-Төрийн гэх тодотголоо нуусан төсөв залгигчдаас салъя-

 

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт хийхээр болсон энэ үед яамдын сүүдэрт нуугдсан төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудыг ч орхигдуулаад яахав. Яамдын тоог цөөлснөөр төсвийг бага ч атугай хэмнэх ч халхавчин дорх хавуудыг тэжээсэн хэвээр байвал үр дүн гарна гэхэд эргэлзээтэй. Тиймээс үзэмжиндээ анхаарахаас илүүтэй, өсгийгөө жаахан өргөөд тогоон доторхоо өнгийчих нь юу юунаас эрхэм болоод байна. Нэг үгээр хэлбэл, төр аж ахуйн ажил эрхлэх явдал эрс нэмэгдэж, ашгийн төлөө шинжтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн тоо өмнөх үетэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгджээ. Тухайлбал, 2008 онд аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон оролцоотой хуулийн этгээд нэгийг үүсгэн байгуулж байсан бол  2012 оноос энэ байдал эрс нэмэгдэж, 2012 онд тав, 2013 оны эхний арваннэгэн сарын байдлаар найман компани шинээр үүсгэн байгуулсан байх юм. Үүнээс гадна зөвхөн нийслэлд сүүлийн хоёр жилд 17 нийслэлийн өмчит хуулийн этгээдийг байгуулсан статистик мэдээлэл бий.

Үүнээс гадна өнөөдрийн байдлаар зөвхөн яамдын дэргэд 20 орчим төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдан ажиллаж байна. Тодруулбал, ЗГХЭГ-ын дэргэд Удирдлагын академи, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар, БОНХЯ-ны дэргэд Ойн судалгаа хөгжлийн төв, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, БХБЯ-ны дэргэд Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв, Гадаад харилцааны яамны дэргэд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Зам тээврийн яамны дэргэд Галт тэрэгний нэгдсэн зохицуулалтын төв, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төв, ССАЖЯ-ны дэргэд Спорт бэлтгэлийн төв, ҮХААЯ-ны дэргэд Хөдөө аж ахуйн бирж, Хөдөлмөрийн яамны дэргэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, ЭМЯ-ны дэргэд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Ерөнхий сайдын дэргэд Үндэсний Дата төв гэх мэтээр УИХ-ын тогтоолоор баталдаг Засгийн газрын агентлагын бүтцээс гадуурх, төсвөөс цалинждаг газруудыг нэрлэж болохоор байна. Дээрх газрууд жилд 10 тэрбум төгрөгийн цалингийн сантай, 20-22 тэрбум төгрөгийн урсгал зардалтай. Мөн өөрийн үйл ажиллагаагаар 8-10 тэрбумыг олдог атлаа улсын төсвөөс 18-20 тэрбумын санхүүжилт авдаг байна. Жишээ нь, БОНХЯ-ны дэргэд Ойн судалгаа хөгжлийн төв 24 хүний орон тоотой, нэг ч төгрөгийн орлогогүй газар. Тэд төсвөөс 286.8 сая төгрөгийн санхүүжилт авдаг. Урсгал зардал нь 286.8 сая төгрөг. Цалинд 211.7 сая төгрөг зарцуулдаг. Мөн ССАЖЯ-ны дэргэдэх Спорт бэлтгэлийн төв гэхэд 66 хүний орон тоотой. Өөрийн үйл ажиллагааны орлого нь 19.6 сая төгрөг бөгөөд улсаас 963 сая төгрөг авдаг. Урсгал зардал нь 982.6 сая бөгөөд цалинд 609.9 сая төгрөг зарцуулдаг гэх мэтчилэн.

Эдгээр газруудад нийтдээ 1100-1250 албан хаагч ажиллаж байна. Гэсэн хэрнээ тэднийг төрийн албан хаагчийн тоонд оруулж тоолдоггүй, тэр утгаараа мэдээгээ ч гаргадаггүй аж. Уг нь төсвөөс угждаг утгаар нь авч үзвэл төрийн албан хаагчийн тоонд оролцуулан тоолох учиртай биш гэж үү Ерөнхий сайдаа. Ингэвэл данхар бүтэц, далайцтай бүрэлдэхүүнтэй гэж шүүмжлүүлдэг шинэчлэлийн Засгийн газрын нэмэгдүүлсэн орон тоог өрийн тоолууртай нь жишихээр үзүүлэлт гарах биз.

Түүнчлэн эдгээр 17 улсын үйлдвэрийн газрын 11 нь өмнөх Засгийн газрын бүтцэд агентлагийн статустай байсан аж. Харин шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар бүтэц, орон тоо, зардлаа тэлээгүй гэж харагдуулахын тулд ийнхүү улсын үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулж байна гэж хардахад буруудахгүй. Ямартаа л Ерөнхийлөгч ил шүүмжлэхийн оронд Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийг өргөн барихав. Улмаар хуулийн төслийн үзэл баримтлалдаа “Зарим төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулагдсан төрийн өмчит үйлдвэрийн газрууд, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шударга өрсөлдөөний зарчмаар хийгдвэл зохих, хувийн хэвшлийн гүйцэтгэх бүрэн боломжтой ажлыг зүй бус, илт давуу байдал бий болгон дангаар гүйцэтгэж, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байна. Мөн тодорхой шийдвэр гаргахдаа төр өөрийн бизнесийн салбарт оролцох оролцоо нь зайлшгүй шаардлагатай эсэх, төр эрхлэх бизнесийн салбар мөн эсэх зэрэг хүчин зүйлийг сайтар тооцолгүйгээр аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа эрхлэх явдал эрс нэмэгдэж байна” гэж дүгнэсэн байсныг эргэн харах цаг нь энэ үе.

2013 оны байдлаар Монгол Улсад нийт 88 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газар Төрийн өмчийн хороонд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 34 буюу 40 орчим хувь нь алдагдалтай ажилладаг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ үүнд нийтийн эрх зүйн хуулийн этгээд, орон нутгийн өмчит компани, төрийн өмчит болон оролцоотой компаниудын охин, мөн хараат компанийг оролцуулаагүй гэдгийг тодотгоё. Эдгээрээс гадна “хүрээлэн”, “төв”, “алба” гэх нэршилтэй, мөн төсвөөс санхүүждэг боловч УИХ-аас баталсан Засгийн газрын бүтцэд нэр заагдаж батлагддаггүй олон “байгууллага” үйл ажиллагаа явуулж байгааг дурьдалгүй өнгөрч болохгүй нь. Тухайлбал, Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний хөгжлийн хүрээлэн 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо зургаа, Ерөнхий сайдын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба 191, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хороо найм, Үндэсний дата төв 42, Монцамэ агентлаг 110, ЗГХЭГ-ийн дэргэдэх Бүсийн зөвлөлүүд 10, Замын-Үүд дэх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч зургаа, Засгийн газрын байруудын ашиглалтын нэгдсэн захиргаа 167, Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ес, Төрийн түүхийн музей 18, Газрын шинэтгэлийн үндэсний хороо тав, Нийслэлийн дэргэд Улаанбаатар чуулга 80, Гэр хорооллыг барилгажуулах нэгж 15, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв 125 хүний орон тоотой ажиллаж байна. Гэр хорооллын хөгжлийн газар 17, Эдийн засгийн хөгжлийн газар 47, Дотоод аудитын алба 65, БШУЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн сан долоо долоо, Боловсролын үнэлгээний төв 24, Насан туршийн боловсролын үндэсний төв 13, Багшийн хөгжлийн институт 70, Боловсролын хүрээлэн 59, ҮХААЯ-ны дэргэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан 166, Отрын бүс нутгийн захиргаа 13, Малын удмын сангийн үндэсний төв 10, Мал хамгаалах сан 12, Цөм сүргийн үржлийн төв дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй гэхчлэн тоочвол уртхан жагсаалт гарна. Ийнхүү төрийн өмчит болон оролцоотой компани, төв, алба, хүрээлэн гэх нэгж бүтцүүд нь төрийг томрох, улсын төсөвт дарамт болох, засаг данхайх гол хүчин зүйл болж байгааг анхаарах цаг болж.

Л.НИНЖСЭМЖИД