"Дэлхийн цаг уурын өдөр"-т зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Бишрэлт зочид буудалд боллоо. 

Энэ жилийн цаг уурын өдрөөр "Дэлхийн цаг уурын байгууллага"-ын 150 жилийн ой тохиож байгааг салбарын төлөөллүүд онцолж, сүүлийн үеийн судалгааны тоо баримтыг танилцууллаа. Тухайлбал, “Хойч үедээ үлдээх ирээдүйн цаг агаар, уур амьсгал, ус” сэдвээр Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-гийн захирал, доктор Г.Сарантуяа илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс онцлов.  

Монгол орны улирлын ирээдүйн өөрчлөлтийн тооцооллын талаар доктор Г.Сарантуяа "Жилийн хүйтэн өдрүүдийн тоо 2030 онд 8.8 хоногоор, 2080 онд 36.8 хоногоор багасах тооцоо гарсан. Зуны улирлын хэт халалт 2.8 хоногоор нэмэгдэх, өвлийн улирлын хэт хүйтрэл 2.6 хоногоор буурч, агаарын температур тогтвортой нэмэгдэж, дулаарах хандлагатай байна" гэв.

Монгол орны цаг уурын нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн тодруулснаа хүргэж байна. 



Тэрбээр "Сүүлийн 20 жилийн мэдээнээс харвал, цаг уурын гамшиг ослын улмаас 500 гаруй эрдэнэт хүний амь нас эрстэж, эдийн засагт 400 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн эрдэмтэн, судлаачдын асуудал биш. Үүнд салбар салбарын оролцоо чухал нөлөөтэй. Ялангуяа, хүлэмжийн хийг бууруулах чиглэлд дорвитой үйл ажиллагаа явуулахгүй бол хэд дахин өндөр эрсдэл хүлээж байна.

Уур амьсгалын 150 жилийн ажиглалтаас харахад дэлхийн дундаж температур 1.1 градусаар дулаарчээ. Энэ дулаарал 1.5 градуст хүрвэл эрсдэлтэй, 2.2 градуст хүрвэл гамшгийн хэмжээнд хүрнэ гэдгийг зарласан. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хүлэмжийн хий. 

Судалгаанаас харахад, хүлэмжийн хийг эрчим хүчний салбар хамгийн их ялгаруулдаг. Үүний дараа тээвэр, хөдөө аж ахуй, барилгын салбарууд орж байна. Тиймээс ч сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь чухал болоод буй. Монгол орны хувьд нар, салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломжтой. Тиймээс ч энэ төрлийн эрчим хүчийг ашиглах нь зайлшгүй чухал байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Цаашдаа 2100 он гэхэд уур амьсгал тогтвортой дулаарах хандлага манай судалгааны үр дүнгээс харагдаж байгаа. 

Тодруулбал, Монгол оронд 2080 он гэхэд зургаан градусаар дулаарна гэх судалгаа бий. Энэ хэмжээгээр манай цэвэр усны гол нөөцийг барьж байгаа мөнх цас, мөсөн голууд хайлна. Үүнийг дагаад цэвдгүүд хайлах эрсдэлтэй. Улмаар газрын доройтол, цөлжилтийн хамрах хүрээ, эрчимжилт улам ихсэх эрсдэл ч бий.

УЦУОСМХ-ээс газрын болон хиймэл дагуулын мэдээ мэдээллийг ашиглан судалгааг тогтмол хийж байна. Үүнээс харахад, сүүлийн 20 жилд 1,600 гаруй гамшигт үзэгдэл болсон байна. Энэ гамшигт үзэгдлүүдийг өмнөх 20 жилтэй нь харьцуулахад 5-6 дахин нэмэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулж өөрсдийнхөө үйл ажиллагаа, төлөвлөгөө, стратегийг гаргахгүй бол бид байгаль цаг уураас тусдаа, ангид орших боломжгүй" хэмээн доктор Г.Сарантуяа нэмж хэлэв. 

Цаг агаар, уур амьсгалын аюултай гамшигт үзэгдэл Монгол оронд:

Шороон шуурга: 2008 оны тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд долоон аймгийн 34 сумыг хамарсан гамшигт үзэгдлийн улмаас 52 хүн эрстэж, 600 мянга гаруй мал хорогдсон.

Зуд: 2009-2010 оны зудаар манай орны нутаг дэвсгэрийн 80.9 хувь буюу 18 аймгийн 157 суманд 97.5 мянган малчин өрх нэрвэгдэж, нийт мал сүргийн 22.4 хувь буюу 10.3 сая толгой мал хорогдсон. Энэ нь зах зээлийн дундаж үнээр 474.3 тэрбум төгрөг гэсэн тооцоо гарчээ.

Хүчтэй салхи, шороон шуурга, цасан шуурга: 2021 оны гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд болсон хүчтэй салхи, шороон шуурга, цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдлийн улмаас 10 хүн эндэж, 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан.