Монголчууд 1981 онд иргэддээ улаан паспорт олгосон, 1988 онд регистрийн дугаартай болгосон. Харин 1999 онд иргэний үнэмлэхийг шинэчилсэн. 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэл хийсэн.

2012 онд ухаалаг цахим үнэмлэхийг олгосон гээд бүртгэлийн салбарын түүх хөвөрнө. Энэ дундаас сүүлийн үеийн түүхэн шинэчлэл бол яах аргагүй иргэний шинэчилсэн бүртгэл, ухаалаг тодотголтой цахим үнэмлэх. Хэр ухаалаг гэдгийг нь мэдэхгүй ч өнгө зүсний хувьд өмнөхөөсөө арай дээрдсэн шар өнгийн цахим үнэмлэх хүн бүрийн түрийвчинд бий. Хоёр жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад цахим үнэмлэхнийхээ ид шидийг мэдрээгүй л явна бид. Ядаж л энэ хугацаанд хорооны Засаг даргын гараараа бичиж өгдөг тодорхойлолтоос ч салж чадсангүй. Тухайн үед юу болсныг эргээд сануулъя. 2010 оны долдугаар сарын 5-ны өдөр иргэний бүртгэлийн салбарт томоохон шинэчлэлт гэж нэрлэсэн иргэний шинэчилсэн бүртгэл нээлтээ хийж байлаа. Жил хүрэхгүйн хугацаанд нийт иргэдийнхээ 90 гаруй хувийг шинэчлэн бүртгэж, биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээнээс эхлээд гэр бүлийн байдал, хүүхдийн тоо гээд олон мэдээллийг авч байсан. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2012 оны гуравдугаар сараас иргэний шинэчилсэн бүртгэлд суурилсан ухаалаг үнэмлэх олгох ажил эхэлсэн юм. Цэнхэр өнгийн хуучин үнэмлэхээ хураалган хайчлуулаад цоо шинэ цахим үнэмлэхийг бид авсан. Тухайн үед энэхүү ухаалаг үнэмлэх нь маш өндөр нууцлалтайгаас гадна тусгайлан суулгасан чип нь иргэний хурууны хээ, бусад мэдээллийн санг агуулсан байна хэмээн сурталчилж байв. Түүнчлэн цахим үнэмлэхтэй болсноор төрийн байгууллага, аж ахуй нэгж, банк санхүүгийн байгууллагууд чиптэй үнэмлэхийг нь уншаад л мэдээллийн санг нь харах боломжтой. Ингэснээр хорооны Засаг даргын тодорхойлолтоос эхлээд нотариат дамжиж цаасан дунд хөглөрч байдгаа болино гэж байв. Харамсалтай нь энэ амлалт нь биелсэнгүй. 10.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан энэ ажлын бодитоор мэдрэгдэж байгаа зүйл нь өмнөх үнэмлэхний царай зүс арай сайжирсанд л байх шиг.

 СУПЕРМАРКЕТЫН БОНУСЫН КАРТНААС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?

 Үнэндээ ингэж асуухаас өөр арга алга. Цахим үнэмлэхэнд дараах мэдээллүүдийг багтаасан байдаг. Ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он сар өдөр, хүйс, регистрийн дугаар, олгосон байгууллагын нэр болон он сар өдөр, хүчинтэй хугацаа, оршин суугаа хаяг гэсэн мэдээллүүд ил харагдана. Харин далд буюу өнөөх чипэнд хурууны хээ, гарын үсэг, иргэний бүртгэлийн болон үнэмлэхний дугаар гэх мэт нууцлалтай мэдээллүүд байгаа гэдэг. Гэвч эдгээр мэдээллүүд нь ухаалаг гэх өнөөх нэрэндээ тохирохгүй байгаа юм. Хурууны хээг эс тооцвол бусад мэдээлэл нь энгийн нэг супермаркетын бонусын картанд хадгалагдаж л байдаг мэдээлэл. Бид бонусын карт нээлгэхдээ дээрх мэдээллүүдийг өгч хадгалуулдаг. Гагцхүү бүртгэн авч байгаа нь дэлгүүрийн ажилтан, улсын бүртгэгч гэдгээрээ л ялгаатай байх. Учир нь ухаалаг үнэмлэх гээчид өч төчнөөн тэрбум төгрөг зарлагадсаны хэрэг гарахгүй байна. Өмнөх цэнхэр үнэмлэхээр бид банкны, төрийн байгууллагын үйлчилгээг авч болдог л байсан. Одооны цахим үнэмлэхээс дутах зүйл байгаагүй. Хэдийгээр ТҮЦ машин гээчийг байрлуулж, иргэний бүртгэлийн лавлагаануудыг авч байгаа ч банкууд тэр лавлагааг нь хүчингүйд тооцож байна гэсэн гомдол тасардаггүй. Шилжилт хөдөлгөөн гэж нэг зүйл бий. Хаягаа шилжүүлэхээр болвол цахим үнэмлэхийг зайлшгүй шинээр авна. Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ асуудлыг шийдэж шилжилт хөдөлгөөнийг шууд үнэмлэхэн дээрх чипэнд шивдэг боллоо гэж байсан ч асуудалтай хэвээр. Оршин байгаа хорооноосоо хасалтаа хийлгээд нөгөө хороонд очиж бүртгүүлэхдээ нэг нарийхан цаасан дээр тодорхойлолт бичүүлнэ. Түүнийгээ ухаалаг иргэний үнэмлэхтэйгээ байнга хамт авч явах шаардлагатай. Тэр цаасгүй бол таны үнэмлэх хүчин төгөлдөр бус. Хүсвэл шинээр очсон газартаа дахиад шинэ үнэмлэх 18300 төгрөгөөр гаргуулж болно гэнэ. Уг нь ухаалаг гэдэг үгний цаана хамгийн наад зах нь хорооны Засаг даргын тодорхойлолт, гэр бүлийн мэдээлэл /Уг нь шинэчилсэн бүртгэлд гэр бүлийн байдлыг маш дэлгэрэнгүй бүртгэж авсан/, эзэмшиж, өмчилж байгаа хөрөнгийн талаарх мэдээлэл, гэрлэлтийн лавлагаа зэргийг багтаачихмаар санагдах юм. Ядаж ингэж байж л ухаалаг гэдэг чанар нь илрэх бус уу.

 УНШИГЧ ТӨХӨӨРӨМЖ ГАЦСАН НЬ ЯМАР ШАЛТГААНТАЙ ВЭ?

 Эрх баригчдын амлаж байсан ухаалаг үнэмлэх үүргээ биелүүлэхгүй байгаагийн шалтгааныг нэг явдлаар хардаж болно. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр цахим үнэмлэхийг ашиглах ёстой байсан ч цаг хугацаандаа амжаагүй. Иргэдийн зарим нь цахим үнэмлэхээрээ бусад нь хуучин цэнхэр үнэмлэхээрээ саналаа өгсөн юм. Уг нь СЕХ-ноос цахим үнэмлэх уншигч төхөөрөмж худалдан авч иргэдийн саналыг авах ёстой байлаа. Гэвч Сонгуулийн Ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, гүйцэтгэгч компаниуд учраа олохгүй будилсаар цаг хугацааны хувьд яагаад ч 100 хувь цахим үнэмлэхийг тараах боломжгүй болсон. Их хурлаар энэ асуудлыг шийдэж, цахим үнэмлэхээ гар дээрээ аваагүй иргэд хуучин үнэмлэхээрээ саналаа өгсөн юм. Тухайн үед дээрх гурван байгууллага бурууг бие биедээ тохож, тус бүртээ л хэвлэлийн хурал хийцгээж байв. Уг ажлын хэвлэх машин, бэлдэцийг хариуцаж төсөлд оролцсон “Бодь” группийн зүгээс тайлбарлахдаа олон улсын стандартаар хийгдэж байгаа ухаалаг үнэмлэхээ СЕХ-ны уншигч машинд тааруулж өөрчлөх үү, эсвэл СЕХ-ны уншигч машиныг өөрчлөх үү гэдэг асуудал тулгараад байгааг мэдээлж байв. Анхнаасаа уялдаа холбоогүй ажилласан тэд ямар үнэмлэх хийж байгаа, тэрийг нь ямар төхөөрөмж уншиж чадахыг тохиролцож чадаагүй хэрэг. “Бодь” группийнхны хэлснээр Сонгуулийн ерөнхий хороо ухаалаг үнэмлэхийг уншиж чадахааргүй хямдхан машин худалдаад авчихсан гэж байв. Хэрэв энэ машинд нь тааруулж үнэмлээ хэвлэвэл ухаалаг гэдэг утгаа алдана гэж байлаа. Асуудал ингээд л замхарсан. Цахим үнэмлэхээ цаасан хэлбэрээр нь үзүүлсэн болоод л сонгуульд оролцсон. Харин сонгуулийн өмнө иргэдийн нэлээд хувьд нь цахим үнэмлэх очсон байв. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө амжуулах гэсэндээ иргэдэд хуурамч үнэмлэх, өөрөөр хэлбэл Сонгуулийн ерөнхий хорооны “миа” машинд уншигдахаар үнэмлэх тараачихав уу гэсэн хардлага аргагүй бий болсон юм. Өнөөх ухаалаг чипэнд нь үнэхээр мэдээлэл байгаа юу. Яагаад өдий болтол бүртгэлийн байгууллагууд цахим үнэмлэх төхөөрөмжийг ашиглахгүй байна вэ. Өнөөдөр цахим үнэмлэхийг зөвхөн банкууд болон ТҮЦ машинд л уншуулж байна. Гэхдээ өнөөх энгийн хэдэн мэдээллийг ашиглаж байгаа. Банкууд бол гэрэл зураг, регистрийн дугаар, гэрийн хаяг гэсэн мэдээллийг ашигладаг юм байна лээ.

Цахим үнэмлэхийг утгаар нь хэрэглэхийн тулд уншигч төхөөрөмжөө оруулж ирэх шаардлагатай. Гэхдээ үүний өмнө хууль эрхзүйн орчныг боловсруулах бас нэгэн ажил бий. Тухайлбал, цахим үнэмлэх ашиглан төрийн үйлчилгээг хүргэх байгууллагуудад иргэний мэдээлэлд нэвтрэх эрх, хил хязгаарыг нь хууль, эрх зүйн баримтаар тодорхой зааж өгч албажуулах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Жишээлбэл, татварын байгууллага тухайн иргэний мэдээллийн сангийн аль хэсэг рүү нэвтрэх, эрүүл мэндийн байгууллага аль хэсгийг нь ашиглах ёстой юм бэ гэдгийг хууль, эрх зүйн хүрээнд тодорхой тогтоох ёстой байх. Ингэж байж иргэний мэдээллийн нууцлал хадгалагдаж чадна.  Дээрээс нь цахим үнэмлэхний мэдээллийг нэмж оруулах гээд хийх ажил асар их байгаа юм. Харамсалтай нь одоо энэ талаар ямар ч мэдээлэл алга.  Ухаалаг гэж нэрлэгдсэн үнэмлэхээ бид цахим биш цаасан хэлбэрээр л ашиглаж байна.

 

 

Б.УРАН

 "Зууны мэдээ" сонин