Улаанбаатарчуудын хоолойд тулсан утааны асуудал түгжрэлээр солигдов. Нэг хэсэг утаа гамшиг боллоо гэж хүн бүхэн “хашхирдаг” байсан бол одоо түгжрэлтэй “дайн” зарлахаас аргагүйд хүрлээ.

Тэгвэл 1.5 сая хүн ам, 650 мянган машиныг багтааж шингээгээд буй нийслэлийн хөдөлгөөнийг зохицуулах төрийн уураг “тархи” болсон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс бид энэ удаагийн сэдвийн сурвалжлагаа бэлтгэв. Өөрөөр хэлбэл, төрийн тусгай чиг үүрэгтэй  цагдаагийн алба хаагч, замын хөдөлгөөний инженерүүд хоршин хоногийн 24 цагийн турш түгжрэлтэй тэмцэх фронт дээр байнгын бэлэн байдалд нүдээ улайтал дэлгэц ширтэж суугаа.

 

ТҮГЖРЭЛИЙН ГАЦААГЧИД БУЮУ ДҮРЭМГҮЙ ЖОЛООЧ НАР 

 

Байгуулагдаад арав гаруй жил болж буй Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үндсэн үүрэг нь хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах буюу тэг зогссон хэсгийг “амь” оруулах юм. Үүн дээр нэмэгдээд гэрэл дохио зохицуулж, хяналтын камераар торгууль бичиж цагдаагийн байгууллага руу дамжуулна. Тэгвэл түгжрэлтэй тэмцэх “төв” цэг болсон энэ байгууллага нийслэлийг бүрэн харж, ямар арга хэмжээ авбал түгжрэл бууруулах судалгааг хамгийн үндэслэлтэй хийж байх учиртай юм. Гэтэл удирдлагын төвийн дэлгэцээс харахад замын түгжрэлд жолооч нарын ухамсар ихээхэн нөлөөлдөг аж. Үүний хамгийн тод жишээ бол оргил ачааллын үед буюу өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00 цагийн хооронд аль нэг гүүрэн дээр осол гарахад түгжрэл эрс нэмэгддэг. Тухайлбал, гурвалжингийн гүүрэн дээр осол гарлаа гэхэд 20 минутын дараа Дарь-Эхэд  нөлөөлж түгжирдэг гэнэ. Гэтэл замын хөдөлгөөнд саад болж, түгжрэл нэмж байгаа яг ийм осол өдөрт 20-30 гарах энүүхэнд.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Жолооч нар эгнээ байраа зөв эзэлдэггүй. Давхар зогсдог. Эргэх гэж зүтгээд чигээрээ хөдөлгөөнийг явуулдаггүй. Сул эгнээ рүү дайрдаг зэрэг нь замын хөдөлгөөнийг гацааж, ачааллыг нэмэгдүүлдэг. Бид хөдөлгөөн зохион байгуулалтын 650 гаруй санал өгсөн. UB traffic аппликейшнээр замын хөдөлгөөний нөхцөл байдлыг 15 секундын хоцрогдолтой хүргэдэг. Харин E police бол иргэдэд зөрчил ногдуулах биш замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх зорилготой.  Жолооч нар дүрмээ биелүүлэхгүй байгаагаас замын хөдөлгөөнд маш их саад учруулж, нөлөөлж байна” гэлээ.

Удирдлагын төв нэгдүгээр эгнээ, гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх зэргээр зөвхөн камерын системээр 2015 оноос хойш 3.5 сая зөрчилд 83 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэ нь өдөрт жолооч нар 2000-3000 зөрчил гаргадаг гэсэн үг. Гэтэл үүнээс ердөө 50 гаруй тэрбум нь төлөгдсөн. Оноор нь харвал, 2021 онд тухайн онд ногдуулсан торгуулийн 55 хувь, энэ онд 24 хувь төлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс автомашинаа шилжүүлэх, оношлогоонд орохоос бусад үед торгуулиа төлдөггүй. Одоогийн Зөрчлийн хуульд “Торгуулиа төлж болно” л гэж заасан. Гэвч торгууль төлөлт туйлын хангалтгүй, жилийн 20 гаруй хувьтай байгаа. Бусад оронд 14-30 хоногт торгуулиа төлөхгүй бол хоёр дахин нэмэгдүүлэх, автомашиныг нь албадан хураах зэрэг зохицуулалттай. Тиймээс дүрмээ мөрдөхгүй замын хөдөлгөөнд саад учруулж торгуулж байгаа жолооч нарын ухамсар хандлагыг дээшлүүлэхийн тулд манай улсад ч гэсэн торгууль төлүүлэх хөшүүрэг байх ёстой. Ингэхдээ торгуулиа төлөхгүй бол эхний ээлжинд төрийн үйлчилгээ үзүүлэхгүй байх саналыг хүргүүлээд байгаа гэнэ. Эндээс харвал дүрэмгүй жолооч нарын танхайрал, ухамсар түгжрэлд ихээхэн хувь нэмэр оруулдаг аж. Бараг 40-өөс дээш хувийн нөлөөтэй гэж хэлэхэд ч хилсдэхгүй болжээ. Үндсэндээ нийслэлчүүдийг бухимдуулаад байгаа түгжрэлийн гол “тоглогчид”-ын нэг хэсэг нь жолооч нар өөрсдөө бөгөөд ухамсраа дээшлүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцож чадвал өнөөгийн их бухимдал багасах шийдэл, дүр зураг харагдаж байна.  

 

ТЕХНИКИЙН ЭЛЭГДЛЭЭС ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ БОДИТ ТООЦООЛОЛ, АНАЛИЗ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

 

Түгжрэлийг бууруулах судалгаа, тооцоо, шийдэл Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гарах учиртай. Гэтэл 2010 оноос хойш камерын шинэчлэл хийгээгүй. Тоног төхөөрөмжийн элэгдэл хоргодлын хугацаа таван жил байдаг бол эднийх аль хэдийн 12 жил өнгөрчээ. Хүнээр бол 150 настай хүнд гүйх команд өгч байгаатай адил. Дараагийн асуудал нь Улаанбаатарын гудамж замуудыг нэг эгнээнд шилжүүлбэл 1300 км болно. Энэ зам дээр өрөөд тавих юм бол 150 мянган машин багтах зай талбайтай. Давхардсан тоогоор 250 мянган машин 15-20 км цагийн хурдтай явах боломжтой. Гэтэл өнөөдөр нийслэлд бүртгэлтэй машин 620 мянга байгаагийн 450 мянга нь тогтмол хөдөлгөөнд оролцдог. Үүн дээр орон нутгаас ирсэн машин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн зам чадамжаасаа гурав дахин ачаалалтай.

Бага, их тойруу дотор төрийн болон нийтийн үйлчилгээний 86 обьект байдаг. Байшин болгонд л ямар нэг байдлаар үйлчилгээний байгууллагатай нь хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг. Энэ бүхэнд хамгийн гол тооцоолол хийх, тоон мэдээлэлд анализ хийх ёстой Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохион байгуулалтын инженерүүдэд автомашины зорчилтын мэдээлэл байдаггүй аж. Жишээлбэл, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Энх тайвны гүүр нэвт гардаг хэдэн машин байгааг харчихвал урьдчилан анализ хийж хөдөлгөөнийг зохион байгуулж чадах юм. Тэр хэрээр оновчтой тооцоолол хийх боломжтой. Гэтэл одоогийн байдлаар уулзвараар нэвтэрч байгаа машинуудын тоог л харж суухаас өөрөөр тооцоолол, анализ хийх боломж алга. Угаас 10 жилийн өмнөх тоног төхөөрөмжөө шинэчилж чадаагүй цагт ухаалаг ажиллах боломжгүйгээс бодит байдал дээр хоёр цагийн бичлэгийг алба хаагчид нүдээ улайтал тоолдог гэнэ.

Үндсэндээ Улаанбаатарын 1170 км замаас их тойруу дотор 38 км замыг л хянаж чадаж байна. Ийм өрөвдөлтэй ч гэмээр юм уу дүр зурагтай хэр нь төр нь ч иргэд нь ч түгжрэлтэй тэмцэнэ гэж мянга хашхираад нэмэргүй юм шиг. Тэгвэл элэгдэж хуучирсан техникээ шинэчлэх саналаа хүргүүлсэн эсэх талаар Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодруулахад “Дэлхийн банкны Солонгосын хөрөнгө оруулалттай төсөл 2024 онд шинэчлэгдэх юм. Техник тоног төхөөрөмжөө шинэчлэх саналаа олон газарт хүргүүлсэн. Эхний ээлжинд нэмэлтээр 64 ширхэг CCTV хэрэгтэй байгаа. Үндсэндээ 12 жилийн дотор 44 камер л нэмж чадсан” гэв.

Удирдлагын төвийн инженерүүд түгжрэлийн шийдлийг хэрхэн харж байгаа талаар “Импортоор орж ирж байгаа буруу талдаа рультай машиныг хязгаарлах хэрэгтэй. Хөдөлгөөнд оролцож байгаа машины 70 хувь нь буруу талтай рультай. Инженерчлэлийн хувьд байнгын баруун эргэх эрхийг өгч болохоор. Гэтэл буруу талтай рультай машин дийлэнх учраас зам тээврийн осол гарах эрсдэлтэй. Мөн жолооч нарыг дүрмээ биелүүлдэг болгохын тулд торгуулиа төлдөг ухамсар суулгадаг, хөшүүрэгтэй болбол түгжрэл буурна. Үүн дээр хот төлөвлөлт, зогсоол нөлөөтэй. Замын хөдөлгөөний удирдлагын төв RFID системийг хэрэглэж машин тоолох, машины зорчилтын чиглэлийн маршрут гаргах, торгууль, татвар, оношилгоонд хяналт  тавих зэргээр нэлээдгүй саналаа хүргүүлсэн” гэв.

Харин Түгжрэлийг бууруулах үндэсний хороотой холбогдоход “Түгжрэлийг сааруулах дунд, урт хугацааны бодлогоо тодорхойлсон. 2023 онд нийтийн тээврийн парк, зохион байгуулалтыг шинэчилнэ. Авто замын сүлжээг оновчтой нэмэгдүүлэх ажлын хүрээнд замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалт, зохион байгуулалтыг бий болгож, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэн, түгжрэлийн талаарх олон нийтийн хандлагын өөрчлөлтийг дэмжинэ. Түгжрэлийн эсрэг хууль эрх зүйн эдийн засгийн хөшүүрэг бүхий орчин шаардлагатай байгаа” гэлээ.

Мөн өчигдөр Үндэсний хорооноос Засгийн газарт оруулсан саналын дагуу  “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасан хүн ам, барилгажилтын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, орон сууц, олон нийтийн барилгын зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, газрын талбай хэмжээ зориулалт эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх, архитектур төлөвлөлтийн даалгавар загвар зургийг батлах, түүнд өөрчлөлт оруулахыг “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө” батлагдаж, дагаж мөрдөх хүртэлх хугацаанд түр хориглохоор болжээ. Тодруулбал  хүн амын нягтрал ихтэй байршлуудыг тогтоож шинээр орон сууц нийтийн барилга байшин барих зориулалтаар газар эзэмших ашиглах өмчлөх шилжүүлэхийг хориглож байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин