unaachhuuhedМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII  жарны  хөхөгчин хонин жилийн босгон дээр буюу энэ сарын 17-нд зарлиг гаргаж уяачдад шагнал гардуулсан билээ.
 
Тодруулбал, Монгол Улсын Тод манлай уяач цолоор Ховд аймгийн Дарви сумын уугуул Батчулууны Мөнхтөр, Төв аймгийн Лүн сумын уугуул, Банзрагчийн Билэгдэмбэрэл, Архангай аймгийн Их тамир сумын уугуул Чимэддоржийн Ганзориг, Монгол Улсын Манлай уяач цолоор Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээ, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Туваанжавын Гантөмөр, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйн Далай, Ховд аймгийн Мөст сумын уугуул Буднямын Буяннэмэх, Завхан аймгийн Эрдэнэхайран сумын уугуул Намжилцэрэнгийн Даш-Өлзий, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батбилэг, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Гончигийн Содном, Монгол Улсын Алдарт уяач цолоор Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтав, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрах, Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумъяасүрэнгийн Ганбаатар, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг, Дорнод аймгийн Матад сумын уугуул Бат-Очирын Цэндбаатар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Дагвын Цогтбаяр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдан, Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжирын Энх-Мөнх, Дундговь аймгийн Луус сумын уугуул Лувсантаравын Бямбаноров, Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатар, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул Цэлхээгийн Бямбасүрэн, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнэнбандийн Адьшаа, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Рагчаагийн Баатархүү, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Дамбын Баяраа, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уугуул Анандын Ариунсайхан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Искрагийн Золбоот нарыг тус тус шагнуулсан.

Гэвч эдгээр уяачдын цаана жинхэнэ уяач болон хурдан морь унаач хүүхдүүд байдаг гэдгийг мартсан бололтой. Угтаа бол унаач хүүхдүүд уяач нарын гар хөлийн үзүүрт зарцлагдаж байдаг утсан хүүхэлдэй төдий зүйл болжээ. Угшил сайтай морьд гэж ярихаас унаач хүүхдийн эрх болоод гавьяаг хөндөхгүй уяачид олон байгаа нь харамсалтай. Эдгээр шагнал бол дан ганц уяачдын шагнал бус жинхэнэ уяач бяцхан морь унаач хүүхдүүдийн шагнал гэдэгтэй маргах хүн ховор болов уу. Гавьяа шагналд хүргэх бүхий л том ажлыг хийж гүйцэтгээд ямар ч талархалын үггүй унаач хүүхдүүдийн эр зоригийг үнэлж тэдэнд ч мөн баяр хүргэх нь зүйтэй.

Тэд хурдан морио хэдэн зуун мянган төгрөгөөр даатгуулдаг атлаа унаач хүүхдийг нь 5-10 мянган төгрөгөөр даатгуулсан нэр зүүдэг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, уяач нарын уршгаар унаач хүүхдүүд эндэж байна. Ялангуяа морь унаач хүүхдүүд унасан морины наснаас шалтгаалан нар, салхи, бороо, шуурга, цастайг үл анхааран 10-30 километр газар туулдаг. Өвлийн улиралд хацар, чих, гар хөл нь хайрагдах, бүр хөлдөх ч тохиолдол бий. Энэ бүх хэцүү тэвчээр шаардсан тэмцлээс бяцхан биендээ баймгүй хатуужил гаргадаг унаач хүүхдүүд шагналын гол эзэд билээ.

Тиймээс гадаа гандаж, хээр хөхөрч морьдын уяж сойж, Хийхийг нь хийж өгсөн уяач нар болон унаач хүүхдүүд тэдний ар гэр төрөл саданд нь эдгээр цолыг хүртсэн тэдгээр хүмүүсийн нэрийн өмнөөс сар шинийн мэнд хүргэе.