Иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг түргэн, шуурхай хангах үйлчилгээ бол ломбардын үйлчилгээ болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна.

Өнөөгийн байдлаар санхүүгийн зах зээлийн оролцогчид болох банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хошоо гэх мэт салбарт тодорхой зохицуулалт бүхий тус тусын хууль тогтоомжууд үйлчилж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй төрийн байгууллагууд ч ажиллаж байна.      Гэвч энэ зах зээлийн нэг оролцогч болох ломбард буюу барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг эрхлэх этгээдийн үйл ажиллагаа маш дутмаг зохицуулалттай, ямар ч хяналтгүй байсаар байна.

Өөрөөр хэлбэл  иргэдийн хөрөнгийг үндэслэлгүй бага үнээр үнэлж барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, барьцаалж байгаа эд хөрөнгийн төрлөөс шалтгаалаад хүү болон хугацааг өөр өөрөөр тогтоодог, зээлдэгч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон тохиолдолд барьцаалагдсан эд хөрөнгийг худалдан борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй, эсхүл хэт бага үнээр худалддаг гэх мэт маш олон гомдол маргааныг дагуулсаар байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 286 дугаар зүйлд энэ талаарх зохицуулалт байгаа ч энэ үйл ажиллагааг даган үүсч байгаа нийгмийн бүх харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаагаас болж иргэд, хэрэглэгчид багагүй хохирч байна. 

Тэгвэл энэ асуудлуудыг шийдвэрлэх, тодорхой зохицуулалтгүй байгаа салбарыг зохицуулалттай болгох, нийгэмд бий болгож байгаа сөрөг үзэгдлийг арилгахаар  УИХ-ын гишүүн Г.Уянга Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулсан байна.  

Ингэснээр замбараагүй үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг зөвхөн хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг зохицуулалттай болох аж.  Мөн үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгох, барьцаагүйгээр зээл олгох, иргэний болон хуулийн этгээдийн баримт бичиг барьцаалан зээл олгох, насанд хүрээгүй хүнд зээл олгох, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй эсхүл зээлдэгчийн өөрийнх нь өмчлөл, эзэмшлийнх биш гэдгийг мэдсээр байж тухайн хөрөнгийг барьцаалан зээл олгох, барьцааны хөрөнгөөс шалтгаалан зээлийн хүүг ялгамжтай тогтоох зэрэг үйл ажиллагааг уг хуулиар зохицуулах юм байна. Ингэхдээ барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэх этгээд нь дохиолол, хяналтын систем бүхий тусдаа байртай байх, барьцааны хөрөнгийг хадгалах, аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий хамгаалалтын сефи, эсхүл тусгайлан бэлтгэсэн өрөөтэй байх шаардлагыг хангасан байхаар болон мөн зээлийн хүү, түүнийг тооцох, зээлийн гэрээний хугацаа сунгах, барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулахад баримтлах журам зэргийг үйлчлүүлэгчид харагдахуйц ил байрлуулах, зээлдэгчийн барьцаалагдсан эд хөрөнгийг учирч болзошгүй бүх төрлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор үйл ажиллагаагаа заавал даатгуулсан байх зэрэг шаардлага тавих юм байна.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй буюу зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон тохиолдолд барьцааны хөрөнгийг худалдан борлуулах бөгөөд ингэхдээ эхлээд заавал зээлдэгчид бичгээр мэдэгдээд тодорхой хугацааны дараа худалдан борлуулж байхаар төсөлд тусгасан.

 

Мөн барьцааны хөрөнгийг худалдан борлуулахын өмнө заавал зээлдэгчийн сонгосон хөрөнгийн үнэлгээний газраар тухайн хөрөнгөнд үнэлгээ хийлгэх бөгөөд ийнхүү үнэлэгдсэн үнээс бага үнээр тухайн хөрөнгийг борлуулахыг хориглохоор, ийнхүү худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийг төлүүлээд үлдсэн хэсгийг зээлдэгчид буцаан олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан байна.  

Ингэснээр иргэд өөрийнхөө  эд зүйлийг  ломбардад алдах нь багасах, ядаж л хэт бага үнэлүүлснийхээ зөрүүг тооцож мөнгө авдаг  болох зэрэг олон давуу талтай болж байгаа юм.  

Харин ломбардууд чангалуулж, иргэдийг шулдаг, бусдын хөрөнгийг хувьдаа завшдаг байдал нь багасах юм.