Монгол Улсад олон тэмцэгч бий. Өөр өөрийн дүртэй бас тэмцэлтэй. Ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг онилж чичилнэ, хараан зүхэж, үйл ажиллагааг зогсооно хэмээн дөвчигнөнө.

Улс орны хөгжилд нэмэртэй хөрөнгө оруулалтын орчин, орон нутгийг чиглэсэн татвар, адаглаад жил бүрийн төсөвт хэчнээн төгрөг оруулдаг эсэх нь тэдэнд огт хамаагүй. Монголын парламентад ийм дүр цөөнгүй. Хэлэх үг, хийх үйлдэл нь хуулийн хязгаартай учраас хамаагүй попорч, ард түмний дунд баатарын дүрээр танигдах нь өдгөө эрс багассан л юм. Хууль нь ч тийм байхыг шаардаж эхэлсэн юм.

 

 

Атал гудамжнаас танигдаж, хэн нэгэн улстөрчийн жадны үзүүр, сэлэмний ир болсон тэмцэгч манайд олширч, замаа алдлаа. Түрүүчээс нь дурдвал Б.Түвшинжаргал, Б.Цэгмид, Г.Адилбиш нараар үргэлжилнэ.

 

Б.Цэгмидийг олон нийт эчнээ мэднэ. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Францын компанитай олон жил тэмцэж байгаа нэгэн. Авчиг ямар учраас Дорнод аймаг руу хөлгийн жолоо залж Г.Адилбиш нартай нийлж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсагийг онилсныг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан 2020 оноос Г.Адилбиштэй дөрөө харшуулж зүүн хязгаарын цогтой тэмцэгчээр тодорч 21 дүгээр талбайн тээвэрлэх замыг хүртэл хаалгаж явсан овжин хүн.

Анзаарсан бол одоо Г.Адилбиш хэмээх нэр байсхийгээд олон нийтийн сүлжээгээр тодрох боллоо. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид тавьдаг, тэмцдэг шаардлага Монголын шүүх, цагдаа, прокурорын байгууллагын энтэйгээс харахад нэгэн цагийн шадар анд Б.Цэгмидээс их л зүйл сурсан мэт. Уг нь Г.Адилбиш нараас Петрочайнад тавьсан таван шаардлагаас дөрвийг нь хүлээж авсан юм билээ. Үлдсэн нэгийг нь удахгүй шийдвэрлэхээ ч илэрхийлсэн байх юм. Гэтэл гар бариад бугуй барина гэгчээр үйл ажиллагааг нь бүрэн зогсоох хүртэл тэмцэхээ илэрхийлж суугаа Г.Адилбишийн ард хэн гээч улстөрч, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол нуугдаж бас цухалзаж эхлэв гэдэг нь сонирхолтой. 

 

Угтаа бол Г.Адилбиш тэргүүтэй тэмцэгчид Монголын Засгийн газар биш. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн ч биш. Шүүх, цагдаа бүр ч биш. Ард түмний нэр барьж тэмцэж байгаа гэх “тоорцог” зүүсэн л хүмүүс. Тэгээд ч хэн нэгний тавьсан шаардлагад үндэслэж төдийгөөс өдий хүртэл хөрөнгө оруулж ирсэн төслөө зогсоох шиг худлаа юм үгүй. Холбогдох хууль тогтоомж, гэрээнд юу гэж заасан түүгээрээ л явах учиртай. 

 

Ядаж л цар тахлын нөлөөнөөс үүдэж нүүрс тээвэр, бараа бүтээгдэхүүний “хориг”-той явсан Монголын урд хил хоёр улсын Засгийн газрын түвшин дэх олон сарын гэрээ хэлэлцээний үр дүнд харьцангуй сэхэл авч яваа энэ цаг үед хэдхэн тэмцэгчдийнхээ уршгаар дахин нүүрээ буруулбал яах вэ? Лав Г.Адилбиш тэргүүтэн хариуцлага хүлээхгүй. Ард түмэн л хор нөлөөг нь үүрч таарна. Улсаа хорлохоос илүү амин чухал эрх ашиг гэж байдгийг Г.Адилбиш нарын тэмцэгчид ойлгож, ухаарна гэж найдах л үлдлээ.

 

Х.Цэцэнноров

sonin.mn