Бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ гаарч байгаа энэ үед УИХ-аас Үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг байгуулсан нь тун зөв алхам боллоо.

Гишүүд уг нь Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй талаараа сонгогчдодоо танилцуулахаар тойрог тойрогтоо очоод үнийн өсөлтөд иргэд хэрхэн сөхөрч буйг сонсож мэдсэн хэрэг. Тэгээд даруйхан ийм ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулан ажиллуулж эхлэв. Орчин үеийн эдийн засгийн онолчид зах зээл дэх үнийг чөлөөт эдийн засаг өөрийн гольдролоороо зохицуулдаг, бараа бүтээгдэхүүний үнэд төр оролцох ёсгүй гэж номлодог. Энэ бол ном ёсоороо хөгжиж буй эдийн засагтай орон буюу хүн ам олонтой, зах зээл өргөнтэй улсуудад л хэрэгждэг онол бололтой.

Хоёр гурван зуун сая хүн амтай, үйлдвэрлэл үйлчилгээгээ өөрсдөө хийдэг улс орон л ийм онолоор явна. Монгол шиг үйлдвэрлэл явуулдаггүй, ганзагын наймааны сэтгэлгээнээсээ салаагүй улсад үнийг төр зохицуулахаас аргагүй гэдгийг өдөр ирэх тусам тэнгэрт хадсаар байгаа үнийн өсөлтөөс харж болно.

Жишээ нь, манайд “Номин”, “Сансар” “И-март” гээд гарын таван хуруунд багтахаар хүнсний дэлгүүр бий. Тэд хоорондоо үнээ өсгөж л уралдахаас бууруулж хэрэглэгчээ татах тухай ойлголт байдаггүй. Хүссэн хүсээгүй хүмүүс энэ хэдхэн дэлгүүрээс л худалдаа хийдэг учраас үнэ бууруулах шаардлага байхгүй. Харин ч бие биенээсээ өрсөн үнээ нэмсээр. Тухайлбал, дэлгүүрт төмсний үнэ оны өмнө кг нь 970 төгрөг байсан бол 2500 төгрөг болж 2,5 дахин, лууван кг нь 2000 байсан бол 4700 болж 2,3 дахин, ургамлын тос 4300 байсан 9500 болж 2,2 дахин, байцаа 3000 төгрөг байсан 5200 болж 1,7 дахин, элсэн чихэр 2700-3750 төгрөг болж, Атар талх 1280 төгрөг байсан 1700 төгрөг болж, “Сүү” компанийн 1 литр сүү 2830 төгрөгөөс 3600 төгрөг болж 27 хувь өссөн байна.

Шатахуун оруулж ирдэг компаниудыг хар. Мөн л гарын таван хуруунд багтахаар цөөн монополь компаниуд хоорондоо үгсэн тохирч байгаад үнээ нэмсээр байна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсан ч Монголд эсрэгээрээ шатахууны үнэ нэмэгдээр л байдаг урвуу хамааралтай. Өнөөдөр зарим төрлийн шатахуун болон дизель түлшний үнэ литр нь 4000 төг даваад цааш өгсөж байна. Шатахууны үнэ өссөнөөс хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо үнэ хэд нугарч нэмэгдэж байгаа нь тодорхой. Баруун аймагт шатахуун АИ 92, 95, дизель түлшний үнэ литр тутамд 164 хувь буюу 1,6 дахин нэмэгдсэн нь 8 хувиас 16 болтлоо өсөөд байгаа инфляцийн суурь шалтгаан болж байна.

Урд хилийн цаадах Эрээн хотод бараа бүтээгдэхүүний үнэ огт өсөөгүй, ковидын өмнө ямар байсан тэр хэвээрээ байгаа гэж иргэд нь ярьж байна. Дөнгөж манай хилийн цаана үнэ хэвээрээ байгаа гэдэг нь тодорхой байхад бидэнд хаа холын Америкт үнэ өсөх ямар хамаа байна вэ. Гадаад худалдааны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар арматур болон өргөн хэрэглээний барааны үнэ дэлхийн зах зээлд манайх шиг ингэж огцом савладаггүй, маш тогтвортой байдаг. Өсвөл маш багаар өсч, эргээд үнэ нь буурдаг. Харин алт, зэс, нефтийн үнэ цаг үеэ дагаад өгсөж буурч байдаг нь хэвийн үзэгдэл юм байна. Гэтэл Монголд бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ хуйгаараа ингэж хэд дахин өсч байгаа нь дотоод үйлдвэрлэл явуулдаггүй, ажил хийдэггүйгээс гадна гадаад худалдааны тогтсон бодлого байдаггүйтэй холбоотой.

Монголчууд 1989 оны ганзгагын наймааны сэтгэлгээнээсээ салаагүй өдийг хүрчээ. Улаанбаатарт хаа сайгүй баригдаж байгаа өндөр барилгуудад дандаа наймаачид суудаг. Тэд жижиг лангуу түрээслээд гаднаас хямд авсан бараагаа өндөр үнээр зарж мөнгө олдог. Хэдэн зуун мянган ийм наймаачид байна. Ер нь үнийн өсөлт монголчуудын өөрсдийнх нь сэтгэлгүй, дэндүү сувьдаг шунахай зантай шууд холбоотой гэдгийг өөрсдөө ч мэддэггүй биз. Лангууны эзэн өндөр ашиг олохын тулд түрээсээ байнга нэмж байдаг. Энэ нэмэгдлийг түрээслэгчид бараандаа шингээгээд дээр нь өөрсдөө гайгүй ашиг олохын тулд дураараа үнэ нэмнэ. Бүгд л хэд нугарсан огцом их ашиг олохын төлөө зүтгэдэг. Өдөр тутмын амьдралд ч адилхан. Зам дээр хоёр машин шүргэлцлээ гэж бодоход хоёр жолооч хоёулаа хашгиралдан бууж ирээд зодоон цохиондоо тулна. Уурлахын учир хоёулаа машинаа засуулах мөнгөө олж авах гэж тэр. Нөгөө засварын газар нь ч тэр, жаахан будаг түрхээд явуулахын тулд тэнгэрт хадсан үнэ хэлдэг. Бүгд л өндөр ашиг олохын төлөө ингэж зүтгэцгээдэг.

2021 оны тавдугаар сард 6,2 хувь байсан инфляци өнөөдөр улсын хэмжээнд 15,1 хувьд, Улаанбаатарт 16,2 хувьд хүрснийг Статистикийн газраас зарлаж байна. Инфляци 2,5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт нөлөөлжээ. Үүнээс цаашаа амьдрахад бэрх болж байна. Өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг авч чадах хүнгүй боллоо. Ирэх есдүгээр сард байдал бүр хүндэрнэ гэсэн судалгаа гарчээ.

Одоо Ж.Ганбаатараар ахлуулсан Үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг түргэн шуурхай, маш сайн ажиллах хэрэгтэй байна. Наадам найр гэж сатааралгүй ажиллаж, тэнгэрт гарсан үнийг хазаарлаж авах хэрэгтэй. Манай зах зээлийн нэг гажиг үзэгдэл бол бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн л бол буцаж буудаггүй. Бүр гадаад зах зээлд өнөө барааны үнэ нь буугаад байхад монголчууд хэд нугалж ашиг хийхээ бодоод үнэ буулгах тухай ой ухаанд нь орж ирдэггүй. Энэ байдлыг засч залруулах хэрэгтэй юм. Өдгөө нэг үеэ бодвол хил боомтууд нээгдэж, цаг наашилж байна. Үүнтэй зэргэцээд шатахуун, доллар, барилгын материалаас эхлээд хүнсний бүтээгдэхүүний хөөсөрсөн үнэ ханшийг буулгах үүрэг дээрх ажлын хэсэгт ногдож байна. Монголд үнийн зохицуулатад төр ингэж оролдож, хязгаарлаж авахгүй бол улс орны дампуурал цаашаа болох нь. Хоосон ядуу, өлөн зэлмүүн ард түмэн атга гурил, үмх будааны төлөө үнэ цэнэтэй бүхнээ мөнгөөр арилжих болно. Энэ хэвээрээ бол юун тусгаар тогтнол гэдэг дээрээ тулах цаг ч ойрхон харагдаж байна.

 

 

Г.Гэндэндарам