ч хөдөөгүүр сургуулиудыг сурталчилж явахдаа харж л явлаа. Тэд мөнгө гэж харна уу гэхээс хөдөөний залуусыг төгсгөөд ажилгүйдлийн тоог нэмж харийн орон руу хар ажилд явна гэж боддоггүй. Тиймээс энэ олон их дээд сургуулиудыг хөдөө орон нутагт шилжүүлэх нь хотын даацыг хөнгөлөх нэг хөшүүрэг болоод зогсохгүй хөдөө нутгийн хөгжилд ч нэмэр болох алхам гэж харж байгаа. 

 

Төр үүнийг хамгийн түрүүнд шийдвэл зүгээр. Хүн төрсөн өссөн нутгаа уугуул, очиж суусан нутгаа суугуул гэж ярьдаг. Хотын уугуул гэж байна аа. Монгол Улсын Үндсэн хуулийн 2-т зааснаар Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн хотын уугуул иргэдийн эрх нь зөрчигдөж байгаа нь үнэн. Үүнтэй хотын уугуулууд санал нэг байгаа байх. Би хэн нэгний угшил гарал үүслийн талаар огт дурьдаагүй юм шүү дээ. 

Миний боловролгүй, амин хувиа хичээсэн, бас эрүүл хүн шиг алхаж чадахгүй, хужаагийн эрлийз гэж хэлүүлж доромж үгээр булуулах нь хамаагүй ээ. Энэ улсын нийслэл бидний, миний үр хүүхдийн өлгий нутаг эрүүл, амгалан, сурч амьдрах орчин нь аюулгүй байх учиртай. Тиймээс хотын гэсэн нэгэн дээвэр дор орсон хэн бүхэн зөв бодолтой биенээ хүндэлдэг амьдрах орчноо эрүүл цэвэрхэн байлгаж нэгэндээ шаардлага тавьдаг хүлээж авдаг байгаасай гэж энэ сэдвийг олны анхааралд хүргэлээ. 

Хүн гэрээ засаад төрөө зас гэдэг шиг бид дор бүрнээ гэрээ засаж байж төрөө засах учиртай. Дөрөв хоногийн хугацаанд сошиалд хамгийн бүдүүлэг үг хэллэг хэн хэрэглэж байгааг бүгд харсан байх тэд ч бас өөрсдийн ухаандаа нэгийг бодно биз. 

 

Хөдөө нутаг чинь дэндүү сайхан байна шүү суугуул иргэд минь. Айлчилж очдог биш эзэн нь юм шиг суух цаг нь ойрхон байгаасай. Хаяж гарсан нутгийн чинь эзэд үзэн яддаг урд зүгийн шоргоолж нар бүү болоосой билээ 

 

Үнэндээ хөдөө нутгийхан минь нутгаа орхиж явснаараа махны салбараа тэдэнд алдсан шүү та нар хатуухан хэлхэд. Өөрсдийн юмандаа эзэн нь байгаарай. Төрийн халамжийг дагаж хотших биш, тэнүүн тал нутагтаа эзэн нь байж морин дэл дээрээ салхи татуулан давхиж, монгол хүн гэдгээрээ омогшиж яваарай. 

Та нар хөдөө нутгаа эзлээд луухаануудаа нутаг буц аа! Xарин хотын бид нэгдэж энд бүгсэнийг нь буцаая! 

Эрүүл аюулгүй орчинг үрсдээ үлдээхийн төлөө байцгаая даа!

 

Cэтгүүлч Төмөрийн Эрдэнэчимэг